• Өнөөдөр 2024-03-29

НУРАХ АЮУЛТАЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАСАН БАЙРАНД ХҮҮХДҮҮД ХОРИГДОЖ БАЙНА

2021-06-06,   3811

        Өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэвч манай улсын төр засаг ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж, зөрчихгүй байж чадаж байна уу. Тэгвэл “Чадахгүй байна, үгүй” гэж хариулах нэгэн жишээг Эргэлт.мн мэдээллийн сайт бодит баримтаар хөндөж байна. 
 
       Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхээр таслагдсан хүүхдүүд дээврээс нь цас, борооны алинд ч дусаал гоождог, таазных нь булан тохой бүр мөөгөнцөртсөн, хананых нь цууралтаар салхи нэвт салхилдаг, шал нь хотойж цөмөрсөн, хаалга, цонх нь зэврээд гацчихсан, агааржуулалтын хоолой нь бөглөрснөөс өмхий чийг ханхалсан, газар хөдлөлтийн өчүүхэн чичирхийлэлд нурахад бэлэн, товчхондоо “балгас” болсон хуучин модон барилгад хоригдож буй. Хэдий тэд гэмт хэрэг үйлдэж, хорих ял сонссон ч гэлээ, тэдэнд аюулгүй, эрүүл, олон улсын стандартад нийцсэн өрөөнд хоригдох эрх бий. Ядаж л суллагдахаасаа өмнө хоригдож буй барилгадаа дарагдаж, цаг бусаар үхэхгүй байх буюу амьд явах эрх нь бий гэсэн үг шүү дээ. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийг нь өнөөгийн төр засаг буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав нар ноцтой зөрчиж байгааг бид сурвалжиллаа. 
 
Хорих ялаар шийтгэгдсэн хүүхдүүд хэзээнээс, яагаад хуучин модон “балгас”-т хоригдож, эрхээ зөрчүүлж эхэлснийг тайлбарлая. 
 

-ХҮҮХДИЙН ХОРИХ АНГИЙН ГАЗРЫН АВАХ, ХОРИГДОЛ ХҮҮХДҮҮДИЙГ ХУУЧИН МОДОН “БАЛГАС” РУУ “ЦӨЛӨХ” ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЭХЛЭЛ-

 
       Зайсан толгойн урд, Дархан цаазат Богд хан уулын тусгай хамгаалалттай аманд хуучнаар Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги буюу одоогийн Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага байрладаг байв. Хаяа залгаад “Дамжин өнгөрөх” гэгддэг байсан 401 дүгээр анги байрладаг байлаа. Тус хоёр хорих анги нийт 5.3 га талбай бүхий өндөр ханан хашаатай, хашаандаа хоригдлын эмнэлэг, сургууль, спорт заал зэрэг жижиг, том 29 барилга, объекттой байсан. 
 
Гэтэл Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар тогтоол гарч, тус хоёр хорих ангийн 5.3 га газрыг 29 барилга, объекттой  нь хамт дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн. Дуудлага худалдааны анхны үнийг 9.75 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Ингэж хувьчлах болсон шалтгаанаа “Хотыг тойрсон шоронгуудыг нэгтгэж, Баянзүрх дүүрэгт “Төвлөрсөн шорон” барина. 401, 411 дүгээр хорих ангийн газар, барилгуудыг зарсан 9.7 тэрбум төгрөгөө шинэ “Төвлөрсөн шорон”-гийн барилгын санхүүжилтэд нэмэрлэнэ” гэх маягаар тайлбарлаж байв. Үнэндээ Зайсангийн баячуудын шоронгоосоо салах “захиалга” байсан гэх хардлага ч тухайн үедээ гарч байлаа. Магадгүй, Зайсангийнхан хоёрын хоёр шоронтой хаяа залгаж амьдрахыг хүсээгүй ч байх. 
        Ингээд 2015 оны хавар, намар гурван удаа дуудлага худалдаа зарласан. Шорон байсанд нь жийрхээд авах хүн олдоогүй юу, эсвэл Хууль зүй, дотоод хэргийн яам, ШШГЕГ, Төрийн өмчийн хорооны удирдлагууд начир дээрээ зарахыг хүсээгүй юу, ямартай ч зарагдаагүй. “Дуудлага худалдааны анхны үнээ 7.8 тэрбум болгож “хямдруулаад” ч авах хүн олдохгүй байна” гэцгээсээр зарахаа больсон. Хотын А-гийн А зэрэглэл, баячуудын “бүс”-д байрлалтай 5.3 га газрыг дөрвөн хаусны мөнгө буюу 7.8 тэрбум төгрөгөөр худалдаж авах хүн олдоогүй нь одоо ч эргэлзээ дагуулдаг. Монголын хөрөнгөтнүүд, газрын наймаачид мухар сүсэгтээ дийлдээд аваагүй юм гэж бодоход, Монгол иргэнээр халхавчилсан, газарт шунасан нэг Хятад иргэн байсан л байж таармаар юм. 
 
