• Өнөөдөр 2024-03-19

Асрамжийн газар 13 жил амьдарсан хос

2021-06-19,   3020

Бид бүхний үзэж харсан, туулсан бүхэн өөр, амьдралын түүх ч дахин давтагдашгүй, арвин баялаг. Сэтгэл хэмээх цоожны түлхүүрийг нь тааруулж, онгойлгож, нээж чадвал хүмүүн бүрийн амьдрал эгэлгүй. Ийм хүмүүсийн амьдралын түүхийг “Эгэл амьдрал” булангаараа бид дэлгэхийг хичээдэг билээ. Энэ удаа Ахмадын настны үндэсний төвд аж төрдөг хоёр буурлын түүхийг өгүүлье.
 
Ахмад настны үндэсний төвд олон жил болсон ахмадууд бие биедээ дасан, хамтдаа амьдрах тохиолдол ганц нэг бий. Гэхдээ Д.Насанбуян, С.Цэнджав шиг гэр бүлийн хоёр ирээд, хамтдаа амьдарч буй тохиолдол урьд хожид байгаагүй. Тэд энд  амьдраад 13 жил болж буй ч хоёулаа айлын ганц хүүхдүүд. Амьдрал тэдэнд  яагаад ч юм хатуурхаж, үр хүүхэд заяагаагүй. С.Цэнджав гуай хэд хэдэн удаа бие давхар болж ч хүүхэд тогтоогүй учраас эмч нар дахиж жирэмслэхгүй байхыг анхааруулсан тул хүүхэдтэй болох хүслээ хав даржээ. Гэхдээ тэд сэтгэлээр унасангүй, хүүхэд өргөж аван өсгөж, үртэй байхын жаргалыг мэдэрсэн байна. Үр хүүхэд гэхээрээ л ээж, ааваа ачлах ёстой гэсэн үзлийн эсрэг тэд өөрсдөө сайн дураараа Ахмад настны үндэсний төвд ирж, өргөж авсан хүүгээ энэ албанаас чөлөөлжээ. 
 
Д.Насанбуян ах хотод өсөж, насаараа цэргийн байгууллагад ажилласан бол эхнэр С.Цэнджав нь Хөвсгөлийн Цагаан-Уулд VII анги төгсөж, түүнээс хойш хотод төвхнөсөн. Бага ангийн багшийн мэргэжлээр сурч төгсөөд, Дарханд гурван жил ажиллаж, хот руу  шилжих хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй тул энэ мэргэжлээрээ ажиллахаа больсон аж. Харин дараа нь Соёлын яамны сургалтад сууж, кино механикч болжээ. Энэ ажлаа тэрбээр “Соёл түгээгч” хэмээн онцолсон. Кино үзвэрийн хэрэг эрхлэх газар 20 гаруй жил ажиллаж, хортой нөхцөл гэдгээр эрт тэтгэвэрт гарчээ. “Соёлын яамны механикч зүгээр суудаг” гэдэг яриа гарангуут эгдүүцэж, “Элдэв-Очир” кинотеатрт шилжсэн гэв. 
 
Түүнд омголон, бардам, сэхүүн гэх үгс хамгийн их тохирно. Өөрийнх нь хөдөлмөрийг үнэлэхгүй, хийснийг нь хийгээгүй мэт ярихыг тэр үздэггүй. Одоо ч  энэ хэвээрээ өтөлж буй нь харцнаас нь илт. Тэд залуудаа сайхан хүүхэн, сайхан залуу байсан нь хананд өлгөсөн хивсэн дээрх хуучны хар, цагаан гэрэл зургаас харагдана. “Та ч сайхан хүүхэн байжээ” гэхэд “Ямар юмных нь сайн байх вэ дээ” хэмээн ичингүйрнэ. Тэрбээр “Би их дураараа. Одоо ч энэ хэвээрээ, өөрийнхөөрөө амьдрах хүсэлтэй. Аав, ээж, хамаатан саднаасаа тусламж авдаггүй байлаа” хэмээн залуу цагаа дурссан. 
 
