Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын харьяа агентлагуудын дарга нарын хэн нь хэн болохыг цувралаар танилцуулж байгаа. Л.Оюун-эрдэнэ наанаа авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй, төрд үүрлэсэн хулгайч нартай хатуу тэмцэнэ гэж ам нээх бүрдээ ярих атлаа цаагуураа хэрхэн хамгаалж буйг нь баримтаар харуулах гэж тэр. Өмнөх дугаартаа бид авлигын хэргээр 3.6 жилийн ял авч байсан ТТХГ-ын дарга Л.Алтангэрэл, ЖДҮХС-ийн 400 сая төгрөгийн зээлээ одоо хүртэл төлөөгүй ХХҮЕГ-ын дарга Т.Бадрахбаяр, хүргэн ахынхаа компаниар 15 тэрбум төгрөгийн тендер авсан ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Нүүрс” Б.Ганхуяг нартай нарийн схемээр холбогдох АМГТГ-ын дарга Л.Баярмандал нарыг танилцуулсан.
Тэгвэл энэ удаад МАН-ын томчууд өөрсдийн гар хөлүүдийг Засгийн газрын харьяа агентлагуудад хэрхэн дарга болгосныг баримтаар илчилж байна.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН БУЮУ ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТЫН “НЬЮПРОГРЕСС ГРУПП” ХХК-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН
Засгийн харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Дагвадоржийн Дэлгэрсайхан гэгч гурав дахь жилдээ удирдаж буй. Тэгвэл Д.Дэлгэрсайхан нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын тавиул.
Тодруулбал, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан урьд нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын “Ньюпрогресс групп” ХХК-ийн Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг байсан. Харин Д.Дэлгэрсайханыг Дэд ерөнхийлөгч байх үед С.Бямбацогт өөрөө “Ньюпрогресс групп” ХХК-ийнхаа Ерөнхийлөгчөөр ажилладаг байв. Мөн Д.Дэлгэрсайхан “Ньюпрогресс групп” ХХК-ийн охин компани болох “Эй Ти инженеринг” ХХК-ийн 40 хувийг 2014 оноос хойш одоог хүртэл эзэмшдэг. Баримт болгож, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы 2012 онд “Ньюпрогресс групп” ХХК-ийн Дэд Ерөнхийлөгчийн хувиар хэвлэлд өгсөн ярилцлага болон “Ньюпрогресс групп” ХХК-ийн 2014 оны шинэ жилийн цэнгүүний үеийн зургийг хавсаргав.
Тайлбар: 2012 он, Асса.мн сайт, "Нью прогресс групп" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Д.Дэлгэрсайхан
Тайлбар: 2014 он, "Ньюпрогресс групп" ХХК-ийн Ерөнхийлөгч С.Бямбацогт ба түүний дүү нар, Дэд ерөнхийлөгч Д.Дэлгэрсайхан
Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Тэр даруйдаа Д.Дэлгэрсайханыг яамныхаа харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар томилсон.
Тайлбар: 2017 он, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан
Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилуулж дэвшүүлсэн байдаг. Товчхондоо, хэдхэн жилийн өмнө С.Бямбацогтын хувийн компанид дэд дарга хийж явсан Д.Дэлгэрсайхан өдгөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдаад сууж байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР Ц.НЯМСҮРЭН БУЮУ ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГИЙН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР
Засгийн газрын харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Цэдэнсодномын Нямсүрэн гэгч гурав дахь жилдээ ажиллаж буй. Тэгвэл Ц.Нямсүрэн Өвөрхангай аймгийн уугуул бөгөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн тавиул.
