Өнгөрөгч зургадугаар сард УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслахуудыг АТГ-аас баривчилсан. Өөрөөр бол, АТГ-ынхан С.Ганбаатарын туслахуудынхаа нэр дээр нуусан хууль бус хөрөнгийнх нь халуун мөрөөр орсон гэх мэдээлэл бий. Бас саяхан УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “С.Ганбаатар их хэмжээний авлига аваад, туслахынхаа нэр дээр нуусан” гэж жиргэсэн. Нэгэн цагт нэг намд, нэг хүнд хамтдаа хүчин зүтгэж байсны хувьд авлигын мөнгөө нуудаг арга барилыг нь гадарладаг байх бүрэн боломжтой. Ямартай ч туслахууд нь хэр ам бөхтэй байхаас, хууль бус хөрөнгүүдээ хэр сайн нууснаас хамаарч С.Ганбаатар АТГ-ынханд ачигдах эсэх нь тодорхой болно гэсэн үг.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар авлига, хулгайн хууль бус хөрөнгүүдээ туслахуудынхаа нэр дээр хэрхэн нуудгийг нэгэн жишээгээр дэлгэж байна.
ГЭНЭТИЙН НЭГЖЛЭГТ САНДАРСАНДАА ТУУЛЫН ЭРЭГТ НУУСАН ХӨРӨНГӨӨ АМ АЛДСАН НЬ
Өнгөрсөн зургадугаар сарын 24-нд АТГ-ын мөрдөгчид БЗД-ийн 11-р хороо, Баянзүрхийн товчооны гүүрний зүүн талд, Туул голын эрэгт тулгаж барьсан дөрвөн хаус бүхий том хашаанд нэгжлэг хийхээр очсон. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар яаруу сандруу АТГ-ын мөрдөгчидтэй яг зэрэгцэж “хэргийн газар”-т очсон. Ингээд мөрдөгчдийн нэгжлэг эхлэхтэй зэрэгцээд С.Ганбаатар өөрийн фейсбүүк хуудсаараа бүтэн цагийн лайв хийсэн. Эхэндээ С.Ганбаатар “Миний хуурай дүүгийн гэр байгаа юм. Хүлэмж ажиллуулдаг. Би салхинд гарах гэж энд ирдэг юм. Бичиг баримтыг нь шалгасан ч болно. Өөрөө хотын төвөөс ирж яваа гэсэн” гэж ярьсан. Явцын дунд АТГ-ын мөрдөгчдийн нэгжлэг хийж буй хашаа, хаусууд өөрийнх нь гэдгийг ам алдсан.
Тухайлбал,
1. С.Ганбаатар лайвынхаа дундуур мөрдөгчидтэй хэрэлдэж байх зуураа “Манайхыг шалгаач. Манай хажууд байгаа айлыг нэгждэг нь яаж байна юм” гэж бухимдсан.
2. Мөрдөгчид С.Ганбаатарыг нэгжлэг дуустал гадаа хүлээж байхыг шаардсан. Ингээд С.Ганбаатар гадаа зогсож байхдаа хашааны буланд уяатай дөрвөн нохойны хажууд очсон. Улмаар “Зүгээр зогсож байхаар хайртай амьтдаа харуулъя. Би дөрвөн нохойтой. Эднийг маань Хүдэр, Банхар, Сек, Бүк гэдэг юм. Үнэтэй үүлдрийн нохойнууд биш ээ. Хоёрыг нь өнчин гөлөг байхад нь Зурагтын эцсээс олж авч тэжээсэн. Хоёрыг нь Баянхонгор аймгийнхаа Өлзийт суманд явж байгаад олж авсан. Бас л өнчин. Одоо ийм том болцгоосон. Би нохойнд хайртай гэж жигтэйхэн” гэж ярьсан.
3. Үргэлжлүүлэн, С.Ганбаатар “Энд 1200 гаруй мод байгаа. Гэр бүлээрээ мод тарьдаг. Энэ модыг гурван жилийн өмнө тарьсан юм. Энийг өнгөрсөн жил тарьсан. Энэ хүүгийн минь дуртай жимсний мод байгаа юм. Энэ мод маань жаахан хатчихаж, усла гэж хэлье даа” гэх зэргээр танилцуулга хийсэн.
4. Дараа нь С.Ганбаатар “Миний хүлэмжнүүд энд байна. Гурван хүлэмжтэй. Голын хүлэмжинд нь энэ жил нэгэнд нь ногоо тарьж чадаагүй. Нөгөө хоёрт нь ногоо тарьсан. Дотор нь орж үзүүлмээр байгаа ч хэтэрхий халуун байгаа” гэж ярьсан.
Нэгтгэвэл, С.Ганбаатар эхэндээ “Манай хуурай дүүгийнх” гэж байсан ч сүүлд нь “Манай хажууд байгаа айл” гэж ам алдсан. Хэрвээ С.Ганбаатар тухайн дөрвөн хаусны нэгэнд түр амьдарч байсан бол хашаа, хауснуудын эзнийг “Манай хажууд байгаа айл” гэхгүй, эрхгүй. Бас “Би салхинд гарах гэж энд ирдэг” гэсэн ч “Миний гөлөгнөөс нь тэжээсэн дөрвөн нохой энэ байна”, “Миний тарьсан 1200 мод энэ байна”, “Миний хүлэмжнүүд энэ байна” гэж ам алдсан. Хар ухаанаар бодсон ч С.Ганбаатар хүний хашаанд хаус барьж, хүний хашаанд дөрвөн нохойгоо тэжээж, хүний хашаанд 1200 мод тарьж, хүний хашаанд гурван хүлэмж ногоо тарих уу. Мэдээж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХОМ-тээ хаус байтугай хашаа байшин ч байхгүй гэж мэдүүлдэг. Тэгэхээр энэ хашаа, хаусууд нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байдаг, гэхдээ жинхэнэ эзэн нь С.Ганбаатар гэдэг дүр зураг гарч ирж байгаа юм.
