• Өнөөдөр 2024-05-16

ТАНИЛЦ: Зургаан жилийн хугацаатай, зургаа дахь Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ

2021-06-25,   1333

           Мөн ч их итгэл хүлээлгэж  байна даа,  Монголын ард түмэн  У.Хүрэлсүхэд.   Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт  байгуулж чадлаа. Түүнд Монголын ард түмэн итгэсэн шиг итгэж байна.  Улс төрөөс түр зуурын  завсарлага авч, Австрали улсыг зорьсон У.Хүрэлсүх буцаж ирээд намынхаа дарга, УИХ-ын дарга байсан М.Энхболдын бүлэглэлийг татан унагаж  улс төрд дахин шинээр гарч ирсэн. Тэр цаг мөчөөс хойш У.Хүрэлсүх олны итгэл дунд явсаар Ерөнхийлөгч болж байна. Түүнд чилийсэн урт зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллах боломжийг олголоо. Одоо хэрхэн ажиллаж,  түүхэнд ямар нэр хүндтэй үлдэх вэ гэдэг нь түүнээс хамаарна.    Тэрбээр сүүлийн дөрвөн жил Ерөнхий сайдын албыг хашсан бол ирэх зургаан жил Ерөнхийлөгчийн алба хаших нь ээ. Товчхондоо тэр Монголын улс төрийн албан тушаалын оргилд хүрлээ.
 
Эргэлт.мн мэдээллийн сайт Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 10 баримтыг танилцуулж байна. 
 

Баримт-1

 
      Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 53 настай. Хэнтий аймгаас гаралтай. 1985 онд нийслэлийн II дунд сургуулийг дүүргэсэн. Улмаар 1989 онд Батлан хамгаалах их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Эхнэр, хоёр охинтой. 

Баримт-2

 
         У.Хүрэлсүх 1989-1990 онд Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлж, 1991 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан болсноор одоогийн МАН-тай холбогдсон. Улмаар 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн ажлын албанд зөвлөх, 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, 2000-2004, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2007 оноос Зүүны хүчний холбооны Ерөнхийлөгч, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд УИХ-ын гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд, 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд, 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2017 оноос хойш МАН-ын даргаар ажиллаж буй. Одоо түүний ажлын намтарт 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч гэж бичигдэх болж байна. 

Баримт-3

 
         1996 онд МАХН ялагдаж, уналтад ороод байх үед тус намын дэргэд 40 гаруй мянган залуусыг нэгтгэсэн МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-г үүсгэн байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь сонгогдсон. Тус холбооноос өдийг хүртэл МАН-ын шинэ залуу боловсон хүчнүүд төрөн гарч, улс төрд хөл тавьсаар байгаа. 

Баримт-4

 
        2006 онд иргэний хөдөлгөөнийхөн болон сөрөг хүчнийхэн МАХН-ын байр руу дайрч, намын тугийг нь шатаасан. У.Хүрэлсүх намынхаа шатсан тугийг толгойдоо зангидаж,  парламентийн танхимд ороод Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахыг шаардаж байсан. Улмаар Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар хоёр дахь удаагаа унаж байлаа. 

Баримт-5

 
           2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн үймээнээр тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН байр шатсан. Тухайн үед У.Хүрэлсүх намынхаа нарийн бичгийн даргаар томилогдож, намын байраа сэргээн босгох ажлыг эхлүүлж, Тусгаар тогтнолын ордныг амжилттай барьж дуусгасан. Намын байраа сэргээн босгоход оруулсан хувь нэмэр нь түүний нам доторх нэр хүндийг өсгөхөд түлхэц болсон. 

Баримт-6

 
        2009-2010 онд намынхаа генсек байхдаа хуучин нэрээ сэргээх санаачилга гаргаж, намын удирдлагуудынхаа өөдөөс сөрж зогссон. Ингээд “Намын нэрийг сольсноор ялагдвал би хариуцлага хүлээнэ” хэмээн МАХН-ыг МАН болгосон түүхтэй. У.Хүрэлсүхийн санаачилга, оролцоотойгоор улс төрийн хамгийн том хүчин МАХН ингэж хоёр хуваагдаж, өнгөрсөн тавдугаар сар хүртэл буюу 10 жил тусдаа үйл ажиллагаа явуулсан билээ. 

Баримт-7

 
       2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч 2013 онд бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж, чөлөөлөгдсөн. Улмаар эхнэрээ эмчлүүлэхээр Австрали улсыг зорьсон байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх 2012 оны наймдугаар сард чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай нударга зөрүүлснээсээ болж УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхөөс өөр аргагүй байдалд орсон гэх мэдээлэл ч бий. 

Баримт-8

 
        У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа буюу одоогоос 13 жилийн өмнө  "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт нэр холбогдсон. Уг хэрэгт У.Хүрэлсүхээс гадна, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нар холбогдож байсан билээ. 

Баримт-9

 
         У.Хүрэлсүх 2014 онд эх орондоо буцаж ирээд Монгол Улсын шадар сайдаар томилогдсон. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа байгуулахад Шадар сайдаар улиран томилогдсон.  Гэвч намын дарга М.Энхболдтойгоо түнжир хагарч, тэд УИХ дотор 32, 33-ын бүлэг гэгчийг байгуулан “уралцаж” эхэлсэн. Улмаар нам доторх хагарлын улмаас М.Энхболдын гэх Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроход У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсон. Тухайн үед Ерөнхий сайдын суудлын төлөө УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд таван санал авснаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдож байв. Тэрбээр Ерөнхий сайд болмогцоо “Шударга ёсыг тогтоож, Монголын төрд бугшсан булхай луйврыг үгүй хийнэ” хэмээсэн нь эрс шийдэмгий мэдэгдэл хийснээр иргэдийн талархлыг хүлээж байлаа. 

Баримт-10

 
          УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж, намдаа ялалт авчирсан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа томилогдсон. Улмаар Засгийн газраа “Мэргэжлийн” гэх тодотголтойгоор байгуулсан. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд дөнгөж төрсөн эх, нярайг халад, углааштай эмнэлгээс гаргасан асуудал дэгдсэнтэй холбогдуулан танхимаараа огцорч, хариуцлага хүлээх гэнэтийн шийдвэр гаргасан билээ.  

ТАНИЛЦ: Зургаан жилийн хугацаатай, зургаа дахь Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-25 11:21:40
    Иргэн: Олон хүний амь насан дээгүүр гишгэлэн байж ерөнхийлөгчийн суудалд хүрэв!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188