• Өнөөдөр 2026-05-12

СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР

      Уярал хайр нь ил, утга найраг нь яруу, догдлол омогшил нь чин зүрхнээсээ, бүгдийн сэтгэл зүрхэнд бүтээл туурвил, давтагдашгүй дуу хоолой, дотно дулаан дүр төрхөөрөө ойрхон оршигч байлаа, Ш.Гүрбазар найрагч. 

      Хэдий тэр өнөөдөр бидний дунд байхгүй ч өгүүлэн ярих, өргөмжлөн алдаршуулах зуун зуун бүтээл нь ном, дэвтэр, тайз, дэлгэцнээ өрөөтэй байна. Шүлгээр нь бүтсэн олон ч сайхан дуу хэн бүхний сэтгэлийг аргадан эгшиглэнэ. Ерөөс хүн гэгч байхдаа бүтээл нь мандан дэлгэрч, үгүйлэн дурсах мөчид мөрт шүлэг, үг, өгүүлбэр нь цээжнээ улам тодсож, үгсийн дулаан, гэгээн нь бүр ч ихээр мэдрэгддэг байна. Ингээд бүхний үгүйлэл,  санагалзал дор түүний тухай бичвэр дэлгэж байна.

    -ГОВЬД ТӨРСӨН, ХҮНИЙ ГАНЦ ХҮҮ-

 
        “Шар хамба шиг толгод зээгэлтсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм” гэж тэр төрж, өссөн Алтанширээ сумынхаа тухай “Хоршоо Дэрэм” шүлэгтээ бичсэн байдаг даа.  Дэрмийн нутаг чинь түүний л нутаг юм шүү дээ. Буйд тэр сумын уугуул, манаач Шагдарсүрэн гэж айлд тэртээ 1955 онд ганц бор хүү мэндэлсэн нь хожмоо Монголын ард түмний хайртай зохиолч болно чинээ хэн ч санаагүй биз ээ. Ш.Гүрбазар гуай бага насныхаа тухай ярих бүрдээ наадмын тухай сайхан дурсамж дэлгэдгийг нь олон ч ярилцлагаас нь уншиж байлаа.  Аав нь мөн уяач хүн байсан болохоор багаасаа морины нуруун дээр өссөн юм билээ.
      Тиймдээ ч сумын наадам ямар сайхан болдгийг, дүрүүд нь хэн хэн байдгийг тэр “Дугуй хээтэй наадам” шүлэгтээ “Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ…” хэмээн яруу тодоор дүрсэлсэн. Энэ бол сум, аймгийн наадам үзэж өссөн хүнээс төрөх мөртүүд. Тэгэхээр түүний бага насыг наадмын дурсамжаас салгах аргагүй нь энэ юм. Тэр дундаа Говь нутгийн наадам түүний бүтээлийн гол нэгэн сэдэв.

         -ТАВДУГААР АНГИАСАА ШҮЛЭГ БИЧИЖ, ДОЛДУГААР АНГИДАА УРАН УНШДАГ БОЛЛОО-

      Морь унаж, наадам хэсэж, аав, ээждээ эрхлэн явсаар нэг л мэдэхэд тавдугаар ангид орлоо. Гэхдээ тэр айлын ганц хүү мөртлөө айхтар эрх биш харин ч хэрсүү, юм юманд аав, ээждээ ханьтай хүү байжээ. Бага ангиа төгсөх үеэс шүлэг бичиж, долдугаар ангид орохдоо хэдийнэ овоохон шүлгүүдтэй болсон байж. Аав нь түүнийг долдугаар ангиа төгсөөд цагдаа болгоно хэмээж байтал Улаанбаатар хотод зохион байгуулсан Монголын пионер сурагчдын урлагийн үзлэгийн уралдаанд уран уншлагаар алтан медаль авснаар наймдугаар ангид элсэж, шүлэг найраг, ном эрдмийн зам нь эндээс эхэлжээ.
“Холыг зорих хүүдээ цэнхэр хадаг дээдлэх шиг
Хаж мөнгөн зэрэглээнд
Уулсын дүрс сугарч
Унаган багын сэтгэл
Шилбүүр унан булгиулж
Улаан зандан хэмээх говийн шил ягаарна”. Энэ бол дунд ангийн сурагч Ш.Гүрбазарын бичсэн шүлэг.

