Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын эсрэг үндэсний чуулганы индрээс “Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Сард 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч Land cruiser 200, Lexus 570 унаж, хоёр давхар тансаг зэрэглэлийн хауст амьдарч, хамгийн үнэтэй брэнд, цагаар гангарч, улирал бүхэн гадагшаа явж казино тоглож байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бүхэн авлига шүү дээ. Тиймээс орлогоосоо давсан тансаг хэрэглээтэй төрийн албан хаагчдыг цэгцэлнэ” гэж мэдэгдэж байв. Харамсалтай нь, хоёр жил өнгөрөхөд тансаг хэрэглээтэй төрийн албан хаагчид ажлаа хийсээр, тэгээд болоогүй тушаал дэвшицгээсээр буй.
Тэгвэл тансаг хэрэглээтэй төрийн албан хаагчдыг гаалийнхан тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй. Иймд бид энэ удаад Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагчдаас хөрөнгөөрөө тэргүүлдэг 13 байцаагчийг танилцуулж байна.
Норовжавын Уранчимэг- Жилд 29 сая төгрөгийн орлоготой, 4.2 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, 720 сая төгрөгийн Infiniti FX35, Lexus 570, Lexus LX 460, Land Cruiser 300 загварын дөрвөн жийптэй, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 1.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай, сейфэндээ бэлнээр 370 сая төгрөгтэй. Нэг ч компанигүй.
Жанлавын Алтанчимэг- Жилд 26 сая төгрөгийн орлоготой, 2.2 тэрбум төгрөгийн таван орон сууцтай, нэг зуслангийн хаустай, 212 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200, Nissan Vanette, Lexus RX 350 загварын гурван автомашинтай, 17 сая төгрөгийн хадгаламжтай. Нөхөр нь “Номун тал” ХХК-ийг эзэмшдэг.
Доржготовын Цэцэгсүрэн- Жилд 29 сая төгрөгийн орлоготой, 1.9 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, нэг хувийн хаус, үйлчилгээний хоёр барилгатай, 113 сая төгрөгийн гурван газартай. Нэг ч компанигүй.
Батсүхийн Охиноо- Жилд 33 сая төгрөгийн орлоготой, 1.5 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, хоёр зуслангийн хаустай, 172 сая төгрөгийн суудлын автомашинтай, 57 сая төгрөгийн үнэт эдлэл, 21 сая төгрөгийн хадгаламж, 878 сая төгрөгийн авлагатай. “Арц Билэг” ХХК-ийн 5 хувийг эзэмшдэг гэж мэдүүлдэг ч ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй.
Жигжидын Булга- Жилд 261 сая төгрөгийн орлоготой, 1.4 тэрбум төгрөгийн зургаан орон сууц, нэг зуслангийн хаустай, 230 сая төгрөгийн жийптэй, 223 сая төгрөгийн хадгаламжтай, 170 сая төгрөгийн авлагатай. Нэг ч компанигүй.
Дашдуламын Саранцэцэг- 34 сая төгрөгийн орлоготой, 1.0 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, нэг хувийн хаустай, зургаан авто зогсоолтой, 532 сая төгрөгийн Nissan Patrol Jeep Toyota Rav4 загварын гурван автомашинтай, 600 сая төгрөгийн гурван газартай, 29 сая төгрөгийн хадгаламжтай, “Мичид хурах” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг.
Батчулууны Төгсбаяр- Жилд 105 сая төгрөгийн орлоготой, 970 сая төгрөгийн гурван орон сууцтай, 609 сая төгрөгийн Nissan Patrol Nissan Qashqai BMW 520 тэргүүтэй 16 автомашинтай, 225 сая төгрөгийн малтай. Нөхөр нь “Аталар” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд автомашины улсын дугаар хэвлэх, автомашины азын дугаар дамлаж зарах бизнес эрхэлдэг.
Баатарсүрэнгийн Отгончимэг- Жилд 25 сая төгрөгийн орлоготой, 815 сая төгрөгийн хоёр орон сууц, хоёр хувийн хаустай, 85 сая төгрөгийн Mercedes Benz S350 Lexus RX 350 загварын хоёр автомашинай, 739 сая төгрөгийн хадгаламжтай, 300 сая төгрөгийн авлагатай. Нэг ч компанигүй.
Баяраагийн Солонго- Жилд 30 сая төгрөгийн орлоготой, 522 сая төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслангийн хаустай, гурван гражтай, Лексус RX 330 автомашинтай, 219 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 180 сая төгрөгийн гурван газартай, 71 сая төгрөгийн хадгаламжтай, бэлнээр 168 сая төгрөгтэй, 105 сая төгрөгийн авлагатай.
Чунтын Байгалмаа- Жилд 39 сая төгрөгийн орлоготой, 414 сая төгрөгийн нэг орон сууц, нэг зуслангийн хаустай, 197 сая төгрөгийн Land Cruiser 300 загварын жийптэй, 159 сая төгрөгийн хадгаламжтай. Нэг ч компанигүй.
Лувсандашын Долгормаа- Жилд 195 сая төгрөгийн орлоготой, 367 сая төгрөгийн нэг орон сууцтай, 127 сая төгрөгийн Toyota Tundra Toyota Rav4 Geely загварын гурван автомашинтай, 158 сая төгрөгийн хадгаламжтай, 22 сая төгрөгийн авлагатай. Нэг ч компанигүй.
Түдэвринчингийн Дулмаа- Жилд 89 сая төгрөгийн орлоготой, 310 сая төгрөгийн хоёр орон сууцтай, 419 сая төгрөгийн нэг Ланд круйзер 300, гурван ширхэг Toyota crown, нэг Toyota Alphard гэсэн дөрвөн автомашинтай, 229 сая төгрөгийн хадгаламжтай, 400 сая төгрөгийн авлагатай. Нэг ч компанигүй.
Хорлоожавын энхтуяа- Жилд 41 сая төгрөгийн орлоготой, 260 сая төгрөгийн нэг орон сууц, гурван авто зогсоолтой, 297 сая төгрөгийн Land cruiser 200, Lexus RX 400 Toyota Prius загварын гурван автомашинтай, 245 сая төгрөгийн хадгаламжтай. Нэг ч компанигүй.
ТАНИЛЦ: ХОТЫН ГААЛИЙН ТОЛГОЙ БАЯН БАЙЦААГЧИД |
|