Хуучин нийгмээс хур хөрөнгөтэй үлдсэн цор ганц шахуу байгууллага болох МҮЭХ-г хуу тоносон С.Ганбаатарын бүлэглэлийг хууль хяналтынханд тушаах айхтар том нэг хэрэг байна. Тэртээ 2007 оноос хойш гэхээр бүтэн 18 жил түүний бүлэглэл МҮЭХ-г мэрсэн, мөлжсөн. Өдгөө МҮЭХ-нд өмч гэх юм бараг үлдээгүй. Төв талбайн хажуу талд түрээслэгчдээр дүүрч оготны нүх шиг оромж болж хувирсан дөрвөн давхар төв оффис нь байна. Газрынх нь талыг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгт худалдчихсан. Өнөөх нь 14 давхар “Хөдөлмөрийн ордон” гэх шилэн барилга бариад Худалдаа хөгжлийн банкаа оруулчихсан. Газрыг нь авсныхаа шагналд С.Ганбаатарын бүлэглэлд “Хөдөлмөрийн ордон”-д 750м2 оффисын талбай өгсөн гэх. Төв оффисын барилгаа бүхэлд нь зараад идэх зүрх зориг С.Ганбаатарын бүлэглэлд байгаагүй нь аз.
Өдгөө үлдсэн өөдтэй ганц хөрөнгө нь Баруун дөрвөн замд байх Соёлын төв ордон. Гэтэл хашаан дотор нь, бүр хажуу бөөрөнд нь наагаад 16 давхар худалдаа, үйлчилгээний төв барьчихсан. Саяхнаас дахиад нэг 16 давхар барилга ихэрлүүлж бариад эхэлсэн. Хэн гэгч нь ар, араас нь 16 давхар барилга бариад байгааг хөөгөөд үзэхээр хулгайг жигшдэг хувилгаан дүртэй мань С.Ганбаатар гарч ирээд байх юм.
“ӨҮ ЭНД БИ ЭН” ХХК БУЮУ ЭХНЭРИЙН 16
БГД-ийн 2-р хороо, Баруун дөрвөн зам, МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан дотор, эзэмшил газар дээр нь “Gem palace” гэх 16 давхар худалдаа, үйлчилгээний гоёмсог шилэн барилга бий. Энэ шилэн барилгыг 2018 онд МҮЭХ-ны Соёлын төв ордноос ердөө тавхан алхмын зайтай шахаад, мод зүлэг бүхий ногоон байгууламж дээр нь барьсан байдаг. Тэгээд болоогүй, “Gem palace” нь үүдэндээ үйлчлүүлэгчдийн 100 автомашины авто зогсоол тохижуулчихсан. Өөрөөр бол, МҮЭХ-ны удирдлагууд “Gem palace” барилгын эзэнд газар тасалж өгөөгүй ч өөрсдийнх нь эзэмшлийн газрыг хүссэнээрээ ашиглаж, дураараа дургихыг зөвшөөрсөн гэсэн үг.
Тэгвэл МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан дотор “Gem palace” барилгыг “Өү энд би эн” ХХК эзэмшдэг. Харин “Өү энд би эн” ХХК-ийн эзэн нь Батсуурийн Оюунбилэг гэх эмэгтэй бий.
“ЛУМИНАРИ” ХХК БУЮУ НӨХРИЙН 16
БГД-ийн 2-р хороо, Баруун дөрвөн зам, МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан доторх авто зогсоол, усан оргилуур, ногоон байгууламж бүхий 1769м2 газрыг “Луминари” ХХК нь эзэмшдэг. Анх 2012 онд буюу МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр С.Ганбаатарыг ажиллаж байхад “Луминари” ХХК энэхүү 1769м2 газрыг МҮЭХ-ны Соёлын төв ордны эзэмшлээс тасалж авч өөрийн болгосон. Гэхдээ газар олголт нь хууль зөрчсөн нь тогтоогдож Хотын даргын захирамжаар цуцлагдсан. Гэтэл 2016 оны хоёрдугаар сард “Луминари” ХХК өнөөх 1769м2 газрыг дахиад өөрийн болгож, эзэмших эрхтэй болсон. Улмаар 2023 оны гуравдугаар сард “Луминари” ХХК энэхүү 1769м2 газар дээрээ 16 давхар МҮЭХ-ны Соёл, сургалт, үйлчилгээний барилга барина гэж Хотын захиргаанаас барилгын зөвшөөрлөө авсан. Ингээд МҮЭХ-ны Соёлын төв ордноос тавхан алхмын зайтай шахаж барилгын ажлаа эхлүүлсэн. Одоо “Луминари” ХХК-ийн МҮЭХ-ны Соёл, сургалт, үйлчилгээний барилгын ажил дөрөвдүгээр давхартаа яваа. Энэ барилга баригдсанаар МҮЭХ-ны Соёлын төв ордон зүүн талдаа 16 давхар хос барилгатай болно гэсэн үг.
