• Өнөөдөр 2025-10-13

МАН-ЫН ХОЁР ДАРГЫН ХЭРҮҮЛД УИХ ДАХЬ ХАМААТНУУД ХЭЛЦЭЖ Ч, ТАЛЦАЖ Ч БАЙНА

2025-10-13,   472

        Саяхан даа, 2017 онд МАН-ынхан М.Энхболдын, У.Хүрэлсүхийн буюу 32, 33-ын бүлэг болж хуваагдаж байлаа. Тэр үед Тусгаар тогтнолын ордны хэрүүл нь Төрийн ордонд халдварлаж, хагарал нь хямрал болж хүндэрснээр төрийн ажил гацаж, түмний амьдрал ч хэцүүдэж байлаа. Одоо МАН яг тэр түүхээ давтаж, яг тэгж хагарч, хуваагдчихаад байна. Мэдээж, МАН-ын хоёр даргын хагарал УИХ-ыг ч хоёр хуваачихсан. Тойрогт ханьссан хамтрагчид, төрд хөл тавихаасаа тохой түшилцсэн найзууд, төрснөөс өөрцгүй ах дүүс гээд хагацашгүй мэт байсан түшээд ч МАН-ын хоёр даргын хэрүүлд татагдан хагарчихаад буй. 
 
Тэгвэл нэг сонирхолтой өнцөг байна. Энэ УИХ-д хадам, хүргэн, бэр, худ, үеэлийн хамааралтай зургаан гэр бүл лав бий. УИХ дахь эл хамаатнууд МАН-ын хоёр даргын хэрүүлд хэрхэн хандаж байгааг, хэн нь хэний талд байгааг танилцуулж байна. 
 
А.АРИУНЗАЯА, О.САРАНЧУЛУУН
 
        УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн ээж Ж.Дэлгэрмаагийн төрсөн дүү нь Ж.Жамсран гэж хүн бий. Харин Ж.Жамсрангийн хүүг Ж.Мөнх-Очир гэдэг бөгөөд эхнэр нь УИХ-ын гишүүн О.Саранчулуун. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр нь УИХ-ын гишүүн О.Саранчулуун гэсэн үг. 
 
Хадам эгч, бэр дүү хоёрын хувьд МАН-ын даргын хэрүүлд амь нэгтэй байгаа бөгөөд хоёулаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 
 
Ж.ЧИНБҮРЭН, Д.РЭГДЭЛ
 
       УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн эхнэр нь Б.Лхагважаргал гэж бүсгүй бий. Харин хадам аавыг нь Д.Балтсүх гэдэг бөгөөд төрсөн дүү нь УИХ-ын гишүүн Д.Рэгдэл. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хадам ах нь УИХ-ын гишүүн Д.Рэгдэл гэсэн үг. 
 
Хадам ах, хүргэн дүү хоёрын хувьд МАН-ын даргын хэрүүлд талцаагүй, харин ч хоёулаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 
 
Т.МӨНХСАЙХАН, Г.ОЧИРБАТ
 
       УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы төрсөн ах нь Т.Батмөнх гэж хүн бий. Харин Т.Батмөнхийн эхнэрийг Г.Одончимэг гэдэг бөгөөд УИХ-ын гишүүн Г.Очирбатын төрсөн эгч. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Г.Очирбат хоёр худууд. 
 
МАН-ын хоёр даргын хэрүүл худуудыг ч талцуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт, харин УИХ-ын гишүүн Г.Очирбат Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 
 
Т.ДОРЖХАНД, Б.НАЙДАЛАА
 
       УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандын үеэл ах нь УИХ-ын гишүүн Б.Найдалаа. Хоёр Засгийн газар дамнан ажиллаж, хашир суусан Т.Доржханд одоогоор аль талд нь ч гарын үсэг зураагүй харзнаж буй бол, үеэл ах УИХ-ын гишүүн Б.Найдалаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 
 
С.АМАРСАЙХАН, Х.БАТТУЛГА
 
      УИХ-ын С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаярын хүү О.Тэнүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Х.Намуун хоёр эхнэр, нөхөр гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Хэзээнээс зартай, хашир худууд болох УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёр буурь зааж, байдлыг харзнаж, хэн хэн нь аль ч талд гарын үсэг зураагүй байгаа. Байр суурийн хувьд С.Амарсайхан нь Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй Шадар сайд. Харин Х.Баттулгын хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “бүрэлдэхүүн”-д байгаа гэгдэж буй. 
 
Б.БАТЦЭЦЭГ, ДАВ.ЦОГТБААТАР
 
     УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үеэл Д.Баянжаргал нь УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын төрсөн ах Д.Мөнх-Эрдэнийн эхнэр. Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, Дав.Цогтбаатар хоёр худууд гэсэн үг. 
 
Тэгвэл худууд хоёулаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт гарын үсэг зурсан байна. 
 

МАН-ЫН ХОЁР ДАРГЫН ХЭРҮҮЛД УИХ ДАХЬ ХАМААТНУУД ХЭЛЦЭЖ Ч, ТАЛЦАЖ Ч БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188