• Өнөөдөр 2024-05-03

ГАДНЫНХАНД ХӨЛ АЛДАЖ, НАЙР ТАВЬДАГ УЖГИРСАН “УЛАМЖЛАЛ”-ЫГ УРАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ЭВДЭНЭ

2023-10-31,   1081

-“БАДРАХ ЭНЕРЖИ” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ “ПЕТРОЧАЙНА” БОЛОН “ОЮУ ТОЛГОЙ”-Н ГЭРЭЭНИЙ ГАШУУН СУРГАМЖУУДААС ЮУ ҮЛГЭРЛЭСЭН БЭ-
     
     Дэлхий нийтэд нүүрс “моод”-ноос гарч эхэлж байна. Хаалганы цаадах Хятад ч тэр жишгээр манай нүүрсэнд урьдынх шигээ унаж тусахаа больж байна. Хятадаас манайд Элчин сайдаар сууж асан Цай Вэньруй 2020 онд “Нүүрсний хэрэгцээ хаа хаанаа багасаж байна. Бид танайхаас нүүрс авахгүй ч байсан болно. Ний нуугүй хэлэхэд, танай эдийн засгийг бодоод л авч байна” хэмээх тоомжиргүй хандлага цухалзуулсныг санаж буй байх. Маргаашнаас манайхаас нүүрс авахаа зогсооно гэсэн үг биш боловч “алсдаа анхаар” гэсэн нэг сигнал нь энэ юм. Нүүрсээ ухаад, урагш нь гаргаж түүхийгээр нь худалдаад, тэр мөнгөөрөө төсвөө бүрдүүлж ирсэн бидний болхи арга алсдаа явцгүй болно гэсэн үг. 
       
    Аз болж бидэнд дэлхийн нийтэд нүүрсний оронд “моод”-нд орж буй эрчим хүчний түлшний гол түүхий эд буюу ураны нөөц бий. Нөөцтэйгөөр барахгүй, одоогоор илрүүлж баталгаажуулсан нөөцөөрөө дэлхийд эхний 12-т багтаж байна. Өнөөдөр нэг тонн нүүрс 135 ам.доллар, харин нэг кг уран 150 ам.долларын үнээр дэлхийн зах зээлд зарагдаж байгаа. Нэгхэн грамм уранаас нэг тонн нүүрс шатаасантай тэнцэхүйц эрчим хүч гаргаж авах боломжтой гэхээр үнэ нь тэнгэр газар шиг ийм зөрүүтэй байх нь арга ч үгүй юм л даа. Цаашид нь энэ үнэ өснө. Учир нь, ураны эрэлт ирэх 10 жилд 160 хувиар өсөх тооцоолол бий. Одоо дэлхийн 32 улсад 445 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, жилд 65 мянган тонн уран түлшинд хэрэглэж байгаа. Харин 2040 он гэхэд 130 мянган тонн болж нэмэгдэнэ гэх тооцоолол байна. Иймд уранаа олборлож, олон улсын зах зээлд гаргах нь ойрын ирээдүйд эдийн засгаа тэжээх бидний нэн шинэ гарц гэсэн үг. 
       
    Тэгвэл дэлхийн зах зээл дээр ураны хэрэглээ, эрэлт нэмэгдэж байгаа энэ цаг үед бид ураны гол нийлүүлэгч, гол тоглогчдын нэг болох эхний алхмаа энэ сард хийсэн. Өнгөрсөн хавар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлахдаа “Бадрах энержи” ХХК-д түшиглэсэн ураны төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавиад буцсаныг санаж буй байх. Харин сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад айлчлахдаа ураны төслийг хамтран хэрэгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлүүдээ тохироод ирсэн. Одоо Хөрөнгө оруулалтын гэрээг эцсийн байдлаар боловсруулах Засгийн газрын Ажлын хэсгийн ажил ид өрнөж буй. Ирэх сард гэрээний төслөө УИХ-д танилцуулна, түүний дараачаас Францын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлууд өрнөх товтой байгаа.        
Тайлбар: Францын ЗГ-ын харьяа "Орано" групптэй ХөОГ-ны нөхцлүүдээ тохирч, протоколд гарын үсэг зурав, 2023 он
     Гол асуудал нь, Францын Засгийн газрын харьяа “Орано” групп, манай улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс монгол” групп хороонд байгуулагдах “Бадрах энержи” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр бид ямар ашиг хүртэх вэ. Өрөөлд найр тавьсан биш, өөрсдөдөө ашигтай байх заалтуудыг оруулж чадаж байгаа юу. Бидэнд Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой гашуун туршлагууд бий учраас харьцуулж жиших нь зүйтэй. 

