УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн Их жанжин Д.Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж байгаа. Тэд эрх баригч МАН-ынхан АН-ыг зориудаар хагалан бутаргаж, С.Эрдэнийг АН-аас нэр дэвшүүлэхээр СЕХ-нд нөлөөлж байна гэж тайлбарлаж буй. Тэгвэл эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намаас нэг л хүн нэр дэвших хуультай. Ардчилсан нам дотоод зөрчлөөсөө болж хоёр хуваагдаад, хоёр хүн нэр дэвшүүлээд, тэр асуудлаасаа болж тус намын хэсэг гишүүд өлсгөлөн зарлаж байгаа нэртэй хоёр хонож байна. Энэ асуудлаа намын асуудал биш нийгмийн, төрийн асуудал болгох зорилготойгоор өлсгөлөн зарлаж байгааг МАН эрс буруушааж байгаа. Ардчилсан намын үе үеийн даргаар ажиллаж байсан, цаашлаад Ардчилсан намаас сонгогдож Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрхмүүд болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын Ардчилсан намыг булаацалдсан зодоон нь өнөөдөр энэ түвшинд хүргэлээ. Энэ асуудал бол Ардчилсан намын л асуудал. Түүнээс ард түмний, төрийн, МАН-ын асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд оролцох асуудал ярьж яваа нь эдгээр эрхмүүдийг ичгэвтэр харагдуулж байна.
Тэд дарангуйлал тогтох гэж байна гэж улс төр хийж байгаа. Энийг бид гайхаж байгаа. Монгол Улс ардчилсан парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Төв Азийн цээжинд ардчилсан орон гэж гайхагдаж яваа Монгол Улс эргээд нэг хүний болон нэг намын дарангуйлалд орох ямар ч боломжгүй байхгүй гэдгийг ард иргэд маань сайн ойлгож байгаа гэж итгэж байна.
2012-2016 онд Ардчилсан нам, тус намаас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдаар өнөөдөр талбай дээр хэвтэж байгаа Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг ард түмэн мэднэ. Тэр үеийн дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай, тийм юм байдаггүй юм. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд, ялалт байгуулж, ард түмнээсээ мандатаа авсан улс төрийн нам бодлогоо хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө явдаг юм аа. 30 жилийн өмнө талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шигээ, тэр технологиороо улс төр хийнэ гэвэл худал аа. Уучлаарай, бид ч бас өлсөж чадна, бид ч бас жагсаж чадна гэдгийг танд хэлчихмээр байна.
Ардчилсан намын залуустаа уриалмаар байна. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ. Ардчилсан намын ахмадууд нь залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ. Бид шинэ үеийн улс төрчид өө. Шинэ арга барилаар, шинэ бодлогоор өрсөлддөг баймаар байна" гэлээ.
Д.АМАРБАЯСГАЛАН: УУЧЛААРАЙ, ТА НАР 30 ЖИЛИЙН ӨМНӨХ ӨЛСДӨГ ТЕХНОЛОГИОРОО УЛС ТӨР ХИЙНЭ ГЭВЭЛ ХУДЛАА ШҮҮ |
|