• Өнөөдөр 2024-04-27

Ц.ДАВААСҮРЭН: Сонгуулийн амлалт биелдэг бол ядуурал, авлига 1990-ээд оны сүүл үед л алга болчих байсан

2021-02-10,   3476

-"Эрдэнэт үйлдвэр" амласан мөнгөө цаг хугацаандаа төлөхгүй нүүрсний уурхай, станцуудыг хүндрүүлж байгаа юм билээ-

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
 
-УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө. Хэр үр дүнтэй хуралдсан гэж бодож байна вэ?
 
-Цар тахлын нөлөөлөлд ороогүй салбар, байгууллага гэж үгүй. УИХ ч гэсэн цахимаар хуралдлаа. Энэ чинь хэлэлцүүлэг явуулахад тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал орчин бий болгодог. Тухайлбал, тодруулах асуулт байтал хурал удирдагч анзаарахгүй, дараагийн хүнд үг шилжүүлээд таслаад явах нь энүүхэнд шүү дээ. Мэдээж хэрэг, төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг нь хэлэлцэж амжуулсан байх. Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног хуралддаг байсныг 75 болгон өөрчилсөн нь төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцэж амжуулахад сайнаар нөлөөлсөн болов уу.
Онцлох хуулиуд гэвэл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Шүүхийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгуудыг хэлэх байна.
Эхний хуулийн хувьд бага үндсэн хууль гэж ач холбогдлоороо нэрлэгддэг хууль юм. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, татварын орчинг нь сайжруулах чиглэлд ахиц гарсан өөрчлөлт болсон. Харин Шүүхийн хуулийн хувьд цаг хугацаа, буруу, зөвийг нь шүүх биз ээ. Нэг хонгил нурааж байна гээд л байсан. Тэр нь тэгээд улс орныхоо эрх ашгаас урваж, "Оюутолгой"-г луйвардсан этгээдүүдийг явуулсан, зарим нэг нь явах гэж байсан “Хонгил” гээд цахимаар шуугиад байсан. Тэр цаг хугацаатай давхцаад зарим нөхөд ялаа хөнгөрүүлчих шиг болсон. Тийм бол буруу л зүйл хийсэн байх. 
 
-Энэ удаагийн чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн ч баталж амжилгүй завсарлалаа. Олон жилийн дараа өөрчлөлт оруулсан ч хийх ёстой, өөрчлөхөөр зүйлүүд үлдлээ гэх маргаан нэлээд байна гэх шүүмжлэл бий. Хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
 
-Нэлээд маргаан дагуулсан асуудлуудтай хууль л даа. Хөдөлмөр эрхэлж буй бүх хүний эрх ашиг хөндөгдсөн хууль юм. Бизнес удирдаж яваа, хар ажлыг нь нухаж яваа гээд л бүгд өөр өөрсдийн эрх ашгийн үүднээс хандана. Нэг нь хэтэрхий эрх чөлөөтэй байна гэхэд, нөгөө нь хэтэрхий мөлжиж, дарамталж байна гэж үзнэ шүү дээ.
 
Үйлдвэрчний байгууллага болон ААН, иргэдээс ирсэн саналуудыг ерөнхийд нь тусгасан гэж ажлын хэсгийнхэн тайлбарлаж байсан. Ялангуяа манайд хөрөнгө оруулалт хийсэн гаднын компаниуд харилцан адилгүй цалин хөлс олгож, хөдөлмөрийн орчин муу бүрдүүлж байгаа талаар шүүмжлэл их яригдлаа. Энэ бүгд дээр л иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, хуульд тусгахыг оролдсон.
 
-Таны тухайд өнгөрсөн намрын чуулганаар хэчнээн хуулийн төсөл дээр ажилласан бэ?
 
-Гишүүн хүн чинь УИХ-аар хэлэлцэж буй бүх л хууль дээр ажиллаж, санал бодлоо илэрхийлж, тусгуулна шүү дээ. Үндсэндээ хэлэлцсэн бүх хуульд санал бодлоо илэрхийлж ажилласан. Харин ажлын хэсгийн хувьд,  гурван хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. 2021 оны Төсвийн тухай хуулийн ажлын хэсэг, Валютын зохицуулалтын тухай хууль, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулиуд дээр ажиллаж байна. Валютын зохицуулалтын хуулийн ажлын хэсгийг би өөрөө ахалж байгаа.
 
