• Өнөөдөр 2024-05-07

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-III

2024-03-06,   56

     Магад, одоо Хотын дарга асан М.Энхболд, Сү.Батболд хоёр Төв аймаг дахь хурдан адууны жүчээгээ тордож, Ц.Батбаяр Багахангай дүүрэг дэх нефтийн үйлдвэрээ тосолж, Г.Мөнхбаяр Турк дэх Элчин сайдын яамандаа тэрийж, Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” хотхондоо хөрвөөж, Д.Сумъяабазар Хөрөнгө оруулалтын банкны оффистоо налайж, Т.Билэгт, С.Амарсайхан хоёр Төрийн ордны тохилог өрөөндөө тухалж суугаа. Ямба эдэлж ханасан тэд хоббигоо хөөж, хувийн бизнесээ тордохоос өөр юу ч хийх билээ. Харин нийслэлчүүд бид утаанд уушгиа эргэтэл бөхшүүлж, угаарын хийнд хордон хорвоог орхиж, урагшлахгүй түгжрэлд хараалаа барж, багталцахгүй автобусандаа чихцэлдэн амьдарч, амь зууж байна. Энэ бүхэн танд туйлын шударга бус санагдаж байна уу. Тийм ээ, энэ бол хулгайлсан нь ямба эдэлж, хулгайлуулсан нь ялтан шиг амьдарч буй, бидний, бас тэдний луйврын хот. 
     Тэртээ 1999 оноос хойш хотыг есөн дарга захирч, өдгөө 10 дахь нт заларчихаад буй. Үе үеийн хотын дарга нар Улаанбаатар хотыг улай гэж харсан хэрээнүүд шиг л аашилсан. Тэд Улаанбаатар хотын сүүлчийн алга дарам газрыг хүртэл тоносон, тоншсон, хумсалсан, бас хулгайлсан. Эцэст нь, Улаанбаатар хот хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ, бас утаа угаар, уур бухимдлын уурхай, түгжрэл, туйлдлын голомт болж хувирсан. 
 
Иймд, үе үеийн Хотын дарга нар, тэдний орлогчид, газрын албаны дарга болон ерөнхий архитекторуудын хууль зөрчиж хувьдаа авсан газрууд, АН, МАН-ын албан тушаалтнуудын дамлаж худалдсан газрууд, Улаанбаатар хотын төв, Төрийн ордныг тойрсон тансаг шилэн барилгуудын цаад эзэд, бас Дархан цаазат Богдхан уулын ам бүрд “отог” нэртэй тансаг зэрэглэлийн хотхон, хороолол барьж худалдсан эрх мэдэлтнүүдийн баримтыг эрэн сурвалжилж, энэхүү “Хэрээ болгоны улай болсон Улаанбаатар буюу луйврын хот” цуврал нийтлэлийг бэлтгэлээ. 
 
-ХОЁРДУГААР ХЭСЭГ-
СЭТЭРТНҮҮДЭД “СЭГЛҮҮЛСЭН” БОГДХАН УУЛ БУЮУ ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ,МӨНГӨ УГААСАН ЭЗДИЙН ХАУС, ХОТХОНУУД
 
     Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, орон сууцны 10 хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасныг онцлох нь зүйтэй байх. 

ТӨРИЙН ӨМЧИТ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ АСАН О.ХУЛАНГИЙН 90 ТЭРБУМЫН 112 ХАУС

     Баянзүрх дүүргийн XI хороо буюу Богд уулын зүүн хойд үзүүр, Налайх дүүрэг явах зам дагуу, Хонхорын хойно “Home garden” хотхон хэмээх 112 хаус бий. Тус хотхоныг 90 тэрбум төгрөгөөр барьсан гэдэг ч одоог хүртэл оршин суугчгүй, хаусууд нь цоожтой, хашаа нь гинжтэй байсаар байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Монголд хаус хотхон, хороолол барьж мөнгө угаадаг болсны анхны жишээ нь Хонхорын хойдох хаусууд” гэж байлаа. Тэгвэл тус хотхоны жинхэнэ эзэн хэн болохыг хөөж үзэхэд өнөөх л уул уурхайтай, улстөрчидтэй, алт, нүүрстэй холбогдож байна. Тодруулбал, “Home garden” хотхоны газар “Хонгрансфеко” ХХК-ийн эзэмшилд байдаг. “Хонгрансфеко” ХХК-ийг “Сфеко Монгол” ХХК 100 хувь эзэмшдэг. Харин “Сфеко Монгол” ХХК-ийг “Фандерболт” ХХК эзэмшдэг. “Фандерболт” ХХК-ийг Онхооны Хулан эзэмшдэг. Өөрөөр бол, эцсийн цэгт “Home garden” хотхоны нь “эзэн” нь О.Хулан болж таарч байна. Гэтэл Онхооны Хулан нь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нэгэн ажээ. Ноцтой нь, О.Хуланг 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр урьж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар томилсон байдаг. 
 