    -ЗОХИОЛЧДЫН ХОРООНД Ч ОРЛОО, СЭТГҮҮЛЧ Ч БОЛЛОО-

       Аравдугаар ангиа төгсөөд бие давхар эхнэрээ дагуулаад, зохиолч болохоор хот орж байсан тухай нь сонсоогүй хүн байхгүй байх. Өөрөө ч энэ тухайгаа хоногштол ярьсан байдаг. Хотод ирсэн залуу хөвгүүн алдарт Багшийн их сургуулийн хэл, уран зохиолын ангийн оюутан боллоо. Хажуугаар нь Зохиолчдын хорооны гишүүн болж, хоёр ч оныг Монголын домог болсон зохиолчдоос суралцаж, нөхөрлөхтэй нь нөхөрлөж үдэж. Тэд бол С.Эрдэнэ, Д.Мягмар, Д.Пүрэвдорж нар, мөн Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, Ц.Ойдов, Я.Баатар, Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Б.Сундуй, Ж.Оюунцэцэг нараас бүрдсэн “Гал” нэгдлийнхэн. Хожмоо Монголын утга, уран зохиолд өөрсдийн өнгө аяст бүтээлийг цөм дэлгэцгээсэн. Энэ үед Ш.Гүрбазар найрагч шүлэг, жүжиг ч бичиж, уран бүтээлийн сангаа чамгүй нэмж байсан ч сэтгэлийнх нь угт сэтгүүлч болох хүсэл оргилсоор л байж. Тийм ч болохоор радиод нэвтрүүлэгчээр шалгуулж, тэнцээд, телевизэд орж чаджээ. Тэгээд бүр сэтгүүлчээр ч ажиллах завшаан гарсан нь эстрадын жүжигчдийн улсын уралдаан. Энд уран элэглэл, шүлэг багтаасан төрөлд нь оролцож түрүүлээд, телевизийн бичлэгт орох болж л дээ. Тэгсэн тухайн үед МҮОНРТ-ийн даргаар ажиллаж байсан Жаргал гэж хүн түүнд сэтгүүлчээр ажиллах санал тавьснаар дэвшиж, тус телевизийн залуучуудын редакцид туслахаар орсон гэдэг. Ингэж телевиз хэмээх их айлын гишүүн болж, “Говийн ганц айл”-аас өгсүүлэн  “Тэнгэрлэг оршихуй”, “Та хариулахгүй байсан ч болно” зэрэг олон сайхан нэвтрүүлгийг хүргэсэн байдаг.

“ГОВИЙН ГАНЦ АЙЛ”, “ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙ”, “ТА ХАРИУЛАХГҮЙ Ч БАЙЖ БОЛНО”

     Телевиз хэмээх айл шүлэг найрагт дуртай, авьяастай, сэргэлэн хүүгээр бүл нэмснээс хойш түүний өгүүлэх, уншихын их авьяас сая тодорч, үзэгчид ч тэндээс нь Ш.Гүрбазартайгаа анх танилцсан нь “Говийн ганц айл”. Хүний аж амьдрал, мөн чанарыг уудлах их аялал нь энэ нэвтрүүлгээр эхэлж, тэр өөрөө тун сонирхолтойгоор хөтөлж, үзэгчдэд хүргэж байв. Харин удаан уулзаагүй хүмүүсийг уулзуулж, тэнгэр, газрын энэ ертөнцөд учрал тааруулна гэдэг ёстой л сэтгүүлч хүнд л байх ховор чадвар байх. Эрж хайна, баттай ноттой холбоно. Тэгээд нэвтрүүлгээ бичнэ. Олон сайхан хүнийг тэр “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлгээрээ уулзуулж, утга уянгын сайхан үгсээр өөрөө тэр л агшныг нь чимж, гоёж байсныг үзэгчид одоо ч санаж буй. Ш.Гүрбазар гуайн тэр сэтгэл догдлом хөтлөлт одоо ч үйл хөдлөлтэйгээ тодоор сэтгэлд бууна. Харин “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэг бол эл хоёроос арай ондоо илүү шийдэмгий, хэрдээ задгай, шулуун. Тэр заавал хариулт авахыг хүсэхгүй ч асуух гэсэн асуултаа ямар ч л байсан тавьчихаж байгаа юм. Ярилцлагын нэвтрүүлгүүд  албан, эсвэл нэгэн хэвд цутгасан мэт асуулттай байдаг даа. Гэтэл түүнийх өөрийн гэсэн өнгө аястай, тайван уужуу, цаанаа нэг хүн бүхнээ уудалж, ярьж, тайвширмаар тийм мэдрэмж төрүүлж, тийм ч боломж, нөхцлийг Ш.Гүрбазар гуай өөрөө бүрдүүлдэг. Эдгээр нэвтрүүлэг түүний нэгэн тодрол гарцаагүй мөн.
 

