• Өнөөдөр 2025-11-03

ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА

2025-11-03,   710

   ААВ МИНЬ 17 НАСТАЙДАА СУМЫН НААДАМД ТҮРҮҮЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ

  Монгол бөхийн түүхэнд тэр дундаа алдар цуутай аваргуудын дунд Сэрээтэрийн Цэрэн хэмээх хүчтэн уран хурц барилдаанаараа дархлагдан үлджээ. 24 настай байлдагч байхдаа төрийн наадамд түрүүлж, наадамчин олныг үнэнхүү цэнгүүлж чадсан бөхчүүдийн нэг нь тэр байлаа. 1961 оны Ардын хувьсгалын 40 жилийн ойн баяр наадмаар дархан аварга Д.Дамдин, Ж.Чойжилсүрэн арслан, У.Мижиддорж, Ч.Бээжин, Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир, С.Сосорбарам, Ц.Санжаа зэрэг хүчтэнүүд үзүүр, түрүүнд үлдэх зорилго тавьж, наадамчин олон ч тэдний нэгийг гарцаагүй түрүүлнэ дээ хэмээн онцлон ажиглаж байсан гэдэг. Гэвч тэрхүү барилдаанд улсын начин С.Цэрэн хэмээх залуухан бөх дархан аварга Д.Дамдинтай үзүүр, түрүүнд үлдэж, түүнийг өвдөг шороодуулсанаар төрийн наадамд таван жил тасралтгүй түрүүлээд байсан Д.Дамдин аваргын гайхалтай сайхан амжилтыг завсарлуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш С.Цэрэн аваргын барилдааныг үзэгч түмэн шимтэж, түүх намтрыг нь сонирхон сонсдог болж, цагийг эзэлсэн аваргуудын эгнээнд Цэрэн хэмээх бөх хүч түрэн орж ирсэн түүхтэй.

     Түүнийг ард түмэн ойн одтой бөх хэмээн онцлон ярих болсон учир нь,  Ардын хувьсгалын тэгш ойн барилдаанд дунд шөвгөөс дээш давсан бөхөд олгох цолыг нэгэн шатаар ахуилдаг байсан журам үйлчилж байсны дагуу С.Цэрэн тэр жилээ улсын заан, арслын цолыг алгасан Монгол Улсын аварга хэмээх өндөр дээд алдар цолыг шууд хүртсэн нь монгол бөхийн сүүлийн хэдэн жилийн түүхэнд гарч байгаагүй явдал болжээ. Тэрээр Ардын засгийн жилүүдэд Монгол Улсын гурав дахь даян аварга цолтой бөх болж, өнөө ч ард түмэндээ хайрлагдан, хүндлэгдсээр байна. Ингээд Монгол Улсын даян аварга С.Цэрэнгийн охин Батсүрэнтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Аав нь Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор аварга болчихоод чухам яаж баярлаж байсан, гэр бүл, нутаг усныхан нь аавыг нь хэрхэн хүлээж авсан байсан бол. Тэр сайхан баярт мөчийнх нь тухай ярилцлагаа эхлүүлье?

     -Тухайн үед одоогийнх шиг телевиз гэж байсангүй ээ. Хөдөөнийхөн бөхийг радиогоор л сонсдог байлаа шүү дээ. Аавыг аварга болоход би төрөөгүй байсан. Харин тэр үед аавыг улсын наадамд түрүүлсэн гэдгийг ээж минь сонсчихоод улаан хүрэн даавуугаар дээл хийчихээд угтаж байсан гэдэг. Мэдээж хамаатан садан, нутаг усныхан нь өөрсдөө түрүүлчихсэн юм шиг л ааваас дутахааргүй баярлаж, найр, наадам болж байсан байх. Харин аавыг хэрхэн, яаж баярлаж байсан тухай нь сонсож байгаагүй юм байна даа. Аав минь тэр наадмаас, тэрхүү цолоос их сайхан урам авсан байх л гэж боддог.

-Аавыг нь байлдагч байхдаа улсын наадамд түрүүлсэн гэдэг шүү дээ. Тэр жилийн наадамд барилдах болсон түүхийг нь та сонсож байсан уу. Том цолтой бөхчүүдийг хэрхэн давж байсан юм бол?