Тэгвэл “Home garden” хотхоны “эзэн” О.Хулангийн өмнө нь хаана ажиллаж байсан, хамаарал бүхий этгээдүүд нь хэн болохыг хөөж үзвэл, маш ноцтой баримтууд гарч ирж байна. Тухайлбал, О.Хулан нь “Эрдэнэс Монгол” ХК-ийн тэргүүн дэд захирлаар томилогдохоосоо өмнө буюу 112 хаус баригдаж байх үед Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Т.Ганхуяг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нарын эзэмшдэг “Баянайраг эксплорэйшн” ХХК-ийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Алтны уурхайн Төсөл хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Илүү ноцтой нь, О.Хулантай “Караван конвой” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Юрагийн Энхтүвшин нь одоо ч “Баянайраг эксплорэйшн” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, Хонхорын хойдох 112 хаус бүхий “Home garden” хотхон Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Т.Ганхуяг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нартай холбоотой байж болзошгүй сэжүүр гарч ирж байгаа юм.

ЗТХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛДООС ЭХЛЭЛТЭЙ “БУМБАТ” ХОТХОН

      Богдхан уулын Бумбатын аманд “Рэска” ХХК 16 га газар эзэмшдэг. “Рэска” ХХК-ийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын хүү Б.Рэнжиндорж, эхнэр П.Мидриймаа нар 2013 онд үүсгэн байгуулсан. 2016 онд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, түүний хүү Б.Рэнжиндорж нар “Рэска” ХХК-ийнхаа нэр дээр 16 га газар авсан. Улмаар 2020 онд Шаравхоролын Эрдэнэбилэг, Гантөмөрийн Энхбаяр нарт “Рэска” ХХК-ийг шилжүүлж, тэд тус газар дээр 49 хаус бүхий “Бумбат вилла-1” хотхон, 20 хаус бүхий “Бумбат вилла-2” хотхоныг барьсан. Хамгийн ноцтой нь, “Реска” ХХК-ийг шилжүүлж авсан шинэ эзэд нь “Бумбат-1” хотхоныг барьсныхаа дараа ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, түүний хүү Б.Рэнжиндорж нарт 156 ам метр талбайтай хоёр хаус, 105 ам метр талбайтай нэг хаус буюу гурван хаус “бэлэглэсэн” байдаг. Улмаар АТГ-аас ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдыг Богдхан уулын Бумбатын аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан газраа бусдад худалдсан, хариуд нь хаус авсан хэргүүдээр нь шалгаж эхэлсэн байдаг ч өнөөг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байгаа билээ.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА АСАН Ж.ДАМДИНЦЭРЭНГИЙН 30 ХАУС

    Богдхан уулын Чулуутын амны дээд үзүүрт “Жанцанноров” сан 6.5 га газар эзэмшдэг. “Жанцанноров” санг Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн, охин Ж.Уугантуяа нар эзэмшдэг. Тэгвэл Ж.Дамдинцэрэнгийн “Жанцанноров” сан нь өнгөрөгч 2022 оны гуравдугаар сарын 24-нд Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж, Чулуутын амны 6.5 га газар дээрээ “Аялагчдын түр буудаллах отог барина” гэж Архитектур төлөвлөлтийн даалгавар буюу “А” зөвшөөрлөө батлуулжээ. Гэтэл Ж.Дамдинцэрэн Чулуутын аманд “Аялагчдын отог” биш 30 ширхэг хаус барьж байна.