ТУУЛЫН ЭРЭГ ДЭЭРХ ДӨРВӨН ХАУС БҮХИЙ 1.0 ГА ГАЗАР НЬ С.ГАНБААТАРЫН ТУСЛАХ С.ЗОРИГТБААТАРЫН НЭР ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ БАЙДАГ
БЗД-ийн 11-р хороо, Баянзүрхийн товчооны гүүрний зүүн талд, Туул голын эрэг дээрх дөрвөн хаус бүхий 1.0 га газартай энэ хашаа нь “Органик ков” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. “Органик ков” ХХК-ийн эзэмшилд энэ 1.0 га газраас гадна, Төв аймгийн Жаргалант суманд 10 га газар, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 34 га газар тус тус бүртгэлтэй байдаг. Харин “Органик ков” ХХК-ийг Сүхбатын Зоригтбаатар, Нацагдоржийн Наранбаяр хоёр эзэмшдэг.
.PNG)
Хамгийн гол нь, “Органик ков” ХХК-ийг эзэмшигч С.Зоригтбаатар, Н.Наранбаяр хоёр нь 20-иод жил С.Ганбаатарын туслах, зөвлөхөөр доор нь ажиллаж байгаа дүү нар нь. Тухайлбал, С.Зоригтбаатар нь Баянхонгорын уугуул буюу С.Ганбаатарын нутгийн дүү нь. Тиймдээ ч С.Ганбаатарыг 2005 онд Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн болсон үеэс туслахаар нь ажиллаж эхэлсэн. 2011 онд МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар туслах С.Зоригтбаатарынхаа нэр дээр Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2014 онд С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намын нэрийг ХҮН болгон өөрчилж, намын даргаар нь туслах С.Зоригтбаатарынхаа нэрийг бүртгүүлж байсан. 2012-2016 онд С.Зоригтбаатар С.Ганбаатарын туслахаас зөвлөх нь болж дэвшсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Ганбаатарын менежерээр ажилласан. 2018 онд С.Зоригтбаатар С.Ганбаатарын даалгавраар “Ард Аюуш Ардын заргын товчоо” ТББ-ыг байгуулж, Баянхонгор аймгийн малчдыг Улаанбаатар хотод автобусаар авчран хэвлэлийн хурал хийлгэж, Баянхонгор аймагт уул уурхайн лицензтэй “Централ эшиа майнинг” ХХК, “Эрдэнэ Монгол” ХХК-иудыг шантаажилдаг болсон. 2020 оноос хойш С.Ганбаатарын Ажлын албаны дарга, бие төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар С.Ганбаатарыг сонгуулийн штабыг удирдсан.
Цаашилбал, С.Зоригтбаатар С.Ганбаатартай “Боловсролын стандарт үнэлгээний төв” ТББ-ыг 2011 онд байгуулсан.
С.Зоригтбаатар, Н.Наранбаяр хоёр 2013 онд С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг, төрсөн дүү С.Гантуяа, үеэл дүү С.Эрдэнэцогт гуравтай “Хөдөлмөрийн үндэсний сан”-г байгуулсан.
С.Зоригтбаатар, Н.Наранбаяр хоёр С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг, төрсөн дүү С.Гантуяа, үеэл дүү С.Эрдэнэцогт гуравтай “Хараа ротари клуб” ТББ-ыг 2013 онд байгуулсан.
С.Зоригтбаатар, Н.Наранбаяр хоёр С.Ганбаатарын үеэл дүү С.Эрдэнэцогттой “Монгол хүний төлөө иргэний хөдөлгөөн” ТББ-ыг 2014 онд байгуулж байсан.
С.Зоригтбаатар С.Ганбаатар, эхнэр Б.Тунгалаг хоёртой “Улс төр манлайллын хүрээлэн”-г 2014 онд байгуулсан.
С.Зоригтбаатар С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Монгол эко агро ферм” ХХК-ийг 2022 онд байгуулсан.
Дээрх баримтаас, С.Зоригтбаатар, Н.Наранбаяр хоёр 20-иод жил С.Ганбаатарын хажуунаас холдоогүй, С.Ганбаатарын эхнэр, төрсөн дүү, үеэл дүү нартай нь олон тооны ТББ, ХХК хамтран эзэмшдэг шадар туслахууд гэдэг хангалттай нотлогдож байгаа юм. Тэгэхээр С.Зоригтбаатар, Н.Наранбаяр хоёрын “Органик ков” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрхийн товчооны гүүрний зүүн талд, Туул голын эрэг дээрх 1.0 га газар, дөрвөн хаусны жинхэнэ эзэн С.Ганбаатарынх байж болзошгүй ажээ.
АРД ТҮМЭНД, АТГ-Т ХУВХАЙ ХООСОН ГЭЖ ТАЙЛАГНАДАГ С.ГАНБААТАР ХУУЛЬ БУС ХӨРӨНГҮҮДЭЭ ТУСЛАХУУДЫНХАА НЭР ДЭЭР НУУДАГ БАЙВ УУ |
|