     -Аав 1957 онд цэрэгт татагдаж, Улаанбаатар хотод алба хаах үеэсээ бие хаа, барилдаанаараа олны анхаарлыг татаж эхэлсэн гэдэг. Цэрэгт очоод Б.Түвдэндорж аварга, Ц.Бадамсэрээжид арслан нараар бөхийн арга ухааныг заалгаж, улмаар улсын чанартай барилдаануудад барилдаж эхэлсэн юм билээ. Цэрэгт татагдаад удаагүй байхдаа “Хөдөлмөр” нийгэмлэгийн танхимд болсон барилдаанд хожигдож очоод эхний даваад бас нэг цагаасаа хоцорсон залуутай таарч, барилдаж байсан нь С.Сосорбарам арслан байсан гэдэг. Тэрээр энэ барилдааныхаа дараах даваануудад Ц.Бадамсэрээжид арслан, начин Мижиддорж нарыг давсан гэдэг. Уг барилдааныг үзэж байсан нутгийнх нь ах Лхагвасүрэн тэр үед Биеийн тамир, спортын хорооны дарга хийж байж л дээ. Тэр хүн барилдааных нь  дараа аавтай зориуд уулзан өөрийг нь магтаж, чихэр жимсээр шагнасан нь өөрийг нь ихэд урамшуулсан гэдэг. Түүний дараа 40 жилийн ой болж, аав 24 настайдаа улсын наадамд барилдаж, гурвын даваанд Ядмаа, дөрөвт Цэдэвсүрэн, тавд Самданчимэд арслан, зургаад Зундуй, долоод Дугарсүрэн начин, наймд Бээжин заан болон ирээдүйн аваргуудыг давж, үзүүр түрүүнд дархан аварга Дарийн Дамдинтай үлдэн түүнийг өвдөг шороодуулж байсан нь монгол бөхийн түүхэнд онцгой амжилт болж байсан юм билээ. Тэр жилийн наадамд 512 бөх барилдсанаас дархан аварга хоёр, даян аварга хоёр, улсын аварга нэг, улсын арслан долоо, 14 улсын заан, 25 улсын начин цолтой бөх барилдсан гэдэг. Аав тэднийг давсан нь үнэн боловч чухам ямар мэхээр яаж давсаныг нь би мэдэхгүй юм. 

-Аавыг нь бага байхад нь томчууд "бөх болно оо" гэж магтдаг, ерөөдөг байсан болов уу. Багадаа хэр барилдах дуртай хүүхэд байсан юм бол?

      -Аав минь Булган аймгийн Сайхан сумын Агуйтын голд төрж, өссөн. Сэрээтэр хэмээн уран гартай, дархан хүний дөрөв дэх хүү болон мэндэлсэн байдаг.  Малчин айлын хүүхэд болохоор эмнэг сургах, морь малд явах гээд хөдөөнийхний хийдэг бүхий л ажлыг хүүхэд ахуй цагаасаа сурсан байдаг. 15 настайгаасаа өвс хадах, мод бэлтгэх ажилд явж сурсан гэдэг. Багадаа хөрслөг бор царайтай, махлаг дуухан мөртлөө барилдах, ноцолдох дуртай байсанд нь нутгийнхан "Бөх болно оо" гэж бэлэгшээдэг байсан юм билээ. Аав багадаа их бяртай хүүхэд байсан гэдэг шүү. 

-Аливаа бөхийн амжилт, түүх сумын наадмаас эхэлдэг шүү дээ. Аавынх нь амжилт, бөх болох замнал нь ч үүнээс эхлэлтэй байх? 

       -Аав 12 настайдаа сумын наадамд барилдаж, улсын цолтой бөхийн аманд гарч байсан гэдэг. Түүний дараахан мөн тийм нэгэн барилдаанд нутгийнхаа Чимид хэмээх сайн бөхийг өвдөг шороодуулж, 16-тайдаа сумын наадамд гурав давж, 17 настайдаа Баян-Агт сумын аймгийн арслан цолтой бөхийг давж түрүүлсэн гэдэг. Тэр жилийн Баян-Агтын наадамд аав минь 17 настайдаа түрүүлж, “оодон” Пүрэв хэмээх нутгийнх нь жижигхэн биетэй залуу 18 настайдаа хурдан унаж түрүүлж байсан гэдэг. Нэг голын хоёр зэргэлдээ сумынхаа наадамд явж, ийнхүү тэр жилийнх нь наадмыг чимсэн гэдэг юм. Тэр цагаас хойш аав тасралтгүй барилдсан. Улсын наадамд 32 жил барилдсан байдаг.  Тэр хугацаанд аав минь улсын наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, хоёр удаа долоо, зургаан удаа зургаа, гурван удаа тав даван шөвгөрч, 45-49 насандаа хоёр удаа дөрөв давж байсан юм билээ.

-Аавынх нь удамд бөх хүн байсан болов уу?

       -Аавын авга ах нь аймгийн арслан цолтой хүн байсан юм билээ. Түүнээс өөр наадамд барилддаг бөх байгаагүй. 

-“Армийн таван халуун” хэмээн нэрлэгддэг байсан  залуучуудын нэг нь таны аав юм билээ. Найзууд нь аавыг нь хэрхэн дурсдаг байсан бол танд сонссон зүйл бий юү?

