• Өнөөдөр 2024-04-26

Т.НАРГИЙМАА: Чөлөөт цаг бол миний бүтээлээ туурвих цаг

2022-02-18,   1195

Эргэлт.мн сайт “Шинэ танил” булангаараа ээлжит зочноо танилцуулж байна. Бидний танилцуулах зочин “Дүрслэх урлагийн академи”-ийн Монгол зургийн ангийн нэгдүгээр курсын оюутан Т.Наргиймаа юм. Тэрбээр ЕБС-ийн сурагч байхаасаа гар урлалаар бүтээл хийж, өдгөө өөрийн гэсэн худалдан авч авагчидтай болжээ. Анх дан ганц зэс утас ороон бүтээл хийдэг байсан бол өдгөө олон төрөл зүйлийн материалтай хослуулан зэс урлал хийдэг гэнэ.

 
-Сайн байна уу. Юуны түрүүнд манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
- Сайн байна уу. Намайг Төрийн Наргиймаа гэдэг. Одоо Дүрслэх урлагийн академийн Монгол зургийн ангийн нэгдүгээр курсын оюутан. Бага наснаасаа л гар урлалын олон төрлөөр бүтээл туурвих дуртай байсан. Голчлон цаг заваа зарцуулж хийдэг нь зэс урлал байгаа. Энэ төрлөөр таван жил бүтээл туурвиж гадаад, дотоодын үйлчлүүлэгчдээ түгээж хүргэж байна.
 
-Зэс урлалыг сонирхон худалдан авах хүмүүс хэр олон бэ?
-Гадаад хүмүүс бол Монголын гар урлал эрүүл мэнд, бие организмд эерэг нөлөөтэй гэдэг утгаараа зэс урлалыг их сонирхдог. Монголчууд арьсны өвчлөлд ач тустай гэдэг үүднээс маш их худалдан авдаг. Би зэс урлалыг орчин үеийн хийц, шийдэлтэй хослуулаад өвөрмөц загвараар урладаг болохоор залуучууд мөн их сонирхоно. Одоо бол би тодорхой хэмжээний худалдан авагч, үйлчлүүлэгчтэй болсон.
 
-Багаасаа зэс урлал хийж сурсан охин яагаад зургийн ангид сурах болов?
-Миний хийж байгаа зүйл зургийн ангид ороход чиглүүлсэн болов уу. ЕБС-ийн дунд ангид байхаас л зэс урлал хийж эхэлсэн болохоор төвөгшөөх, хойш суух асуудал байдаггүй. Цаг зав муутай байсан яаж ийж байгаад л зохицуулдаг. Багаасаа л зураг зурах, бусдын зурсан зурганд дуртай байсан. Эмээ маань намайг бага байхад бурхан болсон. Тийм болохоор дурсамж сэдрээх зүйл байхгүй учраас эмээтэйгээ хамт байгаагаар төсөөлж зурсан.
 
 
Хүн гунигтай үедээ тайтгарахын тулд дуу сонсдог, кино үзэх шүү дээ. Миний хувьд бол гар урлалаа хийж байхдаа л тайвшрлыг олж авдаг. Мөн өөрийн гараараа урласан бүтээлээ хүнд бэлэглэх маш гоё мэдрэмж өгдөг.
-Хамгийн анх гар урлалын ямар бүтээл хийж байв?
-Ямар ч чулуу, арьс шийр, хясаа хэрэглэхгүйгээр дан зэсээр эмээг, бөгж, бугуйвч зэргийг хийж байсан. Эдгээр бүтээл маань нүд ирмэхийн зуурт зарагдчихсан. Энэ нь ч надад дахин илүү гоё бүтээлүүд хийх түлхэц болсон.
 
-Гар урлалаас өөр ямар хоббитой вэ?
-Зоос, мөнгөн тэмдэгт, тамга зэргийг цуглуулдаг. Ер нь Монголынхоо түүх, соёл, уламжлалд дуртай. Тиймдээ ч цаашдаа гадаад, дотоодын хүмүүст бүтээлээр дамжуулж, дэлгэрүүлэх хүсэл бий. Тиймээс эртний эдлэл, түүхийг судлах, цуглуулах дуртай. Миний чөлөөт цаг уран бүтээлээ туурвих. Яагаад гэхээр сурагч байхаасаа л хичээлийн хажуугаар гар урлалаа хийж ирсэн.
 
-Чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг бол миний бүтээлээ туурвих цаг. Яагаад гэхээр ЕБС-ийн сурагч байхаасаа л хичээлийн хажуугаар чөлөөт цаг гарахаар гар урлалаа хийдэг байсан. Үеийн хүүхдүүд зааланд сагс тоглож, ууланд алхаж чөлөөтэй цагаа өнгөрүүлдэг бол би арай өөр юм уу даа.
-Гол түүхий эд чинь зэс юм байна шүү дээ. Тэгэхээр өөрийн хүссэн загвар, хийцээ гаргаж авахад зэсийн давуу болон хүндрэлтэй талууд нь юу вэ?
-Анх зэсээр хээ угалз гаргадаг ч юм уу, ямар нэгэн материалтай хослуулан хийдэггүй байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр арьс шийр, чулуу, хясаа, мод гэх мэт юутай хослуулж хийвэл болох вэ, бусдын бүтээлээс юугаараа ялгарах вэ. Тиймээс ялгарахыг бодож маш олон зүйл туршиж үзсэн дээ. Туршиж үзэх тусам ямар нэгэн байдлаар алдаа гардаг. Энэ нь дараагийн уран бүтээлээ илүү сайн хийхэд тус дэмтэй. Одоо шингэн шил гэдэг зүйлтэй холбож уран бүтээл хийж байгаа. Энэ шингэн шил нь ямар нэг зүйлд хязгаарлагдахгүй юу л бол юу хийж болно. Мөн ямар нэг уран бүтээлээс санаа авахгүйгээр цэвэр өөрийнхөө бодол, төсөөлөл, урам сэтгэмжийг бодит болгохыг илүүтэй чухалчилж үздэг.
 
-Бүтээлүүдээрээ ямар нэг үзэсгэлэнд оролцож байв уу?
- Зургийн үзэсгэлэнд бол төдийлөн олон оролцож байгаагүй.Сая хан болсон үзэсгэлэнд азтай гэх юм уу байдлаар орсон. Яагаад гэхээр оюутан тэр дундаа нэгдүгээр курсын оюутан олон нийтэд нээлттэй үзэсгэлэнд орно гэдэг ховор тохиолдол юм билээ. Мөн энэ үзэсгэлэн багшийн маань сургасан зургаан үеийн шавь нар оролцож байгаа нь онцлогтой болсон. Харин өмнө нь гар урлалын үзэсгэлэнгүүдэд олон удаа оролцож байсан. Би өөрөө гар урлалын газруудтай хамтран ажиллаж үзэсгэлэн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг.
 
-Гар урлалаа туурвидаг урлантай юу эсвэл гэрээр хийдэг үү?
-Өөрийн бүтээлээ хийдэг жаахан урлантай. Манай урлан дээр худалдан авагч нар  өөрсдөө гаргасан хэлбэр, загварыг авчрах ч тохиолдол байдаг. Мөн манай, өвөө, эмээгээс үе залгамжилсан чулуу, ээмэг, бөгж би меатриаллыг нь дахин боловсруулж хэрэглэмээр байна гэсэн хүмүүс их ханддаг. Би ч захиалгын дагуу хийж өгдөг. Мөн сувинерийн дэлгүүр, лангуутай хамтран ажиллахаас гадна цахимаар худалдаалдаг.
 
-Гар урлалаа хийж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Дотоод сэтгэлийн үнэхээр гоё мэдрэмж авдаг. Хүн гунигтай үедээ тайтгарахын тулд дуу сонсдог, кино үзэх шүү дээ. Миний хувьд бол гар урлалаа хийж байхдаа л тайвшрлыг олж авдаг. Мөн өөрийн гараараа урласан бүтээлээ хүнд бэлэглэх маш гоё мэдрэмж дагуулдаг. Тиймээс илүү гоё, шинэ санаа, загвар зэргийг их боддог. Нэг загвараа  давтаад тийм ч дуртай биш учраас үргэлж шинэ зүйл хайдаг.
 
