• Өнөөдөр 2026-05-05

ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ

       Нийслэл хүрээний дунд сургуулиас 13-25 насны 35 сурагч Өрнөдийн соёлд суралцахаар эх нутаг, элгэн саднаа орхин, мордож байсан нь одоогоос 100 жилийн өмнөх түүх юм. Анх эх орноосоо илгээлт авсан 35 сурагчийг өрнөд рүү илгээж, түүнээс хэдхэн сарын дараа долоон сурагчийг араас нь явуулснаар 42 сурагч Герман тэргүүтэй Европын орнуудад 1926-1930 он хүртэл суралцсан түүхтэй.


    Тэгвэл бид Өрнөдөд суралцсан анхны 35 сурагчийн амьдралын түүхийг үр хүүхдүүдтэй нь ярилцаж, цувралаар хүргэж эхэлсэн билээ.  Өмнөх дугаартаа бид Франц Улсад суралцсан дөрвөн сурагчийн нэг Л.Намсрайн түүхийг хүргэсэн бол энэ удаад олноо “Герман” хэмээн алдаршсан  Д.Нацагдоржийн шагналт судлаач, нэрт томъёо ч, эрдэмтэн Б.Содномын охин С.Эрдэнэчимэг, хүү С.Цогоо нартай ярилцсанаа хүргэж байна.

  .... Нийслэл хүрээнээс дожи маркийн машинд нуруу нуруугаа нийлүүлэн алс газраас эрдэм сурахаар зорьсон хүүхдүүд Шар хөвд хүрч хоёр хоног морин өртөөгөөр явж,  буриад айлд хоёр гурав хоножээ. Ингээд тэд Алтанбулаг орж, тэндээсээ Улаан-Үдэ ортлоо тав хоног галт тэргээр явж, эсгий гудсаа дэвсээд унтдаг байсан тухайгаа бичиж үлдээсэн нь бий.

     Ингэхдээ замдаа эрдэм номд суралцаж, Г.Далай  багшаар Герман хэл заалгасаар Ленинградад хүрэхдээ герман үсэгнүүдээ цээжилж, үг холбох хүртлээ суралцсан гэдэг. Ийн угааж, цэвэрлэсэн хэдхэн хувцсаа баадагнаж, сураар боогоод эх нутгаасаа хөдөлсөн сурагчид Ленинградад хүрмэгцээ европ хувцас сольж өмсөөд дахин хоёр хоног усан онгоцоор явсаар Германд хүрснээр эрдэмд шамдаж эхэлсэн нь тэр.

ГОНЧИГ ТАЙЖ ХҮҮГЭЭ СУРГУУЛЬД СУРГАХГҮЙ ҮЛДЭЭЖ, ХАРЦ АРДЫН ХҮҮ ЭРДЭМТЭН БОЛСОН НЬ

        Өрнөдөд суралцсан 42 сурагчийн дунд Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын Гүн галуутай гэх газарт төрсөн хоёр сурагч байсны нэг нь Их зохиолч Д.Нацагдорж, нөгөө нь хожмоо нэрт томъёоч, Д.Нацагдоржийн шагналт судлаач хэмээн алдаршсан эрдэмтэн Б.Содном нар байлаа. Тэр байтугай өрнөдөд сурсан сурагчдын дунд хоёр Содном байсныг нэг нь Балданы Содном буюу найзуудынхаа дунд “их” Содном хэмээн нэрлэгддэг байжээ.

      Энэ тухай түүний охин С.Эрдэнэчимэг ийн дурссан юм. “Миний аав Б.Содном Төв аймгийн Эрдэнэ сумын Гүн галуутай  гэдэг газар 1908 онд төрсөн. Аав минь ард гаралтай, малчин айлын хүүхэд. Эхээс уг нь хоёулаа. Гэвч ганц эмэгтэй дүүтэй. Аав долоон нас хүртлээ ээж, аавтайгаа хамт нутгийнхаа Гончиг гэдэг тайжийн малыг маллан амьдарч байсан гэдэг. Харц гаралтай аавыг минь тайжийнх нь хүүхдүүд ихэд дээрэлхэж байсан тухайгаа тэмдэглэн үлдээсэн нь бий.