ЗГХЭГ-ЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Т.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮРГЭН Д.НАРАНБАТЫН “FOREST ISLAND VILLA” ХОТХОН

      Богдхан уулын Хүрэлтогоотын амны дээд үзүүрт, “Одон орон судлалын төв”-ийн хашаатай хаяа залган “Түүболд” ХХК 1.6 га газар авч, тус бүр гурван давхар 20 хаус бүхий “Forest island villa” хотхоныг барьсан. “Forest island villa” хотхоны 20 хаус тус бүр 320-400 ам метр талбайтай, 3-4 тэрбум төгрөгийн үнэтэй буюу нийт 70 тэрбум төгрөгөөр заржээ. Тэгвэл “Түүболд” ХХК-ийг Дэмчигсүрэнгийн Наранбат эзэмшдэг. Судалж үзвэл, Дэмчигсүрэнгийн Наранбатын хадам аав Б.Эрдэнэбилэг нь ЗГХЭГ-т газрын даргаар ажиллаж байсан, улс төрд нөлөө бүхий нэгэн ажээ. Цаашилбал, Дэмчигсүрэнгийн Наранбат нь “Шинэ сэгэ фүүд” ХХК, “Шинэ сэгэ буйлд групп” ХХК, “Шинэ сэгэ интернэйшнл групп” ХХК-ийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Цагаан-Өвгөний Жадамбаатай хамтран эзэмшдэг ажээ. “Шинэ сэгэ буйлд групп” ХХК нь Зайсангийн аманд “F.I One residence” гэх 400 айлын дөрвөн блок барилга бүхий орон сууцны хотхон барьж буй.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Д.ГАНБОЛДЫН 47 ХАУС

     Хүрэл тогоотын амны доод үзүүрт “Туул эко виллаж” ХХК 4.0 га газар эзэмшдэг. Энэ газар дээр өдгөө 47 хаус бүхий хотхон барьж байна. “Туул эко виллаж” ХХК-ийг Дамдиндоржийн Ганболд болон “Нандин бродерс” ХХК хамтран эзэмшдэг. Тэгвэл Дамдиндоржийн Ганболд нь Нийслэлийн аялал жуулчлалын газрын Захиргааны хэлтсийн даргаар 2020 он хүртэл ажилласан төрийн албан хаагч ажээ. Өөрөөр бол, албан тушаалаа ашиглан Хүрэл тогоотын амны 4.0 га газрын аялал жуулчлалын зориулалтаар өөрийн болгож, улмаар хууль бусаар хаус хороолол барьж байгаа. Харин “Нандин бродерс” ХХК-ийг Цэгмидийн Оюунтуяа гэх эмэгтэй эзэмшдэг. Цэгмидийн Оюунтуяа нь мөн “Глобал лайф технологи” ХК-ийг эзэмшдэг. Энэ компанийг үүсгэн байгуулагчид нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, түүний төрсөн ах Х.Гантулга, төрсөн эгч Х.Хасчимэг нар ажээ.

“СU” СҮЛЖЭЭНИЙ БОСС А.ГАНХУЯГИЙН “LAPLAND VILLA” ХОТХОН

      Богдхан уулын Залаатын аманд “Аркадиа гарден” ХХК 3.1 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн 28 хаус бүхий “Lapland villa” нэртэй хотхон барьсан. “Аркадиа гарден” ХХК-ийг “Премиум групп” ХХК-аар дамжуулан Адилбишийн Ганболд, Адилбишийн Ганхуяг гэх ах дүү хоёр эзэмшдэг. “Премиум групп” ХХК нь Улаанбаатар хотод 228 салбартай “CU” сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг. Цаашилбал, “Премиум групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч А.Ганхуяг нь “М Си Эс” группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалантай хамт “М Си Эс” группийн хувьцааг эзэмшдэг байсан. Мөн “Премиум групп” ХХК-ийн охин компаниуд болох “Руссо моторс” ХХК, “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК-ийг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хадам ах Р.Ганболд удирдаж байсан.

