Т.Бадамжунайгийн төрд, түмэнд тарьсан балаг барагдахгүй нь ээ. Төрийг тоносон, төсвийг цөлмөсөн, түмний боломжийг булаасан хулгай бүхний ард нь заавал Т.Бадамжунай, түүний хань хамсаатнууд байж байх юм. Хулгай бүхэнд хуруу, хошуугаа дүрчихсэн учраас тэр хил давж, “шувуу” болж зугтах нь аргагүй байж. Засгийн газраас ганцхан түүнд зориулан “Шувуу ажиллагаа” гэгчийг зарлан байж, “шүүрч” авчирсан нь ч аргагүй байж. ЖДҮХС-ийн дээрэм, Хөгжлийн банкны хулгай, нүүрсний хулгай, газрын наймаа...Товчхондоо, хулгай, хулгайч бүхэн Т.Бадамжунайтай холбогддог ажээ.
Өчигдөр нүүрсний хулгайн Нээлттэй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-аас санхүүждэг “Тавантолгой түлш” ХХК-д үүрлэсэн “хулгайч” нарыг зарлалаа. Улаанбаатарчууд Т.Бадамжунайд, түүний хань хамсаатнуудад ямар буруу юм хийсэн юм бүү мэд. “Тавантолгой түлш” ХХК-д үүрлэсэн бүлэглэл ч Т.Бадамжунайгийнх байх ажээ. Т.Бадамжунай өөрөө 2000-2004 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллахдаа өнгөтэй, өөдтэй газар болгоныг зарснаас болж, өдгөө Улаанбаатар хот бетонон ширэнгэ, түгжрэлийн голомт болчихоод буй. Гэтэл тэртээ 2004-2008 онд Т.Бадамжунайгийн цүнхийг нь барьж, цувыг нь нөмрүүлэн гүйж явсан туслах асан Ж.Батбаясгалан нь Улаанбаатар хотын утааг бууруулах үндсэн үүрэгтэй “Тавантолгой түлш” ХХК-ийг ТУЗ-ийн даргаар ажиллаж, утааг бууруулах ёстой мөнгөөр хагартлаа хөлжөөд амжжээ. Жишээ нь, Улаанбаатарчууд өнөөдөр ч утаанд уушгиа эргэтэл бөгшүүлсээр буй атал “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан өөрийгөө болон ТУЗ-ийн бусад гишүүдийгээ “Утаа бууруулсан” гэх гавьяагаар 1.1 тэрбум төгрөгөөр шагначихсан байх ажээ.

Илүү ноцтой нь, “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн цагаасаа хойш буюу 2019 оноос улаан шуудайгаа “СБМ хангай” ХХК-аас худалдан авч байжээ. Тодруулбал, “СБМ хангай” ХХК нь 2019-2023 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн шуудай нийлүүлэх тендерүүдэд тасралтгүй шалгарч, хятадаас шуудай нийлүүлж, нийт 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Гэтэл сайжруулсан шахмал түлшний улаан шуудай нийлүүлж, 19.6 тэрбум халаасалсан “СБМ хангай” ХХК нь эцсийн цэгт Т.Бадамжунайгийн бүлэглэл дээр хөтөлж очих аж. Схемийг нь ойлгомжтойгоор тайлбарлъя.
Т.Бадамжунай 2000-2004 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж, улмаар 2004 онд УИХ-ын гишүүнээр сонсогдсон. УИХ-ын гишүүн болмогцоо “Түшээ” дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөөд сар гаруйхан болж байсан Ж.Батбаясгаланг туслахаараа дэргэдээ авч ажиллуулсан. Ингээд Ж.Батбаясгалан 2008 он хүртэл бүтэн дөрвөн жил Т.Бадамжунайгийн цув, цүнхийг барьж, гар хөлийнх нь үзүүрт гүйж, хар, хорыг нь ч суралцсан түүхтэй. Ингэхдээ 2005 онд Т.Бадамжунай өөрийн туслах Ж.Батбаясгалан, охин Б.Оюунбилэг, эхнэр Ц.Сарантуяа нарынхаа нэр дээр “Алтан хот” ББСБ-ыг байгуулж, мөнгө хүүлж эхэлсэн байдаг. Хотын менежерээс УИХ-ын гишүүн болмогцоо байгуулсан гэхээр газрын наймааны мөнгөө “угаах” зорилгоор байгуулсан байхыг ч үгүйсгэхгүй.
Улмаар 2008 онд Т.Бадамжунай УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, мөн ХХААХҮ-ийн сайд болсон. Харин туслах Ж.Батбаясгалан нь 2008 оны намар НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын албан тушаалд очсон байдаг. Эндээс өнөөдрийн гол схем эхэлнэ. Тодруулбал, 2008 оны намар НИТХ-ын төлөөлөгчөөр Лхагвасүрэнгийн Одхүү гэгч залуу сонгогдон орж иржээ. Ингээд Ж.Батбаясгалан, Л.Одхүү хоёрын хоршил эхэлж, улмаар 2009 онд Л.Одхүү Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нарын “Алтан хот” ББСБ-ын хувьцаа эзэмшигч болж, халаасаа нэгтгэжээ.