      Ингээд аавыг долоо настайд нь Гончиг тайжийн хүүг сургуульд дайчлан татах албан бичиг ирэхэд нь тайж өөрийнхөө хүүгийн оронд миний аав Б.Содномыг нийслэл рүү сургуульд явуулчихсан юм билээ. Харин аав минь энэ тухай “Манай тайж намайг хүүгийнхээ оронд сургуульд явуулсан нь миний хувьд их том завшаан болсон” хэмээн дурсаж байсан юм. Ингээд 1922 онд нийслэл хүрээний бага сургуульд суралцаж, 1924 он гэхэд дунд сургуулийн сурагч болон дэвшин суралцсан түүхтэй. Ингэж харц ардын хүү эрдмийн мөр хөөж эхэлсэн гэдэг” хэмээн дурслаа.

ХИЧЭЭНГҮЙ САЙД Б.ЦЭРЭНДОРЖ, Д.СҮХБААТАР ЖАНЖНЫ ХҮҮХДҮҮТЭЙ ШАЛГАЛТАД ОРЖ, ТҮРҮҮЛЭЭД ГЕРМАНД СУРАЛЦАХААР БОЛСОН НЬ

       Ийн нийслэл хүрээний бага сургуулиас дунд сургуульд суралцаж, 1924 онд Герман, Францад суралцах эхний 35 сурагчийн шалгаруулсны нэг нь Б.Содном болжээ. Энэ талаар түүний хүү С.Цогоо “Өрнөд рүү явах 35 сурагчаас шалгалт авахад аав минь тэнцэж, Германд суралцахаар болсон. Тухайн үед аав Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хүү, Д.Сүхбаатар жанжны хүүтэй өрсөлдөж, шалгараад явахаар болсон юм билээ. Ингэхдээ шалгалтын комиссын дарга нь Б.Цэрэндорж сайд асан байж. Ингээд “Миний хүү жолооч болох юм байна. Д.Сүхбаатар жанжны хүү цэргийн хүү болох юм байна. Харин Б.Содном гэдэг энэ хүү бичгийн хүн болох юм байна” гэж хэлээд манай аав Германд суралцахаар болсон” хэмээн дурслаа.

       Германы Берлин хотод очсныхоо дараа Лихтерфельде дүүргийн дунд сургуульд өрнөдийг хамт зорьсон С.Бавуу, Б.Доржсүрэн, Н.Наваан-Юндэн, Н.Пүрэвдорж нартай суралцаж эхэлсэн байна. Удалгүй Б.Содном, Н.Наваан-Юндэн, Н.Пүрэвдорж нар Пост дам руу шилжиж, Obirayal гэдэг дунд сургуульд элсэн оржээ. Тэд тус сургуулийн Берлин хотын их сургуулийн бэлтгэл ангид суралцаж байхдаа буюу 1930 онд дуудагдан эх орондоо буцаж ирсэн түүхтэй.

      1930 онд өрнөд рүү суралцахаар явсан сурагчид цөм эх орондоо ирж, Б.Содном   эх орондоо ирснийхээ дараа Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллах болсон байна. Энэ талаар түүний хүү С.Цогоо “Аавыг эх орондоо ирэхэд нь хөөрхий аав, ээж нь өөд болчихсон байсан гэсэн. Аав нутагтаа ирээд тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байгаад 1931 онд ЗХУ руу Лененград хот руу Шинжлэх ухааны Академийн Аспирантурт суралцахаар явсан гэдэг. 1933 онд аав өвдөж эх орондоо хэсэг амьдрахдаа Судар бичгийн хүрээлэндээ ажиллаж, тэр хугацаандаа эрдэм шинжилгээний ажлаа хийж байсан. 1934 онд сургуульдаа буцаж яваад 1938 онд Ленинградад сурч байсан бүх оюутныг дахин дуудсны нэг аав байлаа. Тухайн үед аав диссертацаа хийж, сургуулиа төгссөн ч, эрдсийн цолоо аваагүй байхад нь буцаагаад дуудчихсан гэсэн.

