• Өнөөдөр 2025-05-16

Япон Улс инфляцтай тэмцэхэд 264 тэрбум ам.доллар зарцуулна

2022-10-29,   419

     Японы Засгийн газар баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, эдийн засгаа эрчимжүүлэх төсвийн шинэ багцаа баталсан тухай "Эн-Эйч-Кэй" мэдээлсэн байна. Иенийн ханшийн уналт болон түүхий эдийн үнийн өсөлтөөс үүдэлтэй хэрэглээний үнийн хөөрөгдлийг хязгаарлахад 39 их наяд иен буюу 264 тэрбум доллар зарцуулахаар шийдвэрлэжээ.
 
     Японы Ерөнхий сайд Кишида Фумио хэвлэлийн бага хурлын үеэр "Энэ бол үнийн өсөлтийг даван туулах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эдийн засгийн багц юм. Бид ард иргэдийнхээ амьжиргаа, бизнесийг дэмжихийн тулд тодорхой дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгаа бэхжүүлэх хүчин чармайлт гаргасаар байх болно" гэж мэдэгдсэн байна.
 
    Тодруулбал, Японы Засгийн газар 264 тэрбум доллар зарцуулсан тусламжийн шинэ багцийн хүрээнд, инфляцийн түвшинг 1.2 нэгж буюу түүнээс дээш хувиар бууруулахын зэрэгцээ дотоодын нийт бүтээгдэхүүнээ 4.6 орчим хувиар өсгөнө гэж төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн Кишидагийн засаг захиргаа цахилгааны төлбөрийн дарамтад нэрвэгдсэн өрхүүдийг дэмжихийн тулд төлбөрийг 20 орчим хувиар бууруулахаар зорьж байгаагаа илэрхийлжээ.
 
    Энэхүү багц хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийн өсөлтийг зогсоох зорилгоор ирэх санхүүгийн жилийн эхний хагаст газрын тосны бөөний худалдаа эрхлэгчдэд олгох татаасыг чангатгах бодлого баримтлах юм байна. Үүнээс гадна Японы Засгийн газраас жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд 700 орчим америк долларын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
      Кишидагийн засаг захиргаа ирэх сард уг хөтөлбөрийг санхүүжүүлэх нэмэлт төсвийг парламентад өргөн барихын сацуу оны эцэс гэхэд батлахыг зорьж буй юм байна.

Япон Улс инфляцтай тэмцэхэд 264 тэрбум ам.доллар зарцуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188