Л.Одхүү нь 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдоогүй боловч, Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нарын “татаас”-аар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн Дэд захирал, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс стийл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж, сул цалин авч иржээ. Ингэхдээ, Л.Одхүү төрд зүгээр ч алба хашсангүй, 2017 оны долдугаар сард Сэнгээгийн Бямбасүрэнтэй “МБҮ трейд” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, зургаахан сарын дараа буюу 2018 оны нэгдүгээр сарын 29-нд “МБҮ трейд” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн үед Т.Бадамжунай хараахан хил давж зугтаагүй байсан гэхээр “МБҮ трейд” ХХК-ийн 11.5 тэрбумын зээлд нөлөөлсөн гэж хардах бүрэн үндэслэлтэй. Ноцтой нь, “МБҮ трейд” ХХК нь одоог хүртэл зээлээ төлөөгүй, зээлийнх нь нийт өр 16 тэрбум төгрөг хүрчихсэн, Хөгжлийн банктай шүүхдэж яваа.
Дараа нь, 2018 оны тавдугаар сард “Тавантолгой түлш” ХХК байгуулагдаж, улмаар Ж.Батбаясгалан ТУЗ-ийн дарга болсон. Тэгмэгцээ өнөөх халаас нэгтэй хамтрагч Л.Одхүүгээ “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болгосон байгаа юм. Хамгийн ноцтой нь, Ж.Батбаясгалан, Л.Одхүү нар “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, дарга болсноос хойш буюу 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны бүх тендерт “СБМ хангай” ХХК шалгарч ирсэн бөгөөд нийт 19,6 тэрбум төгрөг халаасласан байгаа юм. Учир нь,“СБМ хангай” ХХК-ийг Л.Одхүүтэй “МБҮ трейд” ХХК-ийг хамтран байгуулж, Хөгжлийн банкнаас 11.5 тэрбум төгрөг зээллээд “мурьсан” Сэнгээгийн Бямбасүрэн гэгч эзэмшдэг. Сонирхуулахад, Засгийн газраас 2018 оны дөрөвүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргаж, 2018 оны тавдугаар сарын 10-нд албан ёсоор байгуулагдсан. Харин С.Бямбасүрэн нь “Тавантолгой түлш” ХХК байгуулагдахтай яг зэрэгцээд буюу 2018 оны дөрөвдүгээр сард “СБМ хангай” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон байгаа юм. Эндээс, Ж.Батбаясгалан, Л.Одхүү, С.Бямбасүрэн нар “СБМ хангай” ХХК-ийг “Тавантолгой түлш” ХХК-ийн шуудайны тендерийг авах зорилгоор байгуулагсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.
.JPG)

Товчхондоо, “Тавантолгой түлш” ХХК-ийн 19.6 тэрбум төгрөг нь С.Бямбасүрэнгээс Л.Одхүү, Л.Одхүүгээс Ж.Батбаясгалан, Ж.Батбаясгалангаас Т.Бадамжунайд хүрч очиж байгаа юм. Бас нэгэн баримт байгаа нь, Т.Бадамжунай, Ж.Батбаясгалан, Л.Одхүү нарын “Алтан хот” ББСБ-ын Гүйцэтгэх захирлаар одоо Эрхэмбаатарын Бүрэнбаян гэх залуу ажилладаг. Цааш хөөвөл, Э.Бүрэнбаян нь “Тастел роу” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг. “Тастел роу” ХХК-ийг Нацагийн Баяртогтох гэгч эзэмшдэг. Нацагийн Баяртогтох нь Л.Одхүүгийн эзэмшдэг “Ашдын үйлс төв” ТББ-ын Гүйцэтгэх захирлаар ажилладаг схем гарч ирнэ. Хоржоонтой нь, Н.Баяртогтох нь НЗДТГ-ын харьяа “Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэгжийн дарга буюу Ерөнхий зохицуулагчаар ажилладаг ажээ.
Төгсгөлд нь, Т.Бадамжунай, Ж.Батбаясгалан, Л.Одхүү нартай хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 19.6 тэрбум төгрөг халаасласан “СБМ хангай” ХХК-ийг эзэмшигч Сэнгээгийн Бямбасүрэнг товч танилцуулъя. Тэрбээр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул, Аймгийн Алдарт уяач цолтой. С.Бямбасүрэнгийн хувьд, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй тун ойр, хуурай ах дүүгийн харилцаатай. Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуулиар өөрийнхөө нэрээр УИХ-ын гишүүн С.Чинзоригт, “МБҮ” ХХК-аараа УИХ-ын гишүүн Г.Ганболдод тус тус санхүүжилт өгч байжээ. Цаашилбал, С.Бямбасүрэн нь УИХ-ын гишүүн Г.Ганболдтой 2015 оноос хойш “Бандид ламтан” санг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Мөн С.Бямбасүрэн “Соёмбо өв алтан нутаг” ТББ-ын Тэргүүнээр ажилладаг бол гүйцэтгэх захирлаар нь Отгоны Сумъяасүрэн ажилладаг. О.Сумъяасүрэн нь УИХ-ын гишүүн Г.Ганболдын дотнын найз бөгөөд Г.Ганболдыг Өвөрхангай аймгийн Засаг дарга байх үед Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын харьяа “Баянтээг” ХХК-ын Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулиар Г.Ганболдын сонгуулиар менежерээр ажилласан бөгөөд одоо ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙГ ТОНОСОН Т.БАДАМЖУНАЙН БҮЛЭГЛЭЛ |
|