Нэг түүх сануулъя. 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас С.Чинзориг, Н.Төмөрхүү, АН-аас Г.Батхүү, Д.Зоригт нар нэр дэвшиж, улмаар С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ялсан. Гэвч Г.Батхүү, Д.Зоригт нар тэднийг сонгуулийн хууль зөрчиж, луйвраар сонгогдсон гэж шүүхэд өгсөн. Улмаар С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын оронд Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр батламжилсан байдаг. Гэхдээ С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Г.Батхүү, Д.Зоригт хоёртой хариу шүүхдэж, тэдний маргаан 2013 оныг дамнан үргэлжилсэн. Тэдний маргаан ид өрнөж байх үед буюу 2013 оны зургадугаар сард С.Чинзоригийн менежер Ц.Нямсүрэн гэгч нь “Өвөрхангай аймгийн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо” ТББ-ыг өөрийн нэр дээр байгуулан “С.Чинзоригийг УИХ-ын гишүүн болгох ёстой. Өвөрхангайн сонгогчдын эрх ноцтой зөрчигдөж байна” хэмээн Өвөрхангай аймгийн 23 мянган иргэний гарын үсгийг цуглуулан гүйж, хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж байв.

Тайлбар: 2013 он, "Өвөрхангай аймгийн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо" -ны хэвлэлийн хурал, Түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Нямсүрэн
Дараа жил нь буюу 2014 оны аравдугаар сард Д.Зоригтыг Зам тээврийн сайдаар томилох асуудал яригдаж эхэлсэн. Гэтэл өнөөх Ц.Нямсүрэн дахин гарч ирж, “С.Чинзоригийг луйвраар ялж, УИХ-ын гишүүн болсон Д.Зоригт Засгийн газрын гишүүн, сайд болох ёсгүй” хэмээн хэвлэлийн хурал хийж байв. Ийнхүү С.Чинзориг Ц.Нямсүрэн гэгчээр дамжуулан нь хэл ам гаргасаар байсан тул 2014 оны арванхоёрдугаар сард С.Чинзоригийг Хөдөлмөрийн сайдаар томилсон. С.Чинзориг сайд болмогцоо өөрийнх нь төлөө цамцаа урагдтал гүйсэн Ц.Нямсүрэнгээ яамандаа хэлтсийн дарга болгосон. Улмаар 2017 онд С.Чинзориг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдохдоо Ц.Нямсүрэнг яамныхаа Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилсон.
Тайлбар: 2018 он, Өвөрхангай аймаг, ХНХ-ийн сайд С.Чинзориг, ХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Нямсүрэн
Дараа жил нь буюу 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэх шинэ агентлаг байгуулах саналыг Засгийн газарт оруулж, улмаар УИХ-аар дэмжүүлсэн. Улмаар Ц.Нямсүрэнгээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга, дараа нь дэд дарга болгож дэвшүүлж явсаар 2022 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга болгож чадсан түүхтэй.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ БУЮУ ЭЗХ-ИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРЫН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР
Засгийн газрын харьяа Татварын ерөнхий газрыг Батжаргалын Заяабал дөрөв дэх жилдээ удирдаж буй. Тэгвэл Б.Заяабал Увс аймгийн уугуул, УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын тавиул.
Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Заяабал анх Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж, төрд орох замаа зассан. Түүнээс хойш хувь, хувьсгалын намтар нь Ч.Хүрэлбаатартай холбоотой явж ирсэн. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар 2007 онд Түлш эрчим хүчний сайд байхдаа Б.Заяабалыг хэлтсийн даргаараа ажиллуулж байлаа. Ч.Хүрэлбаатарыг сайдаас буухад Б.Заяабал ч дагаад хэлтсийн даргын ажлаа өгч байв.
Дараа нь, Ч.Хүрэлбаатар 2009-2012 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа Б.Заяабалыг Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн концессын газрын даргаар хууль бусаар томилуулж ажиллуулсан. Улмаар Ч.Хүрэлбаатар 2012 онд Төрийн өмчийн хорооны даргын сэнтийд Б.Заяабалыг томилуулсан. Ноцтой баримт танилцуулахад, 2012 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 225 км төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг “Энержи ресурс” ХХК болон “Энержи ресурс рэйл” ХХК-д олгож, шууд гэрээ байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Б.Заяабалд даалгаж байв. Сү.Батболд, Ч.Хүрэлбаатарын хэн хэн нь "MCS"-ийн хамааралтай гэгдэж ирснийг дурдах нь илүүц биз. Магад, Ч.Хүрэлбаатар Б.Заяабалыг Төрийн өмчийн хорооны даргын сэнтийд хүчээр суулгасны нэг шалтгаан энэ байсан ч байж болох.

