Засгийн хойморт залаастай МАН-ын сайдууд завтай гэж, жаргалтай ч гэж жигтэйхэн байгаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сошиалд донтож “рийлчин” болсон. “Охидын краш” гэж хий баахан хөөргөсөөр “эвдэж” хаясан бидний буруу ч байх. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Бямбын урилга” нэвтрүүлгийн хөтлөгч болсон. Салбарынхаа хурандаа, генералуудтай хууч хөөрөх, зэвсэгт хүчний байлдагчдынхаа зовлон жаргалыг сонсох мэтийн нэвтрүүлэг бол яая гэх сэн. Атал салбарт нь “түй ч” хамаагүй сагсчинтай ярилцлага хийх мэт бол завтай, жаргалтай байгаагын л шинж. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр бүхэл бүтэн яамаа Дархан дахь хувийн зочид буудал, хаус хотхоныхоо үүдэнд нүүлгээд авааччихсан. Бас болоогүй, яамнаасаа холгүйхэн орон сууцны хороолол бариулж, явцыг нь яамныхаа өрөөний цонхоор хянаж буй. Өөрөөр бол, түүн шиг жаргалдаа ташуурсан сайд энэ Засагт үгүй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “загварын хатан” болох замдаа орсон. За тэгээд, Шадар сайд С.Амарсайхан нисдэг тэрэг хөлөглөж давхиад л, Боомтын сайд Б.Тулга тойрогтоо дроны тэмцээн зохиож гүйгээд л, Соёлын сайд Ч.Номин үсээ шидлэн “дүүхэлзээд” л яваа.
Энэ мэтээр МАН-ын сайдууд хувьсгалын хэрэгт санаа чилээхгүйгээр хүссэнээрээ аяглаж, “хобби”-гоо хөгжүүлцгээж байна. Өөрөөр бол, амласан 14 мега төсөл, ам.долларын ханш, ард түмний амьдрал гээд Засгийн зовлон бүхэн МАН-ын сайдуудад огтоос хамаагүй мэт омголон, бас амгалан явцгааж байгаа.
Харин Хамтарсан Засгийн газрын хатавчинд сууж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “эрх” сайдуудын өмнөөс Засгийн зорилгыг биелүүлэхийн төлөө морь мэт зүтгэж, нохой мэт шарваж, муу болгонд мод мэт баригдаж буй АН-ын гурван сайд бий. Яах вэ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хааяа тэр гурван сайдад “Гал атгаж байгаа” гэж гоёшоосон цаасан малгай өмсгөөд, цаад гурав нь ч тэрүүхэндээ баясдаг бололтой юм билээ.
Тухайлбал,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан МАН-ын төлөө морь мэт зүтгэж яваа. Жишээ нь, Засгийн газрын 14 мега төслийн эхнийх нь буюу Монгол-Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг Ц.Туваан ахалж байгаа. “MCS”-ийг “уурлуулсан”, Ц.Элбэгдоржийг улс төрд эргэж оруулсан сэдэв буюу одоогийн улс төрийн хамгийн “галтай” сэдэв бол энэ хэлэлцээр. Илүү чухал нь, “Эрдэнэс тавантолгой”-н хувь заяа хэрхэх нь энэ хэлэлцээрээс шууд хамаарна. Амжилттай болбол Л.Оюун-Эрдэнээр овоглож, алдаа гарвал Ц.Туваанаар хаяглагдана.
Цаашлаад, саяхан Засгийн газар Монгол-Оросын Агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийн төслийг Ц.Туваанаар ахлуулан УИХ-д оруулж ирж, байнгын хороодоор хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцээрийн асуудлаар ордонд ч, сошиалд ч Монгол, Оросоороо хэдэн өдөр талцан хэрэлдээд буцаагдсан. Одоо Ц.Туваан Монгол-Оросын Агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийн төсөлдөө засвар хийгээд дахин УИХ-д оруулахаар бэлтгэж буй. Эл хэлэлцээр алдсан ч, оносон ч хожим Ц.Туваан “Оросын тавиул” гэгдэх шалтгаантай болж авч байна гэсэн үг.
