• Өнөөдөр 2024-04-25

ХӨӨРХӨН ХОЁР

2021-02-20,   1046

Г.Сүхбат гуайтай үхрээ гаргаж явахад нь таарав. Тэрбээр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд насаараа мал маллан амьдарч байгаа уг нутгийн уугуул. Түүнийг зорих болсон шалтгаан бол тэднийх Ховд аймгийн Дарви сумын нутагтай хил залгаа Дөргөний хүрэн талд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн амьдардаг.

Өөрөөр хэлбэл, бөхөн хийгээд цагаан зээр, бор зээр буюу хар сүүлтийн талаар хамгийн сайн мэдэх хүн нь түүнийг гэж нутгийнх нь хэд хэдэн хүн онцолж, өвөлжиж байгаа гэрийг нь зааж өгсөн билээ. Тэрбээр “Цас багатай өвөл боллоо. Бөхөнгийн халдварт өвчнөөс болж хаваржаандаа бууж чадахгүй нутаг заалгачихаад бидний хэдэн хөгшчүүл амны усгүй баларч сууна. Нэгэнт улсын онцгой ажил тул ядаж хөгшчүүл нь залуустаа буруу үлгэрлэж, хаваржаа руугаа юу юугүй зүтгээд яах вэ гэж ярилцаад гүрийгээд сууж байна. Мал ч тогтохоо байлаа. Хэд хоног тэсчихвэл болчих гээд байна” гэсээр биднийг угтав. Ийн ярьсан нь учиртай гэнэ. Бидний урдхан сумын төвөөс хэдэн хүн ирж “Сүхбат ах минь нутгийн залуус, бусад хөгшчүүл таны л үгэнд орно. Та Цагаан ташаагийн нурууны айлуудаа өвчний тархалт намжтал хаваржаа руу нь битгий буулгаарай. Бид ярилцаж ярилцаж таныг л чадна гээд зориод ирлээ” гэж гуйсан аж. Бөхөн мялзан төст өвчин тусаж, хэдэн мянгаараа хорогдсон ч гай гамшиг нь холдоогүй байгааг дээрх ярианаас түвэггүй ойлгож болно. 
Г.Сүхбат гуайн гэрт очвол түүний гэргий Г.Дашмаа ихэр зээ охидтойгоо цай цүй болон угтлаа. Тэд ханилаад 40 гаруй жил болж байгаа бөгөөд гурван хүүхэдтэй гэнэ. Хүүхдүүд нь өдгөө амьдрал зохиож, бүгд төв суурин газар бараадсан аж. Тэрбээр “Хүүхдүүд том болоод сургууль, соёл гэж хэсэг яваад удалгүй айлын болцгоосон. Хөгшин бид хоёр сүүлийн арав гаруй жил гэртээ хоёулахнаа байнга шахуу байдаг байсан бол энэ өвөл зээ охид маань овоо хань бараа болж байна” гээд орон дээр унтаж буй гурван ой арай хүрээгүй хоёр жаахан амьтдыг заав.
 
Энэ хоёр амьтны тусаар бид хоёр гангар гунгар гээд дуу шуутай, хийх ажил ихтэй өвөлжлөө. Түүнээс биш хүмүүс хөгшрөхөөрөө өмнөхөө л хийгээд байхаас залуугийнх шиг тэр бүр яриад, хуучлаад суухгүй болчихдог юм байна гэв.
 
Гэтэл тогоо дүүрэн цайгаа хөөсрүүлэн самарч зогссон гэргий нь “Манай энэ ярихаа ярина. Ярихгүйгээ ярихгүй. Бас хийхийгээ хийнэ. Хийшгүй ажилдаа ер ойртохгүй. Залуугийн тийм байсан юм. Намайг дааж давшгүй их ажлын дунд самгардаж суусан ч дургүйгээ хүрвэл гаансаа нэрээд рааживаа чагнасан дүр эсгээд суучихна. Эсвэл унтаж байгаа болоод нүдээ аниад хэвтээд байна. Албаар түмпэн саваа хангинуулсан ч нүдээ нээхгүй хэвтээд байна. Харин энэ өвөл нэг тэгж хэвтэхийг нь үзсэнгүй. Би ажилтай болгох гээд 40 гаруй жил үзээд бараагүйг энэ хоёр хэдхэн сарын дотор чадчихлаа гэж хэлээд сууж байна, эмээ нь. Ихрийн нэг нь гадаа малын ажилд дуртай. Өвөөгөө зүгээр суулгахгүй, нударганаас нь зулгаасаар байгаад л аваад гарна. Нөгөөх нь гэр амьтай. Дөрвөн аягаа аяганы устай нь дөхүүлээд тавьчихаар өвөөгөөрөө угаалгачихаад л байдаг болсон” гээд инээд алдав. Түүний яриаг сонсонгоо гаансаа нэрж суусан Сүхбат гуай “Би ч залуудаа барилддаг, аймгийн заан цолтой мундаг амьтан байлаа. Тийм хүн ямар ажил хийх вэ дээ. Одоо харин энэ хоёрт л баригдчихаад байна. Хүн ач, зээдээ хүүхдээ илүү хайртай байдаг гэж үнэн бололтой” гэлээ. 