ТЕГ-ЫН ДАРГА АСАН Д.ГЭРЭЛИЙН ОХИН Г.ХУЛАНГИЙН ЗАЛААТЫН АМНЫ ХОТХОН

      Залаатын аманд “Эксорс” ХХК 3.9 га газар, хажууд нь “Мирайлайн” ХХК 9.0 га газар эзэмшдэг. Энэ газар дээр өдгөө тансаг зэрэглэлийн хаус хотхон баригдаж байгаа бөгөөд эхний таван хаус нь баригдаад буй. Энэ хоёр компани нэг гэр бүлийнх буюу “Мирайлайн” ХХК, “Эксорс” ХХК-уудыг “Буман сарт” ХХК-аар дамжуулан Гэрэлийн Хулан, Бадангийн Батбаатар нар эзэмшиж ирсэн. Ноцтой нь, Г.Хулан нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн охин. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хулангийн Залаатын амны хаус хотхоны санхүүжилтийн эх үүсвэр нь алт, нүүрс, цаашлаад Хөгжлийн банкны зээл байж болзошгүй. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хулан нь нүүрсний “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Г.Хулан “Шарын гол” ХК-аараа 2018 онд Хөгжлийн банкнаас 260 сая иенийн зээл авсан. Гэвч зээлээ зориулалтын бусаар зарцуулсан буюу Г.Хулан, Б.Батбаатар нар өөрсдийн “Хэрлэн онон туул” ББСБ руу 4.0 тэрбум төгрөгийг шилжүүлж, улмаар “мөнгө угаасан” гэж УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах Түр хорооноос тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Залаатын амны хаус хотхоноо санхүүжүүлсэн байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. Сонирхуулахад, Д.Гэрэлийн хүү Г.Аранзал, Б.Батбаатар нарын хамтран эзэмшдэг “Монгол Алтан минт”, “Пентатерра”, “Тайхаржин транс” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн гол гэх газарт алт ухаж байсан нь 2020 онд дуулиан болж байсан билээ.

С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРТАЙ ХАМТ ХОРИГДОЖ ЯВСАН “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.БЯМБАСАЙХАНЫ 40 ХАУС

     Залаатын аманд “Смарт ливинг” ХХК 14.7 га газар эзэмшдэг. Тус газар дээрээ 40 хаус бүхий хотхон барьж байгаа. “Смарт ливинг” ХХК-ийг Баянжаргалын Бямбасайхан, Бямбажавын Баяраа нар эзэмшдэг. Б.Бямбасайхан нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгаас нэр дэвшиж байхдаа баривчлагдаж, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нартай хамт “Оюутолгой” төслийн гэрээтэй холбоотой хэргээр хоригдож байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр суллагдсан. Гэтэл өдгөө тансаг зэрэглэлийн хаус хотхон барьж буй.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯРЫН ЭЭЖ Д.ХУЛАНГИЙН ТАВАН ХАРШ

     Богдхан уулын Залаатын баруун амыг өдгөө “МАК”-ийн ам гэх болцгоожээ. Учир нь, энд “Монголын Алтан аялал” ХХК 11.3 га газар эзэмшдэг. “Монголын Алтан аялал” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Дамбын Хулан эзэмшдэг. Залаатын баруун амыг бүхлээр нь хашаалсан энэ газар дээр тус бүр нь гурван давхар дөрвөн барилга, зургаан давхар спорт цогцолборын нэг барилга барьж буй. Тус бүр гурван давхар дөрвөн барилгынх нь тухайд, нэг нь Б.Нямтайшир, Д.Хулан нарынх, үлдсэн гурван барилга нь хүүхдүүдийнх нь буюу Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн, Н.Мөнгөншагай нарынх ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН БАГА ТЭНГЭРИЙН АМНЫ 160 АЙЛЫН ХАУС, 172 АЙЛЫН ОРОН СУУЦ

     Богдхан уулын Бага тэнгэрийн ам бүхэлдээ буюу нийт 65 га газар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн эзэмшилд байдаг. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж, худалдсан. Зөвхөн нэг амины хаус нь л гэхэд 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 160 айлын хаус гэж тооцвол 720 тэрбум төгрөгөөр зарсан тооцоо гарна.
 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод Монгол групп” ХХК-аараа төрд шатахууны “шахаа” хийж, Хөгжлийн банкнаас зээл авч, “Нүүрсний хулгай”-н хэрэгт ч нэр холбогдсон. Тэгэхээр Бага тэнгэрийн амыг хаус хотхон, орон сууцны хороолол болгосон санхүүжилт нь олон эх үүсвэртэй гэсэн үг. Тухайлбал, Ц.Анандбазар 2017 онд “Сод Монгол групп” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 669.8 сая иенийн зээл авсан. Өнгөрөгч нэгдүгээр сард болсон УИХ-ын Түр хорооны Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ тодорхой хувийг зориулалтын бусаар зарцуулсан гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод монгол групп” ХХК, “Мэргэн ван” ХХК, “Интерстандарт нефть” ХХК-аараа төрд, тэр тусмаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК-д жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн шатахууны “шахаа” хийж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зөвхөн 2020 оноос хойш 12 тэрбум төгрөгийн шатахуун “шахсан” баримт бий. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-ын дарга асан З.Энхболдтой хуйвалдаж, “нүүрсний хулгай”-н хэрэгт хамтарч оролцсон сэжүүрүүд илэрч, шалгагдаж байгааг АТГ-аас зарлаад байгаа билээ.

