• Өнөөдөр 2024-05-16

ТЭР...

2021-06-25,   984

            Бид дөрвөн талт титмэн малгайтай, хээтэй торгон дээлтэй, ээтэн монгол гуталтай, мөнгөн бүстэй, тунчиг ганган дөрвөн Ерөнхийлөгчтэй байж үзсэн. Төрийн тэргүүн тэгж л харагдах, тийм л байх ёстой гэж ойлгож байв. Харин өнгөрсөн дөрвөн жилд бид хөх даавуун дээлтэй, хар бүрх малгайтай, даавуун бүстэй, тунчиг энгийн Ерөнхийлөгчтэй байж үзлээ. Тэр зөвхөн харагдах өнцгөөрөө ч биш хийсэн ажил, гаргасан зарлиг, өгсөн шагнал, үзүүлсэн уучлал, санаачилсан бүх ажлуудаараа Ерөнхийлөгч хүн ямар байх тухай хэвшмэл ойлголтыг бүр мөсөн эвдэж, өөрчлөөд өнөөдөр төрийн тэргүүний сэнтийгээс бууж байна. 
 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусаж байна. Тэрбээр, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд сөрөг хүчин АН-аас “Монгол ялна” уриатай нэр дэвшиж, МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар нарыг сонгогчдын олонхын саналаар ялснаар өнгөрсөн дөрвөн жил төрийн тэргүүнээр ажиллалаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг 41 удаа хуралдуулж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, гаргасан шийдвэрт 18 удаа хориг тавьж, Ерөнхийлөгчийн хувиар 11 удаа зарлиг гаргаж, найман хууль санаачилжээ. Түүнчлэн хоёр удаагийн зарлигаар 44 хүнд уучлал үзүүлж, хорих ялаас чөлөөлсөн байна.

 
Тэгвэл хориг тавих, зарлиг буулгах, уучлал үзүүлэх, чиглэл өгөхөөс өөрөөр өнгөрсөн дөрвөн жил ТЭР хэн байв, гэдгийг Эргэлт.мн мэдээллийн сайт тоймлож байна. 
 

Тэр ганцаардсан

 
            2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан МАН “Ард түмэн нийтээрээ биднийг дэмжиж байна” гэсэн бүрэн итгэлтэйгээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа сойсон ч төсөөлөөгүй ялагдал хүлээж, сонгогчдын олонх нь Х.Баттулгыг сонгосон. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш дөрвөн жил эрх баригч МАН-ын эсрэг ганц хүнтэй, хүчтэй “сөрөг хүчин” байж, сонгогчдын дундах рейтинг нь огт буурахгүй байсаар Төрийн тэргүүний сэнтийгээс бууж байна. 2016, 2020 оны УИХ-ын сонгууль угсраа ялагдал хүлээж, өвдөг шороодсон Ардчилсан нам түүнд нөмөр түшиг, хань бараа болж  чадсангүй. Тэр ганцаараа дөрвөн жил эрх баригч МАН-ын эсрэг зогслоо. Тэр энэ хугацаанд маш ганцаардсан. Магад, Ардчилсан нам одоогийнхоосоо арай өөр байсан бол, эвтэй байж, эрх мэдлийн төлөө дотроо “алалцаагүй” бол Х.Баттулгын нөөлгөөр эрх баригч МАН-ын эсрэг жинхэнэ сөрөг хүчин байж чадах байсан биз. 

