“Тавантолгой түлш” ХХК-ийг МАН-ынхан хотын утааг бууруулах зорилгоор биш, хууччуулынхаа ачийг хариулах зорилгоор ашиглаж байгаа маш ноцтой баримтуудыг бид цувралаар танилцуулж буй. Жишээ нь, УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан сүүлийн хоёр жил “Тавантолгой түлш” ХХК-д 55.2 тэрбум төгрөгийн барьцалдуулагч нийлүүлсэн. УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн туслах А.Алтанхуягийн хадам дүү сүүлийн хоёр жил “Тавантолгой түлш” ХХК-д 34.4 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлсэн, гэх мэтээр.
Тэгвэл энэ удаад “Тавантолгой түлш” ХХК-д энэ онд 4.1 тэрбум төгрөгийн барьцалдуулагч нийлүүлсэн “Барилтрейд” ХХК УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдтэй хэрхэн холбогдож буй ноцтой баримтыг танилцуулъя.
ДАРХАН ХОТОД “DD” НЭРТЭЙ ДИСКО БААР АЖИЛЛУУЛДАГ “БАРИЛТРЕЙД” ХХК 10-ХАН ХОНОГИЙН ДОТОР “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЭГЧ БОЛСОН НЬ...
“Барилтрейд” ХХК-ийг эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Тэрбишийн Туул гэх эмэгтэй бий. Т.Туул нь 2009 оноос хойш “Барилтрейд” ХХК-аараа Дархан хотод “Эрдэнэс плаза” гэх гурван давхар үйлчилгээний төв, “DD” нэртэй диско баар, “Эрдэнэс” нэртэй зоогийн газар ажиллуулж ирсэн байгаа юм.
Гол асуулт нь, Т.Туул гэх эмэгтэй жирийн нэг диско баар ажиллуулдаг “Барилтрейд” ХХК нь яаж гэнэтхэн “Тавантолгой түлш” ХХК-ийн барьцалдуулагчийн нийлүүлэгч болчихсон хэрэг вэ.
Судалж үзвэл, 2024 оны гуравдугаар сарын 29-нд Ножоогийн Алдар гэх залуу “Барилтрейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр нэмэгдсэн. Ингэснээр “Барилтрейд” ХХК нь Тэрбишийн Туул, Ножоогийн Алдар гэх хоёр хувьаа эзэмшигч, хоёр эцсийн өмчлөгчтэй болсон байгаа юм.
Ноцтой нь, Н.Алдар “Барилтрейд” ХХК-ийг эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээс ердөө 10-хан хоногийн дараагаас буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн “Тавантолгой түлш” ХХК-ийн данснаас “Барилтрейд” ХХК-ийн данс руу “Барьцалдуулагчийн төлбөр” гэх утгаар сар тутам мөнгө шилжүүлж эхэлсэн байгаа юм. Тодруулбал,
-
2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд 2.5 тэрбум төгрөг
-
2024 оны тавдугаар сарын 22-нд 274.2 сая төгрөг
-
2024 оны тавдугаар сарын 31-нд 747 сая төгрөг
-
2024 оны зургадугаар сарын 5-нд 500 сая төгрөг
-
2024 оны есдүгээр сарын 24-нд 98.7 сая төгрөгийг тус тус “Барьцалдуулагчийн төлбөр” гэх утгаар шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, Н.Алдар гэгч нь “Барилтрейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээсээ хойш “Тавантолгой түлш” ХХК-аас таван удаагийн гүйлгээгээр нийт 4.1 тэрбум төгрөгийг “Барьцалдуулагчийн төлбөр” нэрээр авчихсан гэсэн үг.
Тэгвэл баар ажиллуулдаг “Барилтрейд” ХХК-ийг барьцалдуулагч бодисын нийлүүлэгч болгож хувиргасан Ножоогийн Алдар гэгч хэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт хайж үзвэл, Н.Алдар гэх залуу УИХ-ын гишүүн асан, “нүүрсний хулгай”-н хэрэгт орооцолдож, арга буюу төрийн тайзыг орхисон Ш.Раднаасэдтэй хамаарал бүхий нэгэн ажээ. Тодруулбал, Н.Алдар нь Ш.Раднаасэдтэй ингэж холбогдож байна.
