• Өнөөдөр 2025-08-28

С.ГАНБААТАРЫГ АВЛИГАД АМТШУУЛСАН АНХНЫ ЛУЙВАР БУЮУ 1.3 ГА ГАЗРЫН ХЭРЭГ

2025-08-28,   182

        Хөөрхий, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 13-р хорооллын есөн давхар угсармалд умгархан ганц өрөө байртай. Байрныхаа буланд зуух тавиад, цонхоороо яндан гарчихна. Хуучны байр өвөлдөө хүйтэн тул нүүрс түлж хүүхдүүдээ дулаацуулна. Хэдий УИХ-ын гишүүн болсон ч сарын сая гаруйхан төгрөгийн цалинтай тул шинэ байр авч хүчирдэггүй, тэгээд ч гал голомтоо бадраасан ганц өрөө байрнаасаа нүүх дургүй. Одоогоос есөн жилийн өмнө, 2016 оны хавар “Танайд хоноё” нэвтрүүлгээр С.Ганбаатар ганц өрөө байранд чихцэлдсэн гэр бүлийнхээ энэ “хүндхэн” амьдралыг олонд толилуулж, олон түмэн ч түүний шуналгүйг нь шагшиж, ямар ядруухан амьдардгийг нь гайцахгаасан билээ. “Оюу толгой”-той олон жил тэмцсэнийг нь үнэлж, улсаас ядаж хоёр өрөө байр түүнд үнэгүй өг гэж шаардах хүмүүс ч байлаа. Хандивын аян өрнүүлэх санаачилга ч гаргаж байсан санагдана. 
 
Гэвч одоо бол С.Ганбаатар төрийн ордны түшээд дотроо оффис, орон сууцныхаа тоогоор толгой цохино. Хэдэн арван хотхон, хороолол барьсан “Хурд”-ын Б.Чойжилсүрэн, “Оргил”-ын Ж.Ганбаатар тэргүүтнүүд ч эзэмшдэг оффис, орон сууцныхаа тоогоор С.Ганбаатарт хавьтахгүй л болов уу. Эхнэр Б.Тунгалахынхаа 29 компанийг 10 гаруй жил ард түмнээс ч, АТГ-аас ч нууж чадсан шигээ олон тооны оффис, орон сууцнуудаа ч тун чадварлаг нуудаг гэх. Тэгвэл С.Ганбаатарын орлогын үүдийг анх нээж, олон тооны оффис, орон сууцтай болгосон маш ноцтой нэг хэрэг бий. Тэр энэ хэргийг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнөхөн үйлдсэн бөгөөд өдий хүртэл 13 жил тас нууж иржээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ГАНБААТАР ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДТЭЙГЭЭ ХУЙВАЛДАЖ, МҮЭХ-НЫ 1.3 ГА ГАЗРЫГ ЗАВШСАН СХЕМ

        УИХ-ын гишүүн С.Ганбаатар Замын цагдаагийн газрын зүүн талд байсан МҮЭХ-ны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн 1.3 га газрыг “МДТоф” ХХК-д өгч үрэн таран хийсэн асуудал олон жил хэвлэлээр бичигдэж, олон нийт эчнээ мэддэг болсон. Гэхдээ олон нийтэд “МДТоф” ХХК-ийн нэр л илчлэгдсэн болохоос биш, гол гүйцэтгэгч “Эм Эл И Эн Жи” ХХК-ийн тухай огт мэдээгүй. Гэтэл бүхэл бүтэн 13 жил илрээгүй энэхүү 1.3 га газрын наймааны гол зангилаа нь “Эм Эл И Эн Жи” ХХК-д байжээ. Одоо баримтыг нь дэлгэе. 
 
