• Өнөөдөр 2025-02-24

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТЫН “ХОВД ЭКО ЦЕМЕНТ"-ИЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧ С.ЖАВХЛАНБААТАР АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛЖЭЭ

2025-02-24,   1079

    УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын “тавиул”-ууд төрд олон. Гэвч тэд нь үе үе ажлын байрандаа архидан согтуурч, согтуудаа зодоон цохион хийж, бүр байгууллагынхаа коридороор дотоожтойгоо сэлгүүцэж, “эзэн”-ийхээ нүүрийг улалзуулдаг гэмтэй. 
 
Жишээ нь, 2016 онд С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн сайд болж, улмаар “Нью прогресс групп” ХХК-ийнхаа Дэд захирал Д.Дэлгэрсайханыг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар тавьж байв. Ингээд Д.Дэлгэрсайхан 2016-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар, 2020 оноос хойш Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар нийт найман жил ажилласан. Ийнхүү Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын суудалд найман жил дархлагдсан Д.Дэлгэрсайхан өнгөрөгч арваннэгдүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа албан өрөөнд архидан согтуурч, СБД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг зодож, өнөөх нь ГССҮТ-д хүргэгдсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар Д.Дэлгэрсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. 
 
    Бас нэг жишээ нь, энэ оны хоёрдугаар сард төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, захиргааны хэлтсийн дарга Ц.Цогтжаргал, нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр нар албан өрөөндөө архидан согтуурч, тэгээд болоогүй байгууллагынхаа коридороор дотоожтойгоо сэлгүүцэж буй бичлэг нь сошиалд задарч, дуулиан дэгдээсэн. Төрийн байгууллагын дарга нар албан өрөөндөө архидан согтуурсан нь хавтгайрсан үзэгдэл ч согтуудаа байгууллагынхаа коридороор дотоожтойгоо сэлгүүцсэн нь анхны тохиолдол болсон. 
 
Гэтэл М.Гансэлэм, Ж.Баатарсүрэн, Ц.Цогтжаргал, Ж.Нэмэхбаяр нар бүгд Ховд аймгийн уугуул бөгөөд С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайд болсны дараа “Тавантолгой төмөр зам” ХХК-д газар, хэлтсийн даргаар томилогдож очицгоосныг нь бид илчилж байлаа. Жишээ нь, М.Гансэлэм нь Ховд аймгийн Булган сумын уугуул, С.Бямбацогтын төрсөн дүү С.Алтантунгалагийн 10 жилийн найз бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайд болсны дараа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиргааны удирдлагын газрын даргаар томилогдсон байдаг. Ж.Баатарсүрэн нь Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, 2020 оны УИХ-ын сонгуулиар Ховддоо очиж, С.Бямбацогтыг дэмжихийг сонгогчдод уриалж явсан явсан нэгэн. Улмаар С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайд болсны дараа Ж.Баатарсүрэнг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар томилогдсон байдаг. 
 
     Тэгвэл С.Бямбацогт төрд шургуулсан “тавиул”-ууд нь ар, араасаа асуудал дэгдээж, нүүрийг нь улалзуулж, чихийг нь халууцуулж буйд хашрахгүйгээр, шинэ “тавиул”-уудаа илүү өндөр албан тушаалд тавьж байж болзошгүй бас нэгэн жишээ байна. 
 
Тодруулбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Жавхланбаатар гэх залуу томилогдоод буй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Төв аймгийнх, С.Жавхланбаатар мөн Төв аймгийнх. Энэ утгаараа С.Жавхланбаатар нь Ц.Тувааны хүн мэт харагдана. Гэтэл С.Жавхланбаатар нь Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой илүү ойр нэгэн аж. 
 
Нэгдүгээрт, С.Жавхланбаатар нь 2018-2024 онд буюу зургаан жил “Вестерн холд” ХХК-ийн Ховд аймгийн Буянт суманд хэрэгжүүлсэн “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн төслийн удирдагчаар ажиллажээ. “Вестер холд” ХХК нь 2019 онд Хөгжлийн банкнаас 76 тэрбум төгрөгийн зээл авч, “Ховд эко цемент”-ийн үйлдвэрээ барьсан нь Хөгжлийн банкны дуулианаар ил болсныг санаж буй байх. Тэгвэл  “Вестерн холд” ХХК-ийг “Нью прогресс групп” ХХК эзэмшдэг. Харин “Нью прогресс групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт. Одоо “Нью прогресс групп” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжинням, ТУЗ-ийн даргаар нь С.Бямбацогтын нагац ах М.Нямдаваа ажилладаг. Өөрөөр хэлбэл, С.Жавхланбаатар нь С.Бямбацогт ба түүний төрсөн дүү С.Балжиннямд зургаан жил хүчин зүтгэсэн гэсэн үг. 
Тайлбар: 2022 он, "Вестерн холд" ХХК-ийн "Ховд эко цемент"-ийн үйлдвэрийн "Чулуунцарын хэсэг"-ийн нээлт, "Нью прогресс групп" ХХК-ийн Ерөнхийлөгч С.Балжинням, төслийн удирдагч С.Жавхланбаатар
Тайлбар: Баруун гар талаас- "Нью прогресс групп" ХХК-ийн Ерөнхийлөгч С.Балжинням, "Нью прогресс групп" ХХК-ийн харьяа "Вестер холд" ХХК-ийн төслийн удирдагч С.Жавхланбаатар, "Нью прогресс групп" ХХК-ийн харьяа"Алтайн зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбат, 2019 он, Австрали улс 
Хоёрдугаарт, С.Бямбацогт 2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллахдаа С.Жавхланбаатарыг өөрийнхөө зөвлөхөөрөө ажиллуулжээ. Өөрөөр хэлбэл, С.Жавхланбаатар нь С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжиннямын "Вестерн холд" ХХК-ийн төслийн удирдагчаар ажиллахын сацуу С.Бямбацогтын зөвлөхөөр давхар ажиллаж байсан гэсэн үг. 
Тайлбар: Катар улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудас, Сайд С.Бямбацогт, зөвлөх С.Жавхланбаатар
 
