• Өнөөдөр 2024-05-17

Д.Сумъяабазарын орлогч Н.Баярчимэг гэж хэн бэ

2020-10-28,   1198

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилогдсон Н.Баярчимэгийн хувьд Д.Сумъяабазарыг ёстой дагасан шиг дагаж, аяганы хариугаа ч авч чадаж яваа эмэгтэй.

Улаанбаатар хотын шинэ дарга Д.Сумъяабазар хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтайгаар хотыг удирдахаар багаа бүрдүүллээ. Түүний Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Ж.Сандагсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Н.Баярчимэг нар ажиллахаар боллоо. Нэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан, нөгөө нь түүний орлогч асан. Одоо мөн л хоёулаа Д.Сумъяабазарын дэргэд дөрөө харшуулах нь. Эсвэл хотыг Сонгинохайрханыхан удирдах нь гэх нь ч зөв юм уу. 
 
Хотын дарга Д.Сумъяабазар хоёр орлогчоороо яах аргагүй өөрийнхөө “хүн”-ийг сонгожээ. Д.Сумъяабазар ер нь өөрийнхөө багт ажиллаж буй хүмүүсийг нарийн сонгодог, тэднийхээ итгэлийг сайн олдог, эргээд тэдэндээ албан тушаалын хаялга сайтай харагддаг. Тиймдээ ч түүнийг түшсэн хүмүүс хол явдаг биз.
 
Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилогдсон Ж.Сандагсүрэнгийн хувьд орлогчийн суудалд суусан нь нэг ёсны шагнал биз. Сонгинохайрхан гэдэг нийслэлийн хамгийн олон хүн амтай, тэгсэн хэрнээ барьцгүй сонгогчидтой тойрогт Д.Сумъяабазарыг өвдөг шороодохгүй, өдий зэрэгтэй явахад хүчин зүтгэснийхээ хариуг орлогчийн суудлаар авч буй гэх нь зохих юм уу даа. НИТХ-ын төлөөлөгч гэж дуудуулж явснаас Хотын орлогч гэх нь түүнд гоё сонсогдоно. Харин нэг дүүрэг хөгжүүлж чадаагүй Засаг дарга асан есөн дүүрэгтэй бүхэл бүтэн хотын хөгжлийн бодлого хариуцна гэхээр жахан итгэл үнэмшилгүй л юм. 
 
Харин Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилогдсон Н.Баярчимэгийн хувьд Д.Сумъяабазарыг ёстой дагасан шиг дагаж, аяганы хариугаа ч авч чадаж яваа эмэгтэй. Тэр анх 2011 онд Д.Сумъяабазарын багт орсон байдаг. Тодруулбал, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд тэр 2011 онд хуульчаар ажилд орж, 2016 он хүртэл ахлах хуульч, хэлтсийн дарга болтлоо ажилласан. Энэ таван жилд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны бүхий л хуулийн асуудлыг цэгцэлж, хамаг “но”-г нь мэддэг болсондоо ч тэр үү, ямартай ч тэр цагаас Д.Сумъяабазарын дэргэдээс салаагүй юм. 
 
Н.Баярчимэг 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газрын хуулийн хэлтсийн даргаар ажилласан байдаг. Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нь Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 15.9 хувийн хувьцааг эзэмшдэг. Эртнээс Д.Сумъяабазарын улс төр, бизнесийн итгэлт түнш. Ингэхээр энэ жилийн хугацаанд Д.Сумъяабазараас мөн л хол яваагүй гэсэн үг. 
 
2017 оны аравдугаар сард Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон. Тэр даруйд Н.Баярчимэг тус яамны Хуулийн хэлтсийн даргаар нь томилогдож ирсэн байдаг.
 
УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад хоёр жил орчмын дараа буюу 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэд захирал болсон.  Ахиад жилийн дараа буюу 2019 оны долдугаар сард Засгийн Газраас тогтоол гарч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс тавантолгой майнинг” ХК-ийг байгуулахад мөн л дэд захирал нь болсон байдаг.  Хачирхалтай нь, тус компани гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, дөрвөн дэд нийт зургаан захиралтай үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дөрвөн дэд захирлынх нь нэг нь Б.Баярчимэг, бас нэг нь Д.Сумъяабазарын зөвлөх М. Дагва байсан. Өөрийнхөө хуульч, зөвлөх хоёрыг нэг дор дэд захирал болгох хаялгатай сэтгэл Д.Сумъяабазарт л бий гэдэг нь эндээс ч харагдана. 
 
Гэхдээ түүнийг ингэж дэд захирлын суудал сэлгэж байхад ард нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас гадна Б.Баярсайхан байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Өөрөөр хэлбэл, тэр үед “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан ажиллаж байлаа. 
 
Н.Баярчимэг “Эрдэнэс тавантолгой майнинг” ХК-ийн дэд захирлаар жил орчим ажиллаад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогч болсон. Сонгинохайрхан бол Д.Сумъяабазарын тойрог, Ж.Сандагсүрэн бол түүний хүн. Ийм байдлаар Н.Баярчимэг өнгөрсөн есөн жил Д.Сумъяабазарын багт ажиллажээ. Ингэхдээ хэлтсийн дарга, дэд захирал, Засаг даргын орлогч байдлаар. Гэтэл одоо бас л хотын даргын орлогч болоодохлоо. Д.Сумъяабазар өнгөрсөн есөн жил хуулийн асуудлаа түүнд бүрэн даатгасан шигээ албан тушаалыг ч бас өгч чаддаг аж. 
 

Д.Сумъяабазарын орлогч Н.Баярчимэг гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-28 15:55:00
    Zochin: 2017 оны 10 сард УУХҮЯ-ны хуулийн хэлтсийн дарга болоод 2018 онд ЭТТ-д дэд захирал болсон юм бол яаж 2 жил яаманд хэлтсийн дарга хйсэн байх вэ дээ. Ер нь хараад байхад сүүлийн жилүүдэд маш богино хугацаанд л энд тэнд даргын албан тушаалд очоод байсан юм байна. Албан ажлын хувьд тогтвор сууришилгүй л хүн юм. Ийм богино хугацаанд хариуцсан ажилдаа амжилт гаргана ч гэж юу байхав. Ажлаа сайжруулж, ажилдаа амжилт олно ч гэж юу байхав.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188