     Ингээд 1938 онд Герман, Францад суралцсан сурагчдын хэлмэгдүүлэн хориход аавыг мөн хорьсон. Хэл зохиолын хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилогдоод ирэхээр нь оролдоод эхэлсэн нь тэр. Аавыг тухайн үед “Хувьсгалын эсэргүү, улс төрийн хэрэгтэн хэмээн” нэг жил таван сар байцаан, хорьсны дараа хэрэгт холбогдолгүй болгон сулласан нь архивын баримтад бий” гэв.

ХАРАНДАА “ДУТААСАН” ХЭРГЭЭР ХОЁР ДАХИА ХЭЛМЭГДҮҮЛСЭН НЬ

        Ийн Герман, Францад сурсан сурагчдыг 1937 оноос толгой даарлан цагдан хорьж, хэлмэгдүүлэн хар түүхтэй. Улмаар тэдэнтэй хамт явсан багш нарыг нь бүгдийг нь амь хороож, учир битгүүлгээр амиа алдсан сурагчид ч бий. Таван сурагчид цаазын ял оноосон гашуун түүхтэй. Герман Францад суралцсан сурагчдыг шахан хавьчиж, эргүү болгон цоллож, хэд хэдэн удаа цагдан хорьсны нэг нь эрдэмтэн Б.Содном байлаа.

     Тэрбээр 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл цагдан хоригдож, суллагдсныхаа дараа 1941 онд Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар 1947 онд түүнд дахин хилс хэрэг тулган Зүүн хараагийн засан хүмүүжүүлэх газарт хорьсон аж. Энэ талаар түүний хүү С.Цогоо “Аавд хоёр удаа хилс хэрэг тулган, хорьсон. Хоёр дахь удаагаа хорьсон шалтгаан нь Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа харандаа “дутаасан”  гэх хэрэгт холбогдуулан хорьсон гэнэ лээ.

        Зүүн хараад хоригдож байхдаа аав Спиртний үйлдвэрт ажилладаг байсан  орос мэргэжилтнүүдэд орчуулагч хийж, үйлдвэрийн эвдрэл гэмтлийг засахад тусладаг байсан гэсэн. Хоёр дахь удаагаа хоригдоход нь Бямбын Ринчин гуай мөн хоригдож, Цэндийн Дамдинсүрэн гуай их сандарч явсан гэдэг юм. Аав, Б.Ринчин гуай хоёрыг суллахын тулд Ю.Цэдэнбал дарга дээр ороод “Үнэн сонинг орос хэл дээр гаргая” гэдэг санал тавьсан гэнэ лээ. Тэд аль аль нь унаган орос хэлтэй учраас орчуулж гаргахад тус хүрнэ гэж хэлээд тэднийг шоронгоос сулласан гэдэг. Ингээд аав, Б.Ринчин гуай хоёр өдөр нь Хүрээлэндээ ажиллаад орой нь “Үнэн” сонинг орос хэл дээр гаргахаар очдог байж. Жил гаруйн дараа тэдний хэрэг хаагдахад “Үнэн” сонинг орос хэл гаргахаа больсон гэдэг юм” хэмээн дурслаа.

АРДЫН АМАН ЗОХИОЛЫГ БИЧГИЙН ХЭЛНЭЭ БУУЛГАСАН, НЭР ТОМЪЁОНЫ СУДЛААЧ ЭРДЭМТЭН

       Тэрбээр үргэлжлүүлэн “Аав минь Б.Ринчин гуайтай хамт Шинжлэх ухааны мэргэжлийн нэр томъёог зохисон. Бид бичиж тэмдэглэсэн, хийсэн бүтээснийг нь шавь Д.Цэдэв, Шинжлэх ухааны хүрээнгийнхэнтэй хамтарч дөрвөн боть ном болгон хэвлүүлэн гаргасан. Миний аав Б.Содном Шинжлэх ухааны академийн Нэр томъёоны хүрээлэнгийн тасгийн эрхлэгчээр 48 ажилласан. Их шударга хүн байлаа. Тиймдээ ч аавыг минь МАХН-д элсүүлээгүй, шахан хавчиж, албан тушаалаас нь хойш суулгасан даа. Тэрбайтгуй эрдмийн зэргээ хамгаалчихаад байхад нь дипломыг нь өгөөгүй юм. Сүүлд нас барсных нь дараа бидэнд өгсөн. Тухайн үед намд элсэх чинь бас амьдралынх нь замналд их том нөлөөтэй байлаа шүү дээ.

