• Өнөөдөр 2026-06-03

ГУРВАН НАСТАЙ ОХИН УНАЖ НАС БАРСАН 30 МЕТР ЦООНОГИЙГ ЭЗЭМШИГЧ “РЭДВУЛКАН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.МӨНХСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ

2026-06-03,   113

         Гурван настай охин уурхайн цооногт амиа алдаж, гурав хоног улсаараа шуугиад мартацгаав. Хий л халаглацгааснаас биш, хэн ч хариуцлага хүлээсэнгүй, харанхуй цооногт унасан хөөрхий охины хохь болж үлдлээ. Зүй нь, Заамарын хөндийд зуу, зуун онгорхой цооног хүүхэд “залгихад” бэлэн он жил элээж буйг мэдээгүй Засгийн газар, ухсан нүх бүрээ булахыг уул уурхайн компаниудаас шаардах ёстой байсан Байгаль орчны сайд, онцгойгийнхон нь ослын газарт таллаж тайрсан канистртай тэвдэж байхад хилийн чанадад халаасандаа гараа шаачихсан хэнхэлзэж зогссон Шадар сайд гээд бүгдээс нь хариуцлага нэхэх ёстой юм. 
 
Тэр тусмаа, хүүхэд унахыг нь хүлээсэн юм шиг ухсан цооногоо дарж бөглөлгүй дөрвөн жил онгорхой хаясан “Рэдвулкан” ХХК-аас хариуцлага нэхэх ёстой. Ядаж л тэд 30 метр цооногийн гүнд гурван цаг тамираа тасартал уйлж, гурав хоног тэмцэж тарчилсаар амиа алдсан гуравхан настай тэр бяцхан охиноос, түүний хойноос гашуудсан түмэн олноос уучлал ч гуйсангүй.  Тэгвэл ухсан цооногт хүүхэд эндэж, улс даяараа халаглан гашуудаж байхад уучлал ч гуйдаггүй “Рэдвулкан” ХХК-ийн эзэд чухам хэн бэ. 

ЗААМАРЫН АР НАЙМГАНЫ АЛТНЫ ОРДЫГ ЗАЛГАМЖЛАГЧИД

       Гурван настай охин унаж нас барсан уурхайн цооног буюу Төв аймгийн Заамар сумын нутагт орших Ар наймганы алтны ордын доод хэсгийн MV-015479 дугаартай ашиглалтын лицензийг “Рэдвулкан” ХХК эзэмшдэг. Харин “Рэдвулкан” ХХК-ийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирлаар нь Лхагвасүрэнгийн Мөнхсайхан, хамтран эзэмшигчээр нь Эрдэнэбатын Мөнхцэцэг бүртгэлтэй байдаг. 
 
Гэхдээ судлаад үзвэл, “Рэдвулкан” ХХК-ийг хамтран эзэмшигч Л.Мөнхсайхан, Э.Мөнхцэцэг хоёр энэ компанийн ердөө л цаасан дээрх эзэд, харин “Рэдвулкан” ХХК-ийн жинхэнэ нууц эзэд нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг “эрхшээсэн” томчууд байдаг гэх дүр зураг харагдаж байна.  
 
Тодруулбал, “Рэдвулкан” ХХК-ийг эзэмшигч Л.Мөнхсайханы ээж Д.Өлзийжаргалын төрсөн дүү буюу нагац ах нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, Улсын алдарт уяач Д.Отгонлхагва гэж хүн бий. Харин “Рэдвулкан” ХХК-ийг хамтран эзэмшигч Э.Мөнхцэцэгийн нөхөр Г.Бат-Оршихийн төрсөн ах нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Улсын манлай уяач Г.Батболд гэж хүн бий. Улсын алдарт уяач Д.Отгонлхагва нь “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч, харин Улсын манлай уяач Г.Батболд нь “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн. Ингэхдээ Д.Отгонлхагва, Г.Батболд хоёр “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-иараа 2013 оноос хойш Төв аймгийн Заамар сумын нутагт орших Ар наймганы алтны ордын дунд хэсгийн MV-005028 дугаартай ашиглалтын лицензтэй талбайг ухаж, уяач болтлоо хөлжсөн. Улмаар Д.Отгонлхагва, Г.Батболд хоёр 2020 оноос “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гүйцэтгэдэг болж томорсон. Тэгмэгц нь 2021 оноос Д.Отгонлхагвын дүү Л.Мөнхсайхан, Г.Батболдын бэр Э.Мөнхцэцэг хоёр “Рэдвулкан” ХХК-иараа Ар наймганы алтны ордын дээд, доод хэсгийг үргэлжлүүлэн ухаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Т Д.Отгонлхагва, Г.Батболд хоёр “Эрдэнэс тавантолгой” ХК руу явахдаа Заамарын Ар наймганы алтны ордоо Л.Мөнхсайхан, Э.Мөнхцэцэг хоёрт залгамжлуулж үлдээсэн гэсэн үг. 
 
