• Өнөөдөр 2024-04-25

Гаднынханд нүүргүй МОНГОЛ

2022-05-21,   633

       Халдварт тахлын үеийн, тэр тусмаа хатуу хөл хорионы үеийн хил гааль хаалттай, харилцаа холбоогүй асан цаг үедээ гацчихсан шиг л байна, манай улс. Ах, дүүгийн найрамдалт харилцаа алсарч, мөнхийн хоёр хөрш маань биднийг зөнд нь хаяж, дуулж, шүлэглэдэг шигээ Азийн цээжинд ганцаараа үлдчихсэн шиг... Үнэндээ бид хаанаасаа хаалгач хүртлээ гадаад харилцаандаа “0” зааж, хаа хаанаа “хаалгагүй” ганцаараа үлдчихлээ. 
        Төрийн тэргүүн У.Хүрэлсүх гадагшаа яваагүй биш явсан, гадаад харилцаагаа анхаарах гэж үзээгүй биш, үзсэн хөөрхий. Гэхдээ нэг удаа НҮБ-ын хуралд оролцохдоо “тэрбум мод” гэдэг “гэрийн даалгавар” цүнхлээд ирсэн. Түүнээс хойш “тэрбум мод” гэдэг ганцхан амны уншлагатай, амралтын өдөр болгон төрийн албан хаагчдад хүрз, тууз атгуулах ажилтай л нэгэн болсон. Ойн чөлөөнд аж төрдөг орон болчихвол сайхан л даа, гэхдээ түүний санаачилгаар төрийн байгууллагууд мод тарихдаа хэдэн мод тарихаа, хэрхэн ургуулахаа чухалчлах бус хэн нь гоё тайз засахаараа өрсөлдөж, хэвлэлээр юу гэж магтуулахаа л анхаардаг, попролын өгөгдөл болж хувирсан харагдаад байгаа, харамсалтай. Бас нэг удаа улсаа төлөөлж, хойд хөршдөө айлчилсан. Гэхдээ урьд урьдын төрийн тэргүүнүүдийн айлчлал шиг ач холбогдол байгаагүй, улиг болсон хийн хоолойг төслийн хүрээнд хэд хэдэн зүйл ярилцаад ирсэн л гэдэг. Ер нь тэгээд, Н.Энхбаяр хойд хөршид айлчлаад их өрийг тэглэж байсантай, Ц.Элбэгдорж Ази-Европын 51 орны төр, засгийн тэргүүнийг Улаанбаатарт уулзуулж байсантай, хэл ус, боловсрол маруухан гэгддэг Х.Баттулга хүртэл хоёр хөршийнхөө төрийн тэргүүний арга эвийг олдог байсантай харьцуулахад У.Хүрэлхийн хувьд гадаад харилцаа талдаа “0” байгаа нь үнэн. 
 
      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд, түүнийг Харвардын боловсролтой, хэл устай, баруунжсан соёлтой гэж саймширч байж Ерөнхий сайд болгосон санагдах. Харамсалтай нь, Харвардын боловсрол, хэл усаа хэзээ ашиглах гэж хав дарж, хүлээдэг юм бүү мэд, гадаад харилцаанд бол ашиглахгүй өдий хүрч байгаа. Жишээ нь, түүнийг Ерөнхий сайд болсноос хойш хоёр хөршийн харилцаа хүйтэрч, нүүр өгсөнгүй, нэг бол шатахуунаа тасалж, нөгөө бол хилээ хааж, аль эсвэл авдаг л байсан нүүрсээ авахгүй гүрийж, авбал “амбаар”-тай байдлаар авна гэж гэдийх болсон. Яах вэ, тэр энэ суудалд суусан жилийн ой дээрээ урд хөршдөө улсаа төлөөлж айлчилсан. Халуун дотно уулзалт болж чадаагүй ч, хил огтлолын цэгийг эцэслэж тохирсон, боомтуудын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцсан гэх мэт үр дүн бий. Гэхдээ л айлчлалын хойно ч урд хөрш маань урьдынх шигээ бидэнд найр тавихгүй л байгаа. Хатуухан хэлэхэд, хоёр хөршийнхөө “судсыг” атгаж чадахгүй байгаа түүнээс хөгшин Европтой холбоо тогтоохыг хүлээх хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй санагдах болсон. 

       УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд гадаад харилцаанд ахиц гаргах амбицтай нэгэн биш юм билээ. Энэтхэгт нэг алчлахдаа эхнэрээ, бас бус бараа бологчдынхоо эхнэрүүдийн дагуулан явсан нь дараа нь хэл аманд өртсөн. Тэнд хувьсгалын гэхээсээ хувийн ажил их амжуулж, сүм хийдийн лам нар нь амины ажил, албаа даатгаад ирсэн гэгдсэн. Бас нэг удаа баруунд буюу АНУ-д айлчилсан, гэхдээ Азийн сангийнхантай, “Apple”-ийнхэнтэй уулзсан төдийнхөөр гар, ганзага хоосон буцаж ирсэн. Яах вэ, алим гэдэг үгтэй л ирсэн байх. 

        Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг гайгүй сайн дипломатч болох нь гэж дэд сайд байхаас нь хэдэн ч жил хүлээв. Өнгө өнгийн дээлээр гангардаг Гадаад харилцааны сайд маань өмнөд хөршдөө нэг удаа айлчилсан. Ирснийх нь хойно “Юутай ирэв, юу тохиролцов, ямар ахиц гарав” гэж сэтгүүлчид асуухад “Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар одоо хэрэгжүүлж байгаа төслийн явцыг түргэтгэх, хоёр улсын төрийн байгууллагуудын уялдааг сайжруулахад анхаарч ажиллахаар тохиролцлоо” гэж хариулсан. Өөрөөр бол, өмнө нь авсан зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийг явцыг түргэтгэхээс өөрөөр шинэ тохиролцоогүй ирсэн гэсэн хариулт л даа. Дээрээс нь, Б.Батцэцэг Оросоор ус цас, унаган хэл шигээ ярьдаг гэж сошиал хуудсаар баахан сэвүүлсэн. Гэхдээ одоо болтол Оростойгоо учраа олсон зүйлгүй л яваа. 
 
        Энэ мэтээр Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч, УИХ-ын дарга, салбарын сайд ч гадаад харилцаагаа сайжруулах, гарц нээх тал дээр гавьяа байгуулсангүй өдий хүрлээ. Товчхондоо, хоёр хөрштэйгөө хэл амаа ололцчихдог, авах, өгөх бараа таваарынхаа урсгалыг ногоон гэрлээр шийдчихдэг, бадар барьсан ч хоосон буцаж ирдэггүй жинхэнэ дипломатч дутагдаж байна. Нас залуу, цус шингэн, боловсрол мэдлэг өндөртэй л гэх, гэсэн атлаа албан ёсны айлчлал хийж, явж очоод уулзахаараа учраа олохгүй мунгинаж, их гүрнүүдийн сүрд дарагдаж, сиймхий гарвал зургаа татуулчихаад буцаж ирдэг. Гадаад харилцаагаа гав, шав хийтэл “базах” удирдагчгүй удвал, улс маань гадаадад нүүргүй, гарцгүй, гайхал тахлын үеийнх шигээ улс дотроо хэрэлдэж суухаас өөр сонголт үлдэхгүй. Гэтэл дэлхийн улс гүрнүүд хоршиж, хамтарч хөгжсөөр, урд хөрштэйгөө хэрхэн учраа олж, нүүрсээ хэрхэн гаргах тухай ярьж суутал нэг мэдэхэд Марс руу нисэцгээсэн байх вий. 
 

Гаднынханд нүүргүй МОНГОЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-21 10:01:34
    Зочин: Дахиж энэ сайт руу шагайлтгүй юм байна дан өмхий амтай муу ёртой өөдтэй юм бичиж үзээгүй лалруудын оромж үүр байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188