Нийгмийн зүгээс гол анхаарч байгаа асуудал нь "Оюутолгой" болон хөрөнгө оруулалтын том төслүүдийн мөнгийг Монголын банкаар дамжуулж, валютын нөөцөө болон төгрөгийн ханшаа тогтвортой байлгах явдал юм. Импортын бараа, бүтээгдэхүүн ихэвчлэн хэрэглэдэг манайх шиг орны хувьд валютын ханш өсвөл юмны үнэ өсчихдөг эрсдэлтэй байдаг. 
 
-УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газар долоон сар ажиллаад огцорлоо. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой болгоход анхаарч, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн шүү дээ. Гэтэл хүнд цаг үед Засгийн газарт өөрчлөлт орчихлоо. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
 

-Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ганцаараа эсэргүүцэж, эсрэг санал өгсөн хүн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын бүхий л эрх мэдлийг Засаг руу шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан гэхэд хилсдэхгүй. Төсвийн онцгой эрх мэдэл, хууль зөрчсөн сайдыг огцруулах, хариуцлага тооцох эрх мэдлээ алдсан гэх мэт.

Ер нь тэгээд  намын дарга Ерөнхий сайд байна гэдэг чинь улс төрийн хувьд хангалттай дархлаа байсан байхгүй юу. Үүнийг багадаж байна гээд л Засаг огцрох хууль зүйн үндсүүдийг нь бараг байхгүй болгоод, Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж, чөлөөлдөг болсон.

Тэглээ гээд амьдрал сайжрахгүй дээ. Ер нь бол бүтэцдээ бус, бидний үйл ажиллагаанд алдаа нь байгаа юм. Манай төрийн гол дутагдал бол иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийднэ гэж 30 жил ам мэхээр хуурч, аргалж ирсэн. Салбар бүр мэргэжлийн удирдлагагүй, шинжлэх ухааны хүрээлэнгүй болж, бүтээлч бус, “шоу” маягаар ажиллаж ирсэн гэхэд хилсдэхгүй биз. Би нэг удаа сонирхоод сонгуулиудаар ямар амлалт өгдөг байсныг харлаа. Хэрэв амлалт биелдэг байсан бол ядуурал, хариуцлагагүй байдал, авлигал аль эрт 90-ээд оны сүүл үед л алга болчих байсан юм билээ.

-Өмнөх Засгийн газрын цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ иргэд, аж ахуйн нэгжид хэр дэмжлэг болж чадсан бэ. Та чуулганы хуралдаан дээр УОК-ын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Ер нь цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэр үр дүнтэй байсан бэ?
 
-Цар тахлын талаар миний анхнаасаа хэлж байсан байр суурь зөв байсан нь одоо батлагдаад байх шиг. "Бизнесээ зогсоосон улс орон алга аа, цар тахалтай зохициод амьдрахаас өөр арга байхгүй" гэж хэлж байлаа. Жишээ нь, ямарч улс 21 хоногийн хорио цээр тогтоогоогүй байна, үүнийгээ багасгах хэрэгтэй гэсэн. Одоо 14 хоног болгосон. Ер нь олон хоног буудалд хорьж байгаад “Ковид-19”-ийн халдварыг алдлаа, тархаалаа шүү дээ. Өөр надад хэлэх юм алга.
 
-Засгийн газраас айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны үнийг долдугаар сарын 1 хүртэл төрөөс даах шийдвэр гаргаад байгаа. Шийдвэр гарснаас хойш цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэж, зарим цахилгааны эх үүсвэрт саатал гарах зэргээр хүндрэл үүссэн. Эрчим хүчний сайдаар ажиллаж байсны хувьд дээрх шийдвэрийг хэр боломжтой, бодитой шийдвэр гэж бодож байгаа вэ?
 