БОАЖ-ЫН САЙД АСАН Д.ОЮУНХОРОЛЫН “ХАН ГОЛОМТ” ХОТХОН

     Зайсангийн аманд “Дэжид” ХХК 4.5 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн 32 хаус бүхий “ Хан голомт” хотхон барьж худалдсан. “Дэжид” ХХК-ийг Даваадоржийн Энхзаяа эзэмшдэг. Гэхдээ “Дэжид” ХХК-ийн, “Хан голомт” хотхоны жинхэнэ эзэн нь БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол. Тэрбээр БОАЖ-ын сайд байхдаа албан тушаалаа ашиглан энэ газрыг өөрийн болгож, “Дэжид” ХХК-ийн нэрээр “Хан голомт” хотхоныг барьж худалдсаныг хууль хяналтынхан тогтоосон байдаг.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Д.ЗОРИГТЫН “ZANADU RESIDENCE” ХОТХОН

     Зайсангийн аманд “Одод” ХХК 7.8 га газар эзэмшдэг. “Одод” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Дашзэвэгийн Зоригт, түүний эхнэр Дугаржавын Оюунсүрэн, хүүхдүүд болох Зоригтын Ариун, Зоригтын Гантболор нар эзэмшдэг. Д.Зоригт, Д.Оюунсүрэн нар “Одод” ХХК-ийнхаа газар дээр тансаг зэрэглэлийн 110 айлын хаус бүхий “Занаду ресиденс” хотхоныг барьж худалдсан. Тус 110 хаус нь тус бүр 6-12 өрөөтэй, 2.4-5.2 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд 385 тэрбум төгрөгөөр худалдсан тооцоо гарч байна. Д.Зоригт нь Өвөрхангай аймгаас 2008, 2012 онд хоёр удаа УИХ-ийн гишүүнээр сонгогдож, 2013 онд Эрчим хүчний сайдаар томилогдож байсан. Эрчим хүчний сайд байхдаа хууль бусаар мөрийтэй тоглосон хэрэгт холбогдож, 2017 онд 15 тэрбум төгрөгийн асуудлаар АТГ-т шалгагдаж байсан билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 15 БЛОК ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ

      Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК 8.8 га газар эзэмшдэг. “Гоби ресурс хилл” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-ийн охин компани бөгөөд Ванганы Мөнхжаргалын нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ газар дээр Б.Чойжилсүрэн тус бүр 18 давхар, 15 блок барилга бүхий орон сууцны хороолол босгож байгаа. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүрний урд “Цэнгэлдэх” хотхоныг барихдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас хууль бусаар газар тасалж авсан байж болзошгүй, “Хүннү-2222” хотхоныг барихдаа Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нартай хуйвалдаж, хар тамхины зохиомол хэргээс болж хил гарч явсан япон эзэнтэй “Суруга Монгол”-ын газраас хууль бусаар авсан байж болзошгүй гэх мэт хэргүүдэд нэр холбогдож явсан. Мөн одоо Сү.Батболдын “Чингис” зочид буудлын хажууд барьж буй “Сансар гарден” хотхоныг барихдаа холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн, хууль зөрчсөн хэрэгт ч холбогдож яваа. Зайсангийн амны 8.8 га газрыг мөн анх “Сургууль барина” гэж авсан ч, нэг га орчимд нь гурван давхар “Хүмүүн” гэх сургууль бариад, үлдсэн долоон га газарт нь орон сууцны хороолол барьж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ЭТҮГЭН” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.НЯМЗАГДЫН 10 ХАУС

