• Өнөөдөр 2024-05-19

Х.БАТТУЛГА УУ, У.ХҮРЭЛСҮХ ҮҮ

2021-05-05,   843

-АРДЧИЛСАН НАМД АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН С.ЭРДЭНЭ ЦААГУУРАА МАН-Д ХҮЧИН ЗҮТГЭЖ БАЙНА ГЭЖ ХЭН Ч ТӨСӨӨЛӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ-

 
        Ардчилсан нам С.Эрдэнийн, Ц.Тувааны гэж хоёр хуваагдсаны ард У.Хүрэлсүх, Х.Баттулга байгаа гэдэг нь нууц биш болсон. Тийм ч учраас С.Эрдэнэ нэр дэвшвэл У.Хүрэлсүх ашигтай, Н.Алтанхуяг нэр дэвшвэл Х.Баттулгад ашигтай гэсэн үг. 
 
Эхнээс нь энгийн үгээр тайлбарлах гэж оролдъё.
 
        У.Хүрэлсүхийн хувьд намынхаа 100 жилийн ой дээр Ерөнхийлөгч болох чин хүсэлтэй яваа. Энэ хүсэлд нь саад болж болзошгүй бүхнийг эртнээс уусгаж, нэгтгэж, эсвэл зайлуулж ирсэн. МАХН, ХҮН бол уусгах, нэгтгэх аргынх нь тод жишээ. Зайлуулсан жишээ нь Х.Баттулгыг эцсийн мөчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шалгуурт тэнцэхгүй болгосон явдал. Гэхдээ У.Хүрэлсүх МАХН, ХҮН, Х.Баттулгыг замаасаа цэвэрлэхээсээ өмнө хамгийн том саад буюу Ардчилсан намыг өрсөлдөгч биш болгох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн бололтой юм билээ. Тухайлбал, 200 гаруй мянган гишүүнтэй, 10 гаруй суудалтай, хоёрдогч том улс төрийн хүчнийг өөртөө шууд нэгтгэж болохгүй, тэгж ч чадахгүй. Тэгээд У.Хүрэлсүх тус намын нөлөө бүхий нэгнийг өөрийн талд оруулж, түүгээр АН-ыг базуулж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд бяр муутай нэгнийг нэр дэвшүүлж, өөртэйгөө зохиомлоор өрсөлдүүлээд ялах мэргэн арга олсон юм шиг байгаа юм. Намыг бүхэлд нь өөртөө нэгтгэх гэж байдгаа барж байснаас ганц хүнээр дамжуулаад намыг удирдах нь хамгийн боломжит, бас ашигтай хувилбар. Ингээд намаа угсраа ялагдуулж, улс төрийн карьер нь дуусаж, Баянгол дүүргээс өөр очих газаргүй шахуу болсон С.Эрдэнийг өөрийн талд оруулсан дүр зураг харагддаг. С.Эрдэнийн хувьд улс төр дахь нөлөө нь суларвал шүүхэд ээрэгдэх хэрэг олонтой, эмзэг цэг ихтэй учраас төвөггүй зөвшөөрсөн байх л даа. Тэгээд ч Ардчилсан намд амьдралаа зориулсан С.Эрдэнэ далдуур МАН-д хүчин зүтгэж байна гэж хэн ч төсөөлөхгүй шүү дээ. Муу нэртэй, луу данстай С.Эрдэнэ АН-аас нэр дэвшлээ гэхэд У.Хүрэлсүхэд нөлөө үзүүлж, хүчтэй өрсөлдөгч байж, санал хороож шалихгүй. Энэ нь  л У.Хүрэлсүхэд ашигтай. 
 
Товчхондоо, АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон уу оролцсон, хүн дэвшиж өрсөлдсөн үү, өрсөлдсөн, У.Хүрэлсүх ялсан уу, ялсан гэдэг драмыг л У.Хүрэлсүх зохион байгуулахаар хичээж байсан хэрэг. 
 
     Гэвч У.Хүрэлсүхэд төсөөлөөгүй саад гарч ирсэн. Юу гэвэл, түүний АН-ыг С.Эрдэнээр дамжуулах удирдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрсөлдөгч мэт жүжиг тоглуулах төлөвлөгөөг нь Х.Баттулга мэдэж л дээ. Уг нь С.Эрдэнийг АН-аас явмагц Х.Баттулга Ц.Туваанаар дамжуулж АН-ыг өнчин ишигний хохиролгүйгээр гартаа авчихлаа л гэж бодож суусан байх. Гэтэл гэнэт У.Хүрэлсүх С.Эрдэнээр дамжуулж, АН руу шунаад эхэлсэн хэрэг л дээ. Тэгээд Х.Баттулга Ц.Туваан ба У.Хүрэлсүх С.Эрдэнэ нарын “тулаан” эхэлсэн. Уг нь С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын төлөвлөгөө их хялбар хэрэгжих байсан ч Ц.Туваанд АН-ын албан ёсны тамга, тойрон хүрээлэгчид байсан учраас төлөвлөгөө нь ийм хэцүү, ээдрээтэй болчихсон хэрэг. 
 
       Х.Баттулгад яагаад АН гэж хэрэгтэй гэж. Х.Баттулгын хувьд АН-д санаархаж эхлэх үедээ Үндсэн хуулийн цэц дээр очно, тэнд У.Хүрэлсүхэд тонгоруулна гэдгээ төсөөлөөгүй байсан байх. Тиймдээ ч АН-аас нэр дэвших эрхтэй байхын тулд намыг гартаа авах хэрэгтэй л гэж бодсон биз. Нөгөөтээгүүр Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн ч ялахгүй байх магадлалтай гэсэн тооцоолол байсан байж таараа. Тийм учраас түүнд хорогдох газар буюу УИХ-д суудалтай, хоёрдогч том хүчин хэрэгтэй. Тэгж байж Ерөнхийлөгчөөс буусан ч захын нэг улстөрчид дээрэлхүүлэхгүй байх боломжтой шүү дээ. Гэтэл У.Хүрэлсүхэд тонгоруулснаасаа болж өөрөө нэр дэвших боломжоо алдаж, дээрээс нь АН-ыг ч алдах дээрээ тулчихсан. Одоо Х.Баттулгад үлдсэн сүүлийн боломж нь Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, бүх талаар дэмжиж ялуулах, ялсных нь дараа араас нь удирдах. 
 

Х.БАТТУЛГА УУ, У.ХҮРЭЛСҮХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-05 09:51:21
    Ха ха: Шаадаг сда вэ? Баттулга АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж өрсөлдөгчгүйгээр нэр дэвших гэж оролдсоноос болоод өнөөгийн энэ байдалд хүрсэн.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188