     Бид өмнө нь буюу 30 жилийн өмнө “Петрочайна дачин тамсаг”-тай Тамсагийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа, 14 жилийн өмнө “Туркойз хилл ресурс”, “Рио Тинто”-той “Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа, найман жилийн өмнө Дубайн гэрээг байгуулахдаа аль алинд нь алдаж, өрөөлд ашигтай, өөрсдөө ашиглуулах заалтуудыг “хүчээр” оруулсан гашуун туршлагатай. Хор хохиролд нь хөгжих боломжоо ч, хөгжих хугацаагаа ч алдсан. 

       Дорнодын Тамсагийн сав газрын нефтийг 30 жил зөөж буй “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бидний хүртэж буй ашиг олж буй ашигтай нь харьцуулахад “хоолны мөнгө” төдий. Энэхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нийт олборлосон газрын тосных нь 24 хувийг манай улс, харин дийлэнх буюу 76 хувийг нь “Петрочайна дачин тамсаг” ХХК өөрөө авах заалттай. Дээрээс нь, тус компаниас АМНАТ авдаггүй, урагш нь гаргаж байгаа нефтээс нь экспортын татвар авдаггүй, тус компанийн Хятадаасаа оруулж ирж хэрэглэж буй буй техник хэрэгсэл, хувцас хэрэглэл, тэр байтугай хоол хүнсийг нь хүртэл татвараас чөлөөлөхөөр гэрээндээ заачихсан. Хөрөнгө оруулагч талаа хэтэрхий тахин шүтээд, бүх татвараас чөлөөлж найр тавьсан гэсэн үг л дээ. Гэрээгээ ингээд байгуулснаас болж “Петрочайна дачин тамсаг” компанид хууль үйлчлэхээ больсон. Татварын болон нийгмийн даатгалын байцаагч нар хуулийн дагуу төлбөрийн акт, торгууль тавихаар эргэж шүүхдээд ялчихдаг. Санхүүгийн гүйлгээ нь Хятадын банкаараа дамждаг учраас орлого, зарлагыг нь хянах боломжгүй. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчин бохирдуулдаг, асар их ус ашигладаг гээд асуудал их. Товчхондоо, Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монголд ашиггүй, Хятадын талд бүх ашгийг өгөхөөр байгуулчихсан. 30 жилийн турш энэ ганц гэрээгээр шувт шулж ирснийг саяхнаас төр анхааралдаа авч, тус компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх Ажлын хэсэг гаргаад буй. 
 
     “Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 14 жил, Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээг найман жилийн турш шүүмжилж байна. Гол алдаа нь, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр манай тал “Оюу толгой”-н 34 хувийг эзэмшихээр болсон. Ингэснээрээ “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт зардлын 34 хувийг манай Засгийн газар, 66 хувийг “Туркойз хилл ресурс” компани гаргах үүрэг хүлээсэн.  Гэтэл манайд тухайн үед “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын 34 хувийг санхүүжүүлэх мөнгө байгаагүй. Тэгмэгц нь манай улсын гаргах ёстой санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал манай өмнөөс зээл хэлбэрээр гаргаж, тэр мөнгөө ногдол ашиг хуваарилж эхлэх үед бидний авах ёстой ногдол ашгаас суутгаж авахаар тохирсон. Иргэд ирээдүйд “Оюу толгой” төсөл ашигтай ажиллаж эхлэх үед ногдол ашиг авна гэсэн хүлээлттэй байсан ч үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалтын зардлын зээлэнд суутгагдахаар гэрээндээ заагдсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээний гол алдаа, басхүү байгуулагдсан цагаасаа шүүмжлүүлж байгаа шалгаан энэ. 
Тайлбар: "Оюу толгой" төслийн ХөОГ зурагдаж буй нь, 2009 он
     Дараа нь 2015 онд Дубайн гэрээг байгуулахдаа 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан зардлын санхүүжилтээ 6.8 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн. Үүнээс улбаалан “Оюу толгой” төслөөс манай тал 34 хувьдаа ногдол ашиг хүртэхгүй, харин ч хөрөнгө оруулагч талд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол гарсан. Нэгэнт ашиггүй, эсрэгээрээ алдагдалтай нь энэ мэтээр илэрсэн учраас УИХ, Засгийн газраас “Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах Дубайн гэрээг шинэчлэх Ажлын хэсгүүд байгуулагдаж, 2020 оноос дахин хэлэлцээрийн ширээнд сууж эхэлсэн түүхтэй. 