Ардчилал гараад удалгүй тэд тэтгэвэрт гарч, мал худалдан авч, арав гаруй жил хөдөө амьдарчээ. Энэ зуур Д.Насанбуян ах ганзагын наймаа хийчихдэг, малынхаа буян хишгийг хүртчихдэг, тов хийсэн амьдралтай байв. Гэвч яг энэ үед С.Цэнджав эгч түлш түлээ бэлдэх гэж яваад аваарт орж, хөлөө хугалжээ. Гэр бүлийн хоёр баганын нэг нь “хугарснаар” тэд хот газар бараадахаас өөр аргагүй болсон байна. Олохыг нь Д.Насанбуян ах олж, түүнийг нь “борлуулах” ажлыг эхнэр нь хийдэг байсан учраас бүх зүйл толгой дээр нь бууснаар нөхөр нь асрамжийн газар бараадах шийдвэр гаргажээ. Харин С.Цэнджав эгч нөгөө л зөрүүд, гөжүүд зангаараа хөлөө хугалчихаад хэдэн малдаа хоргодоод эмнэлэг, домнолгоор яваагүй гэнэ. Гурван сар гэртээ хэвтээд Цагаан сараар хүчээр шахуу босчээ. Ийн зургаан сарын дараа эмчид үзүүлтэл “Төвхний толгой мултарчээ. Бороолж байхад нь дахиад салгаж. Одоо гэмтэл явж, хадуул” гэхээр нь “Над шиг хүн тэр хадаасыг чинь даахгүй” гэж хэлээд тэр чигээрээ гараад явчихсан аж. 
 
Асрамжийн газарт очихоор эрс шулуун шийдсэн нөхрийнхөө шийдвэрт эхэндээ итгээгүй байна. Гэсэн ч өргөдлийг нь бичиж өгөөд, өөрийнхөө талаар дурдаагүй аж. Ийн гурван сар гаруйн дараа хариу нь гарч, “Насанбуян гуай ачаагаа бэлдээрэй. Маргааш аваад явна” гэдэг үг сонсчээ. Харин нөхөр нь “Би ямар шоронгийн хоригдол уу” хэмээн хэгжүүрхэж, хэлсэн өдрөөс нь хэд хоногийн дараа галт тэргэнд суугаад яваад өгчээ. Тэгээд буцаж ирээд эхнэрээ асрамжийн газарт очих өргөдөл бичихийг “үүрэгдсэн” байна. Тухайн үед нарийн ширийнийг мэдэхгүй хүмүүс Д.Насанбуян гуайг “Доголон эхнэрээ хаяад явчихдаг сонин хүн юмаа” гэцгээж байв. 
 
 
Нөхрийнхөө араас асрамжийн газарт очих гэтэл нийгмийн ажилтан “Танай нөхөр яарсаар байгаад шийдвэр гаргуулсан. Гарсных нь дараа явахгүй өчнөөн удсан” гээд халгаадаггүй гэнэ. Ингээд байж байтал Засаг дарга Төмөр гэж хүн өргөдлийг нь авч, гурван сар гаруйн дараа нөхөр дээрээ очжээ. Ийн тэд энэ цагаас хойш 13 жил Ахмад настны үндэсний төвд амьдарч буй. Тухайн үед асрамжийн газар гэр бүлийн хүмүүс болоод ах дүү, хүүхэдтэй хүнийг авахгүй гэдэг байжээ. Иймээс энэ шаардлагад нийцүүлэхийн тулд С.Цэнджав гэр бүлийн баталгаа урж орхисон. Түүнээс ханьтайгаа танилцсан түүхийг нь асуухад инээд алдаад “53” гэж дарга нарын байр байсан. Тэнд гадны зочид төлөөлөгчдөд кино үзүүлдэг байлаа. 
 
Тэр үед реферэнттэй хамт жолооч нь гээд намхан, цагаан залуу намайг ирээд авсан. Сүүлд нь харсан ногоон нүдтэй нөхөр байна” хэмээн тас тас хөхөрлөө. Үргэлжлүүлэн “Хөөрхөн, давхраатай алаг нүдтэй, хэл амтай залуу байсан” хэмээн нөхрийгөө анх харсан сэтгэгдлээ хуваалцсан. “Кино тавиад л сууж байтал байсхийгээд л таваг дүүрэн юм авчирна. Одоо би нөхрөө “Чи намайг зочдын хоолны үлдэгдлээр эргүүлсэн” гэдэг юм. Их гоё хар тэрэгтэй залуу байсан. Сүүлд нь намайг гэрээс авч, гэрт хүргэж өгдөг болсон. Нааш, цааш зөөсөөр байгаад нэг л мэдэхэд суух болчихсон байсан” гэв. Гэрлэх санал тавьсан эсэхийг асуухад “Тийм юм байхгүй ээ. Харцаараа, яриагаараа, тэгж ингэсхийгээд л суух болсон” гэлээ. “Энэ маань хоёрхон жилийн өмнө машинаа бариад давхиж явсан. Гэтэл одоо хөл нь мэдээгүй болж, тэргэнцэр дээр суудаг боллоо. Бүх шинжилгээ өгсөн ч мэдрэлийн гаралтай гэдэг. Мэдрэл нь чухам хаанаасаа гарчихсан юм” хэмээн наргиа хийнэ.
 