Тэгвэл МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан дотор 16 давхар барилга барьж байгаа “Луминари” ХХК-ийн эзэд нь Борхүүгийн Чулуунсүх, Цогоогийн Батноров, Мөнбатын Гарамханд нар ажээ.
ЭХНЭР, НӨХРИЙН ХОС 16
Хамгийн хоржоонтой нь, МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан доторх 16 давхар худалдаа, үйлчилгээний “Gem palace” барилгыг барьсан “Өү энд би эн” ХХК-ийн эзэн Батсуурийн Оюунбилэг, МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан дотор 16 давхар Соёл, сургалт, үйлчилгээний барилгыг барьж буй “Луминари” ХХК-ийн эздийн нэг Борхүүгийн Чулуунсүх хоёр эхнэр, нөхөр. Өөрөөр хэлбэл, Б.Чулуунсүх, Б.Оюунбилэг гэх эхнэр, нөхөр хоёр МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан дотор 16 давхар хос барилгатай болж байна гэсэн үг.
Дахиад бодоод үз дээ, нөхөр Б.Чулуунсүх нь хамтрагчидтайгаа МҮЭХ-ны Соёлын төв ордны авто зогсоол, усан оргилуур, ногоор байгууламж байсан 1769м2 газрыг тасалж аваад өөрийн болгочихсон. Одоо 16 давхар барилга босгож байна. Эхнэр Б.Оюунбилэг нь МҮЭХ-ны Соёлын төв ордны эзэмшил газрыг өөрийн мэтээр дураараа ашиглаж, 16 давхар барилга бариад, 100 автомашины зогсоол тохижуулчихсан. Ийм байх боломжтой юу. Буйдхан сумын төвд эхнэр, нөхөр хоёр зэрэгцүүлээд байшин барьсан бол нэг хэрэг. Гэтэл БГД-ийн 2-р хороо, Баруун дөрвөн зам, хотын “А” зэрэглэлийн бүс, МҮЭХ-ны Соёлын төв ордны албан ёсны эзэмшлийн газарт эхнэр, нөхөр хоёр дураараа дургиж, хос 16 давхар барилга сүндэрлүүлж байгаа нь биелүүлэхэд хэцүү мөрөөдөл.
.PNG)
Хамгийн ноцтой нь, МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан дотор “Өү энд би эн” ХХК болон “Луминари” ХХК-д хос 16 давхар барилга барихад нь тусалж буй нууц ноёнтон нь МҮЭХ-ны Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болж таарч байна. Тодруулбал, “Өү энд би эн” ХХК-ий эзэн Б.Оюунбилэг, түүний нөхөр “Луминари” ХХК-ийг хамтран эзэмшигч Б.Чулуунсүх, Ц.Батноров, М.Гарамханд дөрөвтэй С.Ганбаатар шууд холбогдож байгаа юм.
С.ГАНБААТАРЫН ҮЕЭЛ ДҮҮ С.ЭРДЭНЭЦОГТ “ЛУМИНАРИ” ХХК-ТАЙ ХОЛБОГДДОГ
МҮЭХ-ны Соёлын төв ордны авто зогсоол, усан оргилуур, ногоон байгууламжийн 1769м2 газрыг тасалж авч, өдгөө 16 давхар барилга барьж байгаа “Луминари” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Цогоогийн Батноров гэж залуу бий. Тэгвэл Ц.Батноров нь С.Ганбаатартай холбогдоно.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын аавынх нь төрсөн дүү Б.Самданхүүгийн хүү С.Эрдэнэцогт гэж залуу бий. Тэртээ 2000-аад оны дундаас хойш 20 орчим жил үеэл ах С.Ганбаатараасаа хөтөлж, хормойдож яваа залуу. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Хөдөлмөрийн үндэсний сан”-г, С.Ганбаатарын төрсөн дүү С.Гантуяатай “Хараа ротари клуб”-ыг, С.Ганбаатарын туслах С.Зоригтбаатар, Н.Наранбаяртай “Монгол хүний төлөө иргэний хөдөлгөөн” ТББ-ыг хамтран удирдаж ирсэн. Үеэл ах С.Ганбаатарыгаа ХҮН намын дарга байх үед Чингэлтэй дүүргийн ХҮН намын даргаар ажиллаж байсан. 2016 оны НИТХ-ын сонгуульд ХҮН намаас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан. Товчхондоо, С.Ганбаатарын улс төрд өөрийгөө залгамжлуулахаар бэлтгэж буй хажуунаасаа салгадаггүй үеэл дүү нь.