Тэр итгэсэн

 
         Х.Баттулгыг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орчихсон, ямар үүрэгтэй, юу хийдэг, яагаад байх ёстой нь ч тодорхойгүй болоод хувирчихсан байсан. Харин Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг “толгойлж” эхэлмэгцээ үйл ажиллагааг нь идэвхжүүлж, эрх баригч намын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, өмнөх УИХ-ын дарга М.Энхболд, одоогийн Г.Занданшатар нартай нам харгалзахгүйгээр хамтарч ажилласан. Тус зөвлөл 2009-2017 он хүртэл найман жилийн хугацаанд ердөө 25 удаа хуралдсан байдаг бол Х.Баттулгыг Төрийн тэргүүн болсноос хойш буюу 2017 оноос хойш нийт 41 удаа хуралдаж, 54 зөвлөмж гаргасан нь өмнөх аль ч Ерөнхийлөгчийн үед байгаагүй үзүүлэлт юм. Тэд ингэж хоршиж байх үедээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж, томчуудын халаасанд ороод байсан томоохон стратегийн ордуудыг төрийн мэдэлд буцаан авч чадсан.
 
Тэр У.Хүрэлсүхэд итгэсэн. У.Хүрэлсүхтэй улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө бүрэн эрхийн хугацаагаа дуусах хүртлээ хоршиж, хамтарч ажиллана гэж итгэсэн. Харамсалтай нь, У.Хүрэлсүх намынхаа 100 жилийн ой дээр Ерөнхийлөгч болох амбицдаа хөтлөгдөж, Х.Баттулгаас “урвасан”. Ингэхдээ дөнгөж төрсөн эх нярайг тавчик, халадтай эмнэлгээс гаргасан асуудалд ард түмэн бухимдаж, төрөөс энэрэнгүй байхыг шаардан жагсах үед У.Хүрэлсүх энэ боломжийг ашиглан “Х.Баттулга бол эв нэгдлийг бутаргагч, жагсаал цуглаан өдүүлэгч” гэж түмний өмнө зарлаад, өөрөө танхимаараа огцорч, түүнийг орхиж одсон. “Үүрд” хамт байх юм шиг санаж явсан У.Хүрэлсүхдээ “тонгоруулсан” Х.Баттулга хэсэг хугацаанд улс төрийн “шоктой” байсан.

Тэр шахагдсан

 
           Ерөнхийлөгч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн У.Хүрэлсүх энэ хүсэлд нь саад болох бүхнийг “зайлуулж” эхэлсэн. Ингэхдээ хамгийн хүчтэй өрсөлдөгчөөрөө Х.Баттулгыг “нэрлэж”, түүнийг дахин нэр дэвших боломжгүй болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн цэцээр “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй” гэх шийдвэр гаргуулан, УИХ-аар долоохон минутын дотор батлуулж орхисон гэгдсэн. Ингэж Х.Баттулга буланд шахагдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших, магадгүй, төрийн тэргүүнээр үргэлжлүүлэн зургаан жил ажиллах боломжоо алдсан. 
 

Тэр тэвчсэн

 
          Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулгад “хаягласан”, харлуулах гэсэн ил, далд компанит ажлууд бишгүй л олон өрнөсөн. Өөрөө ч өөгүй цэвэр байгаагүй биз. Гэхдээ үндэслэлгүй худал, үнэний ортойн аль алиныг нь тэвчиж, тоолгүй өнгөрүүлсэн. "Сингапурт оффшор компанитай", "Америкт мөнгө угаадаг компанитай", "Хятадуудтай үгсэн хуйвалдах замаар стратегийн орд зарсан", "Шүүгч нарыг гартаа оруулж, хүссэн шийдвэрээ гаргуулдаг болсон" гэх зэргээр олон ч хэл аманд өртсөн. Гэхдээ алинд нь ч “Тэр намайг гүтгэлээ, энэ намайг харлууллаа, тэр миний нэр хүндийг сэвтээлээ” гэж гүйгээгүй.
 
Тэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч ирж, Х.Баттулгаас хэнд хэдэн жилийн ял оноох тухай чиглэл авдаг” гэж хэлүүлсэн. Тэгэхдээ “Чи МАН-ын хууль зүйн сайд биш, Монголын хууль зүйн сайд шүү. Ингэж хүнийг гүтгэж болохгүй” гэж дуугарсан. Бас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд “Х.Баттулга бол үндэсний эв нэгдлийг бутаргагч, жагсаал цуглаан өдүүлж, амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр санаархагч” гэж хэлүүлсэн. Тэгэхдээ “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ингэж хэлнэ гэж санасангүй” гэж дуугарсан. Бусдаар тэр өөрийгөө өмгөөлж явсангүй. 

