• Өнөөдөр 2025-05-07

УРАН: МОНГОЛ АЛГУУРЛАЖ ҮЛ БОЛНО

2023-11-10,   892

     Хүн төрөлхтөн үүссэн цаг үеэс эхлэн өрсөлдөөн хэмээх ганц дүрэм хэзээд эн тэргүүнд тавигдсаар ирсэн түүхтэй. Өөрт болон тойрон хүрээлэл, цаашлаад овог аймаг, улс орондоо давуу боломж бий болгохын төлөө бид тэмцсээр өдийг хүрсэн. Өдгөө ч энх тайвнаар зэрэгцэн оршиж буй улс орнуудын хувьд ч бусдаас илүү хөгжин дэвжихийн төлөө хичээсээр, тэмцсээр байна. 

     Энэ тэмцлийн хамгийн гол зэвсэг яах аргагүй технологийн хувьсал дээр суурилж буй. Хэн ямар технологийг нэвтрүүлж, хэрхэн эзэмшиж байгаагаас хамаарч хүчирхэг байдал, аз жаргал, хөгжил дэвшил нь хэмжигддэг болсон цаг. Тийм ч учраас монголчууд эсгий гэртээ түүхий нүүрсээ умалгаж суухад урд хөрш цагт 600 км хурдлах цахилгаан соронзон галт тэрэг туршаад дууслаа хэмээн шүүрс алдан харуусах нь өнөө цагийн эмгэнэл болоод удлаа. Товчхондоо энэ их өрсөлдөөн, тэмцэл дунд Монгол Улс хойш суусаар байвал хүн амын 27.8 хувь нь (2020 оны статистик) ядуу хэвээр үлдэж, хоёр их гүрний дунд улам хавчуулагдаж, саварт нь улам гүн бат шигдсээр хоцроно. Хамгийн эмгэнэлтэй нь Дэлхийн банкны тайланд дурдсанаар Монголд таван ядуу хүн тутмын хоёр нь хүүхэд (15-аас доош насны) байна. Энэ нь бид ирээдүйгээ үмх талхгүй, өлмөн зэлмүүн амьдруулж буй, хэтэрхий арчаагүй байгаагийн тод жишээ юм.

     Тиймээс ядуурал хэмээх энэ ичмээр цол гуншингаас салж, хөгжил дэвшил рүү тэмүүлэхийн тулд бидэнд хүн төрөлхтний хэдэн мянган жилийн турш явж ирсэн замналтай нэгэн адил тэмцэх хэмээх цор ганц сонголт үлдэж байна. Мэдээж үүнийг технологийн дэвшил дээр тулгуурлаж хийнэ. Ингэхдээ эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох, бусад салбараа өсгөн тэтгэх хөрөнгө оруулалтын шинэ урсгалыг бий болгох, гурав дахь ч хөршийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг суурь алхамуудыг зоригтой хэрэгжүүлэх учиртай. Та талх барихын тулд хажуу айлаасаа түлш гуйж нөгөө нэгнээс нь исгэгч зээлсээр байвал яах вэ. Өнөөдөр гурван талх барих хэрэгтэй. Маргааш нь дөрөв болгож өсгөх мөрөөдөлтэй Та түлшгүй, исгэгчгүй бол хэрхэх билээ. 

     Өмнөх бичвэрээс багахан завсарлага авч, богинохон түүх хуваалцъя. Дэлхийн Хоёрдугаар дайнд ялагдаж, шалдаа буусан орон бол Япон. Тэгвэл уг улс орон, ард түмэн нь шийдэмгий, тууштай, сахилга баттай тэмцлийнхээ ачаар үнс нурам дундаас богино хугацаанд өсөн өндийж, сэргэн мандаж чадсан билээ. Дайнд ялагдсанаас хойш ердөө 20 гаруйхан жилийн дараагаас л эхэлж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын эхний байруудад эрэмбэлэгдэж, улмаар 2, 3 дугаарт ээлжлэн бичигдэж ирсэн түүхтэй юм. Япон нь 2010 он гэхэд эдийн засгийн өсөлтийн төлөө тууштай хичээж байсан БНХАУ-ыг ардаа орхисон байдаг. Энэ онд Японы ДНБ 4.23 их наяд ам.доллараар хэмжигдэх төлөвтэй байна. 