     Хөрөнгө оруулалтын гэрээг өөрсдөдөө биш, өрөөлд ашигтай байгуулсан энэ мэт гашуун сургамжуудаасаа үлгэрлэж, Францын Засгийн газрын харьяа “Орано” групптэй байгуулах “Бадрах энержи” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь иргэдэд ил тод, нээлттэйгээр танилцуулж, хамгийн гол нь өөрсдөдөө ашигтай байхаар боловсруулж буй. “Оюу толгой”-н гэрээ шиг 10, 20 жил араасаа хардалт, сэрдэлтийн сүүдэр дагуулахгүй байгаасай гэсэндээ тэр. Бүхэлдээ бидэнд ашигтай заалтууд орсноос, онцолж хэдийг нь танилцуулъя. 

    Францын Засгийн газартай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгаснаар энэ төслөөс манай Засгийн газар 34 хувийг эзэмшихгүй. “Оюу толгой” төслийн алдааг давтахгүй гэсэндээ тэр. Харин 34 хувийнхаа оронд АМНАТ хэлбэрээр ашгаа шууд хүртдэг аргачлалыг ашиглахаар тооцоолсон. Суурь АМНАТ нь таван хувь, Монголын талын эзэмшлийг орлуулах тусгай АМНАТ-ын таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ-ын хувь гээд тооцвол нийт АМНАТ 19 хувь хүртэл байхаар тохироод буй. Урьдчилсан тооцооллоор, энэ төсөл жилд 400 орчим сая ам.долларын борлуулалтын орлогоос 47 сая ам.долларын АМНАТ төлж, төсөвт төвлөрүүлнэ. Ингэж тооцвол, “Оюу толгой” төслөөс даруй 2.75 дахин илүү АМНАТ авахаар байгаа юм. АМНАТ-ыг ийм өндөр хувиар тооцож гэрээлсэн түүх хаана ч байхгүйг дурдах нь зүйтэй. Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний гол тоглогч Австрали Улс л гэхэд АМНАТ-ыг 3.5 хувиар тооцдог. 
     
     Манай Засгийн газар энэ төсөлд 34 хувийг эзэмшихгүй гэдгийг дээр дурдсан, гэхдээ давуу эрхтэй 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшинэ. Энэ бол “Оюу толгой”-н 34 хувьтай адилхан хөрөнгө оруулагч талтай ижил үүрэг хүлээх хувьцаа биш гэдгийг бид ойлгох ёстой. Давуу эрхтэй хувьцаа учраас “Бадрах энержи” ураны төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардалд манай Засгийн газар нэг төгрөг ч гаргахгүй, зээл болж ч үлдэхгүй гэсэн үг. Харин 10 хувьдаа ногдол ашиг авах буюу жил тутам 13 сая ам.доллар, төсөл хэрэгжих хугацаанд 400 орчим сая ам.долларын ногдол ашиг авна. 
       