ДААГАНЫ УРАЛДААНЫГ САМСАА ШАРХИРТАЛ ТАЙЛБАРЛАНА

     “Ш.Гүрбазарын тайлбартайгаар дааганы уралдаан үзэх ч сайхан шүү” гэх улс зурагтныхаа өмнө сууна. Даага зурхайгаас эргэх тэр агшинд тэр өөрөө ч өгүүлшгүй ихээр догдлон өмөлзөж, яг тэр сэтгэл зүй, огшлоороо уралдааныг тайлбарлахад амьсгаа даран сонсохгүй байх аргагүй. Өөрөө ч даага хэчнээн хөөрхөн амьтан гээч гэж ирээд л ярьдаг. Төрийн наадамд уралдах дааганы уралдааныг тэр тэгж олны самсаа шархиртал тайлбарлачихаад, баян ходоодод орсон дааганы эзнээс ярилцлага аван хүргэж, өөрөө тэо агшин, орон зайгаа эхлүүлж, өрнүүлж, туйлд нь хүргээд үзэгчдийн сэтгэлийг өндөлсүүлсээр намсгадаг нь эрхгүй өгүүлэх, ярих, хөтлөх тэр авьяас билигт нь л цөм байдаг гэмээр. Үзэгчид  ч Гүрээгийнхээ шүлгийг, дааганы уралдаан тайлбарлахыг нь, домогт нэвтрүүлгүүдийг нь тэсэн ядан хүлээдэг. Бодоод байх нь ээ, тийм сайхан тайлбартайгаар бид сүүлийн жилүүдэд морь үзсэн бил үү. Бүр нэг сэтгэлд үлдсэн нь байхгүй байх аж. Тийм тайлбар үгүй юм гэхэд Ш.Гүрбазар гуай Монголынхоо тухай, наадмын тухай бичсэн  шүлгээсээ уншихад л сэтгэл сэрж, бид хөх азийн цээжин ирж мэндэлсэн утгаа сая нэг эргэцүүлдэг. Одоо ч нэхэн сонсоход эрхгүй омогшил төрнө. Тэр шүлгүүдээ сэтгэл омогштол уншдаг шиг омогштол морь тайлбарлана. Олж харсан өнцөг, мэдрэмжээрээ л тайлбарласан гэсэн. Тэр дундаа даага. Хүмүүс ч их дуртай. Тэр үг сонголт, оновчтой илэрхийлэл, үгийн өргөлт гээд үнэхээр сайхан. Монгол хүн бүрийн сэтгэлд морь барианд ирэх мөчид нулимс цэлэлзээд ирдэг тийм нэг мэдрэмж төрдөг. Тэр мөчид Ш.Гүрбазар гуай тайлбарлахад цаанаасаа бүр сэтгэл огшиж, “Энэ чинь л Монгол наадам шүү дээ” гэх бахахрхал төрж, түүнтэй хамт догдолж, үймэрч, хүүхдүүдийг өхөөрдөж, мөнхүү бахдаж үздэг.
 

                   -22 НАСТАЙДАА АНХНЫ ЖҮЖГЭЭ БИЧЭЭД, ДОРНОГОВИЙН ТЕАТРТ ТАВЬСАН-

 
 