С.Ганбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч байсан яг тэр хугацаанд буюу 2007-2012 онд МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Лувсандоржийн Цогбадрах гэж хүн бий. С.Ганбаатар, Л.Цогбадрах хоёр МҮЭХ-нд хамт ажиллаж эхэлсэн үеэсээ л хань, хүүхдүүдийнхээ халаасыг холбосон. Жишээ нь, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг, Л.Цогбадрахын хүү Ц.Ууганбадрах хоёр 2010 оноос “Дархан урган наран зүг” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Тэгээд болоогүй, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь өөрөө 20 гаруй компанитай мөртлөө өнгөрсөн хугацаанд Л.Цогбадрахын эзэмшлийн “Ус био инженеринг” ХХК-ийн нэр дээрээс Нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн. С.Ганбаатар, Л.Цогбадрах хоёр хэр дотно болохыг нотлоход энэ хоёр жишээ хангалттай биз. 
       Тэгвэл 2012 оны хоёрдугаар сарын 16-нд МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатарын даалгавраар Л.Цогбадрах нь Мэндцоогийн Мэндбаяр гэгчтэй “Мөнх-Илдэч” ХХК-ийг хамтран байгуулсан. Үүнээс яг сарын дараа буюу 2012 оны гуравдугаар сарын 19-нд МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Цогбадрах хоёр ЗЦГ-ын зүүн талд байрлалтай МҮЭХ-ы харьяа Тээврийн үйлчилгээний төвийн 1.3 га газрыг худалдахаар “МДтоф” ХХК болон “Эм эл И Эн Жи” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулсан байдаг. Энэ гэрээнд С.Ганбаатар, Л.Цогбадрах хоёрыг төлөөлж МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан. 
       Хамгийн ноцтой нь, СБД-ийн 1-р хороо, Сэлбэ голын хөвөө, хотын “А” зэрэглэлд байрлах МҮЭХ-ны 1.3 га газрыг нь авсан “МДТоф” ХХК-ийг Цэдэнноровын Энхцогт гэгч эзэмэшдэг. Харин “Эм Эл И Эн Жи” ХХК-ийг Мэндцоогийн Мэндбаяр, Цэдэнноровын Наранбаатар хоёр хамтран эзэмшдэг. Мэндцоогийн Мэндбаяр нь дээр дурдсанчлан Л.Цогбадрахтай “Мөнх-Илдэч” ХХК-ийг хамтран эзэмшдэг хамаарал бүхий этгээд нь. Харин Цэдэнноровын Наранбаатар нь “МДТоф” ХХК-ийн эзэн Ц.Энхцогтын төрсөн дүү. Схемчилбэл, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар нь Л.Цогбадрахтай гэр бүлийн хамтарсан компанитай хамаарал бүхий этгээдүүд. Харин Л.Цогбадрах нь М.Мэндбаяртай хамтарсан компанитай хамаарал бүхий этгээдүүд. Харин М.Мэндбаяр нь Ц.Наранбаатар, Ц.Энхцогт гэх төрсөн ах дүү хоёртой хамтарсан компанитай хамаарал бүхий этгээдүүд. Тэгэхээр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Цогбадрах, “МДТоф” ХХК-ийн эзэн Ц.Энхцогт, “Эм Эл И Эн Жи” ХХК-ийн эзэн М.Мэндбаяр, Ц.Наранбаатар тав хоорондоо шууд холбогддог хамаарал бүхий этгээдүүд гэсэн үг. Үүгээр, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Цогбадрах хоёр МҮЭХ-ны 1.3 га газрыг хамаарал бүхий этгээдүүд болох М.Мэндбаяр, Ц.Энхцогт, Ц.Наранбаатар гуравт хуйвалдаанаар, хууль бусаар өгсөн гэдэг нь нотлогдож байгаа юм. 
       Дээрх гэрээгээр “МДтоф” ХХК, “Эм Эл И Эн Жи” ХХК-ийнхан МҮЭХ-ын 1.3 га газрыг авсныхаа төлбөрт 12 давхар зочид буудал болон 180 айлын орон сууц өгөхөөр тохиролцсон гэх. Энэ бол хотын “А” зэрэглэлд байрлалтай 1.3 га газарт хэтэрхий багадсан, хариугүй өчүүхэн төлбөр гэдгийг дурдах нь зүйтэй. Гол нь, энэ 1.3 га газрын хуйвалдаанд С.Ганбаатар өөрөө ахиу хувь хүртэл тохиролцоо хийж чадсан учраас МҮЭХ-ны эгэл жирийн гишүүдэд очих хувийг огт бодолцоогүй хэрэг л дээ. 
 
