Монголын улс төрд 23 дахь жилээ элээж буй Г.Занданшатар УИХ-ын даргын сэнтийгээсээ “унах” болсон тухай жиг жуг Төрийн ордноос гарч эхэллээ. Гэхдээ улс төрийн “драм”-аар “унах” уу, эсвэл “Эрүүл мэндийн шалтгаанаар...” гэх эвтэйхэн шалтгаар “унах” уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна. Ямартай ч ямар нэг шалтгаанаар түүнийг УИХ-ын даргын сэнтийгээс нь “унагах” улс төрийн зохиол бичигдээд, “хэвлэлтэд” хэдийн оржээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг “самарч”, Хаврын чуулганы хаалтаа хам, хум хийчихээд амрахаар явж одсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон явж, “Токио-2020” зуны олимп үзэж тухалж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл далайд амарч, алжаалаа тайлсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймгийн Хужиртад сувилуулж “зуссан”. Улмаар энэ сарын 7-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гишүүд, сайд, дарга нарын хамт хэдэн арван том жийп, нисдэг тэрэг хөлөглөн очиж, сүр дуулиантай тахисан. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан явсан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар ч байсан гэх. Тэд Сутай хайрхан уулын тэнгэрийг тахимагцаа Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Дөргөн нуурын эрэгт алжаалаа тайлж, амарсан гэх мэдээлэл бий. УИХ-ын дарга Г.Занданшатарыг “явуулах” тохироо нэгэнт хийгдчихээд, тэнд “үдэлт” хийсэн гэх шуум ч явж байгаа юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сарын 8-нд Хаврын чуулганыг хаах үеэрээ “Монгол Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш өдөр буюу 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанууд яг цагтаа эхэлж, өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, таслагдалгүй, хамгийн өндөр амжилт үзүүлсэн чуулган боллоо” гэж дүгнэсэн. Түүнчлэн “Өнгөрсөн хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан” гэж тайлагнасан.
Гэсэн хэдий ч “Урьд хожид байгаагүй унтаа, унжуу, унхиагүй, урагшгүй парламент бол Г.Занданшатарынх” гэж ард түмэн дүгнэж буй. Яах вэ, намар, хаврын чуулганыг цар тахалтай хэдий ч тасалдуулахгүй явуулж, заримдаа “бандааштай”, хааяа хоосон зурагтай, халбага, шанагатай үргэлжлүүлсэн. Гэхдээ зөвхөн чуулган эхэлсэн, дууссаныг зарлаад, ирц, санал бүртгэж алх цохиод суудаг хүнийг УИХ-ын дарга гэхгүй байх л даа, зүй нь. Танхимын гишүүд нь хүүхэн, хүчингийн хэрэгт нэр холбогдож, авлига, албан тушаалын гэмт хэргээр ээлж дараалан хууль хяналтын байгууллагуудын хаалга сахиж байхад ч УИХ-ын дарга Г.Занданшатар дорвитой арга хэмжээ аваагүй. Танхимын гишүүдээ "баздаг", үг, үйлдлээрээ үлгэрлэдэг, зангарагтай "спикер" байж чадаагүй, чадахгүй байгаа учраас түүнийг ийнхүү "унагахаар" болж буй бололтой.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хаваржин “Япон лугаа адил хөгжье” гэх хөгжлийн төлөвлөгөө ярьж явсан. Дотуур хувцасны загвар өмсөгчтэй санаандгүй зургаа татуулсныхаа төлөө духаа өвдгөндөө хүртэл бөхийж, сайдын суудлаасаа огцордог ёс зүйн өндөр хэм хэмжээтэй Япон улс шиг болъё гэвэл манай парламентын нас хүрэлцэх үү. Хүчингийн хэрэг үйлдсэн, хулгай хийсэн, төсвийн мөнгө идсэн, төрийн сангуудыг тоносон зэрэг бузар булхайнууд нь баримтаар илэрчихээд байхад л албан тушаалаа өгөхгүй чаргууцалдаж, толгой бөхийгөөд уучлал гуйж чадахгүй гүрийгээд байдаг улс төрчидтэй улс Япон шиг хөгжиж чадах уу. Дархан хүртэл 200 километр замаа барьж чадахгүй байгаа манай улс сарнаас шороо авчраад шинжилж байгаа, алсдаа Ангараг гарагийг хотжуулахаар судалж байгаа Япон улстай хөгжлөөрөө хэзээ эн зэрэгцэх вэ. Бодох л асуудал. Тэрний оронд түмэн сонгогчдын итгэлийг өвөртөлж ирчихээд хуралдаа суудаггүй, суухаараа халбага, шанаганы хэрүүл хийдэг, хүүхэн, хүчингийн гэмт хэрэгт нэр холбогддог, авлига, албан тушаалын гэмт хэргийг “цэцэглүүлдэг” хэнэггүй гишүүддээ хатуухан сануулга өгч, хариуцлага тооцож ажилласан бол УИХ-ын даргын суудалдаа “тэнцэх” байсан биз.
Уг нь Г.Занданшатар МАН-ын гишүүн болж, улс төрд хөл тавиад 23 жил болж буй. Г.Занданшатар төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг алагдсаны маргааш өглөө буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд МАХН(МАН)-д элссэн. Улс төр үймж, нийгэм цочирдсон өглөө намын гишүүн болох өргөдөл бичээд, өдөр нь батлахаа гардаад зогсож байсан хүн түүнээс гадна хэд байсныг мэдэхгүй юм. Ямартай ч тэр улс төрийн тогоонд 23 жил болж байна. Акул болбол болох хангалттай хугацаа. Хуралдааны дэгээ хатуухан бариулаад, худлаа попрогсдынх нь микрофоныг хаачихаад “Зи” шиг жуумалзаж сууж сурах боломжтой хугацаа. Гэвч тэр тийм зангарагтай "спикер" байж чадахгүй байсаар УИХ-ын даргын сэнтийгээсээ “унах” нь бололтой.