-Анх өнгөрсөн дөрөвдүгээр сард цар тахлын талаар авах арга хэмжээний жагсаалтад цахилгаан, дулааны үнийг тэглэх санал Засгийн газарт орж ирэхэд би "Болохгүй, энэ салбар сүйрнэ" гэж хэлээд татуулж байсан. Дэлхийд ийм шийдвэр гаргасан улс байна уу. Одоо "Эрдэнэт үйлдвэр" амласан мөнгөө цаг хугацаандаа төлөхгүй нүүрсний уурхай, станцуудыг хүндрүүлж байгаа юм билээ.
 
Дан дээлтэй сайд нь Ерөнхий сайддаа хэлж чадахгүй байгаа л даа. Салбар хүндэрсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Сая "Эрдэнэт үйлдвэр"-ээс 140 тэрбум гаруй төгрөг төлөх байснаа дөнгөж 47 тэрбумыг л төлсөн байна билээ. 
 
-Манай улсын эрчим хүчний хэрэглээ нэмэгдсээр байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэж ярьдаг ч бодитой ажил болчихсон нь ховор. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил таныг сайдаар ажиллах хугацаанд ямар ахицтай ажилласан бэ. Эгийн голын усан цахилгаан станц барих асуудалд ОХУ-ын талын байр суурь өөрчлөгдсөн үү?
 
-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай горимын зохицуулалтын дэд бүтэцтэй байх ёстой юм. Тодруулбал, нар жаргангуут үүсэж буй цахилгааны дутагдлыг тэр дор нь нөхөж нийлүүлдэг эх үүсвэр буюу станц байх хэрэгтэй байдаг. Манайд ийм зориулалтын хийн болон усан цахилгаан станц байдаггүй юм. Тиймээс нар жаргахаар үүсэж буй дутагдлыг ОХУ-аас авч нөхдөг гэсэн үг. Харин ирэх жилээс батерей хуримтлуурын 150 мВт цагийн станцтай болохоор манай системийн зохицуулалт сайжирна.
Цаашдаа бол усан цахилгаан станц, хийн станцтай болох төлөвлөгөөтэй байгаа. Эхнийх нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, дараа нь ДЦС-2-ыг хийн 100 МВт-ын блокоор нэмж өргөтгөх юм. Ер нь болж өгвөл Эгийн голын усан цахилгааныг барьж байгуулах хэрэгтэй. Ингэж чадбал эрчим хүчний хувьд хараат бус улс болно. Одоо бид орой бүр айлууд плитка залгаад хоолоо хийх гээд хэрэглээ огцом нэмэгдэхэд Оросоос цахилгаан авч нийлүүлдэг.
 
-Та "Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт оруулах нь зөв гэсэн саналтай байдаг. Сүүлийн үед "Оюутолгой"-той холбоотой үүссэн асуудалд таны байр суурь ямар байна вэ?
 
-Одоо харин "Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт оруулах гадаад, дотоод нөхцөл бүрдээд байх шиг. Гэрээг Монгол Улсын Засгийн газраас гээд зурчихсан учраас аль ч засаг бай, танай хүлээсэн үүрэг гээд л тулгачихдаг. Шүүх дээр ч тэгээд л ялагдана. Харин энэ гэрээг байгуулахдаа авлигал авч, манай улсын эрх ашгийг хохироосныг нотолж чадбал гэрээнд өөрчлөлт оруулах боломж үүснэ. Манай шүүх, АТГ хэд хэдэн хүнд энэ асуудлаар ял өгчихсөн. Гадаад орчинд янз бүрийн авлигалтай холбоотой асуудлууд яригдаад эхэллээ. Энэ бүхэн бол боломж юм. Тиймээс цаг алдахгүй хөрөнгө оруулагчтай хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудлаа ярилцах хэрэгтэй. 
 
Оюутолгойн төслийн хувьд хөрөнгө оруулалтаар бус зээлээр хийсэн төсөл болчихоод манай авч буй татварын орлогоос хэд дахин өндөр зээлийн хүүд жилдээ 600-700 сая ам.доллар төлөөд сууж байна. Ингэж үргэлжилбэл юун ашиг хүртэх, өртэй үлдэж мэднэ.
 