Ингээд эхлээд 2014 онд “МДтоф” ХХК, “Эм Эл И Эн Жи” ХХК-ийнхан өнөөх 1.3 га газрынхаа талд нь буюу 6078м2 газар дээр хоёр блок 16 давхар, 600 айлын “Үйлдвэрчин” хотхоныг барьж, уг хотхоноосоо 180 айлын орон сууцыг МҮЭХ-нд хүлээлгэж өгсөн. Энэхүү 180 айлын орон сууцыг МҮЭХ-нд гишүүнчлэлтэй залуу гэр бүл, ахмадуудад хямралтай үнээр худалдсан гэж бүртгээд МҮЭХ-ны данснаас хассан. Сүүлд нь тулгалт хийж үзэхэд 40 айлын орон сууцыг нь хэн авсан нь тодорхойгүй сох дутсан. Эрэл сурал болсныхоо эцэст “алга болсон” 40 орон сууцнаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар лавтай 15 орон сууцыг хувьдаа авсан нь батлагдсан гэдэг. Өөрөөр бол, С.Ганбаатар, Л.Цогбадрах хоёр М.Мэндбаяр, Ц.Энхцогт, Ц.Наранбаатар гуравтай хуйвалдаж МҮЭХ-ны 1.3 га газрыг өгснийхөө хувь, бас шагналыг ийнхүү орон сууцаар авсан гэсэн үг. “Алга болсон” 40 орон сууцнаас хуйвалдааныг зохион байгуулсан С.Ганбаатар өөрөө 15 орон сууц авсан бол хуйвалдааныг гардан гүйцэтгэсэн Л.Цогбадрах хэдийг нь, С.Ганбаатарын төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат хоёр хэдийг нь авсныг АТГ өдгөө шалгаж буй гэх. 
Дараа нь, 2016 онд “МДтоф” ХХК, “Эм Эл И Эн Жи” ХХК-ийнхан 471м2 газар дээр 12 давхар “Альфа” зочид буудлыг барьж МҮЭХ-д хүлээлгэж өгсөн. Тэгмэгц нь С.Ганбаатар өөрийн дагуул Н.Энхманлай гэгчийг “Альфа” зочид буудлыг захирлаар томилж, одоог хүртэл есөн жил захирлаар нь ажиллуулж байгаа. МҮЭХ-ны харьяа “Альфа” зочид буудалд С.Ганбаатар, түүний гэр бүлийнхэн ихэс дээдэс шиг л тухалцгаадаг гэх.  Өөрөөр бол, С.Ганбааатарын амины зочид буудлаас өөрцгүй. 
      Сүүлд нь, “МДтоф” ХХК, “Эм Эл И Эн Жи” ХХК-ийнхан өнөөх 1.3 га газрынхаа үлдсэн талд нь буюу 6936м2 газарт 17 давхар, 55 мянган м2 талбайтай гурван корпус бүхий “Union building” гэх оффисын нүсэр байгуулажийг барьсан. Энэ “Union building” барилгад өдгөө С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь хэд хэдэн оффистой. Өөрөөр бол, С.Ганбаатар 1.3 га газрыг гол гаргасан хуйвалдааныхаа тохироонд зөвхөн орон сууц аваад зогсоогүй, оффис ч авсан гэсэн үг. 
 
Энэхүү МҮЭХ-ны 1.3 га газрын наймаанд хэн хожсон бэ гэдгийг нэтгэж харах ёстой. С.Ганбаатарын тухайд, “Үйлдвэрчин” хотхоноос 15 орон сууцтай, “Union building” барилгад хэд хэдэн оффистой, амины шахуу “Альфа” зочид буудалтай болж үлдсэн. Мөн хуйвалдаанд оролцсон С.Ганбаатарын цэргүүд болох Л.Цогбадрах, Х.Сүхбаатар, С.Эрдэнэбат нар ч чамлахааргүй хувь хүртэж, орон сууц, оффистой болцгоосон. Харин “МДтоф” ХХК, “Эм Эл И Эн Жи” ХХК-ийнхны хувьд, 600 айлын “Үйлдвэрчин” хотхоноосоо 180-г нь МҮЭХ-нд өгөөд, үлдсэнийг нь өөрсдөө худалдаж хэдэн тэрбумын ашиг олсон. Гол нь, тэд хотын “А” зэрэглэлд 17 давхар “Union building” оффисын барилгатай болж, түүнийгээ гадаад, дотоодын компаниудад өндөр үнээр түрээсэлж, борлуулж, мөнгийг ёстой тэрбум тэрбумаар нь цүнхэлж байгаа. Харин МҮЭХ-ны жирийн гишүүдийн хувьд ердөө 100 гаруйхан орон сууцтай л хоцорсон нь энэ юм. 
 
 
 

С.ГАНБААТАРЫГ АВЛИГАД АМТШУУЛСАН АНХНЫ ЛУЙВАР БУЮУ 1.3 ГА ГАЗРЫН ХЭРЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188