Тэгвэл С.Эрдэнэцогт нь найз Ринчиндоржийн Саруултай “И ложистик нью эра” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь найз Төмөрболдын Гантөмөр нь ажилладаг. Харин найз Ринчиндоржийн Саруул нь Цогоогийн Батноровтой “Сигирияа сервис” ХХК, “Сигирияа суппорт” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Харин найз Төмөрболдын Гантөмөр нь Цогоогийн Батноровтой “Монгол хятадын нэг бүс нэг замын бизнесийн тулгуур нийгэмлэг” ТББ-ыг хамтран эзэмшиж, УЗ-ийн даргаар нь Т.Гантөмөр, гүйцэтгэх захирлаар нь Ц.Батноров ажиллаж ирсэн. Энэ схемээс С.Эрдэнэцогт, Р.Саруул, Т.Гантөмөр, Ц.Батноров нар найзууд, гол нь бизнесийн хамтрагчид гэдэг нь тодорхой харагдаж буй. Тэгэхээр, С.Ганбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч байхад анх Соёлын төв ордны 1769м2 газрыг тасалж авч эзэн суусан “Луминари” ХХК-ийг эзэмшигч Ц.Батноров С.Ганбаатарын үеэл дүү С.Эрдэнэцогттой найзууд, басхүү бизнесийн дам хамтрагчид байх нь санаандгүй тохиолдол байж болох уу.
С.ГАНБААТАРЫН ТУСЛАХ Н.НАРАНБАЯР “ЛУМИНАРИ” ХХК-ТАЙ ХОЛБОГДДОГ
МҮЭХ-ны Соёлын төв ордны авто зогсоол, усан оргилуур, ногоон байгууламжийн 1769м2 газрыг тасалж авч, өдгөө 16 давхар барилга барьж байгаа “Луминари” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Мөнбатын Гарамханд гэж эмэгтэй бий. Тэгвэл М.Гарамханд нь С.Ганбаатартай холбогдоно.
Тодруулбал, “Луминари” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Гарамхандын аав нь Лхагвын Мөнбат гэж хүн бий. Л.Мөнбат нь өөрийн найз Сугарын Лхагвадоржтой “Дэлхийн шийдэл” ТББ-ыг 2014 оноос хамтран эзэмшиж ирсэн. Харин Сугарын Лхагвадорж нь С.Ганбаатарын туслах Нацагдоржийн Наранбаяртай “Хотомо” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Илүү ноцтой нь, “Хотомо” ХХК-ийн хаяг дээр Н.Наранбаярын “Органик ков” ХХК нь давхар бүртгэлтэй байдаг. Харин “Органик ков” ХХК-ийн эзэмшлийн Туул голын эрэг дээрх 1.0 га газар дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эзэмшлийн хаус бий. Өөрөөр хэлбэл, МҮЭХ-ны Соёлын төв ордын хашаанд 16 давхар барилга барьж буй “Луминари” ХХК-ийн эзэмшигч М.Гарамхандын аав Л.Мөнбат, С.Ганбаатарын туслах Н.Наранбаяр хоёр бизнесийн дам хамтрагчид болж таарч байна. Бас л санаандгүй тохиолдол байх боломжгүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч байх үеэс туслах, хуулийн зөвлөхөөр нь ажиллаж ирсэн Н.Наранбаярыг товч танилцуулах нь зүйтэй. Зөвхөн туслах төдий ч бус, С.Ганбаатарын гэр бүлтэй шууд хамааралтай нэгэн. Тухайлбал, Н.Наранбаяр нь С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг, төрсөн дүү С.Гантуяа, үеэл дүү С.Эрдэнэцогт, туслах С.Зоригтбаатар дөрөвтэй “Хараа ротари клуб”-ыг 2013 онд хамтран байгуулсан. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг, төрсөн дүү С.Гантуяа, туслах С.Зоригтбаатар гуравтай “Хөдөлмөрийн үндэсний сан”-г 2013 онд хамтран байгуулсан. С.Ганбаатарын үеэл дүү С.Эрдэнэцогт, туслах С.Зоригтбаатар хоёртой “Монгол хүний төлөө иргэний хөдөлгөөн” ТББ-ыг 2014 онд байгуулсан. С.Ганбаатарын багын найз Х.Энхсайхан, туслах С.Зоригтбаатар хоёртой “Ардчилал хөгжлийн монлаа сан”-г 2009 онд байгуулсан. Цаашилбал, С.Ганбаатар 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа тойрогт ажиллах төсвөө Н.Наранбаярын “Хаш энд Маргад партнерс” хуулийн фермийн дансаар дамжуулж авдаг байсан. Дээр дурдсанчлан, өдгөө ч С.Ганбаатар туслах Н.Наранбаяр, С.Зоригтбаатар хоёрынхоо “Органик ков” ХХК-ийн нэр дээр Туул голын эрэгт 1.0 га газар авч, зуслангийн хаус барьж, жимсний мод тариад жаалж буй.