1. Н.Алдар нь УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийн авга эгч Д.Хишигмаагийн хүү болох Дүгэржавын Ганзоригийн “Арованна” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. “Арованна” ХХК нь 2017 онд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 4.5 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Өнгөрсөн онд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Шилэн ажиллагаа”-ны хүрээнд мэдэгдэл хийхдээ “Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хамгийн их буюу 4.5 тэрбум төгрөгийн зээл авсан “Арованна” ХХК одоог хүртэл зээлээ төлөхгүй байна” гэж нийтэд зарлаж байв.
Тайлбар: Ш.Раднаасэд, авга эгч Д.Хишигмаа, хүү Д.Ганзориг, Н.Алдар
2. Н.Алдар нь УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийн авга эгч Д.Хишигмаагийн охин болох Дүгэржавын Болор-Эрдэнэтэй “Гэрд сараа” ХХК-ийг хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. “Гэрд сараа” ХХК нь 2018 онд ЖДҮХС-гаас 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Одоог хүртэл 1.6 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй, чанаргүй зээлийн ангилалд орчихсон явж байгаа. Гэтэл өдгөө Д.Болор-эрдэнэ нь “Хатан хишиг үндэс” ХХК-аараа ХУД-ийн 4-р хороо, Богдхан уулын Арцатын аманд 16 давхар “Energy residence” нэртэй хотхон барьж буй.
3. Н.Алдар нь УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийн эгч Ч.Рагчиймаагийн хүү болох Ганбатын Батзаяатай “Давхар түрүү” ХХК-ийг хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан.
4. “Барилтрейд” ХХК-ийг анх 2005 онд Лацайн Ням-Очир гэх хүн үүсгэн байгуулсан. Дараа нь одоогийн эзэмшигч буюу эхнэр Тэрбишийн Туулдаа шилжүүлсэн байдаг. “Барилтрейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Ням-Очир нь Говь-Алтай аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд ч Говь-Алтай аймгийн уугуул. Тэгэхээр үүсгэн байгуулагчтай нь нэг нутаг гэдэг сэжмээр Ш.Раднаасэд “Барилтрейд” ХХК-тай бас л холбогдож байгаа юм.
Эргэн санавал, 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас “нүүрсний хулгай”-н хэргээр шалгагдаж буй 17 хүний нэрийг нийтэд зарласны нэг нь УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд. Улмаар “нүүрсний хулгай”-н хэргээс нэрээ цэвэрхэн мултлах гэж жил тойрон хичээсэн Ш.Раднаасэд арга ядахдаа өнгөрөгч гуравдугаар сараас “эрүүл мэндийн” гэх шалтгаанаар УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлж эхэлсэн. Яг тэр үед буюу 2024 оны гуравдугаар сарын 29-нд Н.Алдар “Барилтрейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч болж, 10 хоногийн дараа буюу 2024 дөрөвдүгээр сарын 8-нд “Тавантолгой түлш” ХХК-аас анхны 2.5 тэрбум төгрөгөө авсан байгаа юм.
Логикоор нь бодож үзье. Нэгдүгээрт, Ш.Раднаасэд “нүүрсний хулгай”-н дуулианы нэг гол дүрээр тодорсон ч МАН-ынхандаа гомдоллоогүй. Хоёрдугаарт, Говь-Алтай аймгаас хоёр удаа босоо сонгогдсон Ш.Раднаасэд УИХ-д дахин нэр дэвшихээс татгалзсанаар Говь-Алтай, Ховд, Завхан, Увсын тойрогт түүний оронд МАН-аас “шинэ” хүн нэр дэвших боломжтой болсон. Энэ бүхнийх нь хариу болгож МАН-ынхан Ш.Раднаасэдийн хамаарал бүхий Н.Алдарын “Барилтрейд” ХХК-ийг “Тавантолгой түлш” ХХК-ийн барьцалдуулагчийн нийлүүлэгч болгож, улмаар таван удаагийн гүйлгээгээр 4.1 тэрбум төгрөг шилжүүлсэн байж болзошгүй схем гарч ирж байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ш.РАДНААСЭДИЙН ХАМААРАЛ БҮХИЙ Н.АЛДАР ГЭХ ЗАЛУУ ДИСКО БААР АЖИЛЛУУЛДАГ КОМПАНИАРАА “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 4.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЖЭЭ |
|