• Өнөөдөр 2024-04-18

СААЛИЙН ГАНЦ "ҮНЭЭ"-ГЭЭ ТАВИАД ТУУЧИХААГҮЙ БАЙГАА

2020-11-22,   1185

 -Гадаадынхны гарт орох гэж байсан “Жаст ойл”-ыг монгол бизнесмен авч үлджээ-

         Гурван жил шахам мөрдөн шалгасны эцэст “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүд холбогдох  хэргийн анхан шатны  эрүүгийн шүүх хурал өнгөрсөн сарын сүүлчээр болж, түүнд болон хуурамч бичиг баримт бүрдүүлэн ӨАБНУ-ын “Стандарт  банк”-наас зээл авахад нь хамтран оролцсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж асан  Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга  байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргын алба хашсан Г.Амарбат нарын гэм бурууг  дэнсэлсэн билээ. Шүүх  хурал хоёр долоо хоног шахам үргэлжилж, Ш.Батхүүг найман жил хорьж шийтгэн, “Эрдэнэт үйлдвэр”-т дээгүүр алба хашиж байсан дээрх гурван хүний өдүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө. Ихэд сунжирсан, нөлөө бүхий албан тушаалтнууд оролцсон эл хэргийн мөрдөн шалгалт хийгээд шүүх хурал удаа дараа хойшилсон нь дээр нэр дурдсан гурван хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийн тулд хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэсэнтэй холбоотой хэмээн  иргэд, зарим хуульч ярьж байсан. Төрийн өндөр албан тушаалтан  болон нөлөө бүхий хүмүүсийн өдүүлсэн нэг  бус хэргийг  ийм үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  байсан тул олон нийт ийн шүүмжилж  буйг буруутгах аргагүй. Улс төрд нөлөө бүхий цөөнгүй хүн холбогдсон хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг яаж ийж байгаад дуусгахаар өнөө ч элдэв башир арга хэрэглэн, шүүх хурлыг удаа дараа хойшлуулж буйг хэвлэлийн мэдээллээс харж болно.

Улс төрд нөлөө бүхий цөөнгүй хүн холбогдсон хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг яаж ийж байгаад дуусгахаар өнөө ч элдэв башир арга хэрэглэн, шүүх хурлыг удаа дараа хойшлуулж буйг хэвлэлийн мэдээллээс харж болно