С.ГАНБААТАРЫН ХАЛААС НЭГТЭЙ ХАМТРАГЧ Л.ЦОГБАДРАХ “ЛУМИНАРИ” ХХК-ТАЙ ХОЛБОГДДОГ
МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан доторх “Gem palace” барилгын эзэн Б.Оюунбилэгийн нөхөр, өдгөө Соёлын төв ордны хашаан дотор 16 давхар барилга барьж байгаа “Луминари” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Борхүүгийн Чулуунсүх гэж бий. Тэгвэл Б.Чулуунсүх ч С.Ганбаатартай холбогдоно.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг 2007-2012 онд МҮЭХ-ны Ерөнхийлөгч байх хугацаанд МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Лувсандоржийн Цогбадрах гэж хүн бий. С.Ганбаатар МҮЭХ-ны газруудыг наймаалах ажилдаа Л.Цогбадрахтай хоршсон. Ялангуяа МҮЭХ-ны Тээврийн үйлчилгээний төвийн 1.3 га газрын хуйвалдааныг С.Ганбаатар зохион байгуулж, Л.Цогбадрах гардан гүйцэтгэсэн. Тэндээсээ хэн хэн нь хөрөнгөжиж, халаасаа ч илүү гүнзгий нэгтгэсэн. Л.Цогбадрахын хүү Ц.Ууганбадрах нь С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Дархан ургах наран зүг” ХХК-ийг 2010 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Мөн Л.Цогбадрахын “Ус био инженеринг” ХХК-ийн данснаас С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нийгмийн даатгалын шимтгэлийг одоо хүртэл төлдөг. Өөрөөр бол, Л.Цогбадрах нь С.Ганбаатарын шууд хамаарал бүхий этгээд.
Тэгвэл Л.Цогбадрах нь Нэмэхбаярын Эрдэнэбаяр, Мэндцоогийн Мэндбаяртай “Мөнх-Илдэч” ХХК-ийг 2012 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. М.Мэндбаяр нь С.Ганбаатараас ЗЦГ-ын зүүн талд байрлах МҮЭХ-ны 1.3 га газрыг авч, “Үйлдвэрчин” хотхон, “Union buildin” оффисын барилгыг барьж хөлжсөн нөхөр. Харин Н.Эрдэнэбаяр нь Борхүүгийн Чулуунсүхтэй “Их эрин зууны цэцэрлэг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Дээр дурдсанчлан Б.Чулуунсүх нь МҮЭХ-ны Соёлын төв өргөөний газарт С.Ганбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч байх үеэс эзэн сууж, өдгөө 16 давхар барилга барьж буй “Луминари” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Өөрөөр бол, С.Ганбаатар, түүний халаас нэгтэй хамтрагч Л.Цогбадрах хоёртой МҮЭХ-ны Тээврийн үйлчилгээний төвийн 1.3 га газрын хуйвалдаанд хамтарсан хамтрагчид нь МҮЭХ-ны Соёлын төв ордны газрын хуйвалдаанд хамтарч байгаагийн бат ноттой нэг сэжүүр нь энэ юм.
С.ГАНБААТАРЫН ББСБ-ЫН 207 САЯ ТӨГРӨГ ЗЭЭЛ ҮҮ, АВЛИГА УУ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрөгч 2024 оны ХОМ-тээ “Дарь финанс” ББСБ болон арилжааны банканд 207 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн. “Дарь финанс” ББСБ-ыг Сугарын Лхагвадорж эзэмшдэг. Дээр дурдсанчлан, С.Лхагвадорж нь найз Л.Мөнбаттайгаа “Дэлхий шийдэл” ТББ-ыг 2014 оноос хойш хамтран эзэмшиж удирдаж байгаа. Харин Л.Мөнбатын охин нь МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаанд 16 давхар барилга барьж буй “Луминари” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Тэгэхээр С.Ганбаатарын “Дарь финанс” ББСБ-ын зээл нь үнэхээр зээл үү, эсвэл “Луминари” ХХК-аас авдаг авлигын мөнгөө “Дарь финанс” ББСБ-ын зээл гэж мэдүүлсэн үү гэдэг хардлага гарч ирж байгаа биз.
