• Өнөөдөр 2022-05-19

Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил

2021-03-05,   1516

     Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө байгаа бүхнээ харамгүй зориулчихаад өөрөө чимээ аниргүйхэн оршдог оюун санааны хүчирхэг эмэгтэйчүүд цөөн ч болтугай байгаа учраас л дэлхий ертөнц тэнхлэгээ зөв эргэсээр байдаг биз ээ. Тийм хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг нь олны дунд редактор Сумъяа нэрээрээ танигдсан, шавилхан атлаа дэлхийг хэрсэн их эрэл хайгуулч, дэргэдийн бүхнээ энэрэн хайрлахыгаа өөрийнхөө хийх л ёстой зүйл хэмээн сэтгэдэг энэ эмэгтэй билээ. Монголын XX зууны төгсгөл, XXI зууны өнөө цагт олны хүртээл болсон гэгээн тунгалаг, сод, сор бүтээлүүдийн нэлээд нь түүний гараар, түүний оюун санааны шүүлтүүрээр орж байж уншигчдад хүрсэн гэдгийг тодотгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэр бол он цагтаа, туурвин бүтээгч сартваахиудад үнэлэгдсэн чадалтай ариутган шүүгч юм. Ийн хэлсэн шалтгааныг бидний өрнүүлсэн ярианаас уншигч та төвөггүй ойлгох биз ээ.

-Тантай ярилцах хүсэл хоёр жилийн өмнөөс төрсөн ч зүрхшээж явсаар өнөөдөрт хүрчээ. Гэхдээ ямар ч байсан бид дуу хураагуурын дэргэд уулзлаа. Хэрвээ би таны оронд “Монголын нэвтэрхий толь”, “Монголын үндэсний нэвтэрхий толь”-ийн анхны хоёр, сүүлд хэвлүүлсэн гурван ботийг ариутган шүүсэн сэн бол энд тэндэхийн сонин, хэвлэлд ярилцлага өгөөд л, “Энд ийм чухал, үнэт зүйл байгааг олж хараарай. Би үүнийг ийм байхад нь ингэж засаж, янзалсан” гээд л их онгирох байсан байх аа. Гэтэл та олон зуун сайхан боть ном редакторласан хэрнээ нам гүмхэн амьдрах юм?
 
     -Редакторлаагүй байсан ч би ингэсхийгээд л амьдрах байсан байх. Тэгэхээр ялгаа юу байна. Шилдэг бүтээлийн нэг “Монголын нэвтэрхий толь”-ийг ариутган шүүх хүндтэй, хариуцлагатай үүргийг савныхаа хэмжээгээр, чадлынхаа тэнгээр үүрэхийг хичээсэн. Монголын бүх номын оргил нь, хаан нь энэ таван боть. Тэнд сэтгэлийн хөөрлөөр бичсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Шинжлэх ухааны баталгаа, нотолгоогүйгээр орсон нэг ч үг, өгүүлбэр байхгүй, жинхэнэ судалгааны бүтээл.
       Үг, үсгийн тоос үргээх төдий гар хүрсэн би биш энэ бүтээлийг анхлан санаачилсан академич Б.Ширэндэв гуай, эхний хоёр ботийн зохиогч манай шинжлэх ухааны салбар бүрийн толгой эрдэмтэн 500 шахам хүн, эхний хоёр хийгээд сүүлд нэмж засварласан гурван ботийг гардан хэвлүүлсэн академич Б.Чадраа, үе үеийн редакцийнхан гээд шалтгаан гарвал бүр нэг чадлынхаа хэрээр бардамнах зүйлийн нэг нь “Монголын нэвтэрхий толь” яах аргагүй мөн. Гэхдээ тийм бодол лав л манай эрдэмтэн мэргэдэд гардаггүй бололтой юм билээ. 
 
-Иймэрхүү хариулт сонсохоо мэдэж байсан л даа. Монголын чансаатай цөөхөн шилдэг редакторын нэг Сумъяа гэж хүний гарвал угсааг сонирхоё. Та Архангайд төрсөн гэсэн үү?
 
