Ердөө наймхан хоногийн өмнө Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан УИХ-ын чуулганы танхимаас “Даахгүй нохой булуу хураана гэгчээр хэд хэдэн тендер зэрэг авчихдаг компаниуд байна. Зэрэг зам тавьж чадахгүй мөртөө тендерийг нь аваад, дараад хэвтчихдэг. Тэгээд тэр зам нь тавигдахгүй үлдээд, эцэст нь Зам тээврийн яам буруутан болдог” гэж мэдэгдэж байв.
Тэгвэл Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өөрөө “даахгүй нохойд булуу хураалгаж” буюу нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийнхээ төрсөн эгчид 59.8 тэрбум төгрөгийн хоёр тендер “бэлэглэсэн” байж болзошгүй маш ноцтой баримт байгааг танилцуулж байна.
- Зам, тээврийн яамнаас 2025 оны нэгдүгээр сард Төв аймгийн Аргалант-Баянцогт сум чиглэлийн 26.7 км хатуу хучилттай авто замыг барих 44.8 тэрбум төгрөгийн тендер зарласан. Энэхүү тендерт “Хурдны зам” ХХК шалгарсан.
- Зам, тээврийн яамнаас 2025 оны дөрөвдүгээр сард Мандалговь-Даланзадгад чиглэлийн 14.4 км авто замыг засварлах 15 тэрбум төгрөгийн тендер зарласан. Энэхүү тендерт мөн л “Хурдны зам” ХХК шалгарсан байна.
Тэгвэл гуравхан сарын дотор 59.8 тэрбум төгрөгийн төсөвтэй хоёр том тендерт “ногоон гэрэл”-ээр шалгарсан “Хурдны зам” ХХК нь Шагдарсүрэнгийн Бат-Энх, Ишбадамын Нарантуяа гэх эхнэр, нөхөр хоёрын эзэмшдэг, гэр бүлийн компани. Энэ гэр бүлийг бид эчнээ танина. Эргэн санавал, 2020 оны хавар Ш.Бат-Энх, И.Нарантуяа хоёрын “Хан талст” ХХК-ийн Туул голын эрэгт ухаад орхисон нүхэнд дөрвөн хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хаваржин л Ш.Бат-Энх, И.Нарантуяа хоёр хэвлэлийн эхний нүүрүүдэд “заларч”, нийгэм ч тэдэнд хатуу хариуцлага тооцохыг шаардаж байлаа. Улмаар дөрвөн хүүхдийн амиа алдсан хэрэгт нөхөр Ш.Бат-Энхийг нь шүүхээр болсон ч шүүх хурал нь удаа дараа хойшилсоор, эцэстээ мартагдсан байдаг.
Тайлбар: "Хурдны зам" ХХК-ийн эзэн Ш.Бат-Энх, И.Нарантуяа
Гол асуудалдаа ороё. Зам, тээврийн яамнаас 59.8 тэрбум төгрөгийн хоёр том тендер угсруулж аваад буй “Хурдны зам” ХХК-ийн эзэн Ш.Бат-Энхийн эхнэр И.Нарантуяагийн төрсөн дүү нь Ишбадамын Сүхбат гэж хүн бий. Ноцтой нь, И.Сүхбат нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд.
Тайлбар: "Хурдны зам" ХХК-ийн эзэн И.Нарантуяа, төрсөн дүү И.Сүхбат
Тухайлбал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, И.Сүхбат хоёр “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ыг 2012 оноос хойш хамтран эзэмшиж, удирдаж ирсэн. Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК болон И.Сүхбатын “Монголиан метал майнинг холдинг” ХХК нь “Монгол ган нэгдэл” ХХК-ийг 2013 оноос хойш хамтран эзэмшиж байгаа.
.PNG)
.PNG)
Цаашилбал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, И.Сүхбат хоёр Дорноговь аймгийн хоёр том нүүрсний уурхайг эзэмшдэг. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы “Сора интернэйшнл” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл суманд орших Сор говийн нүүрсний уурхайг эзэмшдэг. Харин И.Сүхбат“Түмэн айл инвест” ХХК нь Дорноговь аймгийн Мандах суманд орших Довцог худагийн нүүрсний уурхайг эзэмшдэг. Эргэн санавал, 2022 онд Дорноговь аймгийн Мандах сумын малчид “Түмэн айл инвест” ХХК-ийн Довцог худагийн уурхайг эсэргүүцэж жагссан. Гэвч “Түмэн айл инвест” ХХК-ийн хамгаалагч нар малчдыг зодож хөөснөөр дажин дэгдэх шахаж байв. Улмаар Дорноговь аймгийн Мандах сумын малчид өөрсдийн саналыг өгч сонгосон Б.Дэлгэрсайханд хандсан. Харамсалтай нь, Б.Дэлгэрсайхан халаасаараа холбогддог И.Сүхбатынхаа “Түмэн айл инвест” ХХК-ийн эсрэг хуруугаа ч хөдөлгөөгүй байсаар, малчдыг мартагнуулсан түүхтэй.
Нэгтгэвэл, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан И.Сүхбаттай нэг төрийн бус байгууллага, нэг компани хамтран эзэмшдэг, нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд гэдэг нь тодорхой харагдаж байна. Энэ сэжмээр хөөвөл, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан И.Сүхбатын төрсөн эгч И.Нарантуяагийн “Хурдны зам” ХХК-д Аргалант-Баянцогт чиглэлийн 26.7 км авто замын 44.8 тэрбум төгрөгийн тендер, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 14.4 км авто замын 15 тэрбум төгрөгийн тендерийг тус тус “бэлэглэсэн” байж болзошгүй сэжүүр гарч байгаа юм. Тиймээс энэхүү 59.8 тэрбум төгрөгийн хоёр тендерийг АТГ анхааралдаа авах нь зөв биз ээ.
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ |
|