      Зайсангийн аманд “Тауэр констракшн” ХХК 1.1 га газар эзэмшдэг бөгөөд тансаг зэрэглэлийн 10 хаус барьж худалдсан. “Тауэр констракшн” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан, “Этүгэн” их сургуулийг үүсгэн байгуулагч, “Этүгэн” группийн Ерөнхийлөгч С.Нямзагдын хүү Н.Эрдэмсайхан эзэмшдэг. УИХ-ын гишүүн асан С.Нямзагд нь Д.Оюунхоролыг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд байх үед хамгийн ойр байсан. Учир нь, С.Нямзагд, Д.Оюунхорол хоёр Завхан аймгаас төрсөн улстөрчид бөгөөд Д.Оюунхоролыг Завханд ажиллах үед С.Нямзагд байнга хамт явдаг байсан гэгддэг. Мөн Д.Оюунхорол “Отгонтэнгэр” их сургуулийн ерөнхийлөгч, С.Нямзагд “Этүгэн” их сургуулийн ерөнхийлөгч гэдгээрээ тун ойр ажилладаг байв. Тиймдээ ч С.Нямзагд Д.Оюунхоролыг БОАЖ-ын сайд байх үед хүү Н.Эрдэмсайханыхаа “Тауэр констракшн” ХХК-ийн нэр дээр газар авч, 10 хаус барьсан байж болзошгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ

     Зайсангийн аманд “Сипоко” ХХК 2.8 га газар эзэмшдэг. Тус газар дээрээ 14 хаус, зургаан блок орон сууц бүхий “Энхжин” хотхоныг барьж худалдсан. “Сипоко” ХХК-ийг Пүрэвдоржийн Хурц эзэмшдэг. Мөн Пүрэвдоржийн Хурц нь “Жинхэнэ уянга” ХХК-ийнхаа нэр дээр “Бурхантай цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд, Зайсангийн хөшөөний баруун доор 1.9 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн 10 хаус бүхий 100 айлын “Гэрэлт” хотхон болон “Golden Buddha-Zaisan central” гэх 16 давхар орон сууц, үйлчилгээний цогцолбор бүхий барилга барьж, худалдсан. Мөн Пүрэвдоржийн Хурцын төрсөн ах Пүрэвдоржийн Хангал нь “Ханхур холдинг” ХХК-аараа Зайсан толгойн зүүн хойно 16 давхар, зургаан блок шилэн барилга бүхий “Seven star residence & shopping mall” гэх орон сууцны хороолол, үйлчилгээний цогцолбор барьж байгаа. 
Тэгвэл П.Хурц, П.Хангал нарын аав Л.Пүрэвдорж нь Татварын ерөнхий газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан, улс төрд нөлөө бүхий этгээд. Монголбанкны ерөнхийлөгчөөр Л.Пүрэвдоржийг ажиллаж байх үед тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь одоогийн Сангийн сайд Б.Жавхлан ажиллаж байсан. Эргэн сануулахад, Л.Пүрэвдорж нь “Анод” банкны дампуурлыг зарлаж, тухайн үедээ л дуулиан болж байв. Мөн Л.Пүрэвдорж нь Байгаль орчны сайд байсан У.Барсболд агсантай үеэлүүд бөгөөд тэд Зайсангийн аманд хууль бусаар газар авсан, Ховдын “Хөшөөт”-ийн уурхайг хууль бусаар зарсан, “Эрдэнэт үйлдвэр”-ээс авлига авсан хэргүүдэд нэр холбогдож явсан. Тухайн үед Л.Пүрэвдоржийн хууль бусаар авсан гэгдэж байсан Зайсангийн газрууд дээр нь өдгөө төрсөн хүү П.Хурц, П.Хангал нар нь дээр дурдсан хаус хотхон, орон сууцны хорооллууд, үйлчилгээний цогцолборуудыг босгоод байгаа юм. 
 
Түүнчлэн, П.Хангал нь 2011 онд Н.Энхбаярын баруун гар болж, МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн МАН-аас НИТХ-д сонгогдон ажиллаж, Ховд аймгаас УИХ-ын сонгуульд хоёр удаа нэр дэвшиж байсан ч унасан байдаг. Хоржоонтой бас нэг баримт дурдахад, сүүлийн үед нийгмийн шүүмжлэлд өртөөд буй Боловсролын зээлийн сангийн асуудалд П.Хангал холбогдож явсан. Тэрбээр Нидерландын Маастрихын их сургуульд магистрт сурахаар 6000 ам.долларын зээл авсан ч эргэж төлөөгүй гэдэг. Зайсангийн амыг хаус хотхон, орон сууцны хорооллоор дүүргэж байгаа мөртөө 6000 ам.долларын зээлээ одоог хүртэл төлөөгүй гэхээр Боловсролын зээлийн сан нь улстөрчдийн хүүхдүүдэд зориулсан “буяны сан” гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. 

