Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас /суррон/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 (4.6%) нь хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 буюу 88 хувь нь мэс засал хийлгэсэн бөгөөд үүний 63.6 хувь нь хүүхэд байгаа юм.
Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7, тархины гэмтэл 18, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувиар тус тус тэргүүлж байгаа аж.
Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:
• Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2%)
• Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1%)
• Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3%)
• Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2%)
• Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2%) байна.
Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 480 (82.2%) нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.
ГССҮТ-д скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насныхан байна |
|