    Төсөл хэрэгжих хугацаанд худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээ Монголын аль нэг банкаар дамжих заалтыг тусгасан. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувь нь Монголын аль нэг банк болон Монголд бүртгэлтэй гадаадын банкны салбараар дамжихаар тохирсон. Заавал Монголын аль нэг банкаар дамжуулах заалт тусгасан валютыг нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэх, цаашлаад гадны банкны салбарыг оруулж ирж, эдийн засгийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой чухал заалт гэж ойлгож болно. Дээр дурдсанчлан “Петрочайна дачин тамсаг” компанийн худалдан авалтын болон орлогын гүйлгээ Монголын биш, Хятадын банкаар дамждаг нь асуудал дагуулдаг. 
    Тайлбар: Төсөл хэрэгжих талбай
     Төслийн хугацаанд 12.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олохоор тооцоолсон. Харин манай улсад жилд 95.5 сая ам.доллар, нийт 3.2 тэрбум ам.долларын татварын орлого орж ирнэ. Үүнээс зөвхөн АМНАТ-аар жилд 47 сая ам.доллар, нийт 1.5 тэрбум ам.доллар орж ирэх юм. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч тал борлуулалтын орлогоо компаниудаараа дамжуулж, татвараас зугтах оролдлогууд гаргаж байсан. Тэгвэл “Бадрах энержи” төсөл хэрэгжих хугацаанд Олон улсын аудит ажиллуулах бөгөөд Францын талаас татвараас зугтах оролдлого гаргах ямар ч боломжгүй юм. 
       
     Төслийн хүрээнд 700 ажлын байр бий болох бөгөөд 96 хувь нь монгол иргэд, тэр тусмаа Дорноговь аймгийн иргэд байх заалт оруулж буй. “Оюу толгой” төсөлд ажиллаж буй монгол ажилчид болон гадаадын мэргэжилтнүүдийн цалин хөлс тэнгэр газар шиг байдаг. Харин энэхүү ураны төсөлд гадаад ч бай, монгол ч бай яг адилхан цалин, урамшуулал олгохоор гэрээнд тусгаж буй гэнэ. Мөн төсөл хэрэгжих хугацаанд Дорноговь аймагт жил бүр нэг сая ам.доллар буюу 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Улсын төсвөөс хараат байдаг аймгийн хувьд жил тутам нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авах нь хөгжих том боломж гэсэн үг.  
       
    Энэ мэтээр дурдвал, Францын Засгийн газрын харьяа “Орано” групп, манай улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс монгол” групп хороонд байгуулагдах “Бадрах энержи” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг “Оюу толгой” төслийнхтэй, “Петрочайна дачин тамсаг”-ийнхтай харьцуулшгүй буюу бидэнд бодит үр өгөөжөө өгөхөөр боловсруулж буй ажээ. 
 

ГАДНЫНХАНД ХӨЛ АЛДАЖ, НАЙР ТАВЬДАГ УЖГИРСАН “УЛАМЖЛАЛ”-ЫГ УРАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ЭВДЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 11:19:08
    т: тооцооллоо сайн ярьж сайн төлөвлөгөө хийгээд ажлаа эхлээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 11:06:40
    Зочин: Газрын гүнээс олборлосон хүхэртэй уранаа манай улсад боловсруулж баяжуулж эцсийн бүтээгдэхүүн гаргах юм байна гэж ойлгогдов .Наад эцсийн боловсруулалтаас гарах цацраг идэвхтэй хог хаягдлаа яах вэ хаана хаях вэ гэдэг асуудал байна шүү. Үүнийг маш нарийн зохицуулж өгөх хэрэгтэй. Мөнгө яриад байдаг хойшидын хор хөнөөлийг бодолцох ёстой шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 10:47:24
    Zochin: Shine hot baiguulah heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 07:58:10
    дархаа: 30 жилд 3,2 тэрбум доллор жилд 95,5 сая доллар аваад болоо тээ тэгээд ураны хаягдалаа өөрсдийн нутагт булшилна Атомын цахилгаан станц манайд барихгүй энэ тэгээд аймаар ашигтай төсөл үү 30 жилийн дараа ураны баахан хаягдалтай нөгөө л нүүрсээр цахилгаанаа хангадаг орос хятадаас цахилгаанаа авдаг хэвэээрээ улс үлдэх нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 07:20:58
    Иргэн: Авилга нэхэхгүй байх нь чухал.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188