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ЗАЙСАНГИЙН АМАНД ДАХИАД НЭГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ, НЭГ ХАУС ХОТХОН БАРИНА

     Зайсан толгойн хойд хэсгийг бүхэлд нь УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, түүний төрсөн ах С.Ганбат “Собттрейд” ХХК-ийнхаа нэр дээр эзэмшдэг. Өдгөө тэнд “Зайсан хилл” цогцолбор, “Зайсан скуэр” үйлчилгээний цогцолбор, “Зайсан виста” орон сууцны хотхоныг тус тус барьсан. Мөн “Зайсан скуэр” цогцолборынхоо хажууд “Z residence” гэх тансаг зэрэглэлийн 16 давхар, 125 айлын хоёр блок барилга бүхий хотхон барихаар захиалгаа авч эхлээд буй. Мөн Зайсангийн амаар Дугуй цагаан өгсөх зам дагуу С.Амарсайханы “ЮКО” ХХК нь 4.9 га газартай. Энэ газрын зүүн урд буланд нь Шадар сайд С.Амарсайханы хувийн харш бий. Харин үлдсэн газар дээрээ энэ хавраас 2-6 давхар, 10 блок бүхий хаус хотхон барихаар сууриа ухаад эхэлж буй. 
Зайсангийн амыг орон сууц, оффисын барилга, үйлчилгээний цогцолбороор дүүргэсэн С.Амарсайхан Хотын даргаар ажиллах хугацаандаа ч хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр хууль бусаар газар олгосон баримтууд бий. Харамсалтай нь, Шадар сайд С.Амарсайхан болон түүний ах нарт хэн ч хариуцлага тооцож чадахгүй байсаар өнөөг хүрч байна. 

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.АРИУНБОЛД НАРЫН ХАМТРАГЧ Н.БАЯРЦЭЦЭГИЙН “DREAM LAND” ХОТХОН

     Зайсангийн аманд буюу ХААИС-ийн чанх ард “Мапекс” ХХК 0.9 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Dream land” гэх найман блок 22 айлын хаус барьсан. “Мапекс” ХХК-ийг Нямрагчаагийн Баярсайхан, Нямрагчаагийн Баярцэцэг нар эзэмшдэг. Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нарын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж буй Д.Ариунболд, Ерөнхий сайд асан С.Баяр нартай шууд холбогдоно. Тухайлбал, Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нарын эзэмшдэг “Цаст констракшн” ХХК нь “Грийн ресурс констракшн” ХХК-тай хамтран “Нүхт Эс Пи Эс” ХХК-ийг эзэмшдэг. “Грийн ресурс констракшн” ХХК-ийн толгой компани болох “Грийн ресурс” ХХК-ийг Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Бадамханд, эхнэр Э.Сувд нар нь эзэмшдэг. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд “Буянпэл” ХХК-аараа Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нартай “Люксерюм” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Люксерюм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдын хүү А.Жигүүр ажилладаг. Товчхондоо, Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нар том артай, том хүрээлэлтэй гэсэн үг л дээ. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Д.ЗОРИГТЫН ТУУЛ ГОЛД БОХИРОО ЦУТГАДАГ ХОС ОРОН СУУЦ

      Зайсангийн гүүрний баруун талд Туул голын эрэг дээр “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК 0.1 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тус бүр долоон давхар хос орон сууц барьсан. Хамгийн ноцтой нь, энэ хоёр орон сууц Туул голын эргээс тавхан алхмын зайтай баригдсан бөгөөд Туул гол руу бохироо цутгадаг гэж цаг үргэлж асуудал дагуулдаг. Гэвч тус хос орон сууцны эздэд хэн ч хариуцлага тооцож чаддаггүй. Учир нь, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийг өнөөх л УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Дашзэвэгийн Зоригт, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Сүхбаатарын Дэмчиг нар эзэмшдэг.