        Сүүлийн хэдэн жилд гараагүй, луйврын томоохон хэрэг өдүүлсэн Ш.Батхүү яллуулах нь зүйн хэрэг. Харин улсад  учруулсан хохирлыг  нь хэрхэн барагдуулах вэ  гэдэг  асуудал асуултын тэмдэгтэй үлдэв. Гэм буруутай хүмүүсийг шоронд хорьсноор асуудлыг шийдсэн мэтээр  олон нийтэд ойлгуулж ирсэн нь манай хууль хяналтын байгуулллагуудын ажлын нэг доголдол. Угтаа гэм буруутныг шоронд суулгахаас илүү улс, олон нийтэд учруулсан хохирлыг  нь яаж барагдуулахаар болсныг  шүүхийн шийдвэрт  хэрхэн тусгав  гэдгийг  хүмүүст ойлгомжтой, ил тод мэдээлэх нь л чухал. Иргэд ч үүнийг хүлээж байдаг. Монгол Улсыг социализмын үед ч, зах зээлийн нийгмийн  шилжилтийн хүнд жилүүдэд, өнөө ч тэжээсээр байгаа саалийн ганц “үнээ” гэгддэг  “Эрдэнэ үйлдвэр”-ийг  хуурамч бичиг баримт бүрдүүлэн гадаадын  банкны зээлийн барьцаанд тавьсан Ш.Батхүү нарын учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах  бол. Олон нийтэд тодорхой болсон нэг асуудал бол Олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэр гарч, саалийн ганц “үнээ”-г маань харийнхан хөтлөөд явдагийн даваан дээр авч үлдсэн. “Үнээ”-гээ авч үлдэхийн тулд “Эрдэнэт үйлдвэр”-ийн аюулгүйн нөөц сангийн  мөнгөнөөс нь  40 сая ам.доллар гаргуулж,  хэний ч мэдэхгүй, АНУ-д бүртгэлтэй, монгол эзэнтэй гэж дуулдаад байгаа “Оффшн партнерс” гэх компаниар зуучлуулан “Стандарт банк”-нд төлсөн. Энэ үйл  явдлыг эрх баригчид их өрийг барагдуулсан лугаа адил ихэд баяр хөөртэйгөөр сурталчилан, “Эрдэнэт үйлдвэр”-ээ улсдаа үлдээж  чадлаа хэмээсэн билээ. Харин энэ явдлаас хойш дээрх асуудал таг чиг болов. 110 сая гаруй ам. долларын зээлээ талд нь ч  хүрэхгүй мөнгөөр хаасан гэвэл үүн шиг үлгэр үгүй. Тэр тусмаа банк. Тэгэхээр манай Засгийн газар, “Оффшн партнерс” компани, “Стандарт  банк”-ны хооронд ямар гэрээ хэлцэл хийсэн болоод өнөө хүртэл аль аль нь амаа хамхиад байна вэ. Энэ бүхнээс харвал бид саалийн ганц “үнээ”-гээ тавиад туучихаагүй байгаа даа гэх хардлага төрж  байна. Эсвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээгдэхүүнээр үлдэгдэл зээлийг хааж байгаа юм болов уу. Монголчуудыг  хэдэн үеэр нь тэжээж ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ээ нэг луйварчнаас болж  харьд алдчихалгүй шиг авч үлдсэн нь үнэн юм бол ямар аргаар гэдгийг нь иргэдээсээ нуугаад байх асуудал мөн үү. Энэ үйлдвэр иргэд бидний өмч болсон  газрын хэвлий дэх баялагийг олборлож  байгаа тул монголчуудынх гэсэн үг. Тэгэхээр энд юу болоод байгааг олон нийт мэдэх эрхтэй.  Хэд хоногийн өмнө нэг сайтад  ““Эрдэнэт үйлдвэр”ийн төлсөн 40 сая ам. долларын 10 сая нь Нью-Йорк хотод бүртгэлтэй, манай нэг улстөрчийн байгуулсан компанийн дансанд орсон байж болзошгүй байна” гэх мэдээлэл тавьжээ. Энэ нь “Стандарт банк”-нд төлсөн гэх мөнгөний  асуудлаарх иргэдийн хардлагыг улам гүнзгийрүүлэв. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол улс орны эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг онц ноцтой, зохион байгуулалттай хүнд гэмт хэрэг гэж үзэж болохоор. Ийм хэрэгт оролцсон албан тушаалтнуудын гэм бурууг шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай. Харин эсрэгээрээ тэднийг хаацайлаад өнгөрвөл  албан тушаалтнуудын гэмт үйлдлийг өөгшүүлсэнтэй агаар нэг. Улсын ганц том үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьж байхад төр, засаг, хууль хяналтын байгууллага хаана байв. Энэ үйлдвэр, объектыг гадаадынхан “Жаст”-ын гэх Ш.Батхүү болон түүний хамсаатнуудаар дамжуулан гартаа оруулсан бол яах байв. Асуудлыг энэ өнцгөөс шалгав уу. Тухайн зальт этгээд манай улс хувьцааг нь эзэмшдэг олон улсын банканд үндэсний аюулгүй байдалд нөлөөлж  болох хэмжээний объект, байгууламжуудыг барьцаанд тавьж, гадаадынханд алдах эрсдэлд хүргэсэн байсныг  мэдэх ёстой  байсан тусгай албад энэ үед хэрхэн ажиллав гэдгийг  шалгах ёстой бус уу.Тус үйлдвэрт  жил гаруй тогтоосон онц байдлын үеэр ч дээрх асуудлыг хөндсөнгүй. Сандал ширээний л асуудал болоод өнгөрсөн гэх. 

 Тэгэхээр манай Засгийн газар, “Оффшн партнерс” компани , “Стандарт  банк”-ны хооронд ямар гэрээ хэлцэл хийсэн болоод өнөө хүртэл аль аль нь амаа хамхиад байна вэ. 

