• Өнөөдөр 2025-02-26

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ТҮМЭНЖАРГАЛ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ШАХАА ХИЙДЭГ ҮҮ

2025-02-25,   1329

       Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Мишигийн Түмэнжаргал албан тушаал, арслантай тамгаа аваад дөрвөн саруй хугацаа өнгөрч буй. Түүний тухайд, 2012 оноос Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2017 оноос Эрдэнэт хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежерээр, 2020 оноос Орхон аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж асан намтартай. Эрдэнэтдээ “жижиг гар” биш гэдэг нь энэ намтраас нь тодорхой харагдаж буй байх. 
 
Тэгвэл Орхон аймгийн шинэхэн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргал ардаа ашиг сонирхлын асар том зөрчилтэй нэгэн байж болзошгүй маш ноцтой сэжүүр байна. Эхэнд нь сануулахад, "Эрдэнэт үйлдвэр"-ээс баригдахгүйгээр тендер авах, шахаа хийх аргууд "төгсөрч" буй бололтой юм. 
 
    Тодруулбал, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал өөрийн төрсөн дүү М.Нандинзаяатайгаа “Эрднэр” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Эрднэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Түмэнжаргалын охин Т.Нэргүй ажилладаг. М.Түмэнжаргал өөрөө 2009-2011 онд Хятадын Хэл соёлын дээд сургуулийг Хятад хэл судлаач мэргэжлээр төгссөн. Тиймдээ ч М.Түмэнжаргал охин Т.Нэргүйгээ 2013 онд ахлах сургуулиа төгсмөгц нь Хятад руу явуулж, 2018 онд Хятадын Пекинг их сургуулийг улс төр судлалын бакалавраар, 2020 онд Хятадын Ренмин их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар төгсгөжээ. 
 
Ноцтой нь, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргалын охин Т.Нэргүй нь БНХАУ-д Шаньдун мужид бүртгэлтэй “Weihai Changte Industrial Mining Machinery” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг ажээ. Илүү ноцтой нь, Хятад бүртгэлтэй “Weihai Changte Industrial Mining Machinery” компани нь 2022 оны нэгдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр”-ээс зарласан “Баяжуулах үйлдвэрийн зэсийн даралтат шүүлтүүр нийлүүлэх” нэртэй, 14.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна. Тухайн үед М.Түмэнжаргал Орхон аймгийн Засаг даргын орлогч гэх аймагтаа дээрээсээ хоёрт жагсах өндөр албан тушаалтай, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэх давхар сэтэртэй байсныг сануулах нь зүйтэй байх. 
 
     Цааш хөөвөл, БНХАУ-д бүртгэлтэй “Weihai Changte Industrial Mining Machinery” компани нь дээрх 14.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарахдаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим санд “Монгол дахь ажлын утас: 88880315” гэж бүртгүүлсэн байна. Тэгвэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд, “Эрднэр” ХХК-ийн Ажлын утас: 88880315” гэж бүртгэгдсэн байна. Харин “Эрднэр” ХХК-ийн эзэмшигч нь Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, түүний дүү М.Нандинзаяа, гүйцэтгэх захирал нь түүний охин Т.Нэргүй гэдгийг дээр дурдсан.
 
Мөн М.Түмэнжаргалын дүү М.Нандинзаяа нь өнгөрсөн наймдугаар сард сошиал сүлжээнд “Хятад хэлний орчуулагч ажилд авна” гэх заруудыг нийтлэхдээ өнөөх “88880315” дугаарыг байршуулсан байх ажээ. 
      Цаашилбал, БНХАУ-д бүртгэлтэй “Weihai Changte Industrial Mining Machinery” компани энэ оны нэгдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр”-ээс зарласан “Өндөр даралтын булт нунтаглагч нэвтрүүлэх” нэртэй 284 тэрбум төгрөгийн тендерт оролцсон. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 23 тендерт оролцож, 13 тендерт нь ялж байсан туршлагатай, Дани улсын хөрөнгө оруулалттай “ФЛСМИДТ монголиа” ХХК-д ялагдсан байгаа юм. Гэтэл БНХАУ-д бүртгэлтэй “Weihai Changte Industrial Mining Machinery” компани энэ тендерийг хүчингүй болгуулахаар энэ оны хоёрдугаар сард Орхон аймгийн шүүхэд гомдол гаргасан. “Weihai Changte Industrial Mining Machinery” компанийг төлөөлж, өмгөөлөгчтэйгөөр шүүхэд гомдол гаргасан хүн нь өнөөх М.Түмэнжаргалын охин Т.Нэргүй байжээ.
Улмаар энэ оны долдугаар сард Орхон аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээр дээрх хэргийг хэлэлцсэн. “Weihai Changte Industrial Mining Machinery” компанийг төлөөлж шүүх хуралд оролцсон хүн нь мөн л Т.Нэргүй байгаа юм. 
    Нэгтгэж харвал, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргал “Эрдэнэт үйлдвэр”-ээс 14.2 тэрбум төгрөгийн тендер авсан, энэ оноос тендерийн хэмжээгээ илүү томруулахаар санаархаж буй БНХАУ-ын “Weihai Changte Industrial Mining Machinery” компанитай дээр дурдсан баримтуудаар тун ойроор холбогдож байна. Өмнө нь өөрийнхөө, эсвэл хань, хүүхэд, хамаатан садныхаа нэр дээрх компаниар “Эрдэнэт үйлдвэрт”-ээс тендер авсан, шахаа хийсэн олон албан тушаалтнууд илчлэгдэж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүүхдийн 2.5 тэрбум төгрөгийн “шахаа”-наас эхлээд олон жишээг бид мэднэ. Тэгвэл одоо албан тушаалтнуудын, тэр тусмаа Орхон аймаг буюу Эрдэнэтийг удирдаж буй албан тушаалтнуудын “Эрдэнэт үйлдвэр”-ээс тендер авах, шахаа хийх арга нь илүү нарийсаж, баригдахгүйн тулд эцэстээ Хятадын компаниудтай хуйвалддаг болсон байж болзошгүй дүр зураг гарч ирж байна. 
 

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ТҮМЭНЖАРГАЛ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ШАХАА ХИЙДЭГ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-19 11:14:18
    S: ANUSDI80955877XUCHINDUULI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188