       Нэрт зохиолч Д.Намдаг гуайн шавь болох хувь түүнд Зохиолчдын хороонд байхад нь тохиосон байдаг. Тиймдээ ч анхны жүжгээ түүний удирдлага дор туурвин, тайзнаа амилуулсан нь 22 настайд нь. Ш.Гүрбазар найрагчийг бид “Цэргийн ар гэр”, “Сэрүүн зүүд”, “Шөнийн сүүдэр”, “Жаргаагүй нар”, “Хүний хань”, “Надаар тоглосон хайр”, “Чамайг алдмааргүй байна”, “Жаргаж дурладаггүй”, “Сүүлчийн хичээлийн дараа” тэргүүтэй олон сайхан жүжиг бичсэнийг нь мэдэх билээ. Эдгээрээс тэрээр “Надаар тоглосон хайр” жүжгээ бичиж байхдаа уйлж байсан гэдэг. Суут хүмүүний амьдрал, уран бүтээлийн тухай, хайр дурлал, хүн чанар, хүнлэг сэтгэлийг хөндсөн түүний жүжгийн зохиолууд уран тансаг үг хэллэг, утга найруулгаар шаглан бүтээсэн байх бөгөөд уншихад ч,  үзэхэд ч амттай байдаг. Тэр дундаа хайрыг олон талаас нь, өөр өөр өнгөөр нь харуулахыг зорьсон байдаг нь баялаг. Д.Намдаг багшийнхаа “Оролмаа”  жүжгийг сэргээн бичих саналыг түүнд УДЭТ-аас тавьжээ. Энэ тухай “Драмын театраас та л энэ жүжгийг хөндөнө дөө гэсэн. “Оролмаа” жүжгийг сэргээн бичсэнийнхээ дараа л би Д.Намдаг гуайн шавь гэж итгэсэн юм. Багш минь ““Чи дэндүү олон юм руу үсчих юм даа. Уг нь чамайг жүжгийн зохиолч болно хэмээн найддаг юм” гэж байсаг удаатай. Би энэ хүнийг дагасны хүчинд жүжгийн зохиолч болсон” гэсэн байдаг. Түүнчлэн Ц.Балдоржийн зохиол “Шөнө амталсан нулимс”, өөрийн бичсэн  “Надаар тоглосон хайр” зэрэг жүжгийн дууны үг ч түүнийх. 
“…Босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн 
Дээлтэй тэнгэр нь биш гэж үү эр хүн би чинь…”
 

 -“ХҮНИЙ АМЬ”-ИЙН САРУУЛААС ЭХЛЭЭД ДЭЛГЭЦНЭЭ-

 
 
       Багшийн их сургуулийн оюутан хүү Ш.Гүрбазарыг Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн ээлжит киноныхол гол дүрд сонгосон нь “Хүний амь”. Хар нүдний шилнээс нь илүү цагаан малгай, хээтэй сороочкон цамц нь Саруулд илүү зохисон харагддаг. Кино эхлэхэд гудамжинд хүний амь эрсэдсэн байх бөгөөд цагдаа нар хэргийн эзнийг олохоор үйл явдал өрнөнө. Гол хэрэгтэн нь Саруул. Уг нь сэргэлэн, жавхаалаг нэгэн боловч хэт хөөрч дэвэрч, сагсуурсны улмаас амьдралд дөнгөж хөл тавих гэж буй гэнэн томоогүй насан дээрээ алдаж, гэмт хэрэгтэн болоод шоронд орж буй хүүгийн дүр. Энэ бол түүний бүтээсэн цөөн дүрийн нэг нь. Өөр нэг нь найруулагч П.Дэлгэрбаярын  “Төрийн дайсан” киноны дугаар 12. Шатар тоглонгоо асуудлыг ярьдаг тийм нэг сонирхолтой дүр. Эл киног мэдэх үзэгчид андахгүй дээ. Тэрбээр мөн “Эх бүрдийн домог”, “Амин мөр”, “Тэнгэрийн муухай арилдаггүй”, “Өнөр бүл” гэхчлэн олон ч дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн. Тэдгээрээс Ш.Гүрбазар  найрагч залуудаа ямархан залуу явсан бэ гэдэг нь харц, хөдлөл, яриа хөөрөөнөөс нь тод харагдана. Тэр дундаа “Хүний амь” киноны тэр гялалзсан, сэргэлэн нөхөрийг үү. Юу ч хийж мэдэх хөдөлгөөнтэй. Хэдийгээр эсрэг дүр ч тэр яралзсан цагаан шүд, хөнгөн тунирхал, марзан яриа нь сэтгэлд дотно бууна.
 

              ЗОХИОЛЫГ НЬ БИЧСЭН “ШАР ГЭГЭЭ”, “ГАЛБИНГАА”

