• Өнөөдөр 2025-12-19

ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

2025-12-19,   293

         Ерөнхий сайд Г.Занданшатар засагтаа 16 дэд сайд заллаа. Хэн нь хэн болохыг тоймлон танилцуулж байна. 

 ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ- Хотын дарга асан Д.Сумъяабазарын Ахлах зөвлөхөөр, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнгөрсөн зургадугаар сард Г.Занданшатарыг Ерөнхий сайд болмогц ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдсон. Аав Д.Дэмбэрэлцэрэн нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан. “Сити” их сургуулийг гэр бүлээрээ эзэмшдэг. 

Сангийн дэд сайд Б. Хулан- Завханд төрсөн ч Дарханд өссөн. Өөрөөр бол, Сангийн сайд Б.Жавхлантай нэг нутгийнх. Нөгөө талаас, МАН-ын дарга Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд байх үед Б.Хулан зөвлөхөөр нь ажиллаж байсан. Тэгэхээр Н.Учралын томилгоо гэсэн үг. Нөхөр С.Ган-Эрдэнэ нь “Голомт”-ын Д.Баясгалангийн эхнэр, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Ч.Мөнхцэцэгийн эзэмшдэг “Голомт капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн өөрийнхөө “Девелопинг энтерпренюриал монголиа” ББСБ-ын ТУЗ-ийн даргаар ажилладаг. Сангийн дэд сайд Б.Хулан нь гэр бүлээрээ жилдээ 2.3 тэрбумын орлоготой, 1.4 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, 318 сая төгрөгийн Land cruiser 300 унадаг, 344 сая төгрөгийн авлагатай. 
Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин- Аав Д.Ганбаатар нь ОХУ-ын “Роснефть” компанийн Монгол дахь охин компани болох “Роснефть монголия” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай улс нийт шатахууныхаа 96 хувийг ОХУ-аас, тэр тусмаа “Роснефть” компаниас авдаг. Үе үеийн Ерөнхий сайдууд “Роснефть” компанийг царайчилж ирсэн нь нууц биш. Тиймдээ ч “Роснефть”-ийн Монгол дахь захирал Д.Ганбаатарыг улс төрд ихээхэн нөлөөтэй нэгэн гэлцдэг. Тэгэхээр “Роснефть”-ийн Д.Ганбаатар гэгч нь нөлөөгөө ашиглан 30 хүрээгүй охин Г.Номингоо Эрүүл мэндийн дэд сайдаар томилуулсан байж болзошгүй харагдаж байна. Ээж Ж.Энэбиш нь “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-ийн Ерөнхий менежерээр 2022 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үедээ 1.9 тэрбумын гурван орон сууц, хоёр хаус, Land criuser 200, сайн үүлдрийн 780 хонь, хурдан удмын 35 удаатай, 551 сая төгрөгийн дөрвөн газар, 7.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлдэг байсан. Харин Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин өөрөө 2.3 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, 420 сая төгрөгийн Mercedes Benz G500 жийп, 1.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Сонирхуулахад, Г.Номингийн өвөө О.Доржид 2022 оны наадмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөдөлмөрийн баатар цол хүртээж байв. 
ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн- 2013-2016 онд МАН-ын дарга М.Энхболдын Эдийн засгийн бодлогын зөвлөх байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялж, улмаар М.Энхболд УИХ-ын дарга болмогцоо буюу 2016 оны долдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны даргаар өөрийн зөвлөх С.Даваасүрэнг томилж байв. Ингээд С.Даваасүрэн 2016-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие дааж нэр дэвшээд унасан. 2021 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэд буюу ҮАБЗ-д Ахлах шинжээчээр ажилласан.
 
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин- Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАН-аас сонгогдон ажиллаж байсан. Баянхонгор аймагтаа “Буянт богд трейд” ХХК-аараа таван давхар худалдааны төв ажиллуулдаг. Товчхондоо, Ерөнхий сайд Г.Занданшатарын нутгаасаа авчирсан хүн. 
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн- Өвөрхангайн уугуул бөгөөд нутгийн ах нар болох УИХ-ын гишүүн асан С.Чинзориг, Д.Тогтохсүрэн хоёрыг түшиж ирсэн. Жишээ нь, С.Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. 2020 онд Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болж, бүлгийнхээ Ажлын албаны даргаар С.Далхаасүрэнг тавьж байв. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 27-д бичигдэж нэр дэвшээд унасан.  
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав- Төв аймгийн Баян сумын уугуул бөгөөд УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг  нэр дэвшихэд бүх санхүүжилтийг нь гаргаж, халаасаа сэгсэрсэн гэлцдэг. Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Манлай уяач цолтой. Бизнесийн тухайд,  Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудыг “атгаж”, шоу ертөнцийн хаан шахуу явсан. Жишээ нь, Б.Нямжав Чингэлтэй дүүргийн III хороо, “Peace tower” барилгын 18-р давхарт байрлах “Set club”, Сүхбаатар дүүргийн III хороо, “Seoul plaza” барилгын 11-р давхарт байрлах “Choco Metropolis club” баар, Баянгол дүүргийн XII хороо, 6-р бичил хороололд байрлах “Castle club” гэсэн гурван том баарыг ажиллуулж явсан зартай нөхөр. 
ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням- Шатахууны магнатуудын нэг, “Магнай трейд”-ын эзэн Р.Ганзоригийн хүү. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, МАН-ын дарга Н.Учралтай нэг нутгийнх. Тиймдээ ч Н.Учралыг МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгч байхад Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж байсан. Мөн өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд Н.Учрал Г.Дашнямыг дагуулан Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт хамтдаа нэр дэвшсэн. Гэвч “Магнай трейд”-ийн өв залгамжлагч, “Жи-мобайл”-ын ТУЗ-ийн дарга, “Жет скүүтер”-ийн эзэн гэдгээс бусдаар танигдаагүй Г.Дашням унасан. Гэсэн ч МАН-ын дарга Н.Учрал Г.Дамнямыг чирсээр, ССАЖЗ-ын дэд сайдаар томилуулж, төрд сэтэртэй болголоо. 
 
