Хүмүүс “Дарханы цэргийн ангийн бослого гэж айхавтар юм болсон. Цэргүүдийг жагсааж байгаад буудаж хөнөөсөн. Олон цэргийг шорон, гянданд хийсэн юм гэнэ лээ” гээд л ярьдаг. Сүүлд хэдэн хүүхэд үнэнээс зөрсөн зохиол бичээд, кино хийчихсэн байна лээ. Хүмүүсийн яриад байдаг шиг тийм сүртэй юм болоогүй юм шүү дээ. Одоо өвгөн ах нь 90 нас хүрч байна. Он жавуудаас минь гарын таван хуруунд хүрэхээргүй нь үлдсэн. Тэдэнтэйгээ уулзаад байж чадахгүй юм. Тэр үед яахаас ч буцахааргүй залуу явж дээ. Одоо эргээд бодоход мөр зэрэгцэж явсан эрчүүд нийлээд дарвичихдаг, зүрх зоригтой, сахилгагүй ч байж” хэмээн ярих эрхмийг Цэдэнгийн Бадарч гэдэг. Тэрбээр тэртээ 1961 онд Говь-Алтай аймгийн Цээл сумаас Улаанбаатар хотын Улаанхуарангийн цэргийн албанд татагдсан гэнэ. 1964 оны есдүгээр сард халагдах байсан ч хугацаа нь жилээр сунгагдаж, Дарханы бүтээн байгуулалтад гар бие оролцсон цэргүүдийн нэг. Өөрөөр хэлбэл, тухайн үед юу болсныг мэдэх цөөхөн хүний нэг тэр юм. Түүнтэй бид түүхэнд “Дарханы цэргийн бослого” хэмээн нэрлэгдэж үлдсэн 1964 онд Дарханд өрнөсөн үйл явдлын тухай хөөрөлдлөө.
1964 он тавдугаар сар.
Монгол Улс чулуугаар хилийн зурвасаа тогтоодог байлаа. Биднийг халагддаг жил хилийн овоог багана болгож, өөрчилсөн юм. Миний бие хилийн зурвасыг өөрчлөх ажилд томилогдож, тэр хаваржин Сүхбаатар аймгийн Асгат сумаас Дорнод аймгийн Халхгол хүртэл явсан. Нэг офицертой хамт хамгийн сүүлийн баганыг Монгол Улсын зүүн цэг Соёлз ууланд босгох хариуцлагатай хэрнээ хүнд даалгавар авлаа. Тэр өндөр уул руу хоёр метрийн урттай чулуун баганыг морин дээрээ бариад, мацах амаргүй байсан. Миний хоёр гар мэдээгүй болж, морь хөтөлж явсан офицерын хөл хөдлөхөд тун бэрх болж байхад бид очих газартаа арай чүү хүрсэн. Өчнөөн удаа хилийн манаанд явж, эх орноо тойрсон ч гэлээ зүүн цэгт хилийн багана тогтоож байна гэж бодохоор самсаа шархирч байлаа. Одоо ч омогшмоор, онгирмоор санагддаг юм. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл ингэж явж байгаад Улаанбаатарт ангидаа ирсэн. Халагдах дөхөөд тал талаас ангидаа цуглаж байсан нь тэр л дээ. Гурван жилийн цэргийн алба хаасан хүмүүст гурав хүрэхгүй сарын хугацаа юу ч биш. Халагдах дөхөж байсан учраас ар гэр рүүгээ захиа бичиж, шинэ дээл хувцас, унаж явах агтаа хүртэл дөхүүлүүлж байлаа. Халагдахад бэлэн, ерөөсөө хүлээлтийн байдалтай байсан гэсэн үг.