      -Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүүхэд. Миний төрж, өссөн гэрийн буйр их өндөр авшигтай, сайхан газар бий. Миний өвөө, эмээ анхны Зая гэгээний эхэсийг булсан газраас ундарсан Мухар хужиртын рашааныг тойрч нутаглаж, бид тэнд тоглож өссөн дөө. Миний төрсөн аав Самбуу, ээж Отгон гэж хүн байсан. Би нагац ах Ядамжаваараа овоглож  тэр хүн намайг төрүүлснээс илүү хайрлаж, хүн болгож гарыг ганзагат, хөлийг дөрөөнд хүргэсэн. Аав минь дөрөвдүгээр ангиа төгсөөд л багш болсон, Архангайд боловсролын анхны үрийг тарьж ургуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, бүх суманд багшаас эхлээд захирлаар ажилласан хүн байлаа. Хаана сургуулийн ажил доголдоно тэнд аав томилогддог, тиймээс бид аймгийнхаа олон сумын сургуулиар дамжсан.

     Би урлаг, уран сайхан, биеийн тамир спорт гээд юм юманд идэвхтэй хүүхэд байсан. Аймагтаа пионер сурагчдын улсын анхдугаар урлагийн үзлэгийн уран уншлагын анхны мөнгөн медалийг авчирч байлаа. Мөн тэшүүрээр жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнд сургууль, сум, аймгаасаа шалгарч, оролцоно. Эмэгтэйчүүдийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс аймагтаа анхны мөнгө, хүрэл медалийг аваачиж байлаа. Тэшүүрийн улсын II зэрэгтэй. Энд намайг улам зоригжуулж, урам өгч, чиглүүлж байсан хүн бол Тариатын арван жилийн сургуулийн пионерийн удирдагч Б.Доржготов багш маань байсан. Багш минь одоо ч энх тунх. Энэ хүнгүйгээр  миний хүүхэд насны тэр гэгээн сайхан дурсамж, амжилт, гялалзсан он жилүүд бий болохгүй байсан ч байж мэднэ гэж хааяа боддог.

      Надаас гадна олон сурагчийн амьдрал, амжилтын анхны гараа, эхлэлийг тавьсан хүн. Одоогийн УИХ-ын гишүүн асан, академич Р.Гончигдорж, ШУА-ийн ерөнхийлөгч байсан, академич Б.Энхтүвшин дарга тэргүүтэй олон хүн Доржготов багшийн шавь. Р.Гончигдорж манай сургуулийн урдаа барьдаг ганц гоцлол дуучин, Б.Энхтүвшин дарга бид хоёр аймгаасаа тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байлаа шүү дээ. 

-Таны үеийн хүүхдүүд урлаг, спорт юм юманд авхаалжтай байж ээ? 
 
       -Тийм ээ. Шүхрээр буух, шүхэрчин болохыг хүртэл мөрөөддөг, сансар, огторгуй гэдэг миний хувьд мөрөөдөл зөнгийн гайхамшигтай сайхан зүйл санагддаг байлаа. Онгоц нисэж байхыг хараад удтал гадаа зогсдог, нисгэгчийн тухай гиюүртэл төсөөлж, мөрөөддөг хүүхэд байлаа, би. Аравдугаар ангид байхдаа энэ хүсэлдээ хөтлөгдөж, шүхрээр бууж байгаад хөлөө гэмтээсэн. Хөлөө гэмтээгээгүй бол шүхрийн спортод тэр чигтээ үлдчих ч байсан байж мэднэ. 
 
 
 -Ярианаас тань ажиглахад та спортод үнэн сэтгэлээсээ дуртай, хайртай хүүхэд байжээ. Ярих тусмаа нүд чинь сэргээд л?
 
        -Одоо ч дуртай. Спорт бол миний сэтгэлийг хөдөлгөдөг олон зүйлийн дээгүүрт орох дуртай зүйл минь. Дээд сургуульд орсныхоо дараагаас би дугуйн спортоор хичээллэж, улсын спартакиадад түрүүлсэн, УБДС-ийн маш хүчирхэг багийн гишүүн байлаа. Хэл, уран зохиолын анги учраас хичээлдээ илүү анхаараад спортын мастерт хүрэхийн даваан дээр дугуйгаа орхисон доо.    
 
-Улсын багшийн их сургуулийн хэл, уран зохиолын ангид элссэн үү?
 
