• Өнөөдөр 2026-06-24

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ

2026-06-24,   32

      Түшээ болж, төрийн ордонд заларснаасаа хойш Б.Чойжилсүрэн тендерээр ч, тендергүйгээр ч төсвийн мөнгөнд гар дүрсээр ирсэн. Жишээ нь, хэдхэн жилийн өмнө Монголбанкны 16 давхар төв оффисын барилгын 43.6 тэрбумын ажлыг “Хурд групп” ХХК-аараа тендергүйгээр авчихаж байлаа. Тендерээр гэвэл, түүний “Хурд авто” ХХК нь төсвийн тендерийн эрлэг гэж хэлж болно. Онцгой байдал, гааль, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, түргэн тусламж, цагдаа нар гээд бүгд Б.Чойжилсүрэнгийн тендерээр нийлүүлсэн автомашинуудыг унаж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд, 2020 онд Б.Чойжилсүрэн улсын хэмжээнд 5.7 тэрбум төгрөгөөр түргэн тусламжийн автомашин нийлүүлж байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тендерийн замналыг хүргэн Д.Галмандах нь залгамжлахаар гарч ирж буй бололтой. 
 
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэдэн жилийн өмнө охин Ч.Заяагаа хадамд гаргаж, Д.Галмандах гэх хүргэнтэй болж, хөлгүй найр хийсэн. Худ нь Архангай аймгийн уугуул, Улсын начин, Алдарт уяач, “Дуут”-ын халуун рашааны эзэн Д.Дашцэрэн гэж хүн бий. Худ Д.Дашцэрэн нь ч Б.Чойжилсүрэнг дагаж барилгын салбарт түрж орж ирж яваа. Жишээ нь, Д.Дашцэрэн Эрчим хүчний дэд сайд асан, одоогийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайтай хамтраад “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойно байх “Техник спортын төв”-ийн газраас хумслаад “Дэлгэрэх” нэртэй хотхон бариад худалдчихсан. Харин эхнэр Б.Баясгалан нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад 2016 оноос хойш сүүлийн 10 жил ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн Дэд захирал, харьяа Удирдахуйн ухааны сургуулийн захирлаар ажиллаж буй. Төрд Удирдлагын академи төгсөөгүй дарга бараг үгүй гэхээр Б.Баясгалан бүгдийнх нь захирал гэсэн үг л дээ. 
 
       УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хүргэн Д.Галмандах нь 2020 оноос бизнест хөл тавьж, өдгөө хувьдаа найман компанитай болчихоод буй. Жишээ нь, Д.Галмандах 2020 онд байгуулсан “Оргиник фрэш гросэри” ХХК-иараа хадам аав Б.Чойжилсүрэнгийнхээ барьсан хотхон, хороолол бүрд “Oresh Supermarket” нэртэй сүлжээ дэлгүүр ажиллуулдаг. Хадам аав Б.Чойжилсүрэн нь хаана хотхон барина, тэнд Д.Галмандах “Oresh Supermarket” сүлжээ дэлгүүрээ нээдэг гэсэн үг л дээ. 
Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн хүргэн Д.Галмандахын “Жи Эм Зэт Солюшн” ХХК нь төрийн тендер тоншоод эхэлчихжээ. Тодруулбал, Д.Галмандахын “Жи Эм Зэт Солюшн” ХХК нь ОБЕГ-аас зарласан СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн авто тавиуланг өргөтгөх 264 сая төгрөгийн тендерт шалгарчээ. Тэндээсээ амтшиж, тендерийн дүнгээ ахиулаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Хайгуулын өрмийн төхөөрөмжийн 3.5 тэрбум төгрөгийн тендерт оролцсон ч 10 жилийн туршлагатай, 100 гаруй тендерийн түүхтэй том компанид ялтачгүй ялагджээ. 
 
        Сонирхуулахад, Б.Чойжилсүрэн Төв банкны төв оффисын 16 давхар барилгыг 43.6 тэрбумаар барих үед Төв банкны Ерөнхийлөгч нь Увсын уугуул Н.Баяртсайхан байлаа. Мөн Б.Чойжилсүрэнгийн туслан гүйцэтгэгч нар нь ХЗДХЯ-ны төв байр, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны төв байр, Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сан, Спорт цогцолбор зэргийн 34 орчим тэрбумаар барих үед ХЗДХ-ийн сайд Увсын уугуул Ц.Нямдорж байлаа. Гэтэл Б.Чойжилсүрэнгийн хүргэн Д.Галмандах онцгой байдлын албанаас тендер тоншиж эхэлтэл ОБЕГ-ын дарга нь Увсын уугуул Г.Ариунбуян байж таарав. ОБЕГ-ын өмнөх дарга нь Увсын уугуул Т.Бадрал байсан. Тэр үед Б.Чойжилсүрэн “Хурд авто” ХХК-аараа ОБЕГ-т автомашин нийлүүлдэг байлаа. Сонирхолтой байгаа биз. 
 
Товчхондоо, Төрийн түшээгээр таван удаа сонгогдож, энэ зууртаа том тендерүүд хамж явсан Б.Чойжилсүрэнг залгамжлан хүргэн Д.Галмандах нь төсвийн тендерүүдийг тоншоод эхэллээ. Тун удахгүй тендерүүдийнх нь дүн хэдэн арван тэрбумаар яригдаж эхлэх биз ээ. 
 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188