• Өнөөдөр 2024-04-27

Э.ДОРЖБАЛ: Ажилтнууд минь сэтгэлээрээ мөнгө цуглуулж, хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, мод тарьсан

2021-06-17,   1634

        Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ногоон байгууламж нэртэй жижигхэн талбайд хэдэн мод суулгаж, хашаа хатгаж, хулдаасан хэвлэл хадсан зураг цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна.

Энэ талаар сурвалжлахаар бид тус газарт очсон юм. 2х3 ам.метр хэмжээтэй талбайд хоёр монос, 20 гаруй бургас тарьжээ. Ингэхдээ модныхоо нүхийг чулуугаар хүрээлж, хашааг нь шар өнгөөр будаж, хажуу талд нь “Хог бүү хая. Хог хаяж буй иргэдийн мэдээллийг хорооны 1145.... дугаар утсанд мэдэгдэнэ үү” гэсэн бичигтэй цагаан өнгийн самбар тавьсан байлаа.  Айлын хашаанаас модныхоо хайсыг бэхэлсэн байв.

Хогийн цэг байсан газарт мод тарьжээ

      Мод тарьсан гэх хэсэгт өмнө нь айлууд хогоо хаядаг газар байжээ. Энэ талаар тус хэсгийн оршин суугч эмэгтэй “Хэд хоногийн өмнө ажилдаа яваад ирэхэд мод тарьчихсан байсан. Мод тарьсан хэсэгт өмнө нь хогийн бункер байдаг байсан юм. Ойр хавийн оршин суугчид хогоо хамаагүй хаяж, орчин тойрон нь бохирдолтой байлаа. Харин хорооноос эл хэсгийн хогийг цэвэрлэж, дахиж хог хаях боломжгүй болгосон байна лээ. Жижигхэн ч гэсэн талбайд ногоон байгууламж хийсэнд баяртай байгаа” гэв.

Мөн өөр нэг оршин суугчийн хэлж буйгаар “Мод тарьсан эхний ганц, хоёр хоногт айлууд хогоо хаяад байсан. Хорооноос хяналт тавьж, хог хаяж байгаа иргэдэд шаардлага тавьсаар энэ асуудал цэгцэрч байна. Анх мод тарьсан хашаанд “Бүх нийтээрээ мод тарих аян” гэсэн бичигтэй хулдаасан хэвлэл хадсан байсан. Харин өчигдөр (уржигдар) хорооны ажилтнууд ирээд аваад явсан” гэлээ.

“Мод тарьсан хэсэгт 100-150 мянган төгрөгийн санхүүжилт орсон”

Бид энэ талаар тайлбар, мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны байрыг зорьсон юм. Тус хорооны дарга Э.Доржбалаас дараах тодруулгыг авлаа.  

-Таны удирдаж байгаа хорооны нутаг дэвсгэрт хэдэн мод тарьж, хашаалаад том хулдаасан хэвлэл хадсан зураг цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

         -Манай хорооны ажилтнууд зургадугаар сарын 1-нд буюу бүх нийтийн амралтын өдрөөр хамтарч тэр хэсгийг хоггүй болгохоор зорьсон юм. Маш их хур хог ихтэй газарт мод тарьж, жижигхэн хашаа хатгаж байж л хоггүй боллоо. Олон удаа хоггүй болгох гэж хичээсэн ч тэр бүр амжилтад хүрч байгаагүй. Хороо ямар ч төсөвгүй учраас бид өөрсдөө мөнгөө гаргасан. Хорооны ажилтнууд маань өөрсдийнхөө боломжоороо 3000-5000 төгрөг цуглуулсан байна лээ. Гэхдээ өгөх нэг нь өгөөд өгөхгүй нэг нь өгөөгүй. Бүх боломж бололцоогоо ашиглаад хувиасаа үлдсэнийг нь гаргасан. Харин одоо хоггүй болж, сэтгэл амраад байна. Хүмүүс цахим орчинд өөр өөрийн харсан өнцгөөр бичиж, бухимдаж байх шиг байна лээ. Дахиад хэлэхэд улсын нэг ч төгрөгөөр энэ ажлыг хийгээгүй шүү. Хороогоо хоггүй болгоно гэсэн зорилтынхоо хүрээнд хувиасаа мөнгө гаргаж, мод тарьсан юм. Бидний боломж л ийм байлаа. Уг нь мөнгөтэй байдаг бол тэр хэсэгт олон мод тарьж болохоор л байна.