-Өөрийн чинь бүтээлийг зүүж хэрэглэж байгаа хүмүүстэй ямар нэг байдлаар санаандгүй таарсан уу. Таарсан бол ямар сэтгэгдэл, мэдрэмж төрдөг вэ?
- Сүүлийн үед бол цөөнгүй таарсан. Мөн цахим орчинд сэтгэгдэл бичсэн байдаг. Тодорхой хэмжээний үйлчлүүлэгчдээсээ урмын үг сонсох маш гоё санагддаг. Огт танихгүй хүн миний бүтээлийг хэрэглээд гадуур явж байхад нь таарах үе бий. Үгээр хэлшгүй гайхалтай мэдрэмж авдаг.
 
-Цаашдаа энэ гар урлалаар ийм хэмжээнд очно доо гэсэн зорилго, зорилт байгаа юу. Байгаа бол бидэнтэй хуваалцаж болох уу?
-Томоор харж ийм, тийм болно гэж боддоггүй. Яагаад гэхээр жижиг ч бай, том ч бай, насан туршид надтай байх зүйл шүү дээ. Ирээдүйд ямар ч мэргэжилтэй болсон бай гар урлал миний тайтгарал, аз жаргал байх болно. Түүнээс ашиг орлого гэж боддоггүй.
 
 

Өөрийн бүтээлээ хийдэг жаахан урлантай. Манай урлан дээр худалдан авагч нар ирж, өөрийн хүссэн хэлбэр загварыг гараад авч ирдэг. Мөн манай, өвөө, эмээгээс үе залгамжилсан чулуу, ээмэг, бөгж би меатриаллыг нь дахин боловсруулж хэрэглэмээр байна гэсэн хүмүүс их ханддаг

-Гар урлал хийж байгаа болон хийх байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ. Дуртай зүйлээ хийхээр хүн ямар төлөвшилтэй болдог вэ?
- Миний бодлоор бүтээлчээр ажиллах, бүтээл талаас аливааг хардаг сэтгэлгээ, төлөвшилттэй болдог шиг санагддаг. Мөн янз бүрийн үнэтэй бренд гэхээс илүү хүний ур ухаан зарж хийсэн зүйлд дуртай. Анх хүмүүст гар урлал хийж байгаа гэхээр үл тоосон байдал ажиглагддаг байсан. Одоо бол эсрэгээрээ хүмүүс гар урлалын үнэ цэнийг мэддэг болсон нь анзаарагддаг болсон.
 
- Ээж, аав нь юу хийдэг вэ. Гарын дүйтэй хүмүүс байдаг уу?
-Манай ээж, аав хоёр гарын дүйтэй хүмүүс. Гэхдээ гар урлалын зүйл хийдэггүй. Намайг дэмжихээс гадна маш их итгэдэг. Юу хиймээр байна дуртайгаа хий. Алдсан ч байсан алдаанаасаа суралц өөрөөрөө бай л гэдэг.
 
- Нууц биш гар урлалын бүтээлүүдээ хэдээр зардаг вэ?
-Загвар хийцээсээ хамаараад таван мянгаас 300 мянган төгрөгөөр борлуулж байна. Үүнээс гадна худалдан авагчид маань ихэвчлэн тэжээвэр амьтдынхаа дүрсийг хийлгэх захиалга өгдөг. Би зэс утсыг ороож хийдэг. Цаашдаа хайлуулах технологийг турш үзэх санаа бий. Надад бүх зүйлийг хийж үзэх бодол байдаг. Тийм ч учраас өөрийнхөө хэрэглэдэг дээл, хувцас, ээмэг, бөгж зэргийг өөрөө хийж байгаа. Дээлийн хувьд энгийн дээл биш загвар хийцийн хувьд содон шийдэлтэй.

Т.НАРГИЙМАА: Чөлөөт цаг бол миний бүтээлээ туурвих цаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-18 11:35:40
    Sumya: Mundag ohin shvv tsaishdiin uran bvteeldn ondoroos ondor amjilt hvsey
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188