      Аав намд элсэн гэж үзсэн юм шиг байна лээ. МАХН-д элсэх гэхэд нь олон жилийн татвар нөхөж төлчихөөд орох шаардлага тавьсан гэдэг юм. Аавыг минь намд элсүүлэхгүй, дээшээ гаргахгүй гэсэн бодлого ч байсныг үгүйсгэхгүй гэж боддог. Гэхдээ аав минь хийсэн ажил монголчуудын оюун санаанд соёлыг үрийг цэцэглүүлсэн.

      Биднийг багад их завгүй, ажил ихтэй байдаг байлаа. Зун, өвөл хөдөө их явна. Хөдөө явахдаа газ газарын хөгшчүүлтэй их уулзана. Ингэж явахдаа ардын аман зохиолыг цуглуулж байсан юм билээ. Аав минь одоогийн үлгэр, домог, зүйр цэцэг үгс, ерөнцийн гурав зэрэг ардын аман зохиолын бичгийн хэлнээ буулгаж, авч үлдсэн анхын судлаач юм.

      Тангадын Галсан гуайн дурсамж дээр “Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба нарыг байхгүйд тэднийг Б.Содном гуай оролдог байлаа” хэмээн дурсаж бичсэн байдаг юм. Гэхдээ тэд аль аль нь өөрөөр хичээл ордог байсан. Тэр бүгдийг аав ганцаараа хийж чаддаг байсан гэхээр их мэдлэгтэй хүн байсан байжээ. Нэр томъёоны тайлбар толийг гаргахдаа “Геологийн нэр томъёог Ж.Дүгэрсүрэнтэй, ангаахын нэр томъёог Л.Гэдилтэй хамтран хийв” гээд тэмдэглэл хөтлөөд биччихсэн байдаг юм” гэлээ.

    Түүний бичсэн ардын аман зохиол мэргэжлийн нэр томъёоны орос монгол хэл дээрх тайлбар гар бичмэлүүд нь одоог хүртэл хүүхдүүд нь хадгалан үлдсэн байна.

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛИЙН АНХНЫ СУДЛААЧ

      Их зохиолч Д.Нацагдоржийн судлалын анхны шанг татсан хүн нь эрдэмтэн Б.Содном юм. Нэг нутагт төрж, өрнийн соёлд суралцахаар мордсон тэдний нэг нь хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж, 31 насандаа нартаас буцсан эмгэнэлэгт түүхтэй. Хэдийгээр өрнийг зорьсон сурагчид их хэлмэгдүүлэлтийн дараа нэг нэгэнтэйгээ харилцаа холбоо тогтоож, ойр дотно байгаагүй ч үйл хэргээ хамтдаа үргэлжүүлсээр өнөөдөр Монголд соён гэгээрлийн үр үндэсийг тавьсан билээ.