Нэг өглөө түгшүүрийн бүрээ дуугарлаа. Цэрэгт байхдаа энэ бүрээн дууг тийм ч олон удаа сонсож байгаагүй. Онцгой үед л түгшүүр зарлана. Батальоны дарга жагсаал авч “1961 оны хал цэргүүдийг БНМАУ-ын бүтээн байгуулалтад оролцуулах шийдвэр гарч, Дархан руу шилжүүлнэ. Дарханыг бүтээн байгуулахад та бүхэн гар бие оролцох болсон учраас халагдах хугацааг нэг жилээр сунгаж, дөрвөн жилийн цэргийн алба болгосугай” гэж тушаал уншсан. Харихдаа бэлдэж байсан хал цэргүүдийн урам, хүсэл унтарсан, нуулгүй хэлэхэд. Гэхдээ тэр үед тушаал бол тушаал байсан. Хэн нь ч эсэргүүцээгүй, эрх ч байхгүй. Маргааш өглөө нь Дархан руу галт тэргээр явцгаасан.
Бидэнд сард зургаан төгрөгийн цалин өгч, талыг нь хадгалах, заримыг нь хоол хүнсэнд зарцуулах аман гэрээ хийсэн. Дээрээс нь, “Та бүхэн ахмад дайчин болсон учраас халимаг тавьж болно” гэх зөвшөөрөл өгсөн. Хагас эрх чөлөөтэй болсон гэсэн үг л дээ. Гэртээ харихаа хүлээж байсан цэргүүдийг торгоосон ганц зүйл нь цалин байсан байж магад. Бид буудлагын хорооноос очсон учраас бүтээн байгуулалт, барилга байгууламжийн талаар мэдлэг байхгүй. Хаана шавар шороо зуурах, газар ухах, хар бор ажил байна түүнийг нь бид л нугалдаг байлаа. Халагдах хугацааг нэг жилээр сунгасан нь цэргүүдэд хүнд цохилт болсон ч дорвитой эсэргүүцэж чадаагүй учраас бүтээн байгуулалтад оролцсон хэрэг шүү дээ. Эхний нэг сар хий гэсэн бүхнийг нь гүйцэтгэж, махруу ажилласан. Цалин буух өдөр боллоо, байдаггүй. Бүр сураг чимээгүй, өгөх янзгүй болоод явчихлаа. Хүмүүсийн тэвчээр алдагдаж эхэллээ. Халимаг тавьсан, гадуур, дотуур явдаг болсон учраас танхайрч эхэлсэн. Дарга, цэрэгтэйгээ муудах, үгэнд нь орохгүй асуудал ундарсан даа. Хоол гэж хөц, шар будаатай шөл өгнө. Өдөр нь нэг, хоёрдугаар хоол өгдөг ч цадахаар биш. Газар, шорооны ажил хийж байгаа эрчүүдэд тийм хоол өгөхөөр тэсэхэд хэцүү болно биз дээ. Зарим өдөр нь хөц, шар будаа нь ч олдохоо больсон.
Дархан хот. 1964 оны зургадугаар сар.
Цэргүүдийн эсэргүүцэл нэмэгдэж, ротын дарга, офицерыг цэргүүд зодож эхэлсэн. Ганц, нэгээр нь булан тохойд дуудаж, зодох, танхайрах, мөрдэсийг нь хуулж авах зэргээр “тулалдсан” шиг байна лээ. 600 гаруй хал цэргээс олон араншин гарна шүү дээ. Гэхдээ эсэргүүцсэн, уриалан дуудсан цэрэг тийм ч олон байгаагүй. Манай ротынхон лавтай тийм зүйлд орооцолдоогүй. Цалин аваагүй хүмүүс чинь ажлын талбай руу гарсан ч ажил хийхээ больсон. Талбай руу гарлаа гэчихээд гудамжаар явж “хэрэг” тарина. Хүүхэд, эмэгтэйчүүдийг өдөж хоргоосон, залуустай нь гар зөрүүлсэн гэх асуудал ер нь ундарч эхэлсэн. Биднийг Батальоны удирдлагууд машинаар хөөж, ангийн байр руу хүргэдэг байсан гээд бод доо. Тэгээд нэг өдөр цэргүүд машинаар хөөгдөж яваад цуваагаа сунгасаар хөөж явсан машиныг бүсэлж аваад, чулуу шидсэн. Тэр олон хүн нэг зэрэг чулуу шидэж, танхайрахаар хүн бэртэж гэмтэлгүй яах вэ. Түүнээс хойш цэргүүдийг машинаар хөөхөө больсон. Ер нь танхайрал, сахилгагүйтэл байдаг л зүйл болж хувирсан. Тийм зүйл байнга давтагдаад байхаар эрчүүдийн цөс хөөрнө, онгирно. Байдал хүндэрч байна гэсэн үг.