     Нэгтгэж харвал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод буй С.Жавхланбаатар нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжиннямын “Вестерн холд” ХХК-д зургаан жил хүчин зүтгэж, Хөгжлийн банкны зээлээр “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийг нь барьж өгсөн. Мөн С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар хоёр жил ажиллахад зөвлөхөөр нь дэргэд нь ажилласан. Энэ бүхнийг нь “шагнал”-д нь С.Бямбацогт С.Жавхланбаатарыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгосон байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. 
 
        Гол нь, С.Бямбацогт С.Жавхланбаатарыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулсан гэж харвал ард нь ямар ашиг сонирхол байж болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. 
 
Хариулт хайж үзвэл, Ховд аймагт орших нүүрсний асар баян нөөцтэй Хөшөөтийн уурхай гэж бий. Хөшөөтийн уурхайг Сингапурын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК эзэмшдэг. Харин Хөшөөтийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжиннямын “Алтайн зам” ХХК хариуцаж ирсэн. Мөн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу тээвэрлэх ажлыг С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК хариуцаж ирсэн. Мөн С.Бямбацогтын хүү Б.Билгүүний “Эн Пи петролиум” ХХК нь Ховд аймгийн Дарвин, Үенч сумдад шатахуун түгээх станцтай бөгөөд Хөшөөтийн уурхайн олборлолт, тээвэрлэлтийг хийж буй автомашинуудыг шатахуунаар хангадаг. Өөрөөр хэлбэл, Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлт, шатахууны нийлүүлэлтэд С.Бямбацогтын хүү, дүү нар ноёрхлоо тогтоочихсон гэхэд хилсдэхгүй. Харин С.Бямбацогт Хөшөөтийн нүүрсний уурхайг Сингапурын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК-аас салгаж авах “санаархал” цухалзуулсаар ирсэн нэгэн. Тэгэхээр С.Бямбацогт энэ “санаархал”-аа гүйцэлдүүлэхдээ ашиглахын тулд С.Жавхланбаатарыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгосон байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. 
 
 

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТЫН “ХОВД ЭКО ЦЕМЕНТ"-ИЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧ С.ЖАВХЛАНБААТАР АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-24 10:10:08
    Тах: Боловсролтой, чадвартай залуучуудыг төсөл амжилттай удирдуулж, одоо нам, нутаг нугын жалганы бодлоосоо ичих хэрэгтэй захилгат сэтгүүлчид минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-24 08:45:42
    Зочин: Бямбацогтын Хоюдын тавиулууд Иргэний нисэхээр ч дүүрэн. Зам тээврийн сайд байхдаа бараг л Ховдын гэх болгоныг байршуулж, ажил хийж чаддаггүй, хийдэггүй, долоогч нарыг олон албан тушаалд томилсон урт гартай нөхөр юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-05 10:21:11
    уншигч: Мэдлэг боловсролоо үнэлүүлээд компаниудад ажиллаж болохоо байсан юрвоо юу? заавал нам хар гэж холбох. Монголчууд цөөхүүлээ. Боловсон хүчин бүр цөөхөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-02 17:44:02
    зочин: Бямбацогтыг бол Ховдын бүх бизнесийг чаддаг том хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-02 16:08:35
    зочин: С.Жавхланбаатар эрдэм боловсролтой төрийн албанд олон жил зүтгэсэн төрийн хар хүн, боловсрол туршлагыг нь ашиглахаар Бямбацогт нам харгалзахгүй цементийн төслөө удирдуулж ашиглалтад оруулсан бас орон тооны бус зөвлөхөө хийлгүүлж байсан, шударга ёс зүйтэй залуу ийм хүмүүсээ төр ашиглах ёстой буруу юм хийхгүй ээ итгэж болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-02 10:49:29
    Жижиг гарууд байна: Энийг одоо лойлгож бичиж байгаа юм уу. С.Бямбаогт Хүүк-ийн даалгавараар 2 яамыг хянаж байгаа ш д
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188