       -Улсын заан Т.Зундуй гуай “Аварга бид хоёр нэг үеийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид. Бид үй зайгүй нөхөрлөж, армийн таван халуун гэгдэж явлаа шүү дээ. Армийн таван халуун гэдэг нь С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, “том” Санжаа, “бага” Санжаа бид тавыг хэлдэг байсан юм. Биднээс ч бөхчүүд бэргэдэг, таарахаасаа халгадаг байсан цаг. Тэр үед одоогийнх шиг сайхан залуу шалгаруулах тэмцээн болдог байсан бол манай хүн л лав хэд хэд түрүүлэх байсан байх шүү. Бидэн дунд зогсож байгаа нь арай цэвэрхэн, үзэмжтэй. Зодог, шуудаг, малгайгаа өмсөөд засуул дээрээ очоод зогсож байгааг нь харахад уяан дээр дэлийг нь зассан нэг сайхан морь тэнзэн ташуурыг нь шондож уясантай дүйцүүлмээр санагддаг юм. Ядарсан хүнд их тусч, хаана л явна монгол дээлээ өмсдөг байлаа. Ихэвчлэн ногоон, хөх өнгийн дээл өмсдөг байсан нь сайхан санагддаг юм. Би найзынхаа хийж өгсөн сайхан зодог, шуудгыг өмсөж, улсдаа шөвгөрч л явлаа. Ханилж явахад ханилгаатай эрийн жудагтай хүн дээ” хэмээн дурссан байдаг. Энэ мэтчилэн олон сайхан бөх аавын тухай дурсан ярьсан байдаг нь тэдний тухай дурсамж номонд байдаг.

-Аавыг нь монгол бөхийн 33 шинжээс 32-ыг нь нэгэн биед бүрэн цогцлоосон хэмээн бөх судлаачид, бөхчүүд ярьдаг юм билээ. Энэ тухай нь?

      -Монгол бөхийн 33 шинжээс 32-ыг нь нэгэн биед бүрдүүлсэн бөх цөөн байдаг юм билээ. Аав минь тийм сайхан төгс биетэй, царайлаг хүн байсан. Том цээжтэй, өндөр хүн байсныг нь би сайн санадаг. Тийм сайхан ааваараа үргэлж бахархан дурсаж явдаг даа. Аав ч монгол бөхийн 32 шинжийг цогцлоосон гэдгээрээ алдартай байлаа.  

-Аав нь барилдахаасаа гадна бөхчүүдийн зодог, шуудгийг оёж өгдөг уран гартай гэдгээрээ тэднийхээ дунд алдаршсан шүү дээ. Чухам ямар бөхчүүдийн зодог, шуудгийг оёж өгдөг байсан бэ?

      -Аавын оёсон олон зуун зодог, шуудаг, жанжин малгайг ихэнх бөхчүүд өмссөн дөө. Улсын начин Ж.Оргилболд агсан хамгийн анхны зодог шуудгаа ааваар оёулж өмссөн гэдэг юм. Бас Ж.Мөнхбат аварга улаан хүрэн хамбан зодог шуудаг оёулж байсан гэдэг. Аавын хийсэн зодог, шуудаг ямар ч бөхийн биед нь таарсан байдгаараа онцлогтой байсан юм билээ. Аав минь социализмын үед ганцаараа 10 хүүхэд өсгөж, хүмүүжүүлж, гэр орноо авч явах гэж цалингаасаа гадна зодог, шуудаг оёж мөнгө олдог байсан юм билээ. Тэгээд  аймгуудын спорт хорооныхонд зодог, шуудаг хийж өгч, хэд гурван төгрөг олохоор нь дамын наймаа хийлээ хэмээн шийтгүүлж байсан гэдэг юм.

-Танайд бөхчүүд их ирдэг байсан уу. Аав нь тэднийхээ чухам хэнтэй нь дотно нөхөрлөдөг байсан бэ?

      -Цагаан сар, наадмаар манайд бөхчүүд их ирдэг байсан. Цагаан сараар манайх хоёр ууц чанадаг байлаа. Битүүний орой аавыг дагаж ирсэн бөхчүүдэд нэг ууцыг нь хувь хэмээн хувааж өгөөд дуусдаг байсан юм. Бид 10-уулаа болоод ч тэр үү гэрт бараг л багтацгаадаггүй байсан. Наадмаар ч мөн ялгаагүй бөхчүүд манайд цугларч айраг ууцгааж, хөөрөлддөг байсан нь сайхан санагддаг байсан. Тэр дундаа Хадаа аварга манайд их ирдэг байсан. Аавыг байхад манайх ийм л түм түжигнэж, бум бужигнасан айл байлаа даа. Манайх тэгэхэд 5 буудалд алдарт дуучин П.Адарсүрэнгийнхтэй ойролцоо амьдардаг байсан юм. Том эгчийг гадаад руу сургуульд явахад нь манайх П.Адарсүрэн гуайг урьж, дуулуулж байж билээ. Тэр явдал санаанаас ер гардаггүй юм. Нээх өндөр, хүрэн царайтай хүн ямар сайхан дуулна гэж санана аа. 