Ийн ярьж суусан түүнээс бөхөнгийн талаар асуухад “Манай нутагт 1951 оноос бөхөнгүй болсон гэдэг. Харин 1982 оны эхнээс цөөн тооны бөхөн Ховдын Дарвиар дамжин орж ирж, нэмэгдсээр өдөөгийн хэмжээнд хүрсэн. Алтай нутгийн хүүхэд багачууд, хүн зоны бахархалын нэг нь яах аргагүй бөхөн. Энэ их говийн бударганат талыг бөхөн, хар сүүлт, цагаан зээргүйгээр туулж барах юм биш. Бөхөн их үргэмтгий, сонсгол сайтай. Баян-Уул, Хөхморьтын нутагт хамгийн багадаа 15 түүнээс 50-60 хүртэл тоогоор сүрэглэнэ. Говь учраас урин цагт зэрэглээтэнэ. Гэнэт л уул босоод ирэв үү гэмээр тоос баганадаад намдана. Бөхөн, зээр тэргүүт тонгочиж байгаа нь тэр. Ховд, Говь-Алтайнханд л байдаг л нэг бөхөн болохоос биш дэлхийд нэн ховор, хайрлан хамгаалж, өсгөж үржүүлэхийг хүссэн олон улс орон байдаг биз.

Говьд нэг хүйтэрвэл их хэцүү. Нөмөрлөөд хэвтэх хад асга, мод, бут байхгүй. Хавсарга, шороогоор нэвт шуурсан тал л ёнгиноно. 2000 оны зуднаар цөөнгүй нь хөлдөж үхсэн байсан. Би хүүхдүүдээ тосохоор гарч яваад Дөргөний хүрэн талын урдханд нэг жижигхээн загийг нөмөрлөсөн бололтой янзагаа бөөрөндөө наагаад толгойгоороо нөмөрлөсөн чигээрээ хөлдсөн шаргачинтай таарч байсан. Хөл нь их турь муутай. Хамгийн түрүүнд чөмөг нь хөлддөг юм гэнэ лээ. Тэгээд л явж чадахгүй тэр чигтээ хөлддөг бололтой юм билээ, хөөрхий. Одоогоос хэдэн жилийн өмнө хулгайн анчид бөхөнг их агнадаг байсан. Одоо бол багассан. Нэг ийм яриа байдаг юм. Хүргэн нь байгаль хамгаалагчийн ажилтай. Гэтэл хадам аав нь хоёр гурван бөхөн нударчихаад гэртээ очиж л дээ. Тэгтэл хүргэн нь хадам аавыгаа торгоод, хуулийн байгууллагад өгчихсөн. Тэрнээс хойш хэсэгтээ л бөхөнгийн хууль бус ан нам зогссон. Хүмүүс тэр байгаль хамгаалагч хадамдаа их дургүй байсан байх. Эсвэл тэнэг хүн байсан байх гэж ярьдаг юм. Үгүй л дээ. Тэр бол байгалиа хамгаалж байгаа их ухаан юм. Хадам аавыгаа хуулийн байгууллагад барьж өгөөд, торгууль, шийтгэлийг нь ногдуулаад ахиж дэлхийд нэн ховордсон энэ амьтныг агнаж болохгүй шүү гэдгийг өөрт нь ч, өрөөлд ч анхааруулсан том ухаан. Хүмүүс “Наадах чинь хадмыгаа цагдаад өгсөн юм чинь намайг бол шууд өгөх нь тодорхой” гээд хууль бус зүйл хийхээ больсон хэрэг.
 
