• Өнөөдөр 2024-05-19

ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮДЭЭ УИХ ХАМГААЛСААР БАЙХ УУ

2021-03-19,   1698

Сэлэнгэ аймгийнхан Монголын түүх соёлын хосгүй өв дурсгалын өлгий болсон Ноён уулыг ар, өвөр талаас нь ухаж байсан хоёр Чинбат бий гэж ярилцдаг. Нэг нь Соёлын сайд Ч.Номингийн аав Гацууртын Чинбат, нөгөө нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Өсөх Зоосын Чинбат.
 
Чинбат Гурван тэсийн нүүрсний талбайгаа шүүхдэлцэж байгаад МАК-аас авсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд Өсөх зоос компаниараа дамжуулж жилдээ олон сая тонн нүүрс урагшаа зөөдөг. Тэрээр Сэлэнгэ аймагт алтны уурхай нь хаагдах эрсдэл учирмагц Ардчилсан Намын гишүүн, тэр ч байтугай Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Тэргүүн байсан охиноо намаас нь гаргаж, эрх баригч МАН-д элсүүлж, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч болгосон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойртуулж, МАН-аас УИХ-д нэр дэвшүүлсэн. Ч.Ундрам нь эхнээсээ л ёс зүйн ба ашиг сонирхлын зөрчилтэй, олон удаа хууль зөрчсөн нэгэн байжээ.
1. Ч.Ундрам оюутнуудын дүнг хууль бусаар засч байжээ. Тэрээр 2014-2017 онд МУИС-ийн Захиргаа, Дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа 2014-2017 оны хооронд нийт 99 оюутны дүнг “СИ СИ” системд нэвтэрч засчээ. 2014 онд 41, 2015 онд 54, 2017 онд 4 оюутны дүнг ажлын бус цагаар зассан. Энэ талаар 2019.01.14-ны өдөр болсон Эдийн засгийн тэнхимийн хурлын протколд профессор Н: ”Бид оюутныхаа ёс зүйн асуудлыг яриад байдаг. Гэтэл биднийг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйгүй. Жишээ нь: Дэд захирал Ч.Ундрам гэхэд өчнөөн оюутны дүнг зассан. Албан тушаал буух болов уу? Эсвэл ухамсраараа өөрөө хэлэх болов уу? гэтэл дэвшээд Санхүү хариуцсан дэд захирал болчихлоо. Оюутнууд ийм багш нараасаа үлгэр аваад хуурч мэхэлсэн, буруу зүйл хийгээд явбал яах вэ” гэж хэлж байжээ.
 
2. Ч.Ундрам 2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны эрхлэгч байхдаа тухайн үеийн удирдлага болох МУИС-ийн захирал А.Галтбаяр, дэд захирал О.Мөнхбаттай нартай хамтран оюутан шилжүүлэн суралцуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Тодруулбал, Ч.Ундрамын тушаалаар 12 оюутныг МУИС-д шилжүүлэхдээ дүрмийг бөөнд нь зөрчиж,  Б.У,  Г.Н,  О.Г,  Э.М гэх  дөрвөн оюутныг төгсгөхийн тулд МУИС-ийн бүх дүрэм журмыг зөрчиж, дүнг нь хүртэл зассан байдаг. Үүнийг Авлигатай тэмцэх газраас тогтоож байсан юм.
3. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллахаасаа өмнө МУИС-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч байсан Я.Төмөрбаатар 2017 онд Ч.Ундрамыг шинэхэн бүтцээр Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал болгон дэвшүүлжээ. Хачирхалтай нь, энэхүү бүтцийн өөрчлөлтийг боловсруулах Ажлыг хэсгийг Ч.Ундрам ахалж, гардан гүйцэтгэсэн байна. Үүнээс гадна Ч.Ундрам бүтцийн өөрчлөлтийг боловсруулахдаа Мэдээллийн технологийн газрыг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд буюу Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын шууд удирдлага дор оруулжээ. Мэдээллийн технологийн газар нь дүнгийн нэгдсэн программыг удирдах чиг үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, оюутны дүнг засдаг хэмээн маргаан дагуулаад байсан Ч.Ундрам Мэдээллийн технологийн газрыг өөрийн шууд удирдлагадаа авахаар санаархжээ. Ийнхүү сургуулийнхаа дотоод дүрэм журмыг илт зөрчсөн атал дахин тушаал дэвшүүлж байсанд олон хүн гайхаж байжээ.
4. Ч.Ундрам МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн А.Ундраагийн томилолтын зардлыг МУИС-аас дааж, төсвийн хууль бус зарцуулалт хийж байв. Мөн Зиндаа сэтгүүлд МУИС-ийн төсвөөс 50 сая төгрөг гаргаж, Я.Төмөрбаатар, Ч.Ундрам нар ярилцлага өгч, хувийн пи-араа хийжээ.
5. Ч.Ундрам МУИС-ийн Профессор цол олгох журмыг зөрчиж, МУИС-ийн дэд профессор цолыг өөртөө олгуулжээ.
 