СОЛОНГОС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН 50 САЯ ВОНЫН АВЛИГЫН ХЭРГИЙН СЭЖҮҮР
Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг ноцтой сэжүүр бий. Эргэн санавал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэн, “Мүүн”-ийн шашнын төлөөлөгч Ю Ван Сү гэгчээс 50 сая вонын авлига авсан хэрэгт холбогдсон. Бүр авлига өгч, авч буй бичлэг нь цацагдсан байдаг. Энэ авлигын хэрэг С.Ганбаатарын улс төрийн карьерийг бүр мөсөн дуусгах шахсан ч “Тагнуулынхан над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, огт танихгүй солонгос хүнээр 50 сая вон өгүүлсэн. Би тухайн үед мөнгийг нь авчихаад, маргааш нь цагдаад аваачиж өгсөн” гэж гүрийсээр торгуулсан болоод мултарсан. Өдгөө ч С.Ганбаатарын тэрхүү 50 сая вонын авлига авч буй бичлэг интернетэд хадгалаастай байдаг. Анхааралтай сонсвол 2017 оны тавдугаар сарын 23-ны шөнө С.Ганбаатарын гэрт БНСУ-ын иргэн Юү Ван Сү гэгч 50 сая вонын хандив өгөхдөө “Бид дөрвөн замд нэг барилга дээр хамтрах гээд байгаа юм л даа. Жижигхэн асуудлууд тулгараад байгаа юм. Дэмжээрэй” гэсэн яриа бичигдсэн байдаг. Тухайн үед Ю Ван Сү аль дөрвөн зам гэдгээ хэлээгүй. Улаанбаатар хотод баруун, зүүн гэсэн дөрвөн зам бий. Цаг хугацааны хувьд, БНСУ-ын иргэн Ю Ван Сү С.Ганбаатарт “Дөрвөн замд нэг барилга дээр хамтръя” гэж хэлснээс жил гаруйн дараа буюу 2018 онд БГД-ийн 2-р хороо, Баруун дөрвөн замын уулзвар, МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан дотор 16 давхар “Gem palace” барилга баригдсан. Тухайн үед МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хоёр Соёлын төв ордны эзэмшлийн газар дээр “Gem palace” барилгыг ямар ч хэл амгүй бариулж, тэр байтугай 100 автомашины зогсоолын талбай гаргаж өгсөн. Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат хоёрын хувьд 2007 оноос хойш С.Ганбаатарын баруун, зүүн гар болж шадарласан хоёр цэрэг нь. Ингэж харвал, 2017 онд С.Ганбаатарт “Дөрвөн замд нэг барилга дээр хамтръя” хэмээн 50 сая вонн өгсөн БНСУ-ын иргэн, “Мүүн”-ийн шашны төлөөлөгч гэх Ю Ван Сү гэгч нь Баруун дөрвөн зам дахь МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан дотор, эзэмшил газар дээр нь баригдсан “Gem palace” барилгын хөрөнгө оруулагч байж болзошгүй сэжүүр гарч ирж байгаа юм. Мэдээж, хууль хяналтынхан эл сэжүүрийг эцэслэн нягтлах биз ээ.
Ямартай ч, МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаанд баригдсан, баригдаж байгаа хос 16 давхар барилгын эзэдтэй УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх сэжүүрүүдээр хөдлөшгүйгээр, хаашаа ч зугтах аргагүйгээр холбогдож байна. Мэдээж, хууль хяналтынхан эл сэжүүрүүдийг эцэслэж нягтлах биз ээ. Эцэст нь, хууль хяналтынхнаас хариултыг нь хүлээх нэг асуулт байна. Хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай, МҮЭХ-ны Соёлын төв ордны хашаан доторх хэдэн тэрбум төгрөгийн үнэ хүрэх газар дээр хос 16 давхар барилга үнэгүй бариулж буйнхаа шагналд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч асан Х.Сүхбаатар, С.Эрдэнэбат нар хэр их хэмжээний мөнгө авсан бэ.
МҮЭХ-НЫ СОЁЛЫН ТӨВ ОРДНЫ ГАЗАР ДЭЭР БАРИГДАЖ БУЙ ХОС 16 ДАВХРЫН АРД С.ГАНБААТАР БИЙ, АТГ-ЫНХААН |
|