Д.Насанбуян ах хөнгөн шингэн, хөдөлгөөнтэй нэгэн. Тиймээс ч Ахмад настны үндэсний төвийн Асруулагчдын зөвлөлийн даргаар олон жил ажиллажээ. Уг нь тэдэнд улсаас өгсөн байр байсан гэнэ. Гэтэл холын хамаатан нь байргүй гээд хүүхдүүдээ тэврээд явж байхаар нь өрөвдсөндөө байрандаа оруулжээ. Хөдөө байх хооронд нь тэд харин байрыг нь зараад, шинэ байр худалдаж аваад төвхнөчихсөн байж. “Бидний юм биш, улсынх болохоор заргалдаагүй” хэмээн хээв нэг яриад суух нь тэднийг ямар уужим сэтгэлтэйг харуулна. 
 
Д.Насанбуян ах зав л хийвэл эхнэртээ тэргэнцэр, таяг бэлтгэж явдаг нэгэн байжээ. Харин хоёр жилийн өмнө тэр бүхнийгээ өөрөө хэрэглэх болсон. Харин энэ тухай С.Цэнджав эгч “Хүн ер нь таяг, тэргэнцэр хадгалмааргүй юм билээ. Ээж өнгөрөхөд би ээжийнхээ таягийг авсан юм. Удаа ч үгүй хөлөө хугалсан. Хөгшин надад гээд таяг, тэргэнцэр цуглуулаад байсан. Одоо өөрөө суучихлаа” хэмээсэн. Тэд Цагаан сар гэх мэт уламжлалт баяруудаа ч энд тэмдэглэдэг. Өргөж авсан хүү нь энэ жил 54 хүрсэн бөгөөд ач нар нь ч тусдаа гарцгааж, өнөр өтгөн айл болцгоожээ. Хүүгээ ээжтэй нь ойр дотно  байлгах гэж хэсэг хугацаанд гэрт нь байлгасан боловч санаснаар нь болоогүй бөгөөд ээж нь  эрт бурхан болжээ. Тэрбээр мөн хүүгээ “Манай хүү их дураараа. Харин эхнэр нь ухаантай” хэмээн ярьсан. С.Цэнджав эгч таван жил хот ороогүй, саяхан очтол гадаадад яваа мэт санагдсан гэсэн. Учир нь таньж мэдэх газар ховордсоны дээр үйлчилгээний байгууллагуудын хаяг нь гадаад байснаас тэр. 
 
Д.Насанбуян ах хэнээс ч айхгүй хэлэх гэснээ хэлдгээрээ ахмадууд дотроо алдартай. Харин эхнэр нь хэлэх ч, хэлэх хүртэлх хугацаа маш удаан, барагтай бол дуугарахгүй. Иймээс түүнийг “Хад, хайрцаг” шиг гэх нэг нь ч бий. Тэрбээр шүрээр олон төрлийн зүйл урлаж, хүүхдүүддээ бэлэглэдэг. Хамгийн сүүлд л гэхэд Ногоон дарь эх урлажээ. Тэд хоёулаа сайхан дуулна. Ахмадуудын дундах дууны тэмцээнд орохоор байнга түрүүлчих гээд байдаг хэмээн хошигноно. Дээр бичсэнчлэн С.Цэнджав эгч гэр бүлийн баталгаагаа урж байснаас гадна намын гишүүний үнэмлэхээ ч урж байжээ.
 