        Сонирхуулахад, 2018 оны наймдугаар сард Г.Дашням аав Р.Ганзоригтойгоо ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийнханд баривчлагдаж байлаа. Учир нь, “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү хэрэг нь илэрмэгц 16 аймагт салбар ШТС-тай “Жаст ойл” ХХК-ийгаа Р.Ганзоригт өгсөн, харин Р.Ганзориг “Жаст ойл” ХХК-ийг нь хүү Г.Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн гэх асуудлаар ийнхүү баривчилж 48 цаг саатуулаад суллаж байлаа.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин- Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү. 2021 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, “Монцамэ” агентлагийн захирлаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож, 2024 оны долдугаар сард чөлөөлөгдсөн. Хоёр дахь удаагаа Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож буй нь энэ. 
ХББОС-ын дэд сайд С.Энхболд- 2012-2024 онд “Материал импэкс” ХХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан. 2024 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдаар томилогдсон С.Энхболдын 12 жил удирдсан “Материал импэкс” ХХК нь өнгөрсөн есдүгээр сард СХД-ийн 5-р хороо, Ханын материал орчмын 12.6 га газарт 1800 айлын орон сууцны хороолол барих гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ байгуулсан. Өөрөөр бол, С.Энхболд нь ашиг сонирхлын асар зөрчилтэй томилгоо болж байна. 
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир- МАН-ын дарга Н.Учралыг НАМЗХ-ны Ерөнхийлөгч байхад Дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. 2021 оны аравдугаар сард “МИАТ” ТӨХК-ийн захирлаар томилогдсон. Дөрвөн жил ажиллаад, энэ сарын эхээр “МИАТ” ТӨХК-ийн захирлаас чөлөөлөгдсөн. Ажлаа өгөхдөө Б.Мөнхтамир “Дараагийн ажлын санал ирсэн учраас энэ ажлаа өгч байгаа. Би МАН-ын бага хурлын гишүүн. Цаашид улс төрийн карьераа хөөж, намынхаа түвшинд ажилламаар байна” гэж байв. Товчхондоо, МАН-ын дарга Н.Учрал санал тавьсны дагуу Б.Мөнхтамир Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын албан тушаалаас улс төрийн карьераа эхлүүлж байна гэсэн үг. 
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба- Бригадын генерал цолтой. Батлан хамгаалахын их сургуульд Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан. 2020 онд У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулахдаа найз Г.Сайханбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилсон. Харин Г.Сайханбаяр нь яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Д.Баасандамбыг томилж, дэргэдээ авч байв. Улмаар 2021 оноос Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байгаад 2023 оны есдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилогдсон. 
ЗТ-ийн дэд сайд Г.Ганболд- Өвөрхангай аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн ажиллаж байсан. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд Архангай, Өвөрхангай, Баянхонгорын тойрогт нэр дэвшээд унасан. Энэ оны нэгдүгээр сараас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. 
ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо- Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй Харвардыг хамт төгссөн найз нь. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ 2020 ондл ЗГХЭГ-ын дарга байхдаа Б.Солонгоог дэд даргаараа томилж дэргэдээ авсан. Дараа нь ХЗДХ-ийн дэд сайдаар томилон ажиллуулж байв. 
ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү- Анх “АПУ”-гийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал байсан. 2020 оноос МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилогдож ажилласан. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 29-т бичигдэж нэр дэвшээд унасан. Улмаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаад ЦХИХХ-ны Дэд сайдаар томилогдож байна. 
Боловсролын дэд сайд Д.Гантулга- ХҮН намын УЗ-ийн гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас БЗД-т нэр дэвшээд унасан. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 7-д бичигдэж нэр дэвшээд бас унасан. Өөрөөр бол, ХҮН намынхнаас сонгуулийн одгүй, албан тушаалгүй хоцорсон ганц хүн нь Д.Гантулга. Тиймдээ ч ХҮН намын хамтран зүтгэгчид болох Т.Доржханд нь Шадар сайд, П.Наранбаяр нь Боловсролын сайд, Б.Найдалаа, П.Ганзориг хоёр нь УИХ-ын гишүүн болчихоод байхад Д.Гантулга л ганцаар хоосон хоцорсон. Арга ядахдаа Боловсролын сайд П.Наранбаяр нь зөвлөхөөрөө дэргэдээ ажиллуулж байсан. Аз болж Г.Занданшатар Дэд сайдын албан тушаал гаргаж ирж, Д.Гантулга Боловсролын дэд сайдаар томилогдож, албан тушаалтай боллоо. 

ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188