-Та аавынхаа барилдааныг дэргэдээс нь үзэж байв уу. Ер нь бөх үзэх сонирхолтой юу?

       -Би 14 настайдаа аавынхаа барилдааныг үзэж байсан. Ээж минь бөх үзэх дуртай хүн байсан болохоор биднийг хэд хэдээр нь дагуулаад явдаг байлаа. Аавыгаа даваад, дэвээд гараад ирж байхыг нь харах хүүхэд бидний хувьд аз жаргал, баяр хөөр минь байлаа шүү дээ. Харин аав өвдөг шороодох юм бол тэр наадам бидний хувьд дууслаа л гэсэн үг. Би бөх үзэх дуртай. Хааяа аавыг барилдаж байсан үеийн барилдаан телевизээр гардаг юм. Түүнийг үзэх их сайхан. 

-ЦАГААН САР, НААДМААР ААВЫГАА УЙЛААД СУУХЫГ ХАРАХ ХЭЦҮҮ БАЙДАГ БАЙЛАА-

-Та ээжийнхээ тухай ярьж өгөөч. Бас  уран хүн байжээ?

      -Ээж минь дээл, зодог, шуудаг гээд бүгдийг л оёдог байсан. Их сайхан дөлгөөхөн зантай эмэгтэй байсан даа. Аав цэрэгт явахаасаа өмнө хоёр хүүхэдтэй болчихсон байсан юм. Ээж аавыг цэрэгт явсан хойгуур хүүхдүүдээ их сайхан өсгөж, хүмүүжүүлсэн. Харамсалтай нь, 40 гаруйхан настайдаа бурхан болчихсон юм. Харин түүнээс хойш аав минь биднийг ганцаараа өсгөх, хүний дайтай болгох гэж хэрэндээ л хичээсэн байдаг. Түүнийг нь бид одоо л ойлгож, ухаарч, аав, ээжийгээ өрөвдөж суудаг юм.

-Тухайн үед бага дүү нь хэдэн настайдаа ээжээсээ үлдэж байсан бэ?

      -Бага дүү зургаан настай ээжээс үлдсэн. Би зургадугаар ангийн сурагч байлаа. Тэгэхээр бид ер нь багаасаа ээжээсээ өнчирч үлдсэн. Биднийг өглөө сэрэхэд аав минь хэзээний л босож галлаад гэрээ дулаацуулчихсан, цай хоолоо хийчихсэн байдаг байсан. Тэр цагт аав минь гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг л бидний төлөө зүтгэж байсан. Цагаан сар, наадам болохоор ганцаараа уйлаад л суудаг байсныг нь одоо бодоод өрөвддөг юм. Эр хүн тэр тусмаа аавыгаа уйлаад суухыг харах хэцүү байдаг байлаа. Ээжээс хойш сэтгэл санаа нь хямарч хэсэгтээ бор дарс уусан. Хүмүүс аавыг авч яваад уулгачихаад л аваад ирдэг байсан. Тэр болгонд аав минь даанч элдэв ааш, догшин авир гаргадаггүй байж дээ. Уусан ч уйлаад л суудаг тийм л уян зөөлөн хүн байсан даа, хөөрхий. Тэгээд аав минь мөн л залуудаа буюу 55 настайдаа өвчний улмаас бурхан болсон юм. 

-Та аав, ээжээсээ зодог, шуудаг, малгай, гутал оёхыг өвлөж авсан уу?

      -Бид 10-уулаа зодог, шуудаг оёж сурсан. Тэр дундаа би монгол гутал хийж сурсан даа баярлаж явдаг. Аав минь намайг гуталчин болгосн юм. Одоо аавынхаа өв тээгч болчихоод явж байгаа. 

-С.Цэрэн аваргын ач, зээ нараас барилдаж байгаа хүүхдүүд бий юү?

    -Бөхийн дугуйлангаар хичээллэж байгаа хүүхдүүд бий. Одоохондоо барилдаж, амжилт үзүүлсэн хүүхдүүд алга. Манай бага дүү цэргийн начин цолтой байсан юм. Харамсалтай нь, бурхан болсон. Үлдсэн бид нь ганц, хоёр насны зөрүүтэй болохоор зэрэг л хөгширч байна даа. Харин өвөө, эмээгийнхээ оёх ур ухааныг өвлөсөн хүүхдүүд бий. Манай охин зодог, шуудаг оёдог. Удахгүй охинд нь зааж өгнө дөө.

-Ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа.

 

 


ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188