       -Тэгсэн. Гаргасан амжилтуудыг минь хараад багш нар биеийн тамирын ангид орооч гэж байсан ч би хэл, уран зохиолын ангид орно гээд энэ мэргэжлээ сонгож байлаа. Үеийнхнээс гэвэл Ү.Хүрэлбаатар, Р.Чүлтэмсүрэн тэргүүтэй мундагчууд манай анги, Ш.Гүрбазар нөгөө ангийн оюутан байсан. Хүссэн ангидаа орсон мөртлөө миний дотор яагаад ч юм “Сонин, хэвлэлийн газарт ажиллана. Сэтгүүлч болох юм шүү” гэх бодол оюутан байхын төрж байсан.  
Шүхрээр буух, шүхэрчин болохыг хүртэл мөрөөддөг, сансар, огторгуй гэдэг миний хувьд мөрөөдөл зөнгийн гайхамшигтай сайхан зүйл санагддаг байлаа
 
 
-Та их сургуулиа төгсөөд сонинд ажилд орсон уу? 
      -Сургууль төгссөнийнхөө дараахан, долдугаар сард дүүгээ галт тэргэнд суулгаж өгчихөөд буцаж явтал “Найрамдлын зам сонин” гэсэн хаяг замд харагдсан. Шууд гүйж ороод “Би танайд ажилд ормоор байна” гэсэн. Тэнд байсан хүмүүс учир начрыг минь шалгааж байгаад “Бүр ажиллах орон тоо бол байхгүй. Түр ажиллавал ажиллаж болно” гэсэн. Тэндээ гурван сар орчим ажилласны дараа миний оронд нь ажиллаж байсан хүн ирэх болж, редакцийнхан надад “Соёлын яамны харьяаны Хэвлэлийн нэгдсэн редакцид номын хянагчийн ажлын орон тоо байгаа. Г.Насанбуян гэж хүнтэй уулз” гэж зааж өгсөн.
      Одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байрны буурин дээр Хэвлэлийн нэгдсэн редакцийн хоёр давхар байр байдаг байлаа. Хэлснээр нь сураглаж очоод уулзсан. Шалгуулаад, тэнцээд Хэвлэлийн нэгдсэн редакцид утга зохиолын хянагчаар ажилд орсон доо. Хэвлэлийн нэгдсэн редакцид ажилласан он жилүүд бол надад маш их зүйл өгсөн, өгөөжтэй хугацаа байсан. Монголын жинхэнэ мундаг редакторууд тэнд л байлаа шүү дээ. Дэлхийн хамаг л сонгодгуудыг орчуулчихсан, номын уран сайхны редакторууд, зураачид гээд хамгийн шилдгүүдтэй хамт ажилласан.
          Монголд номын орчин үеийн соёл, технологийг нэвтрүүлсэн хүн бол Г.Насанбуян гуай юм шүү дээ. Мөн нэрт орчуулагч Г.Амар, Ц.Шүгэр,Бадарч Д.Лхамжав, Б.Пүрэвбаатар, Ж.Артөр зураач, редактор Д.Сандагдорж, техник редактор Ш.Цэвэлмаа, зэрэг мундагуудаас их юм сурсан. Энэ редакц бол Монголын сэхээтнүүдийн толгой газар төдийгүй монголчуудыг соён гэгээрүүлж байсан уураг тархи нь байсан гэж одоо ч манай ахмадууд ярьдаг. 
 
-“Пионерийн үнэн” сонинд ажиллаж байсан тухайгаа дурсаач?
 