Хоржоонтой нь, дээрх гэрээ байгуулагдсанаас хоёр сарын дараа буюу 2012 оны долдугаар сард Б.Заяабал Төрийн өмчийн хорооны даргын ажлаа өгсөн. Улмаар Ч.Хүрэлбаатарын дэргэд зөвлөх гэх сэтэртэй 2015 он хүртэл сууж байгаад 2016 онд Татварын ерөнхий газрын дэд дарга болж, улмаар 2019 онд Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа Татварын ерөнхий газрын дарга болгож дэвшүүлсэн байдаг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗРЫН ДАРГА В.ЭНХБААТАР БУЮУ НҮБ ДЭХ ЭЛЧИН САЙД В.ЭНХБОЛДЫН ТӨРСӨН ДҮҮ
Засгийн газрын хамгийн отгон агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар өнгөрсөн зургадугаар сард Воршиловын Энхбаатарыг томилсон. Мөн В.Энхбаатарын эхнэр Н.Мөнхзул нь Соёлын яамны Соёл, урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатарын тухайд, Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, Санхүүгийн зохицуулах хороонд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга байсан гэх тун товч намтартай.
Тайлбар: ЗГ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, Соёлын яамны Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул
Тэгвэл товч намтраараа гологдохгүй төрийн агентлагын дарга болж чадсан В.Энхбаатарын томилгооны ард түүний төрсөн ах В.Энхболд бий ажээ. Төрсөн ах В.Энхболд нь МАН-ын хууччуулын нэг, өдгөө Монгол Улсаас НҮБ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа. Сонирхуулахад, дээр дурдсанчлан В.Энхбаатар 2002-2007 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн байсан. Гэтэл яг тэр хугацаанд төрсөн ах В.Энхболд нь Үйлдвэр худалдааны яамны Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга байсан. Тэгэхээр В.Энхбаатар анхаасаа төрд ахыгаа дагаж орсон гэсэн үг л дээ.
.jpg)
Гэхдээ одоо НҮБ-д суугаа Элчин сайд эндэх томилгоонд яаж оролцох вэ гэж сонирхож магад. Нэг түүх эргэн сануулъя. УИХ-ын гишүүн Сү.Батболд 2008 онд Гадаад харилцааны сайд байхдаа В.Энхболдыг Энэтхэгт суух Элчин сайдаар томилон илгээж байв. Тэр Энэтхэгт дөрвөн жил Элчин суугаад 2012 онд буцаж ирсэн. Яг тэр үед Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар огцрохоор болж, орны хүнийг нь томилох марафон томчуудын дунд эхэлсэн. Улмаар Сү.Батболд В.Энхболдыг Төрийн өмчийн хорооны даргын суудалд сойсон. Харин В.Энхболдын эсрэг тухайн үеийн МАН-ын генсек байсан У.Хүрэлсүх нутгийн найз, одоогийн УБТЗ-ын Х.Хэрлэнг, ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар одоогийн ТЕГ-ын дарга Б.Заяабалыг гэх мэтээр “сойж” тун ч ширүүн өрсөлдөөн болж байв. Гэхдээ тэр марафонд Ч.Хүрэлбаатарын хүн Б.Заяабал түрүүлсэн. Хэдий Сү.Батболд, В.Энхболд хоёрын ТӨХ-г авах санаархал бүтээгүй ч В.Энхболд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргын алба хаших болж, улмаар 2020 онд НҮБ-д суух Элчин сайдаар томилогдсон түүхтэй. Товчхондоо, В.Энхболд Ардын намд төрсөн дүү В.Энхбаатарыгаа агентлагын дарга болгох хэмжээний нөлөөтэй нэгэн.
Үргэлжлэл бий...
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГААСАА “ЗАЙЛУУЛЖ” ЧАДДАГГҮЙ ТОМЧУУДЫН ТАВИУЛУУД |
|