• Өнөөдөр 2025-12-17

“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...

2025-12-17,   1197

          Мансуурчихаад хэвтэж байх сайхан л юм шиг санагддаг байлаа. Анхандаа ч сэтгэл санаагаар унаж, амьдрал хэцүү байна гэж бодохдоо хаа нэг сордог байсан. Сүүлдээ сав л хийвэл өнөөхийгөө хэрэглээд, хэтрүүлээд эмнэлэгт хүртэл хүргэгддэг боллоо. Дон тусаж, доройтно гэдэг чинь тэр юм билээ. Үр хүүхэд минь хоол унд ч үгүй тарчилж байхад би гэдэг хүн мансуурчихаад, ухаангүй хэвтэж байна. Ийм амьдралаар хүний нутагт хэдэн жил амьдарсан даа. Тэгээд Хятадаас хар тамхинаас гарахын тулд хүүхдээ бодоод, босгосон бүхнээ хаяад эх оронд ирлээ. Гэхдээ би гарч чадаагүй, бүүр хорихын өрөө рүү явж, амьдралынхаа арван жилийг торны цаана өнгөрүүлэхээр болчихсон.


            Хар тамхинд донтож, амьдралаа “алдсан” эмэгтэйн гунигт түүхийг уншигч танд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна. Мөрийтэй тоглоом, хар тамхи хоёрт хожил байхгүй гэдгийг дахин дахин сануулах нь зүйтэй болов уу. Аюулгүй байдлын үүднээс түүнийг Сараа гэж нэрлэе. Сараа нэг хүүхэдтэй, таван жил хар тамхи хэрэглэж, 38 настайдаа 11 жилийн хорих ял авчээ. Ингээд хүүхэд нь асрамжийн газар руу, өөрөө хорих анги руу явсан байна.

            Аавыг нас барснаас хойш манайх гэдэг айл өөдлөөгүй. Ээж маань хүнд өвчтэй, би дунд ангийн сурагч байхаасаа л хар бор ажлыг гололгүй хийж, хичээлийнхээ хажуугаар амьдралаа авч явсан. Гэхдээ би хэзээ ч амьдралдаа гутарч, шантарч, бууж өгч үзээгүй. Аравдугаар ангидаа сургуулиасаа гарсан, надад их сургуульд сурч, мэргэжил эзэмших ямар ч боломж байгаагүй. Жирийн л айлын даруухан охин, өвчтэй ээжийгээ тэжээхийн тулд өдөр, шөнөгүй л зүтгэсэн. Хөдөлмөрлөж байсан учраас амьдрал болж байгаа юм шиг л санагддаг байсан ч олигтой дээшлээгүй. Ингэж яваад 27 насандаа охинтой болж, бусдын адил амьдралаа дээшлүүлэх гэж хүний нутгийг зорилоо. Үнэндээ, Монголд өдөр ирэх тусам л хүнд болж байсан учраас охиныхоо ирээдүйг бодож явсан юм. Ээж, охин хоёр минь нийтийн байр түрээслээд үлдсэн дээ.

            Эхний гурван жил гар утасны код тайлах, зочид буудалд ажиллах зэргээр хөдөлмөрлөж байлаа. Тэгээд хурааж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө зочид буудал түрээслээд, ажиллуулж эхэлсэн. Миний амьдрал ч хөл дээрээ босоод ирлээ. Эх орон, ээж рүүгээ яарч байсан ч Хятадад цагаачлахаар эрс шулуудсан байсан. Ингэж яваад 2009 оны үед нэг монгол залуутай танилцаж, хамтран амьдарч эхэллээ. Эндээс л миний тарчлаант өдрүүдэд эхэлсэн. Анхандаа ч хоёр талаасаа амьдралын төлөө зүтгэж, хэдэн төгрөг илүү олчих гээд үздэг байлаа. Гэтэл өнөөх залуу хэдэн сарын дараа зүсээ хувиргаж, зангаа таниулж эхэлсэн. Хар тамхичин байсан юм билээ. Хар тамхиныхаа тунг хэтрүүлж, сэтгэц нь өөрчлөлттэй болчихсон. Цэцэг, навч барьж гүйдэг байсан залуу чинь догшин ширүүн, тэс ондоо хүн болж хувирлаа. Зогсоо зайгүй мөнгө нэхэж, мөнгө олохыг шаардаж, дарамталж, зоддог болсон. Мансуурч, мансуурч ирэхээрээ охинтой минь хүртэл утсаар яриулахгүй, холбоо тасарсан. Нүд нь улаанаараа эргэлдээд, орчноо мэдрэхээ болиод, энэ, тэнд татаад унана. Арай сэхэлтэй байх үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэж улайрна, дайрна, тамлана. Зочид буудлын цэвэрлэгээний өрөөнд мөн ч олон удаа хүлүүлж, цоожтой байдаг байлаа. Олсон хэдэн төгрөгөө түүний хар тамхинд зарцуулна. Би эргээд өнөөх тарчиг амьдрал руугаа уруудсан. Гараас нь мултарч чадахгүй хоёр жил орчим хамт амьдарлаа. Азаар тарчлаант өдрүүд дууссан, нөгөө залуу шоронд орсноор миний эрх чөлөөт амьдрал эхэлсэн. Гэхдээ хамгийн гунигтай нь нөгөө залуугаас арай гэж салсан ч би хар тамхи гэдэг ангал руу “нисчихсэн”...