     -1981 онд би яг монгол хүн сансарт нисэх үеэр “Пионерийн үнэн” сонинд Утга зохиолын ажилтнаар очиж байлаа. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакц гэж “Пионерийн үнэн” сонин, “Залгамжлагч”, “Пионерийн удирдагч” сэтгүүл эрхлэн гаргадаг том редакц байсан, тухайн үед. Би тэгж очоод “Пионерийн үнэн” сонинд 10 жил ажилласан. Ц.Дашдондов гуай маань манай эрхлэгч байлаа. Энэ хүний зөв хатуу үгшаардлага намайг төдийгүй олон хүнийг ахиж дэвших замыг зассан. Одоо ч би энэ том хүний цэрэг нь, итгэлтэй дотно нөхрийнх нь  нэг мөнөөс мөн. Тухайн он жилүүдэд дарга, цэрэг байсан бол одоо хоёулангийнх нь нас яваад найзууд болчихоод байж байна. Дашдондов эрхлэгч маань хүний төлөө, хүний оюун санааг сэргэг, гэгээлэг байлгахын төлөө бүр нэг үнэн сэтгэлээсээ зүтгэдэг байсан.  
      Хүүхдэд зориулсан сонин хийнэ гэдэг бол зүгээр нэг сонин гаргах биш, бичиж, нийтэлсэн зүйлсээрээ дамжуулж, Монголын үр хүүхдийг соён гэгээрүүлж, хүмүүжүүлж, эрдэмжүүлэх ажлыг давхар хийдэг байлаа. Жишээ нь, хавар мал төллөх үеэр хүүхдүүд элгэвч, нэмнээ оёхоос эхлээд малчны хотонд очиж аав, ээждээ  тусална, хүүхдүүд хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг сурвалжлах кампанит ажил жил бүр өрнүүлж, хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгохыг зорьдог байлаа. Намрын ургац дээр ч мөн ялгаагүй, томчууд тариа ногооны талбайд ажиллаж байхад ар гэрийн бүх ажлыг хүүхдүүд л нугалдаг сан. “Пионерийн үнэн” сонин бидний үеийнхэнд хүүхдийн жаргал, зовлонг  ойлгож, хуваалцаж байх хэрэгтэйг үнэхээр ойлгуулдаг хэвлэл байсан юм.  
       Манай редакци шинэ тутам байгуулагдсан Багануур хотын номын санг номжуулах ажлыг сониныхоо нэрэмжит болгон орон даяар уриалж, уншигч хүүхдүүд тал бүрээс ном илгээж байлаа. Энэ аянаар  Увс, Ховд, Баян-Өлгийд томилолтоор яваад ирэхэд редакцид шуудай шуудайгаар ном түрүүлээд ирчихсэн, нэг автобус дүүрэн ном ачаад томилолтоос ирсэн өдөртөө Багануурыг зорьж байлаа. Миний редактор болохын гол үүдийг “Пионерийн үнэн” сонин тавьсан гэж боддог. Сонинд очоод тун удалгүй Захидал, харилцаа хариуцсан хэлтсийн эрхлэгч болсон юм. Долоо хоногт уншигч хүүхдүүдээс хэдэн арав, зуун захидал ирнэ. Тэр бүрийг уншиж, мэдэрч, засахыгаа засаж, янзалж, сониндоо нийтэлдэг, хариу бичдэг, тэр надад их зүйл сургасан. 
 
-Таныг Ч.Чойсамба багш нэг номон дээрээ “Сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар хамгийн олон жил ажилласан эмэгтэй сэтгүүлч” гэсэн байна лээ. Энэ тухайд?
 
     -1985 онд Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Дариймаа гуай “Спортын мэдээ” сонины эрхлэгчээр явж, би оронд нь сониныхоо Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллах болсон. Түүнээс өмнөхөн Ц.Дашдондов эрхлэгч маань “Үнэн” сонин руу явж, оронд нь хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай манай сонины эрхлэгчээр ирээд байсан. Тэгэхээр би 1985 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй Хариуцлагатай нарийн бичгийн даргын алба хашин явна.  Одоо ч  ШУА-ийн хэвлэл “Эх хэл бичиг” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 
 
“Пионерийн үнэн” сонин бидний үеийнхэнд хүүхдийн жаргал, зовлонг  ойлгож, хуваалцаж байх хэрэгтэйг үнэхээр ойлгуулдаг хэвлэл байсан юм
 
-Та редакторын ажлаас гадна сонины “гал тогоо”-г олон жил барьсан хүн. Тэр тухай цухас дурдаач?
     
