Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Экс Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын Гадаадын хөрөнгө оруулалтын хууль тойрсон хэрүүл хурцдах янзтай боллоо. Эхэндээ Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга хоёр сошиалаар хэрэлдэж, хэн хэнийгээ хятад цустнаар нь дуудацгааж байлаа. Гэтэл өчигдрөөс нүүр нүүрээ хараад, нүцгэн гараараа үзэлцэх янзтай болж ирэв. Өөрөөр бол, “Нүүрсний сонсгол”-д УИХ-аас урьж залаад ч ирээгүй Х.Баттулга өчигдөр ханхайсан хоёр хамгаалагч дагуулаад Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэн Төрийн ордонд орж ирэв. Харин Ч.Хүрэлбаатар “Гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх асуудал юу юунаас чухал байгааг та бүхэн минь ойлгооч, Х.Баттулгад бүү итгээч” гэж ард түмнээс “аврал” эрсэн аятай хэвлэлийн хурал хийлээ.
Гэхдээ асуудлын гол нь хэзээнээс хэн хэндээ дуртай байгаагүй, хэн хэн нь харь улсад элэгтэй нь үг, үйлдлээрээ өчнөөн батлагдсан Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга хоёрын хэрүүл биш юм. Ард нь газар нутгаа гаднынханд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулах эсэх асуудал яригдаж буйд л ард түмэн анхаарлаа хандуулах ёстой. Өөрөөр бол, мөнгөтэй гаднынхныг оруулж ирж, элэг дөрвөөрөө мөлхөж байгаа эдийн засгаа хөл дээр нь босгох нь чухал ч газар нутгаараа “урхидах” нь зөв, буруу эсэхийг Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга хоёрын хэрүүлээр төдийхнөөр харж болохгүй. Гаднынханд газраа өгөх эсэх асуудлыг Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга хоёрын хэн ялсан нь шийдчихдэг ч юм биш. Нарийн ярьвал, Үндсэн хуулийн хэмжээнд ард түмнээсээ асууж байж хэлэлцэх учиртай ноцтой асуудал юм.
Тэгвэл биднийг гаднынханд газраа эзэмшүүлж, ашиглуулах нь зөв буруу эсэхийг хэлэлцэж, хэрэлдэхээс урьтаад Монголд хэдийнэ газар ашиглах, эзэмших эрхтэй болчихсон, тэр тусмаа хамгийн том газар эзэмшдэг гадаадын 15 компанийг танилцуулж байна.
1. “Ю Пи Си гурван сайхан лэнд холдингс” ХХК Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багт 1,287,671,895м2 буюу 128,767 га газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд Гурвансайхан сумын Засаг дарга Э.Адъяабаатарын захирамжаар ашиглах эрхтэй болсон. Доорх зургаас “Ю Пи Си гурван сайхан лэнд холдингс” ХХК-ийн газар нь Гурвансайхан сумын нийт газар нутгийн талтай нь тэнцэж байгааг харж болно.
2. “Ю пи Си дэлгэр цогт лэнд холдингс” ХХК Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р багт 741,222,439м2 газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд Дэлгэрцогт сумын Засаг дарга М.Баярсүхийн захирамжаар ашиглах эрхтэй болсон.
3. “Ю Пи Си сайн цагаан лэнд холдингс” ХХК Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1, 2, 3-р багт нийт 566,999,997м2 газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргилын захирамжаар ашиглах эрхтэй болсон.
4. “Ю Пи Си дэрэн лэнд холдингс” ХХК нь Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багт 545,183,412м2 газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшингийн захирамжаар ашиглах эрхтэй болсон.
5. “Ю Пи Си адаацаг лэнд холдингс” ХХК нь Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багт 405,655,114м2 газрыг 2022 оны тавдугаар сарын 5-нд Адаацаг сумын Засаг дарга Ч.Уранчимэгийн захирамжаар ашиглах эрхтэй болсон.

Дээрх компаниудыг “Ю Пи Си Мандалговь энержи” ХХК эзэмшдэг. “Ю Пи Си Мандалговь энержи” ХХК-ийг Сингапурын “UPC Mandalgovi” компани эзэмшдэг. “UPC Mandalgovi” компани нь 2021 онд Сингапурт байгуулагдсан, дараа жил нь буюу 2022 онд Монголд 3,546,732,857м2 буюу 354,673 га газрыг эзэмшдэг болжээ. Нэг айл 700м2 буюу 0,07 га газар эзэмших эрхтэй. Харьцуулж үзвэл, 3,546,732,857м2 буюу 354,673 га газар нь 5,066,761 өрхийн хашааны газартай тэнцэх хэмжээний газар гэсэн үг юм. Өөрөөр жишээ авъя. Улаанбааатар хот есөн дүүрэгтэйгээ нийт 4,704 км2 газар нутагтай. Харин “Ю Пи Си Мандалговь энержи” ХХК-ийн дөрвөн охин компанийн 3,546,732,857м2 газар нь 3546 км2 газар гэсэн үг. Тэгэхээр Багахангай, Багануур дүүргийн газар нутгийг хасаж тооцвол “Ю Пи Си Мандалговь энержи” ХХК-ийн ашиглах эрхтэй газар нь 3,546 км2 газар нь Улаанбаатар хотын төвийн долоон дүүргийн газар нутагтай тэнцэнэ. “Ю Пи Си Мандалговь энержи” ХХК-ийн газар хэр том гэдгийг ойлгуулахад дээрх жишээнүүд хангалттай биз.
6. “Грийн энержи просперити” ХХК Дорноговь аймгийн Алтанширээ, Эрдэнэ, Өргөн, Их хэт сумдын нутагт нийт 122,378,312м2 талбайтай 15 газрыг ашиглах эрхтэй. “Грийн энержи просперити” ХХК-ийг Сингапурын “Green Energy Prosperity” компани эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь Сингапурын иргэн Yang Hui Ying бүртгэлтэй байдаг. Yang Hui Ying нь Сингапурын Технологийн их сургуулийн профессор аж.
7. “Оюутолгой” ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2, 3, 4-р багт 115,618,226м2 газрыг ашиглах эрхтэй.
8. “ВҮС” ХХК Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р багт 105,966,525м2 газрыг ашиглах эрхтэй. “ВҮС” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Ву Юн На эзэмшдэг.
9. “Анианресорсиз” ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2-р багт 60,409,088м2 газрыг ашиглах эрхтэй. “Анинресорсиз” ХХК-ийг Канадын “Erdene resource development corporation” компани эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь Канад улсын иргэн Peter Covert Akerley бүртгэлтэй байдаг.
10. “Сэкер ресорсус монголиа” ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1, 2, 4, 5-р багт нийт 48,312,194м2 талбайтай 13 газрыг эзэмших эрхтэй. “Сэкер ресорсус монголиа” ХХК-ийг Сингапурын “Saker recources” компани эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь Жосеф Борковски бүртгэлтэй байдаг.
11. “Клинтек” ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1, 3-р багт 43,376,149м2 газрыг 2021 онд эзэмших эрхтэй болсон. “Клинтек” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин эзэмшиж байгаад 2022 оны тавдугаар сарын 3-нд ХБНГУ-ын “Даблью Пи Ди Монголиа холдинг” компанийн охин компани “Даблью Пи Саут Монголиа” ХХК-д шилжүүлсэн.
12. “Монлаа” ХХК Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1-р багт 45,496,688м2 газрыг ашиглах эрхтэй. "Монлаа” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбагана, Хишигжаргалын Энхсайхан, Нанзадын Болдхүү гурав хамтран эзэмшиж байсан. Улмаар 2023 онд БНСУ-ын “Кимянг” компанид худалдсан.
13. “Фрийгүүд эрин” ХХК Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1-р багт 39,596,993м2 газрыг ашиглах эрхтэй. “Фрийгүүд эрин” ХХК-ийг БНСУ-ын иргэн Oh Suk Min эзэмшдэг.
14. “Бороо гоулд” ХХК Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын нутагт нийт 37,166,588м2 талбайтай 13 газрыг ашиглах эрхтэй. “Бороо гоулд” ХХК-ийг Бельгийн “Сентерра недерландс Би Ви Би Эй” компани эзэмшдэг.
15. “Монкоул петро майнинг” ХХК Төв аймгийн Баян сумын 2, 3-р багт 34,565,039м2 газрыг эзэмших эрхтэй. “Монкоул петро майнинг” ХХК-ийг Чехийн “Pirkstejn SRO” компани эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр Чех улсын иргэн Latal Petr бүртгэлтэй байдаг ажээ.
ТАНИЛЦ: МОНГОЛД ХАМГИЙН ТОМ ГАЗАРТАЙ ГАДААДЫН 15 КОМПАНИ |
|