          “Жаст групп” ХХК-ийн эзэмшилд байсан үл хөдлөх зарим хөрөнгийг  улсын мэдэлд хураан авсан. Тухайлбал, тус компанийн эзэмшилд байсан алтны Олон овоотын орд газрын лизенцийг хүчингүй болгож, төр мэдэлдээ орууллаа гэж хэвлэлээр бичсэн. Гадаад, дотоодынхны арааны шүлсийг асгаруулсан үнэт металлын энэ ордын лиценз болон бусад үл хөдлөх хөрөнгийг борлуулах, ашиглах замаар “Жаст групп”-ийн учруулсан хохирлыг  барагдуулна гэж эрх баригчид тооцоолов уу. Гэтэл тус компанийн эзэмшилд байсан “Мах маркет”, “Жаст ойл”, “Олон овоот гоулд”-ын хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийг Ш.Батхүү бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан бусдад шилжүүлсэн байсан талаарх баримт хэвлэлээр гарсан. Энэ асуудлаар зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Бидэнд олдсон мэдээллээр бол тэрбээр  эзэмшилдээ байсан “Жаст ойл” компанийнхаа шатахуун түгээх (нийслэл болон орон нутаг дахь шатахуун түгээх 11 станц) станц, нефтийн агуулах (нийслэлд байрлалтай хоёр)  гээд  бүх хөрөнгийг эзэмшил газрын хамт 12 жилийн өмнө буюу 2008 оны арванхоёрдугаар сарын 15-нд Москвад төвтэй Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банканд барьцаалж, жилийн 11 хувийн хүүтэй 12 сая еврогийн зээлийг 48 сарын хугацаанд буцаан төлөх нөхцөлтэйгөөр авчээ. Гэсэн ч гэрээний дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс хүүгийн хамт 18 сая шахам евро буюу 42 тэрбум гаруй төгрөгийн өрөнд орсон байна.

Ш.Батхүүг дээрх банкныхан Монгол Улсын шүүхэд өгснөөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалын шийдвэрээр барьцаанд тавьсан хөрөнгийг нь битүүмжилж, дээрх банкны мэдэлд шилжүүлсэн аж. Ш.Батхүү ч шүүхийн дээрх шийдвэрүүдийг  хүлээн зөвшөөрсөн байдаг. Эндээс харвал “Жаст ойл” компанийн дээрх хөрөнгүүд Ш.Батхүүгийнх биш Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкных болж  таарлаа. Энэ хөрөнгийг захиран зарцуулах эрх нь зөвхөн дээрх банканд байгаа гэсэн үг. Ташрамд дурдахад, эл банкны хувьцаа эзэмшигчдийн нэг нь манай улс юм билээ. Манай улсыг төлөөлсөн  ажилтан  ч тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд суудаг юм гэсэн. Москва хотноо  байрлах энэ  банк нь ОХУ, Монгол, Польш, Вьетнам, Румын, Чех, Болгар, Словак улсын оролцоотой бөгөөд гишүүн орнуудынхаа эдийн засгийн харилцаа, гадаад худалдааг хөгжүүлэхээр байгуулагджээ. Тус банк нь НҮБ-ын Нарийн бичгийн газарт бүртгэлтэй юм байна. Банкны шийдвэрийг Дээд зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөл нь гаргадаг. Дээд зөвлөлд нь манай Сангийн яам төлөөлөгчөө суулгаж, аливаа шийдвэр гаргахад нь оролцдог аж.   

          Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкныхан Ш.Батхүүгээс зээлийн барьцаанд авсан, “Жаст ойл” компанийн Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгүүдийг зарж, хохирлоо барагдуулахаар болсон аж. Гадаадынхан тэртусмаа манай хоёр хөршийн пүүс, компаниуд ихээхэн сонирхож, тэдний гарт орохдоо тулаад байхад нь тэдгээр хөрөнгийг олон улсын байгууллагад ажиллаж байсан, монгол бизнесмен залуу авсан гэх мэдээлэл байна. Тэрбээр дээрх банкны хохирлыг барагдуулж, “Жаст ойл”-ын хөрөнгийг гадаадынханд алдалгүй эх орондоо авч үлдсэн гэнэ. Тус компани харийн өмчлөлтэй болсон тохиолдолд Монгол Улсын суурь үнэ болдог, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг  бензин, шатахуун гадаад улсаас хамааралтай болж, тэр хэрээр манай аюулгүй байдал алдагдах вий хэмээн  эх оронч иргэний үүднээс тэдгээр хөрөнгийг авсан гэж байна.

Гадаадынхан тэртусмаа манай хоёр хөршийн пүүс, компаниуд ихээхэн сонирхож, тэдний гарт орохдоо тулаад байхад нь тэдгээр хөрөнгийг олон улсын байгууллагад ажиллаж байсан, монгол бизнесмен залуу авсан гэх мэдээлэл байна


СААЛИЙН ГАНЦ "ҮНЭЭ"-ГЭЭ ТАВИАД ТУУЧИХААГҮЙ БАЙГАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 16:31:30
    Zochin: Oюун эрдэнэ, Оушн партнрсийг шалгах л хэрэгтэй дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188