Тэр зүтгэсэн

 
            Х.Баттулга үндэсний бахархлыг сэргээж, үйлдвэржсэн, ажилтай, орлоготой, өрсөлдөх чадвартай Монголыг бүтээхийн төлөө зорьсон. 2012 оноос хойш нэр холбогдож, үргэлж араас нь уяатай явсан “Төмөр зам”-ын сэдвийг тэр албан ёсоор хаагаад Төрийн тэргүүний сэнтийгээс бууж байна. Ерөнхийлөгч байх хугацаандаа Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Зэвсэгт хүчний салбарын оролцоотойгоор, үндэсний мэргэжилтэн, инженерүүдийг ур чадвараар бүтээн байгуулж дуусгалаа. Нүүрсээ түүхийгээр нь, ачааны машинаар зөөдөг биш, төмөр замаар, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээлд гаргадаг болохын төлөө тэр зорьсон, эхлүүлж чадлаа. 
 

Тэр "ялсан"

 
           Саяхан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас "Монгол ялсан уу" гэж асуухад тэр "Ялна" гэж хариулсан. Хэдийгээр тэр төрийн тэргүүнээр дөрвөн жил ажиллахдаа Монгол ялуулаагүй байж болох ч лавтай өөрөө өөрийгөө ялсан. "Загалмайлсан эцэг киног шүтдэг Монгол мафийн удирдагч" гэгдэж байсан бол эв нэгдлийг эрхэмлэдэг, энэрэнгүй бодлоготой Ерөнхийлөгч байж чадлаа. "Хятадыг үл дэмжигч Х.Баттулга" гэгдэж байсан бол Хятадууд цар тахалд ид нэрвэгдэж байх үед нь 30 мянган хонь бэлэглэж, дэлхий нийтийн дипломат ёсонд шинэ салхи оруулж чадлаа. "Оросоос бусдыг мэдэхгүй Х.Баттулга" гэгдэж байсан бол АНУ-тай ч ойр байж чадна гэдгээ харуулж, Д.Трамптай халуун дотноор уулзлаа. "Боловсролгүй бөх, зураач" гэгдэж байсан бол аж үйлдвэржсэн, ажил орлоготой, халамж хүлээж суудаггүй, харь орноос тусламж хүлээдэггүй иргэдтэй шинэ цагийн Монголыг бүтээх төлөвлөгөөтэй гэдгээ харуулж чадлаа.  Үзэн ядагчдаа өөрийнхөө талд алхуурхан урвуулж чадлаа. Ямар л байсан тэр ялсан. Бүтэн Монголыг ялуулахын төлөө зүтгэсэн.

ТЭР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-28 13:01:30
    Цэцэгээ: Төрд хэрэгтэй хүнийг хавчих юмдаа баян улс ядуу амьдарч болохгүй гээд байхад түүнд итгэсэн хүн алдахгүй дэлхийд улсаа хэсэг хугацаанд сайхан харуулсан элдвээр хэлүүлж өөрөө төмөр зам дуусгалаа эрдэмтнээс илүү ухаантан ухаан. Сэтгэл заадаг сургууль хаач бгүй ухаан сэтгэл үргэлж энэ хүнээс л ундрах юмдаа хүнд нэмэр болохгүй гэхэд дараа болохгүй амьдарч сурцгаах юмсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-25 14:22:51
    Цагаан дарь: Дүү үнэнийг сайхан бичжээ тэр ганцаардсан, тэр итэгсэн, тэр шахагдсан, тэр тэвчсэн, тэр зүтэгсэн, тэр ялсан. Тэр муу үйл хийдэг хүмүүсийг амь тэмцүүлсэн.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188