            Түүнтэй амьдарч байхдаа зодуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн ч эргэж сэргээгүй. Дахиж үр хүүхэдтэй ч болох боломжгүй болсон. Энэ миний сэтгэл санаагаар унах хамгийн том шалтгаан байсан. Хүний нутагт арай гэж хань ижилтэй болоод, одоо л сайхан амьдарна гэж итгэж байтал эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод үлдсэн. Босгосон амьдрал, хураасан хөрөнгө ч дууссан.

            Миний амьдралын хар дарсан зүүд шиг өдрүүд дахиад эхэлж байгаа юм. Хар тамхи, хамтран амьдрагч хоёроо үзэн яддаг байсан би түүний алхсан замд орчихсон. Танил хятад эмэгтэйн гэрт амьдарч, хар тамхи сорж эхэллээ. Сэтгэл санаагаа өргөхийн тулд орчноос тасарч, өөрийгөө чөлөөлж байна гэж эндүүрсэн. Ингээд л нэвт шувт донтчихсон доо. Хэрэв цаг хугацааг ухаарах боломж байдаг бол хар тамхийг үзэн яддаг байсан үедээ эх орон руугаа явах байлаа. Тэгсэн бол өнөөдөр ийм байдалд орохгүй, ээж, охинтойгоо элэг бүтэн амьдарч байх байсан даа. Таван жил орчим хар тамхи хэрэглэсэн, сорсон. Сүүлдээ хэрэглэхгүй л бол амьд зомби шиг болчихоод хэцүү болсон. Ямар ч үнэ цэнгүй амьдарч, үхлүүт юм шиг л болчихсон. Ойр тойрон, таньдаг мэддэг хүн маань хар тамхичин гэсэн нүдээр хараад тоохоо ч болилоо. Өдөрт 5-6 грамм хар тамхи сорж байж “хүн” шиг болно. Хар тамхины тунгаа хэтрүүлээд гудамжинд мансуураад унах, ухаангүй болох зэрэг бол энгийн л үзэгдэл боллоо. Маргаашнаас л болино, хэд хоногийн дараагаас л хэрэглэхгүй гэсээр хар тамхины ангил руу “нисчихсэн” гэдгээ би хүмүүсийн үгнээс ойлгосон. Ойрын маань нэг хүн “Чи хэзээ үхэх бол. Хар тамхичин хүний үхэл, үг нь үнэ цэнгүй байдаг юм даа. Охиндоо, ээждээ очвол яадаг юм бэ” гэсэн. Ингээд би хүний нутагт нохойноос ч дор амьдарч байгаа гэдгээ ойлгосон. Удалгүй би гадаадын харьяатын албаныханд баригдаад, хоригдсон. Цагаачлал хүссэн ч болоогүй учраас 10 гаруй жилийн эх орондоо эргэж ирсэн юм аа.