-С.Ганбаатар гишүүнийг та дэмжиж буйгаа илэрхийлсэн байна лээ. Үнэхээр Монгол Улсын Засгийн газрын нэхэмжлэлийг хэн нэгэн Нью-Йоркийн шүүхээс буцаагаад татчихсан юм уу?
 
-Манай сайтууд, пэйж хуудсууд “King & Spalding” хуулийн фирмийн Монголын тал тохиролцоонд хүрч, нэхэмжлэлээ татаж байгаа тул шүүхийн товлосон хуралдааныг цуцалж өгнө үү” гэсэн албан бичгийг тавьсан биз дээ. Харин “Хэн гэж, ямар албан тушаалтан нэхэмжлэлийг татуулсаныг тодруулж өгнө үү” гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас дээрх компанид “Нэхэмжлэл сэргээх тухай” албан бичигтээ асуулгасан байна билээ. Түүний дараа хэн татсан нь тодрох байх. 
 
-Цар тахлын үед эдийн засаг хүнд байгаа. Цаашид эдийн засгаа идэвхжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч болохоор байна вэ?
 
-Цар тахалтай зохицоод л амьдрахаас өөр арга зам байхгүй. Иргэдийнхээ хувийн эрүүл ахуйн шаардлагыг сайн хангуулаад, бизнесээ эрхлээд, амьдралынх нь орлогыг тасалдуулахгүй байх ёстой. Алт, зэс, ялангуяа нүүрсний үнэ өндөр байвал эдийн засаг туйлдчихгүй байх. Гол нь бизнесийн идэвхижлээ сэргээх хэрэгтэй.
 
-Шинэ Засгийн газар нэн тэргүүнд юунд анхаарах шаардлагатай бол?
 
-Үгээр бус, үйл ажиллагаагаар бүтээлч ажиллах хэрэгтэй. Амаар цаг зуур л аргална. Нэг өдөр үнэнд гүйцэгддэг гэдгийг бодож ажилла л гэсэн үг.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Нефтийн үйлдвэр, томоохон цахилгаан станцуудын төсөл, утааг 100 хувь шийдэх гэх мэт асуудлуудыг үргэлжлүүлэх хэрэгтэй.
 
-Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргаж, УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах шаардлагатай гэж байгаа. Эдийн засгийн боломж нь манайд байгаа юу?
 
-Миний хувьд улс төрийн зорилгоор иргэддээ цаг зуурыг аргалсан бэлэн мөнгө өгснөөс байнгын ажлын байртай, тогтмол орлоготой болгосон нь урт хугацаандаа үр дүнтэй гэж үздэг. Тиймээс хэнбугайн ч бай бэлэн мөнгө өгөхийг дэмждэггүй. 
 
 
 

Ц.ДАВААСҮРЭН: Сонгуулийн амлалт биелдэг бол ядуурал, авлига 1990-ээд оны сүүл үед л алга болчих байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-16 22:57:47
    иргэн: Даваасүрэн юманд арай голч нуруутай ханддаг цөөн гишүүдийн нэг. Элбэгдорж,Сү.Батболд,Баяр, тэргүүтнй авилгачид монголыг мөн ч их хохироов.Сүүлд Сайханбилэг гээд нэг долийсон хулгайч гарч ирж нэмж нэрвээд ОюуТолгойг юу ч биш болгосон доо.Даваасүрэн буруу гэдгийг олон жил хэлээд авилгачдын троллуудад хэмлүүлээд яваа шдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-15 00:37:17
    Galaa: Ex oron geed ex ornoo xorlogch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-10 14:45:16
    Эрдэнэт: Эрдэнэт үйлдвэр төлбөрөө цаг хугацаанд нь төлж байгаа. Яагаад худлаа мэдээлэл цацаад байдаг юм бэ? Мэдэхгүй бол Сангийн яамнаас тодруулж болно шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-10 13:09:46
    Эрдэнэт : Эрдэнэт үйлдвэр бүрэн төлж байгаа. Энэ одоо албан тушаал нэхээд худлаа яриад байгаамуу. УИХ гишүүнгэхээрээ худлаа ярьж болдийм уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188