401, 411 дүгээр хорих ангийн газар, барилга, байгууламж нь зарагдаагүй боловч нүүлгэнэ гэсээр нүүлгэсэн. Ингэхдээ Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ны өдрийн 204 тоот тогтоолоор Хүүхдийн хорих 411 дүгээр ангийн нэрийг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага болгон өөрчилж, Баянзүрх дүүргийн XI дүгээр хороо буюу Хонхорт байрлах Хорих 431 дүгээр ангийн хуучин модон барилга руу нүүлгэсэн байдаг. 
 
Ингэж хорих ял авсан хүүхдүүд хуучны модон “балгас”-т хоригдож, эрхээ ноцтой зөрчүүлж эхэлжээ. 
 

- ОДОО ХҮҮХДҮҮД ХОРИГДОЖ БАЙГАА БАРИЛГЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ ХОЁР Ч УДАА АКТАЛЖ, “ХҮН БАЙЖ БОЛОХГҮЙ. НУРАХ АЮУЛТАЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАЖ БАЙЖЭЭ-

 
         Хүүхдийн хорих 411 дүгээр анги буюу Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын одоо ашиглаж буй гурван барилга нь 1978 онд цэргийн казармын зориулалтаар ашиглалтад оржээ. 40 гаруй жилийг элээсэн тус барилгуудыг хорих 431 дүгээр анги ашиглаж байсан бөгөөд  2012 онд мэргэжлийн хяналтын байцаагчийн 07-208\638 тоот дүгнэлтээр хүн ажиллаж, амьдрах боломжгүй гэж актлагдсан аж. Гэтэл нурах шахсан өнөө барилгуудыг 2017 оны Засгийн газар, ШШГЕГ-ын шийдвэрээр Хүүхдийн хорих ангид хүчээр шахуу шилжүүлэн өгч, тэд арга буюу нүүж оржээ. 
 
Хүүхдийн хорих ангийн нэг онцлог нь тусгай сургуультай, хоригдол хүүхдүүдэд ЕБС-ийн хөтөлбөрөөр хичээл зааж, боловсрол эзэмшүүлдэг. Гэвч нүүж орсон цагаасаа л Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлага, харгалзагч, багш ажилчид нь хоригдол хүүхдүүдийгээ хүмүүжүүлэхэд бус нурж унах шахсан барилгаа засаж сэлбэхэд тодорхой цагийг зарцуулах болсон аж. 
       Улмаар нөхцөл байдал хүндэрч эхэлсэн тул 2020 оны наймдугаар сард Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран өсвөр насны хоригдлуудын сурдаг, амьдардаг байруудыг  нарийвчлан шалгасан байгаа юм. Гэтэл тус хорих ангийн барилгууд нь бүхэлдээ хэзээ мөдгүй нурах бүх “болзол-ыг хангасан болох нь дахин тогтоогдсон байна. 
 

Тухайлбал, хоригдлын I байр буюу Ерөнхий боловсролын 110 дугаар сургуулийн байр, II байр буюу гал тогоо, халуус ус, ариун цэврийн өрөө, аж ахуйн хоригдлын байр, III байр буюу авто граж, гахайн байруудад шалгалт хийжээ. Шалгалтын явцад дээрх барилгуудын үндсэн хийцэд их хэмжээний эвдрэл, гэмтэл гарсан, хөрсний овойлт, суултаас шалтгаалан нэгдүгээр давхрын шал нь хотойж суулт өгсөн, бетон хаяавчнууд нь хагарсан, агааржуулалтын хоолойнууд нь бөглөрсөн, гадна дотор хананд их хэмжээний нэвт хагарал цууралт, суулт өгсөн, хөрсний ус их хэмжээгээр нэвчдэг болсон нь тогтоогдсон аж. Мөн хамгийн ноцтой нь тус барилга газар хөдлөлтийн чичирхийлэл болон механик үйлчлэл буюу доргилтод бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгааг тогтоосон байна. 

  
Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хүүхдийн хорихын барилгууд нь газар хөдлөлийн чичирхийлэл, эсвэл хүчтэй доргиоход бүхэлдээ нурж, хоригдогч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар байгаа тул 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр 02-07-383/64 дугаартай актаар бүрэн акталж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглох шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, “2012 онд актлагдсан барилгуудыг найман жил урсгал засвараар торгоож, үйл ажиллагаа явуулсан байна. Цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй, нэн яаралтай чөлөөл” гэсэн агуулгаар акталсан байгаа юм.
 

-ХҮҮХДИЙН ХОРИХЫН БАРИЛГА ХЭЗЭЭ МӨДГҮЙ НУРЖ, ХҮНИЙ АМЬ ХОХИРООХ АЮУЛТАЙ БАЙГААГ ШШГЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Д.ЗАГДЖАВТ УДАА ДАРАА БИЧГЭЭР АНХААРУУЛЖ, ХҮСЭЛТ, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН Ч ОГТ ТООГООГҮЙ ГЭВ-

         
         Өсвөр насны хоригдлууд хэзээ мөдгүй нурах шахсан барилгад хоригдож байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлд заасан “Хорих өрөө нь олон улсын стандартад нийцсэн байх” шаардлага хангахгүй, НҮБ-ын 1955 оны I их хурлаар батлагдсан “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”-ийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн буюу өсвөр насны хоригдлуудын эрх ноцтой зөрчигдсөөр байгааг дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-т уламжилжээ. 
Тодруулбал, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шалгалтаар илэрсэн дээрх зөрчил дутагдлыг арилгуулах, өсвөр насны хоригдлыг эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн байртай болгох талаар нэн даруй тодорхой арга хэмжээ авхуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавт 2020 оны есдүгээр сарын 1-ний өдөр 6/08 тоот прокурорын шаардлага хүргүүлжээ. Харин хурандаа Д.Загджав хариуд нь “Хөрөнгө мөнгө байхгүй, урсгал засвар харин ч тогтмол хийж байгаа” гэх утгатай тайлбар хийсэн гэнэ.
 
          Улмаар НМХГ, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус хорихын байруудад дахин шалгалт хийхэд нөхцөл байдал илүү дордож, өсвөр насны хоригдлуудад ерөнхий боловсрол олгох 110 дугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн байр буюу хоригдлын I байрыг бүрэн хааж, хоригдлуудын амьдралын бүсэд байрлах сургалтын танхим, бясалгалын болон сэтгэл зүйчийн өрөөг тохижуулан хичээллүүлж эхэлсэн аж.    
Энэ талаар ШШГЕГ-ын ажилтан Г “Үнэндээ хүнд ярихаас ч хэцүү  байна. Хэдийгээр хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн ч гэсэн эд чинь хүүхдүүд шүү дээ.  Тэднийг  өмхөрч, чийг бан болж, илжирч муудсан шалтай, тааз нь байнга  эмтэрч, дээрээс хэзээ мөдгүй нураад унах гэж байгаа таазтай, хөрсний агшилт, тэлэлтээс болоод хана нь цуураад жавар нэвт үлээсэн орчинд хорьж байна гээд бод доо. 1990 оны үед цаг өөр болж, хорих ангиуд халаалтгүй болж, хаалга, цонхыг нь эсгийгээр дулаалж, битүү орчинд хорьж байлаа. Тэр үед хоригдлууд хэдэн зуугаараа осгож, тураалд орж нас барсан. Яг түүн шиг л орчин нөхцөл бүрдсэн хүнд хэцүү байдалтайгаар хүүхдүүд хоригдож байна. Хэдийгээр эрхээ хасуулсан ч гэсэн тэд  Үндсэн хуулиараа  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тэр эрх нь маш ноцтойгоор зөрчигдөж байна. Хорих ангийн дарга ажилтнуудаар барилгыг тордож, царай зүс оруулж, өнгөн хэсэгт нь ажил хийдэг. Даанч эдэлгээ нь муудчихсан болохоор мянга засаж янзалж, будаг, эмульс түрхээд хэрэг алга. Ийм л байшинд хэдэн жилийн эдэлгээ хийгдээд нурж унах дээрээ тулсан хувцасны шкабтай,  хүүхдүүдийн сэтгэлийг сэргээчих ямар ч гэрэл гэгээтэй юмгүй орчин байна. Бид ийм орчинд амьдралдаа алдсан хүүхдүүдийг яаж хүмүүжүүлж, ухааруулаад гаргах юм бэ” хэмээн учирлаж байлаа. 
 

ГУРВАН УДАА ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРООД ЗАРАГДААГҮЙ ГЭХ ХҮҮХДИЙН ХОРИХЫН ХУУЧИН ГАЗАР ДЭЭР ШШГЕГ-ЫН АЖИЛТНУУДЫН 640 АЙЛЫН ОРОН СУУЦ “СҮНДЭРЛЭЖЭЭ”

 
         Харин гурван ч удаа дуудлага худалдаанд ороод зарагдаагүй Хүүхдийн хорих 411 дүгээр анги, “Дамжин өнгөрүүлэх” 401 дүгээр ангийн 5.3 га талбай бүхий хуучин суурин дээр 840 айлын орон сууц баригдаад, захаасаа ашиглалд орж буй. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан “Салбарын алба хаагч бүрт- орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд ШШГЕГ-аас “Хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын орон сууцны хотхон” байгуулахаар шийдвэрлэж, 2019 оны есдүгээр сараас барилгын ажлаа эхэлсэн. 
Тус хотхоны эхний ээлжийн хоёр блок 238 айлын орон сууцыг өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр ашиглалтад оруулж, алба хаагчдад түлхүүрийг нь гардуулсан. Орон сууцны нээлтийн үеэр ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав “Бид 840 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, 1300 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, спорт цогцолбор, ногоон байгууламж, 111 автомашины дулаан авто зогсоол, үйлчилгээний төв бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдсон хотхоныг барьж байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу эхний ээлжид хоёр блок 238 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байгаадаа баяртай байна” хэмээн бахархалтайгаар мэдэгдэж байв. 
 
 
         Хоригдол хүүхдүүд барилгадаа дарагдах вий гэсэн айдастайгаар өдөр хоногийн өнгөрүүлж, хорихын ажилтнууд өөрсдөө цуурсан ханаа шавардаад, дээврээ төмрийн өөдсөөр битүүлэн, өлмий дээрээ алхах шахам ажлаа явуулж байхад энэ асуудлыг нь нэн даруй шийдвэрлэх үүрэгтэй ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав орон сууцны нээлт хийгээд зогсож байх нь зүйд нийцэх үү. Тэгэхдээ бүр Хүүхдийн хорихын барилгуудыг нураагаад, газар дээр нь 840 айлын орон сууц бариад, түүнийгээ салбарынхаа албан хаагчдад 100 саяар зогсож байх нь хэчнээн хоржоонтой вэ. 
 
Хэрвээ Зайсангийн баячуудын “захиалга”-аар Засгийн газар Хүүхдийн хорихын газрыг зарах шийдвэр гаргаагүй бол, ШШГЕГ-ынхан газарт нь “шунаагүй” бол, тэгээд бас Төвлөрсөн хорих газар нь төлөвлөснөөрөө баригдсан бол өдийг хоригдол хүүхдүүд өнөөдөр хүүхдийн баяр тэмдэглээд инээж суудаггүй юм гэхэд ядаж л дээврээс нь дусаал гоождоггүй, хананаас л салхи нэвт сийгддэггүй, хоногийн 24 цаг өмхий ханхалдаггүй, шал нь гишгэсэн мөрөөр нь цөмрөх шахаж чахардаггүй барилгад хоригдож байх байлаа. Хоригдол боллоо гээд хүний тооноос хасагдана, амьд явах эрх нь үгүй болно гэсэн үг биш биз дээ, ШШГЕГ-ын дарга Д.Загджав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар аа. 

НУРАХ АЮУЛТАЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАСАН БАЙРАНД ХҮҮХДҮҮД ХОРИГДОЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-03 00:15:39
    зочин: Загджав угаасаа юу ч хийхгүй ш дээ толгойлж бгаа байгууллагынхаа үйл ажиллагааг ч ойлгохгүй сууж бгаа амьтан харин яаж ахиухан идэх вээ гэвэл жинхэнэ ажиллана даа толгой нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-02 09:58:44
    зочин: Ядаж байхад хүүхдүүд шүү дээ Загджав даргаа, та энэ барилгыг шинэчилж чадахгүй бол дарга хийхээ боль!!! Арчаагүй амьтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-02 09:08:59
    Zochin: ЯАНА ДАА ЁСТОЙ НЭЭРЭЭ ЭНЭ ЭРХ МЭДЭЛТЭН ШУНАЛЫН ТУЛАМНУУДИЙГ БҮГДИЙГ НЬ УСТГАЛД ОРУУЛАХ ЮМСАН. ЯМАРЧ СЭТГЭЛ ЗҮРХГҮЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ НҮДЭНД НЬ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛААС ӨӨР ЮМ БОДОГДОХОО БОЛЬСОН НҮД НЬ СОХОРСОН БҮДҮҮН ГҮЗЭЭНҮҮДИЙГ ЗАЙЛУУЛЖ УСТГАЛД ОРУУЛАХ ЮМСАН. ҮНЭНДЭЭ АЖИЛ ХИЙХ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ СЭТГЭЛ ЗҮРХ АЛГАА. НЭГ МЕСТ ДЭЭР ОЧВОЛ ХУРДХАН ШИГ Л ӨӨРТ ЯМАР АШИГ БАЙНА ТҮҮНИЙГЭЭ ХУРДХАН АШИГЛААД Л ӨӨРӨӨ Л БОЛЖ БАЙВАЛ БОЛЛОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ ИЙМ ХУВАЛЗНУУД Л МОНГОЛ УЛСЫГ СӨНӨӨЖ УСТГАЖ БАЙНА ДАА. НҮГЭЛ НҮДЭЭ ОЛНОО ГЭДЭГИЙГ МЭДДЭГГҮЙ МАЛНУУД ЮМ ДАА. ХУДЛАА НЭГ ИХ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ДҮР ЭСГЭСЭН ЗӨВХӨН АШИГ Л ХАРЖ АЖИЛЛАДАГ ХУВАЛЗНУУД БЭРТЭГЧИНГҮҮД СӨНӨТҮГЭЙ. АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ УХААН НЬ ДУТААД БАЙВАЛ ЧАДДАГТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨД ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ХУДЛАА АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ДҮР ЭСГЭЭД ХУГАЦАА БИТГИЙ АЛДУУЛААД БАЙ. ӨӨРСДӨӨ ТИЙМ ГАЗАР НЭГ ОЧООД ХОНООД ХООЛ УНДНААС НЬ ИДЭЭД ҮЗ ДЭЭ. ГОЛ НЬ ХҮНД СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ БЭРТЭГЧИНГҮҮДЭЭ. ИХ МӨНГӨТЭЙ БОЛЛОО ГЭЭД ҮХЭХДЭЭ АВААД АВСАНДАА ОРЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ШУНАЛТАХАА БОЛЬЦГОО ГЭЖ ХЭЛЬЕ. ОДОО БОЛЛОО УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАЦГАА. ТЭР ЧИНЬ Л ҮР ХҮҮХДЭД ЧИНЬ ХЭРЭГТЭЙ. ХЯТАДЫН МЭДЭЛД ОРЧИХВОЛ САЙХАН БАЙХ УУ ТЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-01 08:47:09
    Зочин: Яанадаа монгол минь хаашаа яваад бнаа энэ дарга нар дотор МОНГОЛоо гэсэн хүн ядаж ганц байдаг боловуу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188