• Өнөөдөр 2024-05-03

ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ

2024-03-03,   2430

     Хотын дарга сэтэртэй үе үеийн газрын наймаачдын сувдаг сэтгэл, цуцашгүй шуналын гайгаар нийслэлийн олон сургууль, цэцэрлэг эзэмшил газраа алдаж, хүүхдүүдийнх нь хөл “тушигджээ”. Хотын төвийн газруудаа худалдаж дуусаад, дараа нь Туулын бургасыг хядаж, Сэлбийн эргийг сэтэлж арилжаад, адагт нь сургууль, цэцэрлэгүүдийн гаднах эзэмшил газруудыг ч ийнхүү “дуусгажээ”. Хичээлийн умгар өрөө, биеийн тамирын давчуу зааландаа мөнхөд байг гэсэн шиг саравч сүүдрэвч, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн зориулалттай талбайнуудыг нь зараад идэцгээчихжээ, тэд. Хүүхдүүдийн гүйж харайж, тоглож наадах зориулалттай газрыг хэдхэн халтар төгрөгөөр ханцуй дотроо наймаалцаж байхдаа тэд юу бодож байсан бол. 
 
Гадаадын ахлах сургуулиуд гаднаа томоос том биеийн тамирын талбайтай, хичээлээ хэвтэж давтдаг, хөөцөлдөж зугаацдаг зүлэгтэй, мод буттай байдаг. Гэтэл Улаанбаатарын сургуулиудын ихэнхэд нь хэмхэрсэн төмөр самбартай алга дарамхан сагсан бөмбөгийн талбайнаас өөр гаднах талбай гэж бараг байхгүй. Үүнээс нь болж ахлах сургуулиа төгсөж буй хүүхдүүдийн дийлэнх нь бие бялдарын хөгжил муу, дархлаа султай, цэрэгт тэнцэхгүй, тэнцэж очоод ч ганц км гүйж чадахгүй болтлоо хөдөлгөөний дутагдалд орчихсон байдаг болсон. Энэ нь хүүхдүүдийн буруу биш. Харин хүүхдүүдийн гүйж харайж, урлаг, спортоор хичээллэх ёстой сургууль, цэцэрлэгүүдийн гаднах талбайг дамлан худалдаж, халаасаа түнтийлгэсэн үе үеийн хотын дарга нарын буруу. 
 
Иймд Эргэлт.мн мэдээллийн сайтын "эрэн сурвалжлах нэгдэл"-ээс Хотын дарга Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батбаясгалан нар сургууль, цэцэрлэгийн газраас “хулгайлж” худалдсан ноцтой баримтыг дэлгэж байна.  
 

ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛД 39 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ГАЗРЫГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА АСАН Д.БАТ-ЭРДЭНИЙН “СОЁМБОЗОД ОРД” ХХК-Д ОЛГОЖЭЭ 

     Чингэлтэй дүүргийн X хороонд байрлах 39 дүгээр сургуулийн 4432м2 газрыг 2018 оны наймдугаар сарын 22-нд Су.Батболд А/748 дугаартай захирамжаар “Соёмбозод орд” ХХК-д 15 жилийн хугацаатай олгожээ. “Соёмбозод орд” ХХК-ийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга асан Дамжингийн Бат-Эрдэнэ эзэмшдэг. 
 
Д.Бат-Эрдэнэ нь 2004-2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр, 2012-2016, 2016-2020 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Мөн 2004 онд “Улаанбаатар зам засвар, арчлалт” НӨҮГ-ын захирал, 2006 онд Нийслэлийн Авто замын газрын даргаар тус тус ажиллаж байсан нэгэн. Ноцтой нь, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга асан Д.Бат-Эрдэнэ “Соёмбозод орд” ХХК-аараа 39 дүгээр сургуулиас булааж авсан 4432м2 газар дээрээ 240 айлын, тус бүр 16 давхар, гурван блок орон сууц бүхий “Сity view apartment” нэртэй хотхон барьж байна. 

ХОТЫН ДАРГА Э.БАТ-ҮҮЛ 153 ДУГААР СУРГУУЛИЙН ГАЗРЫГ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.ЛХАГВАДОРЖИЙН “ӨРГӨӨ МАЙНИНГ” ХХК-Д ОЛГОЖЭЭ

     Сонгинохайрхан дүүргийн XXIX хороонд байрлах 153 дугаар сургуулийн ард талын болон зүүн талын 12,780м2 буюу 1.2 га газрыг 2015 оны тавдугаар сарын 25-нд Хотын дарга Э.Бат-Үүл А/452 дугаартай захирамжаар “Өргөө майнинг” ХХК-д олгожээ. “Өргөө майнинг” ХХК-ийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Бядрангийн Лхагвадорж эзэмшдэг. 
 