Дараагийн цалин буух өдөр боллоо, бас л байдаггүй. Ажил хийх хүн ч байхгүй болсон. Тэгж байтал Дарханы Соёлын төвд бөхийн барилдаан болсон. Цэргүүд бөх үзэж сонирхохоор очсон чинь “Мөнгөөр үзүүлж байгаа. Цэргүүдийг оруулахгүй, үзүүлэхгүй” гэсэн. Нэг ёсондоо хүний тооноос хасагдаж байна гэсэн үг шүү дээ. Хүмүүсийг үзүүлнэ, цэргийг оруулахгүй гэдэг чинь. Гадуур, дотуур нь хэсэг холхиж байтал гэнэт аадар цутгасан. Хоёр километр орчмын зайтай байрлах батальон руугаа гүйцгээлээ. Би хурдан гүйдэг учраас нөгөө хэдээсээ түрүүлээд явсан. Араас цувраад л явцгааж байсан. Батальонд дөнгөж очоод оройн хоолны шар будаагаа идэх гэж байтал нэг цэрэг “Соном, Самдан хоёр дээр аянга буучихлаа” гээд орилоод явчихсан. Дарга, цэрэггүй гүйгээд очтол хоёр цэрэг түрүүгээ хараад уначихсан, хөл, гар, нурууных нь хэсгийг онги татаж, тэр хавийн газар гахай сэндийчээд хаячихсан юм шиг болчихсон байлаа. Бас урд хожид үнэртэж байгаагүй эвгүй үнэр ханхалж байсан. Эмч ирсэн ч он жавууд маань тун удалгүй амьсгал хураасан. Өвөрхангайн аймгийн харьяат Д.Самдан, Л.Соном гэж хоёр цэрэг байлаа. Ингээд бүтээн байгуулалтад оролцохоор нэг жил улирсан бид хоёр хүнээ алдаж, гашуудлын байдалд шилжсэн.
1964 оны зургадугаар сарын 27.
Өглөө бослогын цаг эхлэх гэж байхад жагсаалын талбайд баахан офицер зогсож байсан. Майхныхаа хаалгыг сөхөөд харсан чинь жагсаал авчихсан, урд талд нь нэг хүн үүрэг өгөөд байгаа бололтой харагдлаа. Салааныхаа цэргүүдийг сэрээгээд, болохоо байлаа гэдгийг хэлсэн. Хувцсаа өмсөж байхтай зэрэгцээд жагсаалд байсан офицерууд тарж, майхан, майхан руу алхсан. Би ч майхныхаа үүдний завсраар харж, харж хаалгаа сөхтөл хуучин ротын дарга маань ороод ирсэн. Батлан хамгаалах яамнаас баг томилж, биднийг дэгт оруулахаар ирсэн нь тэр байжээ.
Сахилгагүйтсэн цэргүүдэд шийтгэл ногдуулж, дүрэмд нь оруулах даалгавартай ирсэн юм билээ. Бидний хэрэг өндрийг авч, сайдын чихэнд хүрсэн нь энэ. Тэгээд жагсаал авч, үүрэг өгч, тарааж, дахиад цуглуулсаар тэр өдөр 15 удаа жагсаж, тарсан. Энэ болгонд бид шинэ цэрэг шиг гүйж, бэлэн байдалд байж байлаа. Хотоос ирсэн дарга нар биднийг “Манай цэргүүд бүүр ч чихгүй толгой, шоронгийн зэрлэг атаман болчихоогүй л юм байна” гэж байсан шүү. Ингэсээр байтал үдээс хойш болсон. Батальоны хашаан дотор зургаа, долоон гэр барилаа. Яах гэж байгаа нь тодорхойгүй, зүрх түгшээд, айгаад явчихсан. Цэргүүд өөр өөрсдийн хайрцагтай, тэндээ хамаг эд зүйлээ хийдэг байсан юм. Тэрийгээ аваад жагсаалын талбайд жагс гэсэн үүрэг ирлээ. Цэргүүд “Халагдах уу, харанхуй нүхэнд хоригдох уу” гээд шивэр, авир хийцгээж байсан. Айдас, түгшүүртэй болж ирсэн гэсэн үг л дээ. Жагсаалд зогсож байтал БНМАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Б.Цог ирэх нь тэр.