6. 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдахад Ч.Ундрам сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж, пи-арыг нь хийж байсан сэтгүүлч Н.Уртнасанг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаар томилуулжээ. Ч.Ундрам БШУЯ-ны сайд болох гэж хөөцөлдөөд чадаагүй гэдэг мэдээлэл бий. Ундрамын хэвлэлийн төлөөлөгч, МУ-ын Шадар сайд Я. Содбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан Н.Уртнасан цахим орчинд Засгийн газар огцорсний дараа “Ичээнээс гарлаа. Гадуур дотуур ажил хөөцөлдөе” гэж жиргээд төд удалгүй шинэ засгийн газрын танхимд багтсан. Түүнийг Ч.Ундрам, Я.Содбаатар нар шинэ засагт хүчтэй дэмжсэн. 

Шалтгаан нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чинбат Сэлэнгэ аймагт алтны уурхай ажилуулдаг. Энэ уурхай зогсох магадлал маш өндөр байсан. Гэвч Чинбат МАН-д хадаг барин очиж, Ардчилсан намаас охин Ч.Ундрамаа суга татан хүлээлгэн өгч, УИХ-д нэр дэвшүүлсэн түүхтэй. Чинбатын гэр бүлийн эцсийн найдвар бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Харин Ч. Ундрамын аавын компанийг хамгаалж үлдэх итгэлт хүн бол “Ичээнээс” гараад сайд болсон Н.Уртнасан. Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа Завхан аймгийн Баян-айрагийн уурхайг зогсоосон. Сэлэнгэ, Зүүнхараа чиглэлд тус яамны нөхөд ажиллаж ч байсан гэдэг.

Хаагдаж магадгүй, асуудалд ойрхон тулаад ирсэн учраас хашир Чинбат охин Ундрамын албан тушаал, эрх мэдлийг ашиглаж ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг өөрийн мэдэлдээ авчээ. Энэ үйл хэрэгт МУ-ын Шадар сайд Я.Содбаатар оройлон оролцсон. Экс шадар сайдын хөрөнгө оруулалт бүхий “Шинэ дэлхий” ТВ захирал байсан төдийгүй хувь оруулсан компаниудад нь ажиллаж байсан сэтгүүлчийг ийнхүү өөд татжээ. Ингээд бодохоор “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж, энэ төрлийн бизнес Н.Уртнасан сайдын үед цэцэглэнэ. Н.Уртнасангийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын талаар ямар ч мэдлэг байхгүй. Сэтгүүлч мэрэгжилтэй. Монголын Үндэсний Телевизэд цөөн хэдэн жил ажиллаад, хувийн бизнес хийх нэрээр Я.Содбаатар, Ч.Ундрамын бизнесийн хамтрагчаар ажиллаж байсан. Н.Уртнасан солонгосчуудтай ойр дотно хамтран ажилладаг бөгөөд 2013 оноос БНСУ-д бүртгэлтэй Юни Си Энд Си ХХК-ийн маркетинг хариуцсан захирлаар ажилласан.
 
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гурван шатны шүүхээс ял авсан ч эрх баригч намын шахалтаар түүнийг суллаж, хэрэг нь прокурорын шатанд мөрдөн байцаалтад байхад УИХ-ын гишүүны халдашгүй дархан эрхтэй болгож, хууль хяналтын байгууллага хараат бусаар ажиллах боломжийг хаагаад байгаа билээ. Ч.Ундрам Ж.Эрдэнэбатыг өмгөөлж, ОУПХ-нд хандаж байсан билээ. Энэ нь авилга албан тушаалын хэрэг үйлдсэн хэрэгтнийг хаацайлсан, шударга ёсны эсрэг үйлдэл болоод байна.
 
УИХ бол ёс зүйн шалгуурыг давсан улс төрчдийн ард түмний төлөө хууль батлах танхим. Гэтэл ёс зүй, ашиг сонирхолын илэрхий зөрчилтэй этгээдүүдийг УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр хаацайлж хамгаалж байх нь Жорж Орвеллийн БҮХ АМЬТАД ТЭГШ ЭРХТЭЙ Ч ГАХАЙ ИЛҮҮ ЭРХТЭЙ гэдэг афоризмын жишээ бус уу.
 
Тиймээс УИХ-ын гишүүдээс ёс зүйг шаардах нь зүйн хэрэг. Дараагийн удаа бид Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар олгосон хэрэгт холбогдоод буй давхар иргэншилтэй, УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшингийн Монгол Улсын иргэнээс гарах тухай өргөдлийг хүргэх болно.
 

ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮДЭЭ УИХ ХАМГААЛСААР БАЙХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-19 15:17:48
    ZOCHIN: BAS NEG SAIKHAN ********. UILIIN UREE EDLENE DEE
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188