Түүний ачаар бөхөнгийн тоо толгой нэлээн өссөн гэж боддог юм. Тэр хүү хадмынхаа торгуулийн  мөнгийг төлөлцсөн гэдэг юм. Тэгэхээр аавдаа дургүй хүн биш байгаа биз. Үүнийг л жинхэнэ ухаан гэж ойлгох хэрэгтэй” гээд бүр нэг сэтгэл нь ханасан байртай тамхиа баагиулан суув. Ийн хөгшнийх нь яриа намжихыг хүлээж байсан уу гэмээр Г.Дашмаа гуай “Манай нутаг бөхөнгөөс гадна бидний хэлдгээр сүүлтий буюу хар сүүлтийн орон. Цагаан зээр ч бий. Гэхдээ хар нь илүү. Энэ талаар яриач өвгөөн” гэж яриа өдөв.
Баагиулдагаа таатай гэгч нь баагиулж суусан Г.Сүхбат гуай өндийн суугаад “Хар сүүлт зээр гэдэг юм. Хотын зарим нь зээр гэж мэдэхгүй өөр амьтан гэж боддог бололтой юм билээ.
Цагаан зээрээс хар сүүлтэйгээрээ ялгарч байгаа юм. Цагаан зээрээс ялгаагүй өрөвдмөөр амьтан. Турь муутай. Тэрийгээ мэдэхгүй их шөрмөстэй. Цахилж өгнө. Маш сонор учраас үргэмтгий, цахилаад алга болно. Бас л сүргээрээ явдаг, манай нутгийн нэг бахархал болсон амьтан. Нэг их ижилсэж, гаршаад байдаггүй юм. Зуны цагт өглөө эрт, орой бүр сэрүү унасны дараа тайван бэлчиж харагддаг. Өвөл бол өдрөөр бэлчинэ. Хэт халуун, хэт хүйтэнд тэсвэр муутай” гээд үүнээс өөрөөр ч өвөө нь бураад юу хийх вэ. Эмгэн намайг дөгөөгөөд бараг мэдэхгүй шахуу юмаа мэргэжлийн хүн шиг ярих гэж байна гээд гэрээр нэг инээд болов. Түүнээс “Хүүхдүүд нь аймгийн төв, хот бараадчихлаа. Одоо та хоёр төв газар бараадвал зүгээр биш үү” гэсэнд “Хүүхдүүд бид хоёрыг аймгийн төвд амьдар гээд нэг хашаа байшин бариад өгчихсөн л дөө. Хотынхны хэлээр бол бид хоёр одоо эдлэндээ амьдарч байгаа юм. Ингэж амьдраад сурчихаж дээ. Төрсөн цагаасаа л амьдарсан болохоор юунаас ч илүү санагдах юм. Энэ жил сар шинээ аймгийн гэртээ гаргана. Хүүхдүүдэд ч нааш цааш явахгүй амар байх. Хот, төв газар амьдрахаар эмгэн надад олдохгүй. Хүмүүсийн дээл, хувцас оёж өгнө. Ийм тийм юм үзнэ гээд хүүхдүүдийнхээр ч болтугай ороод явчихдаг юм. Би тэгээд гэрийн мухар сахиад, хийх юмгүй зүдэрнэ. Байшинд хэдхэн хоноход манай хүн тэр хавийн хөгшчүүлийнхээр бараг бүгдээр нь орчихсон байгаа юм. Танихгүй хүнгүй болсон” гэхтэй нь зэрэгцээд Г.Дашмаа гуай “Тэгэлгүй яахав дээ. Дандаа таньдаг, үеийнхэн байгаа юм чинь. Цай уу, таван үг сольё гэхээр оролгүй яах вэ. Манай энэ ном харна, хүүхдүүдийн хотоос олж ирсэн сонинг гарчиглана гээд нэг өрөөнд ороод алга болчихно.
 
Тэр хойгуур нь би хэд хэдэн айлаар ороод амжчихаж байгаа юм. Өвгөн намайг төв орвол алдчихна гээд хөдөө мал дагасаар 40 гаруй жил боллоо доо” гэхэд гаансаа амнаасаа сугалалгүй “Хээцсс, ингэж л бурдаг нөхөр дөө” гээд гэр дүүрэн инээд болж, хоёр зээ ч нойрноосоо сэрлээ. Нойрмог нүдээ нухлан гэр дүүрэн инээлдэх хүмүүсийг гайхаж харсан ихрийг өвөө нь хошуу дэвсэн “Өвөөдөө ир” гэсээр ухасхийв.
 
Насаараа мал малласан хоёр хөөрхөн маань өдийд Цагаан ташаагийн нуруундаа амар жаргалтай, амнаасаа гарах үг бүрээрээ бие биенээ ерөөдөж, цаанаа хайрлан аргадсаар суугаа биз ээ. 
 
 
 
 
 
 

ХӨӨРХӨН ХОЁР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-04 09:24:47
    Зочин: Мөнч уншууртай сайхан бичиждээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-20 20:20:20
    Баярлалаа: Эгэл ард түмний тухай сайхан сайхан нийтлэл уншдаг боллоо танай сайтаас. Баярлаж байна аа, үүнийгээ л битгий алдаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188