       -1989 онд МАХН-ын Төв хорооны бараг сүүлчийн тогтоолоор Ардын боловсролын яамны Боловсролын хэвлэлийн нэгдсэн редакцид “Багш” сонин үүсгэн гаргахаар болж, эрхлэгчээр нь С.Дан-Аажав гэж бас нэгэн мундаг хүн томилогдож, би хариуцлагатай нарийн бичгийн даргаар очиж байсан. Т.Галсан, Г.Жамъян гуай хоёр маань мөн томилогдон ирж байлаа. Т.Галсан гуай “Хүүхдийн хүмүүжил” гэж сэтгүүл шинээр эрхлээд, Г.Жамъян гуай хэлмэгдүүлэлтээс дөнгөж мултарч, цагаадаад манай сонины сэтгүүлчээр ирж байсан юм.
        Ардчилал гэж бужигнасан боловсролын тогтолцоо бүхэлдээ доргисон, хаа сайгүй хуучин, шинийн тэмцэл өрнөсөн хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа цоо шинээр гарч байгаа сонины хувьд тун амаргүй, бас  хариуцлагатай он жилүүд байсан. Улс төр нэгдүгээрт тавигдсан, асар их улстөржсөн тэр хүнд үед  төр, нийгмийн анхаарлыг боловсрол руу хандуулах, чиглүүлэх хариуцлагатай ажлыг манай баг хийж байсан. Баг хүчтэй ч байлаа, сайн ч ажилласан. Гэтэл 1992 онд яамны хэмжээнд их цомхтгол болсон. Тухайн үед редакц дотроо хамгийн залуу нь би байсан. Дарга, удирдлага, томчууд үгээ хэлж байх үед надад “Эдэндээ нэг ч гэсэн орон тоо үлдээе. Ер нь надад бол ажил олдоно” гэсэн шүү юм бодогдоод эрхлэгчийнхээ үгийг тасалж байгаад бодлоо хэлээд ажлаа хүлээлгэж өгч байлаа. Тэгээд юутай ч хэд хоног сайхан амаръя гэж бодоод дөнгөж хоёр хонож байтал Ү.Хүрэлбаатар эрхлэгч ““Улаанбаатар сонин”-доо ирж ажиллаач. Ер нь маргааш хүрээд ир” гэсэн. Очлоо, тун удалгүй тус сонины нийтлэл эрхэлсэн орлогч эрхлэгчээр ажиллаж эхэлсэн юм. Г.Жамъян гуай маань миний өмнөхөн тус сонинд очсон байсан.  Монгол Улсын нийслэлийн амьдралыг таван хуруу шигээ мэддэг хүн олоод ир гэвэл манай Г.Жамъян гуайг хэлнэ. Нийслэлийн төв хэвлэлд бараг насаараа ажилласан сэтгүүлч юм шүү дээ. “Улаанбаатар” сонинд ажиллаж байхдаа “Гавьяа” найруулал бичээд, түүгээрээ хэлмэгдээд нутаг заагдсан. Түүнээс өөр Улаанбаатар хотын хаана нь юу байдаг, аль ямар барилга хэрхэн баригдаж, зам талбай нь хэрхэн бүтсэн, цахилгаан, шугам сүлжээ, хэн хэн гэдэг зангаргатай хүмүүс хотыг удирдаж байсыг нь гээд түүн шиг мэддэг хүн ховор. Дээр нь энэ Улаанбаатарын  харц ардаас хааныг нь хүртэл бараг 60 жил тасралтгүй уулзаж, сурвалжилсан ганц хүн мөн. 

Редакторын ажлыг хүн чанартай, хүний мөстэй, ёс зүйтэй хүн л хийх юм болов уу гэж боддог. Яагаад гэхээд хүний юмыг юм болгохын тулд өөрийнхөө үг, үсэг, бүтэц, найруулга, зохиомж гээд бүх зүйл рүү орж, мэдэрч, тэгээд түүнд нь оюун санаа, үгээ хайрлахгүй, харамгүй өгч байна шүү дээ

     Манай Ү.Хүрэлбаатар сайн эрхлэгч, мундаг санаачлагч, сайн менежер. Бид сонин, хэвлэлийг зах зээлд оруулах ажлыг тэр үед анх эхлүүлсэн гэж болно. “Улаанбаатар” сонины хажууд ЦЕГ-ын хэвлэл “Нүгэл буян” сонин, хурандаа  А.Энхбат эрхэлдэг, Сонин борлуулагчид манай сонинуудыг авч зарахын тулд шөнө редакцийн байр тойрсон урт цуваа үүсдэг сэн.  Мөн зөвхөн гаалийн газрын  “Алтан босго”, гадаад хэл дээр “Арга билэг” гэж сонин гаргаж байлаа. Энэ мэтээр сонины зах зээлд манай “Улаанбаатар” сонин шинийг санаачлагч, анхдагч нь байж чадсан юм.
 