 
        Түүний зохиолоор бүтсэн кино цөөнгүй бий. Тэр дундаа эх, үрийн нандин холбоо, үр хүүхэд гэдэг хэчнээн чухлыг нэлээд нухацтай, утга төгс үг хэллэгтэйгээр харуулсан бүтээлүүд нь сүүлийн жилүүдэд дараалан үзэгчдэд хүрлээ. “Шар гэгээ” сэтгэл хайлуулж, “Галбингаа” үр хүүхдээ хайрлахыг сануулж, эх хүний сэтгэлийн цөмиг хоёул хэн бүхний өмнө дэлгэн нээсэн. Хүн хоорондын нандин сайхан харилцаа, хүний чанарыг шалгасан үйл явдлын уялдаа холбоогоор өрж бичсэн зохиол, түүнийг тэр хэвээр нь мэдэрсэн найруулагчийн ажиллагаа эл хоёр бүтээлийн хэсэг бүрд амтагдаж, бахдал баярын мэдрэмж алхам бүрд л төрж байлаа. Тэрээр өөрөө “Шар гэгээ” киноныхоо тухай “Хүн энэрэхүй, уярал, уучлах, ертөнцийн мөн чанарыг хаанаас олдог вэ гэх ухааны тухай л кино юм. Хүн зүрхэн дээрээ дайруулсан, өөртөө ойрхон зүйлээ л бичдэг. Би хоёр эгчийгээ алдсан хүний ганц хүү. Аав, ээж хоёр минь намайг тав нас хүртэл дээс татаж, энхрийлж байгаад хүн болгосон. Тэр бүхнийг бодож, өвлийн шөнө би бага охиноо төрж байхад уйлж бичсэн зохиол” хэмээсэн байна лээ. Харин “Галбингаа”-гийнхаа тухай “Ах нь 30-аад ээжийн тухай шүлэгтэй. Нэг удаа ээжийн тухай шүлэг биччихээд, болсон гэж орхиогүй. Эх хүний тухай 20 уран бүтээл хийсэн. Цаашид ч би бичнэ. Үүнтэй адил хүүхэд үрчлэх юм уу гэр бүлийн харилцааны тухай, тэр дундаа хүн хүнээ хайрласан тэр гоё нандин харилцаа, хайрын тухай ах нь цаашдаа ч бичнэ” гэсэн байдаг. Энэ мэтээр түүний зохиолоор бүтсэн дэлгэцийн бүтээл цаашид ч олноор төрөх биз ээ.
 

   МОНГОЛООРОО ГОЁСОН НАЙРАГЧ

 
      Тэр дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа Монголтойгоо адилхан хэмээн өөрийгөө эрсхэн зарлаж, Монголоороо гоёж, салхинаас нь хүртэл Монгол үнэртдэг гэж бичсэн. Хөхөө донгодож, цэцэгс алагласан зун удахгүй болох гэж байна. Тэр өөрөө алга. Дугуй хээтэй наадмаараа ч эзгүй байх нь. Гэсэн ч сэтгэлд ойрхон шүлгүүд нь уншигдаж, цээжинд хайр, бахархлыг асаадаг дуунууд нь эгшиглэсээр, түүний гоёж, магтан дуулсан Монгол айрагтай, уртын дуутай, тэнэгэр, уужим хэвээр оршиж байна. Ш.Гүрбазар гуайн шүлгүүдээр бүтсэн дуунууд бол бидний дотны анд нөхөр. Тэр,
“Зүүн уулын солонго нь 
Баруунаа татсан ч яах вэ дээ
Зүүдлээд сэрэхэд ээж минь
Дэргэд минь байвал жаргалтай”, 
 
Ээжээ, таныхаа ачийг уул өргөж хариулах
Урт холын бодолд дараатай яваа шүү” гэж ээждээ хэлж, 
 
“…Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гаталж чадах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь…” гэж эх орондоо хэлж, 
 
“…Шивэрч л байг бороо л юм чинь
Сэмэрч л байг сэтгэл л юм чинь
Учирсан хайр минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Яв даа чи минь, яв даа чи минь
Чи ямар гунигтай байх ёстой ч гэж үү
Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг дагая даа, жамыг дагая даа…” гэж хайрын тухай шүлэглэсэн. Ааг бахархал, хайр омогшил, гуниг, баярыг чимээгүйхэн мэдэрч, чинээтэйхэн бичсээр шүлэг, дууны үг, жүжиг, кино, шүлэглэсэн роман гээд бүх л төрөлд өөрийн оюун, сэтгэлийг үлдээгээд буцжээ, тэр. Сүүлд тэр “Нулимс унахаа нүднээс асуудаггүй” номоо үзэгчдэдээ өргөн барьсан. Цогтой, эрчтэй, уянгатай явж байсан хүний арай нэг ондоо тэмцэл, итгэлээр дүүрэн үеийн бүтээл. Уншигчид шимтэн уншина биз ээ. Бүтээл бүр нь сэтгэл дулаацуулж, гэгээ таттал ойрхон оршино. 
 

СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188