Ноцтой нь, Б.Лхагвадоржийн “Өргөө майнинг” ХХК нь  153 дугаар сургуулийн хойд талд 1000 айлын “Москва апартмент” хотхон, 153-р сургуулийн зүүн тулд 1378 айлын “Москва апартмент-II” хотхоныг тус тус барьж худалджээ. Цааш хөөвөл, Б.Лхагвадорж нь Нийслэлийн газрын албаны дарга асан, НИТХ-ын дарга асан, “60 тэрбумын” гэх тодотголтой Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэнтэй “Сэлбэ партнерс” ХХК, “Элс партнерс” ХХК тэргүүтэй барилгын дөрвөн компани эзэмшдэг. 

ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛД 66 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗРЫГ ЕРӨНХИЙ САЙД АСАН Р.АМАРЖАРГАЛ, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.ЭРДЭНЭСҮРЭН НАРЫН “МОНГОЛ ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬ”-Д ОЛГОЖЭЭ

 
      Баянгол дүүргийн II хороонд байрлах 66 дугаар цэцэрлэгийн газраас 3250м2 газрыг 2018 оны наймдугаар сарын 22-нд Хотын дарга Су.Батболд А/746 дугаартай захирамжаар “Хятад, Монголын хамтарсан олон улсын дээд сургууль”-д олгожээ. 
 
“Хятад, Монголын хамтарсан олон улсын дээд сургууль”-ийг Ерөнхий сайд асан Ринчиннямын Амаржаргалын Санхүү эдийн засгийн их сургууль, УИХ-ын гишүүн асан Баатарын Эрдэнэсүрэнгийн Монгол бизнес дээд сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын санхүү эдийн засгийн их сургууль хамтран эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэсүрэн нар “Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургууль”-ийн нэр дээр 66 дугаар цэцэрлэгийн талбайгаас 3250м2 газрыг тасалж авчээ. 

Ж.БАТБАЯСГАЛАН 25 ДУГААР СУРГУУЛИЙН ГАЗРЫГ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН С.НЯМЗАГДЫН “ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ”-Д ОЛГОЖЭЭ

     Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах 25 дугаар тусгай сургуулийн газраас 2017 оны хоёрдугаар сарын 15-нд Хотын дарга Су.Батболд А/90 дугаартай захирамжаар 969м2 газрыг, 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд Хотын дарга Ж.Батбаясгалан А/1265 дугаартай захирамжаар 3112м2 газрыг тус тус “Этүгэн их сургууль”-д олгожээ. Улмаар энэ газар дээр “Этүгэн их сургууль”-ийн Хичээлийн III байр баригдсан байна. 
 
“Этүгэн их сургууль”-ийг Сүхрагчаагийн Нямзагд, түүний хөвгүүд болох Нямзагдын Хүлэгсайхан, Нямзагдын Идэрсайхан, Нямзагдын Эрдэмсайхан нар эзэмшдэг. С.Нямзагд нь 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр, 1996 оноос төрийн өмчит Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2005 онд Этүгэн их сургуулийг байгуулсан. Одоо Этүгэн их сургуулийн Ерөнхий захирлаар ажилладаг. 

ХОТЫН ДАРГА Г.МӨНХБАЯР 13 ДУГААР СУРГУУЛИЙН ГАЗРЫГ ОЛОН УЛСАД “ОФФШОРЧИН” ГЭЖ ЗАРЛАГДСАН, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХАМААРАЛ БҮХИЙ Д.ЭРДЭНЭ, Б.БАТТУЛГА НАРТ ОЛГОЖЭЭ  

      Баянгол дүүргийн XIII хороонд байрлах XIII сургуулийн газраас 675м2 газрыг 2010 оны арванхоёрдугаар сарын 7-нд Хотын дарга Г.Мөнхбаяр А/816 дугаартай захирамжаар “Койнвол” ХХК-д олгожээ. Улмаар “Койнвол” ХХК нь энэ газар дээр 12 давхар орон сууц барьж худалдсан. Тэгээд болоогүй, одоо 12 давхар орон сууцны авто зогсоол нь тус сургуулийн эзэмшил газар дээр байрлаж буй ажээ. 
 
“Койнвол” ХХК-ийг Батсүрэнгийн Баттулга, Доржнамжимын Эрдэнэ нар эзэмшдэг. Б.Баттулга, Д.Эрдэнэ нар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нэгдмэл ашиг сонирхолтой, хамаарал бүхий этгээдүүд. Тодруулбал, Б.Баттулга, Д.Эрдэнэ нар Бөнтөгийн Цэрэндоржтой “Сайхан ордос туурь” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Бөнтөгийн Цэрэндорж нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүх бизнесийг хариуцдаг, эхнэрийнх нь төрсөн дүү Хажидсүрэнгийн Болдбаатартай “Элма” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх мэтээр халаас нэгтэй.
 