БОАЖ-ЫН САЙД АСАН, “ОЮУ ТОЛГОЙ”-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮН Н.ЦЭРЭНБАТЫН “GEREGE VILLA” ХОТХОН

     Зайсангийн аманд “Эх газрын эрдэнэс” ХХК 3.8 га газар эзэмшдэг. Тус газар дээрээ “Гэрэгэ вилла” хотхоныг барьсан. “Гэрэгэ вилла” хотхон нь 96 айлын зургаан давхар зургаан ширхэг орон сууц, 28 айлын таун хаус, 14 айлын амины хаус болон үйлчилгээний төвтэй, тансаг зэрэглэлийн хотхон. Тэгвэл “Гэрэгэ вилла” хотхоны эзэн нь БОАЖ-ын сайд асан, өдгөө “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Н.Цэрэнбат. Тухайлбал, “Эх газрын эрдэнэс” ХХК нь Нямжавын Лхамсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Н.Лхамсүрэн нь “Герман стандарт гипс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Герман стандарт гипс” ХХК-ийг “Герман стандарт” ХХК эзэмшдэг. Харин “Герман стандарт” ХХК-ийг Н.Цэрэнбат эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “Гэрэгэ вилла” хотхоны жинхэнэ эзэн нь БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОРЫН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ДӨРВӨН ХОТХОН

   Зайсан толгойн чанх урд талын газрууд “Бизибий” ХХК-ийн нэр дээр байдаг. “Бизибий” ХХК-ийг Шагдарсүрэнгийн Энхбаяр, Гришагийн Идэрхүү нар эзэмшдэг. Г.Идэрхүү нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын туслах бөгөөд Д.Өнөрболорын “Органик твинкле” ХХК, “Роял нью кэстл” ХХК тэргүүтэй компаниудынх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн. “Бизибий” ХХК-ийн эзэмшил газар дээр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Роял Грийн Вилла” хотхон, “Сөүл Роял Каунти Вилла” хотхон, “Роял Кровн Вилла” хотхон, “Роял Хилл Каунти” хотхон гэх тансаг зэрэглэлийн дөрвөн хотхоныг барьсан. Зөвхөн “Роял Хилл Каунти” хотхон л гэхэд 9.9 га эзэмшил газартай, 29 хаустай гэхээр тэр Зайсангийн амны “эзэн” гэдэг нь тодорхой харагдана. 
 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Зайсангийн амыг анх хэрхэн эзэгнэх болсныг нь хөөвөл алдарт “газрын наймааны эцэг” гэгддэг Миеэ.Энхболдтой шууд холбогдоно. М.Энхболдыг Хотын дарга байх үед хамгийн ойр байсан хүн нь “Сөүл” группийн Д.Өнөрболор. Тиймдээ ч Зайсангийн ам зэлүүд байх үед буюу 2002 онд Д.Өнөрболор М.Энхболдоор дамжуулан анх газар авч, тэнд анхны хувийн хотхон барьж байлаа. Хариуд нь Д.Өнөрболор 2005 онд М.Энхболдыг Солонгосоор зугаалуулж, Сөүл хотын Хүндэт иргэнээр өргөмжлүүлж байв. Хожим М.Энхболд Д.Өнөрболорыг Барилга, хот байгуулалтын сайдад зүтгүүлсэн ч “ашиг сонирхлын асар их зөрчилтэй” гэх шүүмжлэлээс болж нэрийг татаж байсан. М.Энхболдын “үнэнч цэрэг” гэгддэг Ж.Эрдэнэбатыг хоригдож байх үед ч УИХ-ын гишүүдээс ганц Д.Өнөрболор л эргэж очиж байв. Товчхондоо, Д.Өнөрболорын газрын наймаа, хотхон хорооллын бизнесийг анх цэцэглүүлж өгсөн хүн нь М.Энхболд юм. 
 
Дараа нь, Д.Өнөрболор БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүүгээр дамжуулж газраа авдаг болсон гэдэг. Тухайлбал, дээр дурдсан Д.Өнөрболорын туслах Г.Идэрхүүтэй “Бизибий” ХХК-ийг хамтран эзэмшдэг Шагдарсүрэнгийн Энхбаяр нь ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн эхнэр Шагдарсүрэнгийн Сарантуяагийн төрсөн дүү гэх. Ц.Ганхүүгийн хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын албан тушаалаа ашиглан Зайсангийн амыг “худалдсан” этгээд. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор туслахаа Ц.Ганхүүгийн хадам дүүтэй хамт компани эзэмшүүлэх замаар Зайсан толгойн урд хэсгийн газрыг авсан гэж харагдаж байгаа юм. Ц.Ганхүү, Д.Өнөрболор хоёр газрын наймаан дээр гар нийлэх болсон шалтгаан нь М.Энхболд гэдгийг доор тайлбарлана. 
Үргэлжлэл бий...
 

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188