Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёрын нэгнээ шалсан, шагласан нүүдлүүд үргэлжилсээр. Одоогоор Ерөнхий сайд Г.Занданшатар довтлох, харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хориглон хамгаалах тактикаар “тоглож” байна. Гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаяр гэх хүүгээрээ Д.Амарбаясгаланг цодолсон. Хариуд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын Хяналтын хороо хэмээх хүүгээ түлхэж, Б.Энхбаярын замыг түрдээ хаалаа. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр жагсаалтынхан гэх хүүгээ нүүлээ. Тун удахгүй тэд ЦЕГ, УПГ, АТГ гэх тэрэг, тэмээ, мориор нүүцгээж эхлэх нь бололтой. Анзаарвал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажилласны хувьд өрөг дээр түлхэх бог олонтой, Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд бод олонтой, тэр хэрээр “тоглолт” удаашрах төлөвтэй байна.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлын шийдвэрээр намаасаа хөөгдсөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр гарч ирж мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ “Намайг хөөсөн Хяналтын хорооны гишүүд дунд нүүрсчид байна. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Хэрвээ би Хууль зүйн сайд болвол тэднийг эх орноос нь хөөнө” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч МАН-ын Хяналтын ерөнхий хорооны 18 гишүүн дунд “Утааны эсрэг ээж аавууд”-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Түвшинжаргал тэргүүтэй Б.Энхбаярт “нүүрсчин”-гээрээ дуудуулж, нийгэмд “адлагдаж” асан хүмүүс байна. Өнөө “Өст хүн өлийн даваан дээр” гэгч болж, хөөх санал өгч хариугаа авсан байж болно. Нэмээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллахад тойрч, тулж, тусалж байсан нөхөд нь өдгөө Хяналтын ерөнхий хороонд жин дарж байна. Товчхондоо, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хяналтын ерөнхий хороогоор хөөгдөх нь гарцаагүй байсан бололтой юм.
Ингээд МАН-ын Хяналтын хорооны гишүүдийг товч танилцуулъя.
Б.Баярбаатар- УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай нас чацуу, 2009 оноос МАН-ын гал тогоонд хамт ажилласан. Ялангуяа 2016 онд Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Б.Баярбаатар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга болж улам дотноссон. Улмаар 2020 онд МАН-ын Хяналтын хорооны дарга болгож, 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтад багтаасан.
Л.Цэнгүүнжав- УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад 2017-2019 онд Зөвлөхөөр нь ажиллаж байсан, дотнын найз нь гэгддэг. “Шагнал”-д нь 2019 онд “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын томилогдож, одоог хүртэл ажиллаж байгаа. Мөн 2015 онд Л.Оюун-Оюун-Эрдэнэ АНУ-ын Харвардыг, Л.Цэнгүүнжав Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн, нэг үеийн найзууд.
Д.Энхболд- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын үй зайгүй найз. Нүүрсний хулгайн хэргээр таслагдсан Б.Ганхуягийн шууд удирдлага доор 2018-2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Ерөнхий удирдлага хариуцсан Дэд захирлаар ажиллаж байсан.
Ц.Төмөрхүү- МАН-ын гал тогоонд "бэлтгэгч"-ийн шатанд олон жил ажиллаж байгаагаас өөр онцлох намтаргүй. Албан ёсны сошиал хаягтаа Б.Энхбаярын зургийг "Хуулиас гадуурх Хуулийн сайд" гэж жиргэснийг нь харвал ямар санал өгсөн нь ойлгомжтой байх.
Ц.Пүрэвхүү- “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн гэдгээрээ танигдсан. 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр нь ажиллаж байсан. Өчигдөр Ц.Пүрэвхүү албан ёсны сошиал хаягтаа “Би Б.Энхбаярыг ямар хорон хүн болохыг бие сэтгэл, амьдралаараа мэдэрч туулсан хүн. Тэр намайг нүүрсний сонсголд дуудаагүй. Гэхдээ нүүрсний сонсголоор намайг “Тавантолгой түлш”-ээс урамшуулал авсан гэж гүтгэсэн. Хэрвээ Б.Энхбаяр хуулийн байгууллагын оройд гарч, сайд болсон тохиолдолд хэчнээн хүнийг гүтгэж, гүжирдэж, дарамтлах бол гэхээс би айж байна. Далан худалч шүү дээ, наад Б.Энхбаяр чинь” гэжээ. Тэгэхээр өгсөн санал нь ойлгомжтой байх.
Л.Батсүрэн- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хоёрын гарын хүн. Д.Амарбаясгаланг МАН-ын Нарийн бичгийн дарга болсон үеэс дэргэд нь байсан. Тухайн үедээ буюу 2018 онд “Жаргалант харвест” ХХК-аараа ЖДҮ-ээс 1.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Дараа нь Л.Оюун-Эрдэнээс Хэнтий аймгийн алдарт “Андлалын хөшөө”-ний 1.9 тэрбумын тендерийг авч бариад, нийтэд илчлэгдмэгцээ нураасан. Гол нь, Л.Батсүрэнгийн “Эсдэ” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг Хятад руу зөөдөг. Нүүрсний хулгайн нээлттэй сонсголоор Л.Батсүрэнгийн “Эсдэ” ХХК нь 3.8 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй буюу хулгайгаар хил давуулсан баримт ил болсон. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр “Хяналтын ерөнхий хорооны нүүрсчид намайг хөөж байна” гэсэн үгээ Л.Батсүрэнд голчлон хаягласан гэж хэлж болно.
