• Өнөөдөр 2024-04-24

ХАРАНХУЙ ХОНГИЛД УНАЖ, АМИА АЛДСАН ХҮҮГИЙН ХЭРЭГТ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

2022-01-28,   582

      Ааваараа алим, амттай зайрмаг тэргүүтэн авахуулчихаад гэр рүүгээ яарч явсан бяцхан хүү...Даанч тэр гэртээ орж чадсангүй, хаалганаас нь хоёрхон алхмын зайд “үхлийн хавх” отож байсныг хөөрхий хүү даанч мэдсэнгүй. Амьдардаг давхрынх нь ажиллагаагүй удсан лифтний хаалга цөмөрч, хөөрхий хүү харанхуй хонгилоор долоон давхраас доош унажээ. Хүүгээ хонгил руу цөмөрч унахыг харсан аав хар эрчээрээ доош гүйж, нэг давхрын лифтний хаалгыг эвдэж хонгил руу ороход хөөрхий хүүгийн нь зүрх цохилж байжээ. Харамсалтай нь, аавыгаа аврахаар ирэхийг харах гэсэндээ эцсийн бүх хүчээрээ зүрхээ цохилуулж байсан нь тэр байж. Эмнэлэг хүргэгдэх замдаа эцсийн амьсгалаа татаж, эргэж хэзээ ч ирэхгүйгээр, ээж, эмээ, өвөөдөө үнсүүлж ч амжилгүйгээр, алдрайхан дүүгээ тэвэрч, авахуулсан амттанаа амсаж ч амжихгүйгээр үүрд явчихжээ. 
 
       Ердөө л жил гаруйхны өмнө бага хүүхдээ өлгийдөн авч, “Орчлонд оонын эвэр шиг ижилсэх хоёр хүүхэдтэй боллоо” хэмээн баярлаж явжээ, энэ залуухан гэр бүл. Жилийн дараа том хүүхдээ золгүйгээр алдаж, учралын баяр нь хагацлын гунигаар солигдоно чинээ яахан төсөөлөх билээ. Уй гашууны манан аав, ээжийнх нь дотор хөшиглөж, өөрсдөөс түрүүлээд тэнгэрт одсон бяцхан зээгийнхээ хойноос өтөл болсон өвөө, эмээ нь элгээ эмтлэн суугаа. Унахад нь өргөж босгодог, уйлахад нь нулимсыг нь арчиж аргаддаг ах нь ахиад хэзээ ч өөртэй нь тоглохгүйг алдрайхан дүү нь ч зөнгөөрөө мэдэж байгаа. Бас унтдаг байсан ор нь эзгүйрч, хооллодог байсан таваг нь хоосорч, тоглодог байсан машин нь тавиур дээрээ эзнээ хүлээн байгаа. 

Хамгийн гол нь, хөөрхий хүүгийн амийг хэнээс нэхэх вэ, хариуцлагыг хэнээс шаардах вэ. Хорвоогоос цаг бусаар одсон эл хүүгийн хэрэгт хэн нэгэн буруутан байх ёстой биз дээ. Гуравхан настай хүүгийн түших аяыг даахгүй цөмөрчихдөг лифтний хаалгыг хариуцах ёстой эзэн байх ёстой биз дээ. Үндсэн хуульдаа хүртэл “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гээд тунхаглачихсан байдаг биз дээ. Гэтэл тэр хүү энэ эрхээ эдэлж чадалгүй, эсрэгээ зөрчүүлж, энэ хорвоогоос одчихлоо шүү дээ. Өөрөөр бол энэ бол золгүй явдал бус эрхээ зөрчүүлж амиа алдсан хэрэг мөн биз дээ. Гэтэл юу гэнэ вэ, хариуцлага үүрэх эзэн олдохгүй бултацгаагаад эхэлж, эцэст нь “Эцэг нь хүүхдээ харж байхгүй яасан юм” гэх хандлагаар хэргийг мартагнуулах нь л дээ. 