      Энэ талаар Б.Содномын охин Эрдэнэчимэг “Аав 1947 оноос Их зохиолч Д.Нацагдорж гуайн амьдрал уран бүтээлийг судалж, цуглуулж эхэлсэн юм билээ. 1954 он  гэхэд 100 гаруй бүтээлийг нь цуглуулж, Монголын зохиолчдын хороонд шилжүүлэн өгсөн гэдэг. Ингээд Д.Нацагдоржийн уран бүтээл судлалаар хоёр удаа эмхтгэн хэвлүүлсэн. Түүний талаар олон өгүүлэл нийтлэл бичиж, сонин сэтгүүлд нийтлүүлж байсан гэдэг. Бид сүүлд дөрвөн боть ном хэвлүүлэхдээ Д.Нацагдорж судлалыг нь тусад нь боть болгон эмхтгэн гаргасан. 1968 онд аав минь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хүртсэн. Тухайн үедээ Д.Нацагдоржийн шагнал төрийн шагналын дараа орох том шагнал байлаа. Өрнөдөд суралцсан сурагчдаасаа Н.Наваан-Юндэн, Д.Намдаг гуай нартаа дотно” Гэхдээ тэд тэр бүр уулзаж, нэгнийхээрээ орж гарахгүй. Хаяа нэг аав нууцаар шахам уулзаад ирдэг байсан. Ойр дотно байвал хилс хэрэг тохих хэмжээний харгис цаг үе байлаа. Тиймээс аав минь найзууд нь бүгд хилс хэргээр буруутгагдаж нүдэн дээр шалгуулж, цагдан хоригдож, амиа алдсан хүнд цаг үеийг биеэрээ туулж, өөрөө ч хэлмэгдэж, шахан хавчигдаж хүнд хэцүүг туулсан болоод тэрүү үг дүү их цөөнтэй хүн байсан. Өрнөдөд суралцаж байснаас ч тэр ярьдаггүй байсан. Аав минь их дуу цөөтэй хүн байлаа. Тэр бүр бидний ингэ тэг гэж зааварлахгүй. Гэхдээ үг үйлдлээрээ бидэнд үлгэрлэдэг байжээ. Маш их ажилтай, хичээнгүй хүн байсан. Өглөө эрт босно. Цаг их сайн барьдаг хүн байсан” гэлээ.

АЙЛЫН ГАНЦ ХҮҮ ӨНӨР ӨТГӨН ГЭР БҮЛ БОЛСОН НЬ

         “Аав, ээж хоёр тань хэрхэн гэр бүл болж байсан юм бэ” хэмээн лавлан асуухад С.Эрдэнэчимэг “Аав ээжтэй хожуу суусан. Ээж тогооч мэргэжилтэй, Зохиолчдын эвлэлийн ойролцоох 29 дүгээр цайн газарт ахлах тогооч хийж байхдаа аавтай танилцсан гэдэг юм.

     Аав их өндөр нуруулаг, халимаг үсээ хойш нь самначихсан, цагаан цамтай сайхан залуу байсан гэсэн. Тэр үед нь ээж дурлаж байсан гэнэ лээ. Аав ээжээс өмнө хоёр ч буриад эмэгтэйтэй гэр бүл болсон. Гэхдээ хүүхэдтэй болоогүй. Манайх ах, дүү наймуулаа. Хүний хувь тавилан гэж сонин юм. Миний хамгийн том хоёр ах өргөмөл. Миний ээж мөн айлын ганц охин. Ээжийг 19 настай байхад аав нь нас барж, эмээ ээжийг Улаанбаатар хот руу явахад нь нутгийн нэг айлаас таван настай хүүхэд өргөж аваад “Миний охинд хань болно” гээд хамт явуулж байсан юм билээ. Удаах ахыг аав, ээж хоёр Лүн суманд очиход нь тэр нутгийн нэг хүн “Энэ хүүхдээ би хүнд өгөх гэсэн юм өргөөд авчихдаг хүн байдаггүй юм байхдаа” гэж ярих нь сонсож. Ингээд аав, ээж хоёр буцаж явахдаа нөгөө хүүхдийг очиж авсан гэнэ лээ. Тэр үед манай том эгч гэдсэнд байсан гэдэг юм. Ийн бид эхээс наймуулаа өнөр өтгөн айл болсон. Аав минь 1979 онд нас өөд болсон. Аавыг өөд болсных нь дараа ажлын шүүгээнд байсан зарим ном, тэмдэглэлүүд алга болчихсон. Бид хийж бүтээснийг нь чадахаараа үргэлжлүүлж байна. Ач зээ нар нь олонх нь гаднын боловсрол эзэмшсэн. Аавын минь буян түшиж байна гэж боддог юм” хэмээн бидний яриа өндөрлөсөн юм.

 


ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188