Дараагийн том асуудал нь, удахгүй УИХ-д “Ухаа худаг” тэргүүтэй стратегийн ордууд ямар замаар хэнд яаж очсон асуудал, араас нь тухайн ордуудын 34-51 хувийг төрд авах хэлэлцээрийн асуудал орж ирнэ. Стратегийн ордуудын хэлэлцээрийг Ж.Батзандан ахална гэх боловч албан ёсоор төрд авч данслах хүн нь Ц.Туваан байж таарна. Ойгүй баяжих ордуудынхаа талыг алдсан нөхдүүд Ц.Туваанд сайн санаж үлдэх нь юу л бол. Энэ мэтээр, Ц.Туваан Засгийн газрын, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, түүний “эрх” сайдуудын өмнөөс бүхий л “галтай” сэдвүүдийг өөрөөрөө авторлон морь мэт зүтгэж байна.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр МАН-ын төлөө нохой мэт “шарваж” буй. Өөрөөр бол, Засгийн газарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 14 мега төсөл хэрэгжүүлэх, он солигдох мөч бүрд хэлдэг хөгжлийнхөө гараан дээр жинхнээсээ зогсох “мөрөөдөл” байвч мөнгө нь алга. Харин мөнгө олох үүрэг нь үндсэндээ Л.Гантөмөрт ногдож байгаа. Саяхан Л.Гантөмөрийн ахалж буй Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдааны хэлэлцээр хийх асуудал УИХ-ын байнгын хороодоор орж, Л.Гантөмөр “дүүжлүүлэх”-ээ шахсан. Ямар сайндаа л Л.Гантөмөрийн хэвлэлийн төлөөлөгч асан Ч.Лодойсамбуу “Та ийм галтай сэдвийг ганцаараа үүрэг хэрэггүй шүү дээ” гэж гуйх, ятгахын завсарт хэлэх вэ дээ. Энэ мэтээр, гадаад зах зээлээс мөнгө олох бүхий л асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өмнөөс Л.Гантөмөр гашилж, гадаадуудтай гэрээ хэлцэл хийх асуудалд түүний өмнөөс нохой мэт шарваж буй.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл МАН-ынхны нохойд барьдаг мод мэт л ажиллаж байна. Он гарсаар, “Тавантолгой”-н бүлэг ордоос “Ухаа худаг”-ийн ордыг тасалж авсан “Энержи ресурс”-ийн Ж.Оджаргалын хэрэг, “Эрдэнэт”-ийн овоолгод эзэн суусан “Ачит ихт”-ийн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарын хэрэг, “Төгрөг нуур”-ын ордыг харынханд худалдсан “Камекс”-ийн Х.Баттулгын хэрэг гээд бүхий л “томчууд”-ын хэрэг ар араасаа сөхөгдлөө. Эдгээр хэргүүдийг эхнээс нь хөвөрдөх, хэн нь “хулгайч” гэдгийг дэнслэх үүрэг О.Алтангэрэлд ногдож байгаа. Эхний ээлжинд “Ухаа худаг”-ийн ордын асуудлыг судалж дуусаад УИХ-д өргөн бариад буй. Удахгүй хэлэлцэх товтой байгаа. Товчхондоо, Ж.Оджаргалд хамгийн их “нүдлэгдэх” хүн бол О.Алтангэрэл.
Цаашлаад, О.Алтангэрэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “даалгавар”-аар Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг боловсруулах, УИХ-д өргөн барихаар тохиромжтой цагийг хүлээж буй. О.Алтангэрэл өөрөө хэлэхдээ “Өмнө нь ямар ч Засгийн газрын, ямар ч Ерөнхий сайдын зориглоогүй хувьсгалын чанартай хууль болсон” гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Бадамжунайг баривчилж авчрахаас хэтрээгүй “5Ш” ажиллагааныхаа албан ёсны хувилбарыг О.Алтангэрэлээр авторлон Хууль бус хөрөнгийг хураах хууль болгож оруулж ирэх гэж байна гэсэн үг. Мэдээж, гавьяа нь Л.Оюун-Эрдэнэд, гал нь О.Алтангэрэлд очно. Энэ мэтээр, О.Алтангэрэл МАН-ын, тэр тусмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нохойд барьдаг мод мэт ажиллаж байна.
МАН-ЫН МОРЬ, НОХОЙ, МОД ГУРАВ |
|