Эргэлт.мн мэдээллийн сайт аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ноцтой баримтуудыг цувралаар дэлгэж буй. Энэ удаад бид Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс толгой цохидог таван “тендерчин”-ийг нь танилцуулж байна. Тэдний гурав нь аймгийнхаа тендерүүдийг алгасалгүй түүж суудаг бол, нэг нь “Шивээ-Овоо” ТӨХК-аас, нөгөө нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс тендер тоншиж суудаг ажээ.
“ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д МОНОПОЛЬ ТОГТООСОН Б.ОДГЭРЭЛ
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэл нь “Өү Жи Энержи ойл” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл Б.Одгэрэлийн “Өү Жи Энержи ойл” ХХК нь “Шивээ-овоо” ТӨХК-д дизель түлш шахдаг монополь эрхтэй бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаад 98.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.
-
2021 оны долдугаар сард “Шивээ-Овоо” ХК-д дизель түлш нийлүүлэх 9.4 тэрбум төгрөгийн тендер
-
2022 оны нэгдүгээр сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 9.8 тэрбум төгрөгийн тендер
-
2022 оны нэгдүгээр сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 8.4 тэрбум төгрөгийн тендер
-
2022 оны есдүгээр сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 9.7 тэрбум төгрөгийн тендер
-
2023 оны гуравдугаар сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 33.9 тэрбум төгрөгийн тендер
-
2024 оны хоёрдугаар сард “Шивээ-Овоо” ТӨХК-д дизель түлш нийлүүлэх 26.7 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан.
Цаашилбал, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэлийн төрсөн эгч нь Б.Дариймаа гэж бий. Харин Б.Дариймаагийн хүү Б.Батболд нь “Чандмань Кредит” ХХК-ийг эзэмшдэг. “Чандмань Кредит” ХХК нь 2022 оноос хойш мөн л “Шивээ-Овоо” ТӨХК-ийн тос, тосолгооны материалын 25 тендерт шалгарсан байна. Зөвхөн тэрбум давсан санхүүжилттэйгээс нь дурдвал:
-
2022 оны нэгдүгээр сард технологийн автомашины тос нийлүүлэх 1.3 тэрбум төгрөгийн тендер
-
2023 оны хоёрдугаар сард технологийн автомашины тос нийлүүлэх 1.1 тэрбум төгрөгийн тендер
-
2024 оны хоёрдугаар сард техникийн тос, тосолгооны материал нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр нийт 25 тендерт шалгарсан байна.
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэл болон түүний төрсөн эгчийн хүүхэд Б.Батболд хоёр ингэж “Шивээ-Овоо” ТӨХК-д монополь тогтоосны цаад учрыг судалж үзлээ. “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Санхүү хариуцсан тэргүүн дэд захирлаар 2017 оноос хойш Эрдэнэсүрэнгийн Цасчихэр гэгч ажиллаж буй. Э.Цасчихэр нь “Шивээ-Овоо” ТӨХК-ийн тендер шалгаруулалтын үнэлгээний хороог даргалдаг ажээ. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтыг хариуцдаг гэсэн үг. Тэгвэл Э.Цасчихэр нь 2008-2012 онд Увс аймгийн Засаг даргаар, Увс аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан нэгэн. Өдгөө ч УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэл, “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал Э.Цасчихэр гурвыг дотно харилцаатай гэцгээдэг ажээ.
Тайлбар: Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэл, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар, 2016 оны сонгуулийн үе
УВС АЙМГИЙН БАРИЛГЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ХУУ ХАМДАГ Ө.БАРСҮРЭН
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Барсүрэн “Амарсанаа” ХХК-ийг эзэмшдэг. Ө.Барсүрэнгийн “Амарсанаа” ХХК нь Увс аймгийн барилгын тендерүүдийг түүдгээрээ зартай. Тухайлбал, “Амарсанаа” ХХК нь:
-
Увс аймгийн Улаангом сумын Политехник коллежийн 300 ортой дотуур байрны барилгын 4.4 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Улаангом сумын 2-р сургуулийн өргөтгөлийн барилгын 1.9 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Улаангом сумын гэр хорооллын дэд бүтцийн шугамын засварыг гүйцэтгэх 1.4 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Улаангом сумын гэр хорооллын дэд бүтцийн шугамын засварыг гүйцэтгэх 1.2 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан.
Цаашилбал, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Барсүрэнгийн төрсөн дүү Ө.Бат-Очир нь “Цэнхэр тэнгэрийн орон оч” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл “Цэнхэр тэнгэрийн орон оч” ХХК нь:
-
Увс аймгийн Улаангом сумын 10-р багийг тохижуулах 1.3 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Улаангом сумын 8-р цэцэрлэгийн өргөтгөл барих 1.0 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Улаангом сумын орон сууцны барилгуудын гадна фасатыг засварлах 1.3 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Давст сумын Соёлын төвийн барилгыг барих 1.5 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Улаангом сумын гэр хороололд дэд бүтцийн шугам тавих 900 сая төгрөгийн тендер гэхчилэн шалгарчээ.
УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард сард Ч.Хүрэлбаатар Увс аймгийн оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 1000 оюутанд тус бүрд нь 100 мянган төгрөг тараасан гэх дуулиан дэгдсэнийг санаж буй байх. Тухайн үед Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн хэвлэлийн хурал хийж “Ч.Хүрэлбаатарын оюутнуудад мөнгө тараах ажиллагааг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Барсүрэн зохион байгуулсан” гэж мэдэгдэж байв.
Тайлбар: Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Барсүрэн, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар, 2023 он
ТӨРСӨН ХҮҮГЭЭРЭЭ ХАЛХАВЧИЛСАН ТЕНДЕРЧИН Б.ЦЭЦЭЭ
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэцээ хүү Ц.Батхуягийнхаа нэр дээр “Сантех увс” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл “Сантех увс” ХХК нь Увс аймгийн барилгын тендерүүдэд “онцгой эрх”-тэйгээр оролцож, шалгардаг ажээ. Тухайлбал, “Сантех увс” ХХК нь:
-
Увс аймийн Малчин суманд Соёлын төвийн барилга барих 3.7 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Ургамал сумын Засаг даргын Тамгын газрын барилгын угсралтыг гүйцэтгэх 1.2 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл барих 1.0 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймгийн Тэс суманд сумын төвийн шинэчлэл төслийг хэрэгжүүлэх 5.0 тэрбум төгрөгийн тендер
-
Увс аймагт Орон нутгийн хөгжлийг дэмжих төвийн барилга барих 3.0 тэрбум төгрөгийн тендер зэрэгт шалгарчээ.
Тайлбар: Баруун гар талаас Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэцээ, 2023 он
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС ТЕНДЕР ТОНШИГЧ Л.ДАВААНЯМ
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Давааням “Ээлт-Өлгий” ХХК-ийг эзэмшдэг. “Ээлт-Өлгий” ХХК нь төсвийн 41 тендерт оролцож шалгарсан. Тэр тусмаа Орхон аймгийн болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерүүдэд голлон шалгардаг.
-
Орхон аймгийн Цагаанчулуут багт цэвэр, бохирын шугам татах 1.2 тэрбум төгрөгийн тендер
-
Орхон аймгийн Баянцагаан багт Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн барилга барих 1.2 тэрбум төгрөгийн тендер
-
Орхон аймгийн гэр хороололд үерийн хамгаалалтын суваг барих 6.5 тэрбум төгрөгийн тендер
-
Эрдэнэт үйлдвэрт барилгын материал нийлүүлэх 981 сая төгрөгийн тендер
-
Эрдэнэт үйлдвэрийн усны шугамыг шинэчлэх 877 сая төгрөгийн тендер
-
Эрдэнэт үйлдвэрт гэрэлтүүлэг нийлүүлэх 678 сая төгрөгийн тендер гэх мэтчилэн шалгарчээ.
Тайлбар: 2023 он, Орхон аймгийн наадам. Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Давааням, УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Батлут нар уяачдын хамт
УВСАД ӨНДИЙЖ БУЙ ШАТАХУУНЫ “БЯЦХАН ШАГЧИН” Т.НЯМСАМБУУ
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Нямсамбуу “Баялаг увс” ХХК-ийг эзэмшдэг. “Баялаг увс” ХХК нь Увс аймгийн төрийн байгууллагуудыг шатахуунаар хангах “онцгой эрх”-тэй ажээ.
Тухайлбал, “Баялаг увс” ХХК нь хамгийн сүүлд:
-
“Увс АЗЗА” ТӨХК-д тослох материал нийлүүлэх 303 сая төгрөгийн тендер
-
Увс аймгийн Улаангом сумын Дулааны станцад тослох материал нийлүүлэх 68.5 сая төгрөгийн тендер
-
Увс аймгийн ЗДТГ-т бензин нийлүүлэх 50 сая төгрөгийн тендер
-
Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-т шатахуун нийлүүлэх 100 сая төгрөгийн тендер гэх мэтчилэн шалгарчээ.
Тайлбар: Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Нямсамбуу, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, 2018 он
Эцэст нь, хууль хяналтын байгууллагууд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч сэтэртэй улсад зартай тендерчдийг хараандаа авах цаг нь болсон бололтой.
ТАНИЛЦ: УВС АЙМГИЙН ИТХ-Д “НУУГДСАН” УЛСАД ЗАРТАЙ ТЕНДЕРЧИД |
|