Цаашибал, Б.Баттулга нь 2017-2019 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Харин Д.Эрдэнэ нь 2017 онд “Петровис”-ын Ж.Оюунгэрэл агсан, “Моннис”-ын Б.Чулуунбаатар, “Бодь интернэшнл”-ын Д.Баясгалан, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван нарын толгой баячуудтай хамт оффшор бүсэд компани эзэмшдэг нь дэлхий нийтэд зарлагдаж байсан нэгэн. Тодруулбал, Д.Эрдэнэ нь Их Британийн Виржинийн арлуудад “Sino mining investment limited” гэх компани оффшор компани эзэмшдэг. 
 
 
 
 

ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 18
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 17:13:05
    Хм: Бат-үүл бол олон сургуулийн газрыг хуссан даа. Дамдинням бас ТИС-д ажилладаг байхдаа сургуулийн газрыг зарчихаад л гишүүн болоод алга болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 09:17:43
    12: Өгсөн авсан нь түм бус наслах болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 10:38:32
    Зочин: Энэ бол зүгээр зах үзүүр нь. Монголын Хулгайч баячуудын бузар булайг бүрэн илчилэхэд зуун жилч багадмаар далай шиг их билээ. Сүүлийн гучин жил монголчууд хулгай луйвар авилгын төлөө хөлөө хугартал уралдацгаав. Үр дүнд дэлхийд зодоглох гурван зуун мянган хулгайч баячууд төрөв бараг хоёр сая ядуучууд чадан ядан хоног төөрүүлж явна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 15:04:44
    МИеЭ: мэдэгдэж байгаа нь л ердөө энэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 23:44:28
    Зочин: Сургуулийн газар дээр барьсан барилгуудыг нь төр хурааж аваад ЕБС, цэцэрлэг болгож болно шүү дээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-24 11:29:45
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 20:06:11
    Оюун: Нүхтийн аманд олол орон сууцанд иргэд оршин суудаг боловч нэг ч улсын сургууль байдгүй өндөр төлбөртэй хувийн сургууль байдаг төлбөрийг төлөх боломгүй хүмүүс ч байдаг төв рүү сургуульд суралцхад зам түгжирхээс эхлээд л маш хүндрэлтэй байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 19:55:43
    Дашдулам: Нүхт грийн арт хотхонд улсын сургууль барьж өгнө үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 12:42:50
    Гэрэл: Энэ балиар сэтгэхүйн гажигтай шуналаа барих эрүүл сэтгэл зүйгүй хог шааруудыг итгэж толгой дээрээ гаргасан бидний итгэл найдвар үнэхээр өрөвдөлтэй.албан тушаалаа наймааны хэрэгсэл болгож ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлсан энэ нөхдүүдийн хөрөнгийг нэн яаралтай хурааж улсын орлого болгох хэрэгтэй.ингэж чадвал л бид хөгжлийн зөв замд орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 12:05:01
    Новш гэж: Миегомбын Энхболдын эхлүүлсэн хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 11:21:28
    Зочин: Үнэхээр тийм юм бол захирамж гаргаад шууд цуцлаад сургууль цэцэрлэг бариач.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 11:18:19
    Зочин: БГД ийн 10р хорооллын Эрмийн өргөө цогцолбор сургуулийн газрыг хэний зөвшөөрлөөр хэн авч орон сууц барьсныг ил гаргаж тавих хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 11:18:09
    Зочин: БГД ийн 10р хорооллын Эрмийн өргөө цогцолбор сургуулийн газрыг хэний зөвшөөрлөөр хэн авч орон сууц барьсныг ил гаргаж тавих хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 07:41:50
    Хохрич ардууд: Ийдээ л шорогын нарнаас ИХ д шууд орсон шидтэн юм!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-21 11:18:19
    Зочин: Хий дэмий тэгсэн ингэсэн гэж бичээд байхаар хятад Солонгос шиг ард түмнийхээ өмнө хатуу шийтгээч. Наад муусайн идэж ууж ханаж цадахаа байсан юмнууд чинь ингэж л байдгийн ямар арга хэмжээ авч чадах юм биш гээд хээв нэг сууж байгаа шдээ. Хууль зүйн сайдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 20:24:46
    Сумка ба баяраа: Сумьяабузар яагаад гарахгүй бна, авилга хороололд газар өгөө биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 14:17:29
    zochin: news.mn/r/39358 Койнвол-д газар өгөөгүй харин цуцалсан гэж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 12:08:27
    НАЙМААЧИД, авлигачид ИЛ: ЭНЭ луйварчдын авлигын эх үүсвэртэй бүх хөрөнгийг л хурааж улсын орлого болгох ёстой. мЭДЭЭЖ ХӨРӨНГӨ ӨӨР ХҮНИЙ НЭР ДЭЭР БАЙГААГ ИЛРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. Шоронд хийх ч хэрэг алга. Хуулийн авлигачид яаж ийгээд ЯЛГҮЙ болгож чадна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188