• Өнөөдөр 2024-04-25

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”, “СТАНДАРТ БАНК” хоорондын зуучлагч “ОУШН ПАРТНЕРС-ын ард хэн байдаг вэ

2020-11-23,   1473

-“Стандарт банк”-аар халхавч хийж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг “сэгсэрч” байгаа юм биш үү-

       Бид  “Саалийн ганц “үнээ”-гээ тавиад туучихаагүй байгаа” гарчигтайгаар “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт банк”-нд хуурамч бичиг баримтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг барьцаалан их хэмжээний зээл авсан хэргийн дуулианы эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд, Ш.Батхүү ял авсан ч асуултын тэмдэгтэй үлдсэн асуудлуудыг нэхэн сурвалжилж, нийтэлсэн. Тэгвэл энэ удаад “Стандарт банк”, “Эрдэнэт үйлдвэр”-ээс нэхэмжилсэн 86.95 сая ам.долларын өрийг яаж 40 сая ам.доллароор хаасан бэ, “Стандарт банк”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн  хооронд дундын зуучлагчаар ажилласан АНУ-д бүртгэлтэй “Оушн партнерс” гэх компанийн ард хэн байдаг вэ, энэ компани нь зуучлагч нэрээр халхавчлан, өрийг нь худалдаж авсан юм биш биз гэх анхаарал татсан, хардлага төрүүлсэн асуудлуудыг хөндөж байна.

            “Стандарт банк”-ны өрийг дарсан гэж олон нийтийг хуурсан нь

      2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Баясгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Ганбат “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн нар олон нийтэд мэдээлэл хийж,  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас “Стандарт банк”-нд 40 сая ам.доллар төлж, энэ хэргийг албан ёсоор хаасан тухай мэдэгдсэн байдаг. Энэ үед Шадар сайд асан Ө.Энхтүвшин ““Стандарт банк”, “Эрдэнэт үйлдвэр”-ээс анх 86.95 сая ам.доллар нэхэмжилж, Лондоны Олон улсын Арбитрийн шүүхэд хандсан. Дараа нь 51 сая ам.доллар болгож бууруулсан. Бидэнд төлөх боломж байгаагүй учраас Английн дээд шүүхэд хандсан. Гэвч Английн дээд шүүх 51 сая ам.доллароо төл гэж шаардсан. Хэрвээ бид яаралтай төлөхгүй бол энэ өрийг гуравдагч этгээдэд зарах эрсдэлтэй байсан” хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн “Бид 2018 оны наймдугаар сараас хойш “Стандарт банк”-тай биечлэн яриа хэлэлцээр хийхээр хөөцөлдсөн ч бидэнтэй уулзахаас татгалзсан. Тиймээс дундын зуучлагчаар АНУ-ын компанийг ажиллуулсан. Энэ компаниар дамжуулан яриа хэлэлцээр хийж, 40 сая ам.долларыг ямар ч хүү, торгуульгүйгээр төлөхөөр болсон” гэж байв. Тодруулбал, “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт банк”-наас авсан зээлийн өр төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, бүрэн төлсөн. Ингэхдээ АНУ-д бүртгэлтэй “Оушн партнерс” компаниар дундын зуучлал хийлгэсэн бөгөөд тус компани “Стандарт банк”-тай Монгол Улсын Засгийн газрын өмнөөс хэлэлцээ хийж, төлөх ёстой 51 сая ам.долларыг 40 сая ам.доллар болгож буулгасан тухай баяртайгаар мэдэгдэж байв. Түүнчлэн “Оушн партнерс” зуучлалын хөлс гэж нэг ч төгрөг аваагүй тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн хэлж байлаа.

      “Стандарт банк”-ны 86.95 сая ам.долларын өр төлбөрийн талаар нь буюу 40 сая ам.доллароор хаасан, дундын зуучлагч хийсэн гадаадын компани нь зуулчлалын хөлс гэж нэг ч төгрөг аваагүй гэхэд нэг л итгэл  муутай байсан. Гэвч түүнээс хойш 19 сарын хугацаанд олон нийт “Стандарт банк”-ны хэрэг бүрэн хаагдсан, ямар ч өр төлбөр байхгүй гэх ойлголттой явж ирлээ. Чухамдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт банк”-нд алдах нь гэх шуугиан үүгээр мартагдсан. Гэвч “Стандарт банк”-нд өр төлбөр төлөх үйл явц мөнгө угаах том луйвар байсан юм биш биз гэж  олон нийт үзэж байлаа. Өөрөөр хэлбэл,  “Стандарт банк”-ны өрийг төлсөн 40 сая ам.долларыг үнэн хэрэгтээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас гаргаагүй. Харин “Оушн партнерс” компани дундын зуучлагч нэрээр халхавч хийж, өөрийн хөрөнгөнөөс дээрх банканд 40 сая ам.доллар тушаагаад энэ өр төлбөрийн худалдаж авсан гэж үзэх нэгэнч  байгаа юм.

“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт банк”-наас авсан зээлийн өр төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, бүрэн төлсөн. 

     Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”  “Стандарт банк”-ны өрнөөс одоо ч гараагүй, харин тус банканд төлөх ёстой байсан өрөө “Оушн партнерс” гэх компанид төлж байгаа гэсэн үг юм. Энэ компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй гэрээ байгуулж, зэсийн баяжмалыг нь БНХАУ руу гаргаж зардаг  гэх. Улмаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 86 сая ам.долларын өрийг тэн хагасаар нь буюу 40 сая ам.доллараар барагдуулж,  зөрүүгээ зэсийн баяжмалаар хэд нугалаад авч байна гэж хардах хэд хэдэн шалтгаан байгаа юм.

     Түүнчлэн, өнгөрсөн есдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” “Оушн партнерс” компани руу Хууль зүйн үйлчилгээний төлбөр нэрээр 291 сая төгрөг шилжүүлсэн баримт нь “Шилэн данс”-нд байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн “Оушн партнерс” компани дундын зуучлалын хөлсөнд нэг ч төгрөг аваагүй гэж мэдэгдэж байсан атлаа, бас “Стандарт банк”-ны өр төлбөрийн асуудал дууссан гэж мэдэгдсэнээс хойш 19 сарын дараа ямар хууль зүйн ямар үйлчилгээний төлбөр төлөөд байна вэ.

           “Жаст групп”, “Оушн партнерс”, “Эрдэнэт үйлдвэр” гурав хамсаатан уу

      АНУ-д бүртгэлтэй “Оушн партнерс” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг БНХАУ руу гаргаж зардаг худалдааны компани бөгөөд 1998 оноос хойш гэрээ хийн, хамтран ажиллаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус компани нь 1998 оноос хойш тус үйлдвэрээс 3.2 тэрбум ам.долларын зэсийн баяжмал авч, БНХАУ руу гаргаж зараад дундаас нь их хэмжээний ашиг хүртсэн гэдэг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд “АН-аас ажлын хэсэг гарч, “Стандарт банк”-нд төлсөн гэх 40 сая ам.долларын асуудлыг хянасан. “Эрдэнэт үйлдвэр” 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 30 сая ам.долларыг эл банкнаас аваад, гурван өдрийн дараа буюу 26-ны өдөр “Жаст” компани руу шилжүүлсэн байдаг. Энэ зээлийг авахад “Оушн партнерс” компани зуучилсан. Энэ компани Ш.Батхүүг анх “Стандарт” банкнаас зээл авахад нь зуучилж, дараа нь өр төлбөр хийхэд нь дахин зуучилж оролцсон байсан. Эндээс тэд “Стандарт банк”-аар халхавч хийж, мөнгө угаасан үйлдэл харагдаж байна. Сая зуучлал хийхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг таван жил худалдаалах хэлцэл хийсэн байна” гэж мэдэгдэж байв.

       Өөрөөр хэлбэл, “Оушн партнерс” компани нь Монголын улс төр, бизнесийн томчууд дунд ихээхэн нөлөөтэй учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг хямдаар авч, цааш нь үнэтэй борлуулах гэрээ хийдэг байж гэж үзэх үндэслэлтэй. Сүүлдээ бизнесийн хамтрагч “Жаст групп”, “Эрдэнэт үйлдвэр”-ийг  “Стандарт банк”-нд зуучилж, зээл авхуулаад, буцаагаад “Эрдэнэт үйлдвэр”-ээр өрийг нь төлүүлэх  жүжиг зохиож, улсыг хохироогоод зогсохгүй, “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмал авах гэрээгээ сунгах луйвар хийж байна гэж тайлбарласан юм.

 АНУ-д бүртгэлтэй “Оушн партнерс” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг БНХАУ руу гаргаж зардаг худалдааны компани бөгөөд 1998 оноос хойш гэрээ хийн, хамтран ажиллаж байгаа аж

“Оушн партнерс”-ийн ард хэн байдаг вэ

      Тус компани дэлхийн 25 улсад төлөөлөгчийн газартай бөгөөд Монгол дахь зэсийн баяжмалын борлуулалт хариуцсан худалдааны төлөөлөгчөөр Дамдинсүрэнгийн Мөнхбаяр гэх хүн ажилладаг аж.  Д.Мөнхбаяр нь Монголд хоёр компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд нэг нь “Плайм софт” ХХК. Тэрбээр энэ компанийг “Таванбогд трейд” ХХК-ийн захирал Ц.Баатарсайхантай хамтран эзэмшдэг бөгөөд түүний эхнэр Д.Хулантай хамаатан гэх мэдээлэл байна.

        Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Оушн партнерс” компанитай хоёр сэжүүрээр нэр холбогдон, яригдаж ирсэн. Тухайлбал, нэгдүгээрт,  “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Стандарт банк”-наас зээл авахад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын анх байгуулсан “Mahoney liottia” хуулийн фирм хууль зүйн зөвлөгөө өгч, улмаар “Стандарт банк”-тай өр төлбөрийн маргаан дэгдэхэд ч Монголын талд хуулийн зөвлөгөө өгч байсан хэмээн хэвлэлүүдэд гарч байв. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гэргий Д.Бадамцэцэг “Гоёо” ХХК-ийг МСS группээс авч эзэмшиж байгаад 2017 онд “Таванбогд трейд”-д зарсан гэдэг. Өөрөөр хэлбэл, “Оушн партнерс” компанийн төлөөлөгч Д.Мөнхбаяр нь “Таванбогд трейд”-ийн захирал Ц.Баатарсайхан, түүний гэргий Д.Хулантай холбоотой. Тэд   УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон түүний гэргий Д.Бадамцэцэг нартай холбоотой гээд хөөвөл бизнесийн хамтрагч төдийгүй, “Стандарт банк”-ны хэрэгт их, бага хэмжээгээр оролцсон гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Мөн МСS, “Таванбогд” нь улстөрчдийн хувь эзэмшдэг, Монголын толгой компани гэдгийг хэлэх нь зүйтэй.

                        Ш.Батхүү ял авсан нь энэ хэргийн төгсгөл биш

     “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү гурван жил гаруйн мөрдөн байцаалтын явцад “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт банк”-нд барьцаалж, зээл авахын тулд Төрийн өмчийн хорооны нэг, тус үйлдвэрийн удирдлагын багийн дөрөв гээд нийт таван хүний гарын үсгийг 170 гаруй удаа дуурайлган зурж, 14 гэрээ, 88 албан бичгийг хуурамчаар бүрдүүлснээ хүлээсэн байдаг. Улмаар өнгөрсөн сарын 22-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх Ш.Батхүүг залилан мэхэлсэн , санхүүгийн луйвар хийсэн гэх долоон төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, найман жилийн хорих ял оноогоод буй.

     Түүнчлэн “Жаст групп”-ийн эзэмшилд байсан үл хөдлөх зарим хөрөнгийг улсын мэдэлд хурааж авсан. Түүгээр нь улсад учруулсан хохирлыг нь барагдуулах гэж байгаа гэх. Гэтэл түүний зэмшилд байсан “Мах маркет”, “Жаст ойл”, “Олон овоот гоулд”-ын хувьцаа болон үл хөдлөх хөрөнгө бэлэглэл болон худалдах, худалдан авах гэрээгээр бусдын эзэмшид очсон нь тодорхой болоод байгаа. Тухайлбал “Жаст ойл” компанийнхаа 11 шатахуун түгээх станц, хоёр нефтийн агуулахаа 2008 онд Москвад төвтэй Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банканд барьцаалж, 12 сая еврогийн зээл аваад, буцааж төлөөгүй учраас хураалгасан гэх баримтууд гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, түүний эзэмшилд байан “Жаст ойл” компанийн хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банканд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хөрөнгийг захиран зарцуулах, худалдан борлуулах замаар улсад учруулсан хохирлыг нь барагдуулах эрх манай Засгийн газар, хууль хяналтын байгуулагад байхгүй. Энэ хөрөнгийн эзэн нь манай нэг бизнесмен залуу болсон талаар бид өмнөх нийтлэлдээ дурдсан билээ. Бидэнд байгаа мэдээллээр “Жаст ойл”-ын хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид нь өгөхөөр хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа юм байна.

                                        “Сэгсрэх” төлөвлөгөө юү

      Энэ бүхнээс харвал “Жаст групп”, “Эрдэнэт үйлдвэр”, “Оушн партнерс” нийлээд “Стандарт банк”-ны өр төлбөрөөр халхавч хийж, асар тойм луйвар үйлдсэн юм биш үү. Зээл авсан нь ч, зээлээ төлөөгүй нь ч, Арбитрт хандсан нь ч, “Эрдэнэт үйлдвэр”-т өмнө нь огт байгаагүй Эрсдэлийн сан гээчийг бий болгож, тэр сангаас 40 сая ам.доллар гаргалаа гэдэг нь ч анхнаасаа Монгол Улсыг сэгсрэх төлөвлөгөө байсан юм биш үү гэж хардаж болохоор байна. Эхлээд “Стандарт банк”-ны зээлийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс мөнгө гаргуулж хаалаа гэж мэдэгдсэн. Одоо Ш.Батхүүд найман жилийн ял оноож, өөрийнх нь эзэмшилд байхгүй компаниудыг хурааж, “Эрдэнэт” үйлдвэрт учруулсан хохирлыг нь төлүүлнэ гэж байна. Үнэндээ “Жаст групп”, “Эрдэнэт үйлдвэр”, “Оушн партнерс” компаниуд 1998 оноос хамтарч бизнес хийгээд, нэг нэгэндээ зээл авч өгөөд, халаас нэгтэй болчихсон юм биш үү.  Эдний дунд улс л хохирч үлдэж байгаа дүр зураг харагдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Оушн партнерс” компанитай хоёр сэжүүрээр нэр холбогдон, яригдаж ирсэн


“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”, “СТАНДАРТ БАНК” хоорондын зуучлагч “ОУШН ПАРТНЕРС-ын ард хэн байдаг вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-23 15:04:57
    Зочин: Бүгдийг нь шалгах л хэрэгтэй ш тэ. Авлигатай тэмцэх газар ажлаа хийгээчээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188