     Энэ их өсөлт, хүчирхэг байдлын нөлөө нь тус улсын аюулгүй байдлын баталгаа болж, ард иргэдийнх нь эдийн засгийн бие даасан байдлыг улам бэхжүүлсээр ирсэн. Мэдээж хөгжлийн гол нууц нь өнөөх л технологи. Тус улсын технологийн амжилтыг тоочино гэдэг ямар ч хүний хувьд халширмаар зүйл. Хэтэрхий нүсэр, баялаг учраас тэр. Байгалийн баялаг багатай, арал дээр оршиж буй тус улс технологийн хөгжилд суурилсан өндөр амжилтад хүрэхийн тулд юу хийсэн бэ. Уг үндэс суурь буюу дэд бүтцээ бат гүн байгуулж чадсан явдал аж.

    Дээр өгүүлсэнчлэн, бидэн шиг өнөөдөр гурван талх барьж, маргааш нь дөрөв болгож нэмэгдүүлэхийн тулд бусдаас түлээ гуйх замналаар явж болохгүй гэдгийг ойлгосон явдал байлаа. Тодруулбал, Япон улс 1954 оноос атомын цахилгаан станц хөгжүүлэхэд түлхүү ажиллаж, 1963 оноос туршилтын реактортой болох алхамыг хэрэгжүүлсэн түүхтэй. Өдгөө хөгжлийн гол суурь нь үүн дээр оршин тогтнож байна. Тэд хөгжихийн тулд юу хийх вэ гэдгээ сайтар тунгааж, хамгийн гол нь зоригтойгоор эхлүүлж чадсан нь өнөөдрийн тэргүүлэгч эдийн засагтай Япон улсыг бүтээжээ. 

    Ингэснээр бүх зүйл нь үнэ цэнээ олж эхэлсэн юм. Америк, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад нэг метр квадрат газарт ногдож буй байгалийн баялгийн үнэлгээ нь 125 мянган ам.доллароор хэмжигддэг тухай Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэгэн ярилцлагынхаа үеэр хэлж байсан. Харин манай улсын хувьд энэ үнэлгээ нь нэг ам.долларт ч хүрэхгүй байгааг нэмж дурджээ. Өөрөөр хэлбэл, яг ижилхэн эрдэс баялгийн нөөц арлын Япон, Америкийн хөрсөнд “хэвтэж” байгаа учир 125 мянга, харин Монголд нэг ам.доллароор үнэлэгдэж байна. 

    Хүссэн, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэг дүрэм бий. Шударга байдлыг дэнсэлбэл эрдэс баялагтай улс орон илүү их давуу эрхтэй, хөгжих боломжтой, илүү ихээр үнэлэгдэх учиртай мэт. Энэ хэмжүүрээр харьцуулбал, байгалийн баялагийн асар их нөөцтэй Монгол, нөөцгүй шахам Япон хоёрын хөгжлийн, хүчний харьцаа манай улсад илүү их жин дарах учиртай байв. Гэвч бодит байдал гэвэл тухайн эрдэс баялгийг хамгийн үр өгөөжтэйгөөр боловсруулж, өндөр технологиор нэмүү өртөг шингээж буй улс нь үр өгөөжийг хэдэн зуу дахин илүү хүртдэг дүрэм тогтсон. Ямартай ч одоо хүчин төгөлдөр байгаа дүрэм нь энэ. 

    Үүний цаана нөгөө л хэдэн мянган жилийн турш өөрт болон овог аймаг, улс гүрэндээ давуу байдал тогтоож, боломжийг өрсөн атгахын төлөөх тэмцэл. Мөнхийн тэмцэл, мөнхийн өрсөлдөөн. Энэ бүхэнд бид ялагдагч хэвээр үлдэхгүйн тулд зөв стратегиар зоримог, шийдвэртэй алхамуудыг хэрэгжүүлэх шаардлагатай билээ. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт монгол алгуурлаж үл болно. 

 

УРАН: МОНГОЛ АЛГУУРЛАЖ ҮЛ БОЛНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188