       Бүр хамгийн анхны өөрийн хэвлэх үйлдвэртэй сонин болж байлаа шүү дээ. Ингээд сонирхолтой, чөлөөтэй нийтлэл, мэдээлэлтэй сонинууд бий болоод ирэхээр уншигчийн эрэлт ихсээд үүнийг дагасан борлуулах сонирхолтой хүн ч олон болоод жинхэнэ утгаараа бизнес болж эхэлсэн. Үүнийг дагаад редакц маш хүчирхэг болж, залуучуудыг өсгөж бойжуулах инкубатор болж байсан. Тэр үед Ц.Онон, М.Буянбадрах, У.Ганбаяр, н.Бат-Амгалан гээд авьяаслаг залуу сэтгүүлчдийг төрүүлж байлаа. Үүний дараа 2002 оноос МОНЦАМЭ агентлагийн өндөр босгоор алхаж тус агентлагийн Дотоод мэдээллийн газрын дарга, редактораар ажилласан. Тус агентлагийн захирал Т.Баасансүрэн гуай маань энэ ажлыг надад итгэж даалгаад өөрөө БНПАУ-д суух элчин сайдаар явж байсан. Бид Монголыг дэлхийд, дэлхий монголд сурталчлах мэдээлийн МОНЦАМЭ-агентлагийн өдөр тутмын нөр их ажлын хажуугаар гадаад, дотоод мэдээ, мэдээллээрээ  “МОНЦАМЭ мэдээ” гэсэн жижигхэн, товхимол сэтгүүл ажлын цагтаа багтаан хэвлүүлээд, өдөр бүр захиалагчдадаа хүргэхээс эхлээд тун их үр бүтээлтэй ажилласан он жилүүд байсан. МОНЦАМЭ агентлагтайгаа би одоо ч холбоотой, тус агентлагийн ахмад сэтгүүлчийн нэгэн болж явна.    
      2006 оноос ШУА-ийн “Монголын үндэсний нэвтэрхий толь”-ио шинэчлэн гаргах ажилд академич Б.Чадраа гуайнхаа дэргэд хэдэн жил ажилласан. Түүнчлэн 2008 оноос 2012 онд МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад одоо СУИС-д редактор мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ хооронд “Их Монгол” дээд сургуульд багшилж практик сэтгүүл зүйн хичээл заалаа.  Оюутнуудыг сэтгүүлч болгохын тулд юу хийж чаддаг байх вэ гэдэг рүү нь чиглүүлэх гэж цаг заваа зарсан даа. Оюутнуудыг зүгээр суулгадаггүй, сэлгүүцэх цаг гаргадаггүй хүний нэг нь байх сан гэж бодож зүтгэсэн. Аль ч редакцид байхад ялгаагүй  сэтгүүлч болох оюутны дадлагыг удирдан үндсэндээ практик сэтгүүлзүйд олон жил олон ч хүнийг хөтөлсөн. Бас Балдорж уралдааны ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байсан цаг хугацаа ч бас  амьдралын маань түүхийн алтан үед орно шүү. 
 
-Сонин, хэвлэлийн ажил бол ажилдаа байнгын уяатай алба. Та энэ их ажлын хажуугаар ар гэрээ хэрхэн зохицуулж байв?
 
    -Манайх гурван хүүхэдтэй. Миний нөхөр Дүгэржавын Мөнхбаяр Говь-Алтайн хүн, МУБИС-ийн зөвлөх профессороор ажилладаг. 1970 онд сургуульдаа оюутан болж ирээд, төгссөн жилээ багшаар үлдсэн, одоо ч багшилж байна.  Компьютергүй байсан тэр он жилүүдэд  одоогийн компьютерээр хийдэг бүхнийг манай хүн хийж байсан даа. Баяр, наадам, хурал чуулган, бүх арга хэмжээний уриа лоозон, самбар, сургуулийн анги, кабинетийн тохижилт, ханын самбар, диплом, баярын бичгийн үг үсэг бүгдийг шрифтийн үзэг, бийрээр бичнэ. Сонин, хэвлэлийн толгой, гарчиг, чимэг зураг гээд би ч бас ажлаар дарна. Цэцэрлэг, сургуулийн багш нарын үзүүлэн, ханын сонины гуйлга ч дараастай байдаг сан. Ер нь бид хоёр хар залуугаасаа л  ийм л цаг зав муутай ажил мэргэжилд зүтгэсээр өдийг хүрч явна. 
      Хадам аав, ханийн маань хэдэн дүү бидний амьдралд мөн ч их нөмөр нөөлөг болж, тэдэндээ чамгүй их ачаа үүрүүлсэн дээ. Нөхрийн маань аав Дүгэржав гэж Алтай нутгийнхаа аргаль, угалз, хулан тахь, бөхөн зээр, адуу мал хөдөөх амьдрал ахуйг зурдаг зураач хүн байлаа. Зураг нь тэр үеийн бэлэг дурсгалд хамгийн их борлогддог, сайд дарга нар гадаадад зочлохдоо болон, ирсэн зочин гийчдийн бэлэг дурсгалд олноор нь авдаг сан.  Өнгөрсөн онд мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож, “Хантайширын уран зураач” ном гаргаж, МУЭ-ийн хороотой нь хамтран үзэсгэлэнг нь дэглэн өргөн хэмжээнд тэмдэглэсэн. Манай гурван хүүхэд гурвуулаа өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөж, зураг, архитекторын мэргэжил эзэмшсэн. Хүүхдүүд маань Японд гэр бүлээрээ цөөнгүй жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Одоо хувиараа бизнес эрхэлцгээж байна. 
Бид хоёр хар залуугаасаа л  ийм л цаг зав муутай ажил мэргэжилд зүтгэсээр өдийг хүрч явна
 