         Хэн хариуцлага хүлээх тухай хөөгөөд эхлэхээр хариуцах ёстой чиг үүрэг бүхий нийслэлийн өмчит “Улаанбаатар лифт” гэх байгууллага нь “Манайх зөвхөн гэрээтэй СӨХ-үүдийн лифтэнд л хяналт тавьдаг, хэрэг гарсан байрны СӨХ манайхтай гэрээгүй байсан учраас бид хариуцлага хүлээхгүй” гэх маягтай тайлбар хийжээ. Гэрээ байгуулж, мөнгө төлөөгүй л бол хаана, хэн лифтний хонгилд унаж амиа алдах нь тэдэнд хамаагүй бололтой юм. Цаашлаад иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүрэгтэй мэргэжлийн хяналтын байгууллага нь шалгалт хийсэн, акталсан гэж ажлаа хийсэн мэтээр хариуцлагаас зугтах нь. Акталсан гэдэг алгын чинээ цаас хүргүүлээд ханачихдаг, араас нь хяналт тавьдаггүй, аюулгүй болсон эсэхийг нь нягталдаггүй юм бол  мэргэжлийн хяналтын байгууллага ч энд хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад тус байрны СӨХ нь “Манай өмнөх удирдлагууд 100 гаруй сая төгрөгийн өр үүсгээд зугтсан. Бид улсад үүссэн өр төлбөрөө төлөхөд анхаарч ажилласан. Актлагдсан лифтээ солиулахад анхаарсан боловч бидний хүч хүрээгүй. Тендер нь зарлагдсан ч компани шалгараагүй учраас шинэчлэх боломж байгаагүй. Цөмрөх аюултай тэмдэг тавьж, хаалт хийх ёстой байж” гэх утгатай тайлбар хийж бас л өөрсдөөсөө бултуулах хандлага гаргаад эхэлжээ. Тэгвэл тендерт нь компани шалгараагүйгээс шинээр солих боломж байгаагүй юм бол ядаж тэр хаалгануудыг нь гагнаад ч болов цөмрөх аюулгүй болгох сэтгэл яагаад хэнд нь ч байсангүй вэ.
СӨХ гэдэг байгууллагад нь хүртэл сандал суудлын тэмцэл өрнөдөг, тамга тэмдгээ булаалддаг, иргэндээ хайргүй, ирээдүйдээ бүр ч хайргүй, хайрлах, энэрэх хүнлэг сэтгэлгүй, ямар гээч харгис улс вэ. Ингээд энэ хэргийг эцэг эхийн нь хариуцах ёстой хэрэг болгоод эзэнгүйдүүлэх нь. 
 
        Уг нь хүнээ боддог, хүүхдүүдээ хамгаалдаг төртэй байсан бол хөөрхий энэ хүүгийн хэрэгт хотын удирдлагуудаас эхлээд СӨХ хүртлээ толгой дараалан хариуцлага хүлээх ёстой юм шүү дээ. УИХ-ын гишүүд нь, дүүрэг хорооны удирдлагууд нь сонгууль болохоор л байрных нь гадаа очиж, “Сайхан амьдруулна, хүүхдийг чинь хамгаална” гэж амлалт өгдөг. Гэтэл амлалт өгөөд зогсож байсан яг тэр тоглоомын талбай дээр нь хүүхэд амиа алдчихаад байхад хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн үедээ нийтээрээ шуугьж, хариуцлага алдсан дарга нараас нь хариуцлага нэхсэн болоод л мартчихдаг. Ийм жишээ олныг дурдаж болно. Хичээлээ тараад хөлбөмбөгийн талбайд тоглохоор очсон 13-хан настай хүү төмөр хаалганд даруулж амиа алдаж байлаа. Хэн ч хариуцлага хүлээгээгүй, хөөрхий аав нь л хүүгийнхээ амьсгал хураасан тэр газар нь сөхөрч суугаад, уйлж байсан, бид мартчихсан. Байрныхаа гадаа тоглож явсан хүү эмийн сангийн дэргэдэх ил гарсан тогтой утсанд санамсаргүй хүрч, хорвоогоос буцсан. Бас Налайх дүүрэг дугуй унаад явж байсан охин мөн л тогтой утас шүргэсний улмаас газар дээрээ амьсгал хураасан. Хэн тэр утсыг ил гаргасан, хэн хяналт тавих ёстой байсан гээд хөөхөөр бас л хариуцах хүн олдоогүй, бид мартсан. Гэр хороололд өссөн хүү хүүхэд бүрийн очих дуртай цэцэрлэгт хүрээлэнд тоглохоор очоод, ойролцоох тогтоол усанд нь живж амиа алдсан. 10-хан настай охин байрныхаа гаднах тоглоомын талбайн төмөр гулсуурт даруулж, хоёр хавирга, эгэм нь хугарч, уушги бяцарч, насан туршдаа эрүүл мэндээрээ ноцтой хохирч хоцорсон.
      Энэ мэтээр ирээдүй болсон багачууд минь төмөр даруулж, тогонд цохиулж, машинд дайруулж, хүнд хүчирхийлүүлж, харанхуй хонгил руу унаж амиа алдсаар. Гэтэл хамгаалах ёстой төрийн байгууллагууд нь “Аз жаргалтай Улаанбаатар”, “Бүхнийг хүүхдийн төлөө” гэж лоозогнож, попрохыг хэтрэхгүй.  Эцэст нь, энэ хэргийг эзэнгүйдүүлж, мартмааргүй байна.  Өмнө нь өчнөөн ийм харамсалтай хэргүүдийг бид мартсан. Харин одоо мартмааргүй байна, хариуцлагыг нь үүрүүлмээр байна.  
 

ХАРАНХУЙ ХОНГИЛД УНАЖ, АМИА АЛДСАН ХҮҮГИЙН ХЭРЭГТ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188