О.Батчулуун- Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын найз, зөвлөх. Энэ оны нэгдүгээр сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатараас нүүр буруулж, оронд нь Б.Энхбаярыг томилно гэдгээ зарласан. Тэгэхээр Л.Мөнхбаатар ч, О.Батчулуун ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талд байгаа гэсэн үг.
Б.Батзаяа- УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Хуулийн бодлогын зөвлөхөөр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ажиллаж байгаа. Түүнээс өмнө, 2021 онд Д.Амарбаясгалан, Б.Батзаяа, Ц.Чулуунзагд нар “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-г хамтран байгуулж, удирдаж ирсэн. УИХ-ын гишүүн асан П.Анужингийн дүү П.Баясалын нөхөр. Нүүрсний хулгайн хэргээр “шувуу” болж зугтсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хадам ах гэгддэг Д.Буянтогтохтой “Мига-Эрин” ХХК-ийг хамтран эзэмшдэг.
Б.Батбаатар- 2021-2024 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Зөвлөхөөр ажилласан. Энэ хугацаандаа “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт сурталчлан таниулах ажлыг гардан хариуцаж байсан. “Шагнал”-д нь 2024 оны есдүгээр сард “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн Ерөнхий менежерээр томилогдсон.
Х.Баасанжаргал- УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эзэмшдэг “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тиймдээ ч МАН-ын жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүн болсон. МАН-ын даргын сонгуулийн үеэр “Би Д.Амарбаясгаланг анхнаасаа дэмжсэн, цаашдаа ч дэмжинэ” гэх тайлбар хийсэн. Өчигдөр “Ерөнхий сайд хэрэг шалгах зорилгоор Хууль зүйн сайдаа солино гэж зарлаж байгаа нь маш болчимгүй, маш харамсалтай үйлдэл. Ерөнхий сайд нь хараат бус байх ёстой хууль шүүхээ улс төртэй хутгах тухай ярьж болохгүй” гэж мэдэгдсэн.
С.Банзрагч- УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж байсан. Хүү Б.Баяржаргал нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Г.Занданшатарын Засгийн газарт улиран ажиллаж байгаа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы туслах бөгөөд “Монголиан транс лайн” ХХК-ийнх нь захирлаар ажилладаг. “Монголиан транс лайн” ХХК нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас концесс авч, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьсан. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тухайд, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёртой вагоноор холбогдох хэд хэдэн сэжүүртэй. Охин Б.Золжаргал нь ХСҮТ-ийн урдах “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн захирлаар ажилладаг, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Боомтын сайд байсан Б.Тулгатай бизнесийн нэгдмэл ашиг сонирхолтой. Гэх мэтээр хөөвөл, С.Банзрагч Б.Энхбаярыг хөөх саналд нэгдсэн байж болзошгүй.
Д.Түвшинжаргал- Хэнтийн уугуул, МАН-ын гал тогоонд ажиллаж байгаад, 2019 оноос “Багануур” ХК-ийн Тэргүүн дэд захирал, 2022 оноос “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад саяхан чөлөөлөгдсөн. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд Нүүрсний хулгайн нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан.
Харин Хяналтын ерөнхий хорооны бусад гишүүдийнх нь тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын, Н.Багабандийн гэх мэт угшилтай хүмүүс бий. Жишээ нь, Хяналтын ерөнхий хорооны гишүүн, Б.Энхбаярыг хөөвөл МАН-аас гарна гэдгээ мэдэгдээд буй УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн тухайд Н.Энхбаярын гарын шавь. Н.Энхбаяр Б.Хэрлэнд 2016, 2020 онд хоёр удаа тойрог суллаж өгсөн, өөрийн биеэр очиж сурталчилж байсан ч унасан. Улмаар өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтад багтааж байж УИХ-ын гишүүн болгосон түүхтэй. Хяналтын ерөнхий хорооны гишүүн Х.Гэрэлт-Од гэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг нутаг буюу Сүхбаатарын уугуул. Мөн У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооны гишүүн. Эргэн санавал, Х.Гэрэлт-Од У.Хүрэлсүхийг М.Энхболдтой ид үзэлцэж байх үед буюу 2018 оны арваннэгдүгээр сард Сүхбаатар аймагтаа “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Сүхбаатарчууд дэмжиж байна”, “60 тэрбумын М.Энхболдод хариуцлага тооц” гэх 700 гаруй хүний жагсаал зохион байгуулж явсан. Өдгөө “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн Захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалтай. Гэх мэтээр Хяналтын ерөнхий хорооны бусад гишүүдийн МАН-ын ах нарын голдуу хүмүүс бүрдүүлж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс жагсаалтын голдуу УИХ-ын гишүүдээр Хяналтын ерөнхий хорооны эсрэг мэдэгдэл хийлгэж, “МАН-аас гарна” гэх акц өрнүүлж эхэлсэн. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүд Б.Энхбаярыг хөөсөн шийдвэрээ буцаах уу, байр сууриа хадгалах уу гэдэг нь энэ одоо хоногийн гол сэдэв байх нь ээ.