-Таныхаар редактор гэж хэн байх ёстой вэ?

   -Редакторын ажлыг хүн чанартай, хүний мөстэй, ёс зүйтэй хүн л хийх юм болов уу гэж боддог. Яагаад гэхээд хүний юмыг юм болгохын тулд өөрийнхөө үг, үсэг, бүтэц, найруулга, зохиомж гээд бүх зүйл рүү орж, мэдэрч, тэгээд түүнд нь оюун санаа, үгээ хайрлахгүй, харамгүй өгч байна шүү дээ. Тэгээд дээр нь дутуу юмыг нь олж хэлж өгөөд, тэр хүнтэй уулзчихвал ийм юм хэлэх байх, энэ хүнээс тодруулбал ийм үнэтэй баримт, шигтгээ болох байх гэх мэтээр хамтдаа бүтээгээд явчихаж байгаа юм. Би хэн нэг хүний номонд редактор гэж нэрээ тавиулж л байгаа бол тэр номны хувь заяа, хариуцлагыг давхар үүрэх хэрэгтэй. Гэхдээ редакторын энэ сэтгэл, мөс, хөдөлмөр номноос харагддаггүй, далдын далдад үүрд үлддэг. Үүнийгээ мэддэг ч жинхэнэ редактор хэзээ ч ажлаасаа сэтгэл буруулдаггүй. Үнэн мөн чанараараа үнэлэгддэггүй ч, алдаа гарвал сайн чичлүүлдэг алба. Редактор гэдэг тогоогоор бол бариул, эмээлээр бол дөрөө нь болж байгаа юм.

-Та редакторласан номоо тоолж үзсэн үү?
 
     -Барагцаалж үзээгүй ч, нэлээд ном бий шүү. Академийн таван боть гэхэд зохиогчид, оролцсон хүмүүс өөр өөрсдөдөө хамаарах бүлгээ голлон харж байхад би бүгдийг нь нэг бүрчлэн уншиж, давхар хянаж, монгол, латин, үндэсний монгол бичигтэй нь нэг бүрчлэн уншиж редакторлох жишээтэй.  СУИС-иас Соёл урлагийн тайлбар толь 12 цуврал боть гаргахаар ажиллаж байгаа “Дүрслэх урлаг”, “Шашин соёл”, “Музей”, “Хөгжим”, “Бүжиг” гэсэн эхний таван боть нь хэвлэгдсэн, СУИС-ийн профессоруудын цуврал Н.Норовбанзад, Г.Хайдав, Д.Амбасэлмаа нарынх гарсан,  дараагийнх нь бэлтгэгдэж байна. Мөн Ч.Жазаг гэж түүхийн ухааны докторын “Гэгээн судар” гэж   маш сайхан 10 боть, академич Ш.Бира гуайн 10 боть гээд олон номон дээр ажлласан. 
 
-Танд унших, өөрийн юмаа хийдэг цаг гэж байдаг уу?
 
        -Би өглөө эрт суух дуртай. Ажил сайхан амждаг, чимээ аниргүй, юм унших орчин ямар сайхан бүрддэг гээч. Зарим хүний хоёр өдрийн ажлыг нэг өглөө тэгж суугаад л амжуулчихдаг. Өглөө бол эмэгтэй хүнд өгсөн хамгийн гоё бөгөөд бүх юм амархан болж бүтэх цаг. Уншихаас гадна гэр орноо цэвэрлэнэ, хүн хийгээд өгчихсөн юм шиг сайхан байдаг. 
 
-Нууц биш бол таныг редакторын чинь хувьд хамгийн өндрөөр хэн үнэлж байсан бэ? 