        Цаашилбал, “Рэдвулкан” ХХК-ийг эзэмшигч Л.Мөнхсайхан нь “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэн, нагац ах Д.Отгонлхагваасаа зөвхөн Заамарын Ар наймганы ордыг залгамжилж аваад зогсоогүй. Тодруулбал, “Рэдвулкан” ХХК-ийг эзэмшигч Л.Мөнхсайхан нь 2023 онд нагац ах Т.Отгонлхагвынхаа “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн охин компани болох “Монголиан ийстрн пауэрплант” ХХК-ийн гүйцэтгэх захирал болж, Дорнод аймгийн Баянтүмэн суманд хайгуулын лиценз авчихсан. Тэгээд болоогүй, 2024 онд нагац ах Д.Отгонлхагва нь өөрийн "ПЛ майнинг" ХХК-ийн эзэмшилд байсан Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших MV-021914, MV-0021915 дугаартай Доргонот, Улаан ухаа гэх алтны ордын ашиглалтын лицензүүдийг Л.Мөнхсайханы нэр дээрх "Баялаг сүрлэг" ХХК-ийн эзэмшилд шилжүүлжээ. 
 
Мөн Л.Мөнхсайханы төрсөн дүү Л.Мөнхболд нь Д.Отгонлхагвын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батболдтой 2025 онд “Хэнсүл петролиум” ХХК-ийг, 2026 онд “Хэнсүл констракшн” ХХК-ийг тус тус хамтран эзэмшдэг болсон. Компаниудынх нь нэрнээс харвал, Л.Мөнхболд, Г.Батболд хоёр шатахуун болон барилгын салбар руу орох гэж байгаа гэсэн үг. 
 
Энэ мэтээр хөөвөл, гурван настай охин унаж нас барсан уурхайн цооногийг эзэмшигч “Рэдвулкан” ХХК-ийн эзэд нь цаасан дээр Л.Мөнхсайхан, Э.Мөнхцэцэг хоёр боловч, бодит байдал дээр Д.Отгонлхагва, Г.Батболд хоёр гэж харагдаж байгаа юм. 

АЛДАРЧ УЯАЧ Д.ОТГОНЛХАГВА, МАНЛАЙ УЯАЧ Г.БАТБОЛД ХОЁРЫН “МОНГОЛ МАЙНИНГ ЭНД ЭКСПЛОРЭЙШН” ХХК НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ 2.0  ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ ХИЙСЭН

        “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэн Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг сумынх. Гол нь, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг 2004 онд Хөвсгөлд “Дэлтэй цэнхэр” уяачдын холбоог байгуулж, 2022 он хүртэл тэргүүнээр нь ажиллах хугацаанд Д.Отгонлхагва “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-иараа ивээн тэтгэдэг байсан. Тиймдээ ч 2022 онд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооныхоо тэргүүний суудлаа Д.Отгонлхагвын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батболдод залгамжуулсан байлаа. Цаашилбал, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэн Д.Отгонлхагва нь УИХ-ын гишүүн асан, “Молекул” хочит Б.Батбаярын хүү Б.Батбилэг, Б.Батхишигтэй “Энх мөнх транс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Товчхондоо, Д.Отгонлхагва нь морь уяж, алт ухахаас гадна улс төрд ч нөлөөтэй нэгэн гэдэг нь харагдаж буй. 
 
Хамгийн гол нь, Д.Отгонлхагвын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь 2020 оны наймдугаар сард “Таван толгой оператор түншлэл” нэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай Цанхийн баруун уурхайн нүүрс олборлолтыг гүйцэтгэх 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн “Таван толгой оператор түншлэл”-д “Овоот толгой ресурс” ХХК, “Эрдэнэс майнинг оператор” ХХК-иуд хамтарсан. “Овоот толгой ресурс” ХХК нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай, “Эрдэнэс майнинг оператор” ХХК нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед ЕТГ-ын дарга байсан З.Энхболд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга байсан “буурал” хочит А.Гансүх  нартай холбогддог. 
Дараа нь “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь 2023 оны арваннэгдүгээр сард  “Үндэсний оператор түншлэл” нэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалтай Цанхийн баруун уурхайн нүүрс олборлолтыг гүйцэтгэх 645 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн “Үндэсний оператор түншлэл”-д “Голд магнет” ХХК хамтарсан. “Голд магнет” ХХК нь Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай холбогддог.
 
Дахиад “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь 2023 оны арванхоёрдугаар сард “Үндэсний уурхайчид түншлэл” нэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК дахь Бүрэх эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай Цанхийн баруун уурхайн нүүрс олборлолтыг гүйцэтгэх 649 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн “Үндэсний уурхайчид түншлэл”-д “Кэй Эй Майнинг” ХХК, “Голд магнет” ХХК-иуд хамтарсан. “Кэй Эй Майнинг” ХХК нь ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайханы “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн Баянголын уурхайн гүйцэтгэгчээр ажилладаг. 
         Нэгтгэвэл, Д.Отгонлхагва, Г.Батболд хоёр “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-иараа улс төрийн томчуудын хамааралтай компаниудтай хамтраад “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нийт 2.0 их наяд төгрөгийн гэрээ байгуулчихсан байна. Эндээс харвал, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2.0 их наяд төгрөгийн гэрээ хийх нөлөөтэй, улс төрийн томчуудтай ойр Д.Отгонлхагва, Г.Батболд хоёр дүү Л.Мөнхсайхан, бэр Э.Мөнхцэцэг хоёрынхоо “Рэдвулкан” ХХК-ийг гурван насны охины хэргийн хариуцлагаас хөнгөхөн мулталж болзошгүй харагдаж байна. 
 

ГУРВАН НАСТАЙ ОХИН УНАЖ НАС БАРСАН 30 МЕТР ЦООНОГИЙГ ЭЗЭМШИГЧ “РЭДВУЛКАН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.МӨНХСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188