• Өнөөдөр 2026-05-28

Х.НЯМБААТАРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОЖ, ХУВИЙН ХОТХОНЫГ НЬ БАРЬСАН М.БОЛДСҮХ ЭНЭ ХАВАР НИЙСЛЭЛЭЭС 17.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

2026-05-28,   162

       Хотын дарга асан Х.Нямбаатар, түүний тойрон хүрээлэгчид тендерт улайрч, бүр улангасчихсан байсан нь эхнээсээ ил болсоор буй. Жишээ нь, орлогч асан Т.Даваадалай нь Туулын хурдны зам, Шинэ тойрог замын тендерүүдээс  эхнэрийнхээ үеэлийн компаниар 6.6 тэрбум төгрөг унагааж, угаасан хэргээр хоригдчихсон. Туслах асан Б.Сэргэлэнбаатар нь хувийн компаниараа Сэлбэ дэд төвд орон сууц барих 223 тэрбум төгрөгийн тендерийг авчихсан, одоо АТГ-ын хаалга сахиж суугаа. Хууль хяналтынхны хамтарсан баг Х.Нямбаатарын төсөл, тендер нэг бүрийг шалгаж буй учраас АТГ-ын хаалга татах, цаашлаад 461 рүү ачигдах хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх биз. 
 
Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатартай өөртэй нь шууд холбогдох буюу сонгуулийнх нь санхүүжүүлэгч, хувийнх нь хотхоныг барьсан халаас нэгтэй хамтрагч М.Болдсүх гэгч нь нийслэлээс өнгөрсөн онд тендергүйгээр 2.0 тэрбум төгрөг авч, нэмээд энэ онд 17.3 тэрбум төгрөгийн тендер авсан баримтыг дэлгэж байна. 
Х.Нямбаатар, М.Болдсүх хоёрын 10 жил үргэлжилж буй хоршил хамтрал
 
Нэгдүгээрт, СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд СХД-ээсээ анх удаа нэр дэвшсэн. Тэр үед М.Болдсүх нь эхнэр О.Өнөржаргал, хадам дүү О.Нямжаргал, баз хүргэн Х.Лхагвадорж, төрсөн дүү М.Нямдэлгэр, бэр дүү С.Одончимэг нарын хамтаар Х.Нямбаатарын сонгуулийн сурталчилгааных нь мөнгийг бэлдэж өгч байлаа. Өөрөөр бол, М.Болдсүх гэр бүл, ах дүү, хүргэн бэртэйгээ  нийлж байж Х.Нямбаатарыг Төрийн ордны босго анх алхуулсан гэхээр, М.Болдсүх, Х.Нямбаатар хоёр тун ч дотно гэсэн үг. 
 
Хоёрдугаарт, Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн 100 хувь эзэмшдэг "Хамаг монгол групп" ХХ-ийн нэр дээр БГД-ийн 27-р хороо, 10-р хорооллын уулзварын зүүн талд 5828м2 газартай. Энэ газар дээрээ Х.Нямбаатар М.Болдсүхтэй хамтран 2024-2025 онд “Neverland town” гэх хоёр блок, 360 айлын хотхоныг барьж худалдсан. “Neverland town” хотхоны захиалагчаар Х.Нямбаатарын "Хамаг монгол групп" ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр нь М.Болдсүхийн "Дабль пирамид констракшн" ХХК ажилласан. Товчхондоо, Х.Нямбаатар, М.Болдсүх хоёр бүхэл бүтэн 360 айлын хотхон хамтарч бариад худалдчихсан халаас нэгтэй хамтрагчид гэсэн үг. 
 
Халаас нэгтэй хамтрагч М.Болдсүхдээ барьсан Х.Нямбаатарын “бэлэг” 
 
Нэгдүгээрт, Хотын дарга асан Х.Нямбаатар 2025 оны 6-р сард нийслэлийн төсвөөр Төв Гандантэгчэнлин хийдийн гадна талбайг чулуун хавтангаар шинэчилж, мод бутаар тохижуулах ажлыг М.Болдсүхийн "Дабль пирамид констракшн" ХХК-д тендергүйгээр өгсөн. Улмаар Нийслэлийн хот тохижилтийн газрын дансаар дамжуулж М.Болдсүхийн "Дабль пирамид констракшн" ХХК-ийн данс руу 2025 оны 6-р сард 1.4 тэрбум төгрөг, 7-р сард 660 сая төгрөг, нийт 2.0 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. 
 
 
Хоёрдугаарт, Хотын дарга асан Х.Нямбаатар 2026 оны 2-р сард БЗД-ийн 26-р хороо, Дүнжингарав захын эсрэг талын 207-р байрыг шинээр барих 17.3 тэрбум төгрөгийн тендерт М.Болдсүхийн "Дабль пирамид констракшн" ХХК-ийг шалгаруулсан. Уг нь газын дэлбэрэлтэд өртөж шатсан энэхүү 207-р байрыг Х.Нямбаатар нийслэлийн төсвийн 12.3 тэрбум төгрөгөөр шинээр барина гэж нийслэлчүүдэд хандан мэдэгдэж байсан ч төсвийг нь 17.3 тэрбум төгрөг болгон нэмж, улмаар М.Болдсүхийн "Дабль пирамид констракшн" ХХК-ийг шалгаруулсан байгаа юм. 
Бид дараагийн дугаартаа, Х.Нямбаатар, М.Болдсүх хоёрын хоршил хамтрал Сэлбэ дэд төвд орон сууц барих 223 тэрбум төгрөгийн тендер хүртэл үргэлжилж буйг баримтаар дэлгэх болно. 
 

Х.НЯМБААТАРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОЖ, ХУВИЙН ХОТХОНЫГ НЬ БАРЬСАН М.БОЛДСҮХ ЭНЭ ХАВАР НИЙСЛЭЛЭЭС 17.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188