• Өнөөдөр 2026-02-26

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ

2026-02-26,   251

      Ерөнхий сайд Г.Занданшатар Хотын дарга Х.Нямбаатарыг зайлуулах юм гэнэ гэх яриа халуун намраар л явж эхэлсэн. Түлш шатахууны хомсдол, тог цахилгааны тасалдал тэргүүтэй асуудлуудаас болоод тохироо нь бүрдэхгүй явсаар хавартай золгож буй.
 
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Хотын дарга Х.Нямбаатарт сэтэр, сэнтийгээ булаалгаж, нэмээд “ногоон автобус”-ны хэргээр нийгмийн дайсан болж, гурван жил гудамж “метрлэсэн” Д.Сумъяабазартай хүч хавсарч, хотыг авахаар ханцуй шууж эхэлсэн бололтой юм. Учир юу гэвэл, Ерөнхий сайд Г.Занданшатар Хотын дарга асан Д.Сумъяабазарын тойрон хүрээлэгчдийг толгой дараалан албан тушаалд томилж байна. Тэр байтугай, Д.Сумъяабазарын гурван орлогч гурвуулаа Г.Занданшатарын зөвлөх болцгоолоо. Товчхондоо, Г.Занданшатар, Д.Сумъяабазар хоёр Х.Нямбаатартай “дайтах”-аар цэргүүдээ хуарагнуулж байгаа аятай л байна. 
 
      Тухайлбал, Ерөнхий сайд Г.Занданшатар Д.Сумъяабазарын Зам, тээвэр, түгжрэлийн асуудал хариуцсан орлогчоор нь ажиллаж асан Б.Одсүрэн, Д.Сумъяабазарын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор нь ажиллаж асан П.Баттөр нарыг тус тус зөвлөхөөрөө томилжээ. 
Мөн өчигдөр Д.Сумъяабазарын туслах, Төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн хөгжил хариуцсан нэгдүгээр орлогчоор нь ажиллаж асан Ж.Сандагсүрэнг Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаараа томилж, дэргэдээ авлаа. 
      Цаашилбал, Ерөнхий сайд Г.Занданшатар Д.Сумъяабазарын Ахлах зөвлөхөөр ажиллаж асан нутгийнх нь дүү Д.Мөнх-Эрдэнийг оны өмнөхөн ХЗДХ-ийн Дэд сайд болгож дэвшүүлсэн. Мөн Д.Сумъяабазарыг СХД-т нэр дэвшиж эхэлсэн цагаас нь хормойдож, Уул уурхайн сайд байх үед яамных нь Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хотын дарга байх үед нь хотын Ерөнхий менежерээр нь ажиллаж асан М.Баярааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. 
 
Энэ мэтээр Ерөнхий сайд Г.Занданшатар Хотын дарга асан Д.Сумъяабазарын тойрон хүрээлэгч фракцынхныг тултал тойглож байна. Д.Сумъяабазарын тухайд, 2018-2024 онд Хотын МАН-ын хороог зургаан жил даргалсан. Өөрөөр бол, Хотын МАН-ын хороог Х.Нямбаатараас Г.Занданшатарт урвуулж өгөх нөлөөтэй хүн нь Д.Сумъяабазар, бас дээр дурдсан түүний “цэрэг”-үүд. Нөгөө талаас, Д.Сумъяабазар, бас түүний “цэрэг”-үүд нь Х.Нямбаатарт хамгаа булаалгасан өштэй. Тиймдээ ч Ерөнхий сайд Г.Занданшатар Х.Нямбаатараас Хотын даргын сэнтийг нь, Хотын МАН-ын хорооны даргын сэтэрийг нь авахын тулд Д.Сумъяабазар, бас түүний фракцтай хүч хавсарч байж болох дүр зураг харагдаж байна. 

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188