            Намайг ирэхэд муу ижий минь ахмадын асрамжийн газар, охиныг аав нь аваад холбоо тасарсан байсан. Би гэдэг хүн өөрийн гэсэн гэр оронгүй учраас зочид буудлаар хэсэг амьдарлаа. Охинтойгоо уулзах гэж хайсан ч олдоогүй. Хятадад хийж байсан гар утас тайлах ажлаа хэсэг хийсэн. Хүмүүсийн кодтой гар утсыг хямдхан аваад, буцаагаад зарна. Олсон хэдэн төгрөгөө ээждээ, өөртөө зарцуулаагүй, өнөөх мөс гээчийг худалдаж авах эрэлд гарчихдаг байсан. Монголд мөс үнэтэй учраас өмнө амьдарч байсан улсынхаа таньдаг хүнээс захиалж авна. Танил хүнийхээ нэр дээр карго аваад, хэдэн хувцас дунд хийгээд явуулсан байсныг би тосож авсан. Тэнд нэг гр мөс нь 15.000 орчим төгрөг байхад, Монголд олдохгүй, олдсон 300 мянган төгрөг гэдэг байсан. Ингээд л 100 гр мөснөөс болж амьдарлаа алдчихлаа даа.

         Халуун намраар ирсэн би өвлийн эхэн сар гарахад цагдаа нарт баригдсан. Хятад түншээс маань арваннэгдүгээр сард 100 гр мөс каргогоор ирсэн. Би хүнээс сая гаруй төгрөг зээлээд, захиалсан юм, хамгийн сүүлд. Тэгээд бага багаар өнөөхийгөө сорж, 100 гр мөсөө олон хэсэг хуваагаад, өөрөөсөө аль болох холдуулаад нуусан. Арга тасрах үед гаргаж ирэх зорилготой. Гэхдээ л би хар тамхинаас гарах гэж хэрэндээ хичээж байсан шүү. Бас сорж байгаадаа маш их харамсаж, охиноо бодохоор гэмшдэг байлаа. Тэгээд хятадад танилцаж, хэсэг хугацаанд хамт амьдарсан хоёр найзындаа очсон. Хоёр найз маань сорж үзсэн, үнэн. Гэхдээ тэд Макаод байхдаа сорж үзсэн байж магад. Надад мөс байна, сорж үзэх үү гэхэд “Тэгье” гээд ганц, хоёр удаа сорж байсан. Би хэзээ мөдгүй төрөх гэж байсан найздаа хар тамхи санал болгож, түүгээрээ дайлсан гэдэгтээ итгэдэггүй юм. Мансуурсны хар гай л байх даа.

        Уг нь би хар тамхины хор нөлөөгөөр дахин үр хүүхэдтэй болох боломжоо алдсан, тийм байж жирэмсэн найздаа хар тамхи сороод үзчих гэж хэлэх ёсгүй дээ. Цагдаа нарт баригдаж, намайг хоригдсоны дараа найз маань “Сараа сорчих гээд гуйгаад байсан” гэж мэдүүлсэн байна лээ. Тэдний гэрт нууж үлдээсэн 10 гр мөс, гуурс, жинг цагдаа нар олсон. Тэгээд хоёр найзыг минь шалгаж эхэлсэн. Шүүхээс намайг бусадтай бүлэглэн хар тамхи худалдан, борлуулсан гэж буруутгасан. Хэрэглэж, сорсон гэдгээ бол хүлээн зөвшөөрнө. Харин худалдаж, зараагүй. Найз маань худал мэдүүлэг өгсөн байна лээ.

            Ингээд шүүхээс надад 11 жилийн хорих ял оноож, жирэмсэн найзад маань дөрвөн жилийн ял оноосон. Хэзээ мөдгүй төрөх гэж байгаа найзыгаа хар тамхиар дайлж, хорихын өрөө рүү чирээд явсандаа л харамсдаг. Найз маань  хоригдож байхдаа амаржиж, шүүх хурлаас өмнө хүүхдээ аав, ээждээ үлдээсэн. Нөхөрт нь тэнсэн харгалзах ял оноосон байх. Тэгээд л холбоо тасарсан. Өөрийнхөө амьдралаас гадна хүмүүсийн амьдралыг балласандаа маш их харамсаж, гэмшиж явдаг.

            Би амьдралаа олон удаа тэгээс эхэлсэн. Одоо ч эхэлж байна. Асрамжийн газарт үлдээсэн ээж рүүгээ явна. Тэнд ээж минь байгаа эсэхийг мэдэхгүй ч гэлээ алдсан амьдарлаа олж авахыг хичээнэ. Хар тамхинд хожил байхгүй, хожигдол нь зөвхөн хэрэглэгч нь л байдаг гэдгийг би залууст хэлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Ээж, охин хоёртойгоо уулзаж, элэг бүтэн амьдрах мөрөөдөл маань биелэнэ гэдэгт итгэсээр би алхаж явна... 

 

 


“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188