Сайд Б.Цог 20 гаруй цэргийн нэр дуудаж, жагсаалаас гаргалаа. Азаар миний нэр болон ротоос маань хүн байсангүй. Тарьсан хэрэггүй ч айдас байлгүй яах вэ. Тэгээд бидний хайрцгийг үзлэгт оруулж, дүрмийн бус бүх зүйлийг хурааж авсан. Дээрээс нь шуудай, шуудайгаар нь үсний машин гаргаж ирээд, цэргүүдийн үсийг хуссан. Анх удаа л тийм олон үсний машин нэг дор харж билээ. Нэрийг нь дуудаад, жагсаалаас гаргасан цэргүүдээ хашаан дотор барьсан гэрт хорьсон. Заримыг нь долоо, арав хоног сахилгад хийж, шийтгэсэн юм билээ. Харин хоёр, гурван цэргийг шүүхээр тасласан сураг дуулдсан. Офицеруудыг зодож, танхайрсан Мянганбуу гэдэг цэрэгт лав хоёр, гурван жилийн ял оноосон байна лээ. Өөр хэн хэн, хэдэн жилийн ял авсныг мэдээгүй. Мэдэх ч эрх байхгүй цаг үе байсан. Тэр өдөртөө орлогч сайд Б.Цог буцсан. Мөн тэр өдрөө тушаал гаргаж, дүрэмгүй авирласан зарим цэргийг албанаас халж, гэрт нь буцаах шийдвэр гаргасан. Мөн өргөдөл гаргасан цэргүүдийн асуудлыг ч даруй шийдэж өгнө гэдгээ илэрхийлээд буцсан. Харин зарим цэрэг нь хүсэлтээрээ үлдэж, албаа үргэлжлүүлэн хаагаад, бүтээн байгуулалтын ажилд оролцсон. Албанд үлдсэн цэргүүдийг 100 айлд байрлах барилгын сургуульд сургасан юм билээ. Манай он жавуудаас барилгын мэргэжилтэн олон төрж, Дарханы бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Харин би гүйдэг, тамирчин учраас улсын баяр наадмын уралдаанд амжилт үзүүлж, халагдах зөвшөөрөл авсан. Үндсэндээ бүх зүйл ингэж дууссан. Хариуцлагатайгаар хэлэхэд хэн ч хэнийг ч буудаж хөнөөгөөгүй юм шүү. Сүүлд нэг уран сайхны кино гарсан байна лээ. Тэр бол Дарханы цэргийн бослого гэх нэрийн дор түүхийг мушгин гуйвуулсан, уран сайхны арга нь бодит байдлаас хэтийдсэн кино байсан. Би одоо 90 нас хүрч байна. Манай салаанаас Батаа бид хоёр л амьд байх шиг байна даа. Өөр нэг он жав маань Ургах наранд саяхныг хүртэл амьдарсан. Утсаар ярих нь алсарсаар байгаад байхгүй болчихлоо. Үр хүүхдүүдээс нь сураг сонсоход биднийг үүрд орхисон гэсэн. Одоо ч би Батаатайгаа дахиж уулзаж чадахгүй байх. Тэр ирж чадахгүй, би очиж чадахгүй байсаар хорвоог барах бололтой” гэсэн юм.
Б.ЦОГ ГЕНАРАЛЫГ ЦЭРГҮҮДИЙН ҮСИЙГ ХУСАХ, ХЭЭРИЙН ШОРОНД ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАХАД НЬ МӨН Ч ИХ АЙЖ БИЛЭЭ |
|
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |