Өнгөрсөн долоо хоногт “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлага Хотын дарга Х.Нямбаатарын мэдэлд шилжсэн. Улмаар Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. Гэтэл утаа буурсангүй. Харин “Тавантолгой түлш” ХХК-ийг тойрсон маш олон бизнес цэцэглэсэн. Барьцалдуулагч нийлүүлэх, шуудай нийлүүлэх бизнес явдаг. Энэ чигээрээ цааш явбал “Нүүрсний хулгай-2” гэдэг асуудал дэгдэнэ. Тиймээс “Тавантолгой түлш” ХХК-д аудитын шалгалт оруулна. Бас хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Ер нь бол “Тавантолгой түлш” ХХК-д хулгай гарах бүх нүх, сүв бүрийг таглана” гэсэн маш ноцтой асуудал ярьсан. Өөрөөр бол, Хотын дарга Х.Нямбаатар “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч, шуудай “шахах” бизнес хэрээс хэтэрсэн, хэрвээ цаг алдалгүй цэгцлэхгүй бол “нүүрсний хулгай”-н хэрэгтэй дүйцэхүйц хурц асуудал болчихоод байгааг ийнхүү хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатарын яриад байгаа Улаанбаатарын утаагаар хагартлаа хөлжиж буй шуудайны “шахаачид”-ыг хайж үзлээ. Олсон хариултаа ойлгомжтойгоор тайлбарлъя.
Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн шуудайны нийлүүлэгчдийг шүүж үзэхэд “Алхими” ХХК сүүлийн хоёр жил дангаараа 34.4 тэрбум төгрөгийн шуудай “шахсан” байх ажээ. Тухайлбал, “Алхими” ХХК нь:
-
2023 оны долдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Баруун үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер
-
2023 оны долдугаар сард“Тавантолгой түлш” ХХК-ийн “Зүүн үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер
-
2023 оны долдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Төвийн үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер
-
2023 оны есдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Шуудай худалдан авах”- 2.8 тэрбум төгрөгийн тендер
-
2024 оны гуравдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Шуудай худалдан авах”- 14.7 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна.
Өөрөөр хэлбэл, “Алхими” ХХК хоёр жил дараалан дангаараа “Тавантолгой түлш” ХХК-д нийт 34.4 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлсэн байна гэсэн үг. Баримт болгож, “Алхими” ХХК-ийн өнгөрсөн онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй байгуулсан Төвийн бүсийн үйлдвэрт 6.4 сая ширхэг шуудай нийлүүлэх 4.3 тэрбум төгрөгийн гэрээг хавсаргав.
Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-ийг улаан шуудайгаар хангадаг “Алхими” ХХК-ийг Батсуурийн Ганбат гэх залуу эзэмшиж, удирддаг. Судалж үзвэл, Б.Ганбат нь програмист мэргэжилтэй, мэргэжлийнхээ дагуу албан байгууллагуудад веб сайт хийж өгөх зорилгоор 2015 онд “Алхими” ХХК-ийг байгуулж байжээ. Улмаар уяач нарт зориулан хурдан удмын адууны удам угшлыг бүртгэдэг програм зохиосон ч зах зээлд амжилт олоогүй, бүтэлгүйтсэн. Ингээд “Алхими” ХХК нь цаасан дээр бүртгэлтэй төдий цүнхний компани болж хувирчээ. Мөн Б.Ганбат ч амьдралын эрхээр барилгачин болж, барилгын компаниудыг дамжин инженерээр ажиллаж эхэлсэн байгаа юм. Ингэж явсаар 2020 оны тавдугаар сарын 15-нд Б.Ганбат гэнэт “Алхими” ХХК-ийнхаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр өөрийнхөө нэрийг дахин бүртгүүлж, үйл ажиллагааг нь сэргээсэн. Ингээд ердөө сарын дараагаас буюу 2020 оны зургадугаар сараас эхлэн “Алхими” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой түлш” ХХК тэргүүтэй төрийн том компаниудын том төсөвтэй бүхий л тендерүүдийг түүж эхэлсэн байгаа юм. Өнгөрсөн хугацаанд “Алхими” ХХК нь төрийн 78 тендерт шалгараад байгаагаас ердөө тав нь л дээр дурдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн 34.4 тэрбум төгрөгийн шуудайны тендер юм.
Гол нь, бүтэлгүйтсэн програмист, бас барилгачин Б.Ганбат яаж төрийн 78 тендерт “ногоон гэрэл”-ээр шалгарч, тэр тусмаа Хотын Х.Нямбаатарын хэлсэнчлэн “шахаачид”-ын дунд хамгийн эрэлттэй “Тавантолгой түлш” ХХК-ийн шуудайны тендерт яаж хоёр жил дараалан шалгарч, 34.4 тэрбум төгрөг “халаасалчихсан” хэрэг вэ.
Энэ асуултад хариулт хайж үзвэл маш ноцтой схем гарч ирж байна. Тодруулбал, “Алхими” ХХК-ийг эзэмшигч Б.Ганбатын төрсөн эгч нь Б.Гүнжидмаа гэж бий. Харин Б.Гүнжидмаагийн нөхөр нь Авирмэдийн Алтанхуяг гэж хүн бий.
Тайлбар: "Алхими" ХХК-ийг эзэмшигч Б.Ганбат, төрсөн эгч Б.Гүнжидмаа, хүргэн ах А.Алтанхуяг, гэр бүлийн хамт, 2017 он
Тэгвэл “Алхими” ХХК-ийг эзэмшигч Б.Ганбатын хүргэн ах А.Алтанхуяг нь МАН-ын гишүүн бөгөөд 2012-2016 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшиний туслах, бие төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн ажээ. Ингэхдээ А.Алтанхуяг нь Ө.Энхтүвшингийн туслах гэхээсээ орлогч нь аятай аашилдаг байсан бөгөөд Ө.Энхтүвшингийн өмнөөс Чингэлтэй дүүргийн ахмадуудтай уулзалт, дайллага, цайллага хийх, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд бэлэг тараах, Чингэлтэй дүүргийн урлаг, спортын наадмуудыг нээж үг хэлэх гэх мэтээр Ө.Энхтүвшингийн өмнөөс бүх ажлыг нугалдаг байжээ. Өөрөөр бол, А.Алтанхуяг нь Ө.Энхтүвшингийн бүх хар бор ажлыг амжуулдаг, хамгийн итгэлтэй хүн нь байсан байгаа юм.
Ноцтой нь, 2016-2020 онд Ө.Энхтүвшин, түүний туслах А.Алтанхуяг хоёр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийх, тусламж үзүүлэх, бэлэг, шагнал тараах бүрд Чимэдбатын Дэчингалсан гэдэг хүн байнга дагаж явдаг байсан. Учир нь, А.Алтанхуяг, Ч.Дэчингалсан хоёр 2012-2016 онд дөрвөн жил Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хамт сууж нөхөрлөсөн. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа А.Алтанхуяг нь Ө.Энхтүвшингийн туслах болж, Ч.Дэчингалсан нь Чингэлтэй дүүргийн 12-р хорооны ИНХ-ын дарга болсон байгаа юм. Ингээд А.Алтанхуяг, Ч.Дэчингалсан хоёр 2016-2020 онд Ө.Энхтүвшингийн сонгогчдийг тойглох ажлыг хамтран гүйцэтгэсэн байгаа юм.
Тайлбар: Ө.Энхтүвшингийн нарийн бичиг Н.Нарантуяа, туслах А.Алтанхуяг, Ч.Дэчингалсан
Илүү ноцтой нь, дээрх зураг бүр дээр Ө.Энхтүвшин, А.Алтанхуяг хоёрын хажууд зогсож байгаа Ч.Дэчингалсан гэгч нь өнгөт дээрээ Чингэлтэй дүүргийн 12-р хорооны ИНХ-ын дарга гэх шалихгүй сэтэртэн мэт харагдавч үнэн хэрэгтээ “Тавантолгой түлш” ХХК-ийн технологи, тоног төхөөрөмжийг хариуцдаг “нууц ноён” нь ажээ. Батлах хэд хэдэн баримт байгааг танилцуулъя.
Нэгдүгээрт, Ч.Дэчингалсан нь “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх солонгост технологийг оруулж ирсэн гол хүн нь гэнэ. Тиймдээ ч 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хотын дарга С.Амарсайхан хоёр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үед, Шадар сайд Ө.Энхтүвшингийн хажууд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж явсан хүн нь Ч.Дэчингалсан гэгч байжээ.
Хоёрдугаарт, Ч.Дэчингалсан 2020 оны зургадугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөлөгчөөр БНСУ-д очиж, “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Монгол руу ачуулж байжээ.
Гуравдугаарт, Ч.Дэчингалсан 2022 оны нэгдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Улмаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Ж.Батбаясгалан тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр урамшуулахад Ч.Дэчингалсан гэгч дунд нь байжээ.
Тэгвэл одоо нэгтэж тайлбарлъя. 2018 онд Засгийн газраас “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулах үед Ө.Энхтүвшин Шадар сайд байсан. Тиймээс ч өөрийн дагуул Ч.Дэчингалсанг “Тавантолгой түлш” ХХК-д инженер болгож “шургуулсан”. Улмаар Ч.Дэчингалсан нь “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжүүдийг нь Солонгосоос оруулж ирэх гэх мэт бүх ажлуудыг нь хариуцаж, тэр хэрээрээ “Тавантолгой түлш” ХХК-д эрх мэдэлтэй болж амжсан. Улмаар 2020 оны тавдугаар сарын эхээр Ө.Энхтүвшинг УИХ-д дахин нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Хэдхэн хоногийн дараа буюу 2020 оны тавдугаар сарын 15-нд туслах А.Алтанхуягийнх нь хадам дүү Б.Ганбат тоосонд дарагдсан “Алхими” ХХК-аа сэргээсэн. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК тэргүүтэй төрийн өмчит компаниудын 100-500 сая төгрөгийн бага дүнтэй тендерүүдийг оролцож “Алхими” ХХК-аа бага багаар дасгасан. Дараа нь 2022 оны нэгдүгээр сард Ч.Дэчингалсан “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болсон. Улмаар “Алхими” ХХК 2023 оны долдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун, Зүүн, Төвийн үйлдвэрт шуудай нийлүүлэх гурван тендерийг зэрэг авч, анхны 16.9 тэрбум төгрөгөө “халаасалсан”. Өөрөөр бол, “Алхими” ХХК гэх программ хангамжийг жижигхэн компани “Тавантолгой түлш” ХХК-ийн таван тендерт “ногоон гэрэл”-ээр шалгарч, 34.4 тэрбум төгрөгийн шуудай “шахсан”-ы ард ийм схем байж болзошгүй байна.
Хэрвээ “Алхими” ХХК энэ схемээр “Тавантолгой түлш” ХХК-ийн 34.4 тэрбум төгрөгийн тендерийг авсан бол Хотын дарга Х.Нямбаатар хав дараад өнгөрөх магадлал өндөр. Ө.Энхтүвшингийн хувьд, нэгэн цагт МАН-ын даргаар ажиллаж асан ах нь. Харин А.Алтанхуяг, Х.Нямбаатар хоёр хэр ойрыг доорх зургаас уншигч та дүгнэх биз ээ.
Тайлбар: А.Алтанхуяг, Х.Нямбаатар гэр бүлийн хамт
ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИНГИЙН ТУСЛАХ АСАН А.АЛТАНХУЯГИЙН ХАДАМ ДҮҮ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 34.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШУУДАЙ “ШАХЖЭЭ” |
|