Олон жил МАХН-ын гишүүн байсан бөгөөд намын үнэмлэхээ “Нам ядарч явахад ер нь надад тусалсан билүү” гээд ураад хаячихсан гэсэн. Сүүлд сонгууль болоход дахиад намын гишүүний үнэмлэхтэй  болжээ. Харин нөхөр нь ардчилсан намынх. Дэмждэг намаасаа болж тэд хааяа муудалцана. “Сүүлийн үед харин жаахан гомдомхой болчихоод байгаа. Намайг гомдоогоод байх хүн энд байхгүй л дээ” гэхэд нь “Насанбуян ах гомдоож байна уу” гэж асуулаа. Тэгэхэд “Гомдох ёстой цагтаа гомдоогүй юм. Нэг хүүхэн сууна гээд хүрээд ирж байхад ч гомдож байгаагүй” хэмээв. Тэрбээр хатан ухаан гарган, гэр бүлээ хадгалж үлджээ. С.Цэнджав эгчээс зарим асуултад хариулт авсан юм.
 
-Анх асрамжийн газар очно гэхэд ганц хүү тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Хэлээгүй. Аав нь асрамжийн газар явсаны дараа хүү ирлээ. Аавыгаа асуухаар нь “Асрамжийн газар явчихсан. Би яах вэ, хаягдаа л сууж байна” гэхэд “Манай аав ёстой бүтэхгүй” гээд л байж ядаж билээ. Тэгээд ээж нь удахгүй бас явна аа гэж хэлсэн. Хүүхдэд дараа болохын нэмэр гээд  ийм шийдвэр гаргасан. Гол шийдвэрийг манай хүн гаргасан. Дараа нь бодоод байхад зөв юм билээ. Хамгийн зөв газартаа би байгаа. Өвдлөө гэхэд асрамжийн газрын хүүхдүүд  авч очоод, үзүүлчихэж байна. Төр сайхан асарч, энэ хүүхдүүд ч сэтгэлд хүртэл үйлчилдэг. Энэ ташрамд эдэндээ “Баярлалаа” гэж хэлмээр байна. Өмнө нь өрөөгөө цэвэрлэчихдэг байсан ч одоо чадахаа байж. Бие, сэтгэл зовохгүй амьдарч байна. 
 
-Амьдралаа эргэн харахад таны хамгийн жаргалтай үе хэзээ байв?
-Ер нь л жаргалтай байсан даа. Эргээд бодоход, хөлөө хугалсаныг  зовлонд тооцохгүй юм бол зовж үзээгүй. Өмсөж, зүүх, идэж, уухаар дутаж байсангүй, айлын эрх хүүхэд байлаа. Хожим хань, хүүгээ эрхлүүлж амьдарсан.
 
-Одоо амьдралаас юуг хамгийн их хүсэж байна вэ?
-Гурван жил амьдрах ёстой бол дөрвөн жил амьдарчихмаар байна. Өөр хүсэх зүйл алга. 
 
-Хэрэв та залуу байсан бол юу хийх байсан бэ?
-Нийгэмд өөрийнхөө хүч, хөдөлмөрөө зориулмаар байна. Одоо ч гэсэн тэгэхийг хичээдэг гэв. 
Тэрбээр айлын өргөмөл хүүхэд. Төрсөн ах, дүүгээ гадарлах ч тэдэндээ дараа болохыг, эсвэл ямар нэгэн байдлаар холбогдохыг хүсдэггүй. Үүнийгээ “Ганцаараа нөгөө ертөнцөд очиход санаа амар” хэмээн тайлбарласан. Магадгүй хорвоогоос явахдаа хэн нэгний санааг зовоохоос эмээж,  ардаа татлаа түлхээгүй нас эцэслэхийг хүсэх хүсэл ч байж болох. Мөн тэрбээр “Одоо бид хоёр өглөө болгон сайхан байна аа” гэж ярьцгаадаг хэмээсэн. Өглөө болгон сайхан... 

Асрамжийн газар 13 жил амьдарсан хос
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 11:48:08
    шаабар: Яагаад болохгүй гэж. Бусдад тэр тусмаа үр хүүхэддээ дараа болохгүй амьдрана гэдэг ахмадуудын маань чин хүсэл мөн. Асрамжийн газар илүү сайн болчихвол очих ахмадууд олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өндөр хөгжилтэй улс орнууд тийм л байдаг. Харж асрах хүнгүйдээ биш үр хүүхэддээ дараа болохгүй гэж, өөрийн хүслээр тав тухтай байх гэж л асрамжийн газар очдог юм билээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188