       -Надаар бичсэн, бүтээсэн ном, ботио уншуулж, хянуулах гээд итгэл хүлээлгэж, тоож өгнө гэдэг өөрөө хамгийн өндөр үнэлгээ юм даа. СУИС-ийн эрдмийн хамт олныг онцолж дурдмаар байна. Академич Б.Чадраа, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн үр хүүхэд, гээд олныг дурдаж болно.  МУСГЗ сэтгүүлч  Х.Цэвлээ гуай маань байна. Х.Цэвлээ гуайнхаа сүүлийн 20 гаруй номыг би редакторласан. Цэвлээ гуайг “Үнэн” сонины  том хүн байхад нь халдаж чаддаггүй л байлаа. Одоо бол миний хувьд хамгийн дотно эрхэм хүн минь. Ээжтэй минь нас чацуу учраас ч тэр үү  өр зөөлөн сэтгэл уясгадаг сайхан хүн шүү дээ. Он цаг бүрт тохиогоод байхгүй шилдэг сэхээтэн, намайг тоож, надаар номоо редакторлуулна гэдэг миний хувьд их том хувь заяа юм даа. Х.Цэвлээ гуай одоо улам л сайн бичиж байна.  

-Таны хувьд эмэгтэй хүнийг чимдэг, үнэ цэнтэй байлгадаг зүйлийг нэрлэ гэвэл юуг хэлэх вэ? 
 
      -Эмэгтэй хүний хамгийн дээд чимэг бол хүнийг хайрлах хайр, энэрэх нинжин сэтгэл, нигүүлсэх ухаан юм даа. Энэ гурвыг би бүх юмны түлхүүр гэж боддог. Ийм түлхүүртэй хүнд өөр юу хэрэгтэй гэж. 
 
-Та багадаа мөрөөдөж байсан бүхнээ бараг биелүүлсэн юм биш үү. Шүхрээр ниснэ гээд ниссэн байна, сонин хэвлэлд ажиллана гээд ажилласан байна, хэл, уран зохиолын чиглэлээр сурсныхаа ачаар Монголын өмнөө барьдаг цөөн редакторын нэг болсон байна гэх мэтээр?
 
       -Би анх л мөрөөдөж байсан сэтгүүл зүйгээсээ хором ч холдсонгүй өнөөдөрт хүрлээ дээ. Өнөөдрийг хүртэл хийсэн бүх ажлын маань гол үндэс нь би эх хэлнийхээ төлөө л явсан. Миний амьдралдаа хамгийн их зарцуулсан юм гэвэл улаан бал л байх шив дээ. Элдэв юм, сурвалжилга, тэмдэглэлээ бичсэн дэвтэрнүүд маань бараг номын сан болж байна. Энэ бүхнийг эх хэлээ манахын төлөө л энэ олон ном, сонины захыг мушгисан гэж боддог. 
 
 
-Таны амьдралдаа хашиж байсан алба, хийж бүтээсэн бүхэн танд юу өгсөн гэж хэлэх вэ?
 
        -Аливаа юмнаас сайхныг нь олж харах, сайхныг мэдрэх мэлмийг нээхэд л туулсан бүхэн минь бага багаар нөлөөлсөн юм болов уу даа. Сэтгүүл зүй хийгээд редакторлах үйлсэд эвэр туруутай толгой хэсгийн дараа аман хүзүүн дээр бариул, жийрэг болсон залгаа хэсэг байдаг даа, тэр нь л би юм даа гэж өөрийгөө боддог. Арыгаа татах, урдахыгаа ардахтайгаа холбон нийлүүлэх үүргээ өөрийнхөө хэмжээнд гүйцэтгэсэн гэж боддог. Эх хэл хийгээд сэтгүүл зүйн ачаа тэнг таталцаад явж байгаадаа баяртай байдаг шүү. 

Тэр багын л бусдад туслахыг хичээдэг хүүхэд байсан гэдэг. Ямар сайндаа л эхийг нь саасан тугалнуудыг сүүгүй, өлсөж байгаадаа гэж бодохоос нойр нь хүрэхгүй, шөнө өвс зулгааж, тугалнуудад тавьж өгдөг байсан байх вэ дээ. Ийм өрөвч, нинжин сэтгэл нь түүнийг насан туршдаа бусдын мөр, замыг засагч, бүтээн туурвигч, ариутган шүүгч болгосон биз ээ. 


Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188