-Модны талбайгаасаа том хэмжээтэй яам, дүүргийн логотой хулдаасан хэвлэл хадсан байсан гэсэн. Биднийг сая очиход хулдаасан хэвлэлийг нь авчихсан байна лээ. Энэ ямар учиртай юм бэ?

        -Өнгөрсөн тавдугаар сард Байгаль орчны яамнаас “Бүх нийтээр мод тарих” өдөрлөг зохион байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд манай хорооны нутаг дэвсгэрт 250 мод тарьсан. Дүүрэг ашиглаж байсан хулдаасан хэвлэл хороонд үлдсэн юм. Хогийг нь цэвэрлэж, мод тарьсан хэсгийн хашаа хүн харахад үзэмж муутай. Тийм учраас бид өөрт байсан хуучин хулдаасан хэвлэлээ хадчихсан юм. Энэ нь буруудлаа гэж бодож сууна. Хүмүүсийг шүүмжлээд байхаар нь бид өглөө очоод авчихсан. Хорооноос хийсэн ажил байхад дүүргийн Засаг даргыг хүртэл шүүмжлээд байхаар нь арга буюу очоод авлаа.

-Нийт хэдэн төгрөгөөр тус хэсгийг тохижуулсан юм бэ?

       -Хашааг нь таньдаг хүнийхээ барилгын компаниас гуйж байгаад авсан. Хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны СӨХ-өөс хэдэн мод гуйж аваад тарьсан. Модны суурь хийсэн чулуугаа тэр хавиас нь зохицуулсан. Хоёр будаг 30 мянган төгрөгөөр авч будсан. Хашаагаа 20 мянган төгрөгөөр унаанд тавих, хогоо ачуулах зэргээр 100-150 мянган төгрөг л болсон байх.

-Тус хэсгийн оршин суугчид “Хоггүй болсон” гээд сэтгэл өндөр байна лээ. Танай хороонд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

       -Тулгамдаж байгаа ганцхан зүйл нь хог. Хорооны утас руу иргэд өдөр шөнөгүй “Хогоо ач” гэж залгаж, бухимддаг. Би өнгөрсөн нэгдүгээр сард Засаг дарга болсон. Үүнээс хойш хоггүй болгох юм сан гэж хорооныхоо ажилтнуудтай хамтарч ажиллаж байна. Эхнээсээ энэ мэт шүүмжлэл дагуулж байгаач ажлуудаа хийсээр л байна. Манай хороонд хогийн цэг болчихсон газрууд цөөнгүй бий. Үе шаттайгаар хогийг нь цэвэрлэж, цөөхөн ч болтугай мод тарьсаар байх болно. Хогийг нь мянга цэвэрлээд нэмэргүй, буцаад л хогоо хаячихаад байдаг юм. Хоггүй болгох ганц арга нь мод тарьж, хашаа хатгах байлаа. Шүүмжлэл дагуулаад байгаа хэсгийг цэвэрлэж, мод тарьсны дараа хүмүүс хогоо хаяад байсан. Бид зургаар баримтжуулж, дахиж хог хаявал торгоно гэдгээ хэлсэн. Хүмүүс дахиж хог хаяагүй байна лээ. Үр дүн гарч хорооны минь нэг хэсэг хоггүй болж байгаад баяртай байна.

“Хоёр иргэнд гэр өгч, хүнсний тусламж хүргэсэн”

       Мөн тэрбээр “Хүмүүс хоолгүй болчихлоо. Бид ковид тусчихлаа, эмний мөнгө, хоол хүнс өг” гээд уйлаад залгадаг. Энэ бүрт л иргэддээ тусалж, өөрийнхөө халааснаас зарим үед тусламж хүргэж байсан. Засаг даргын ажлаа аваагүй байхдаа өнгөрсөн онд олон айлд хүнсний тусламж хүргэж, хувиасаа 100 гаруй айлд түлшний тусламж үзүүлж байсан. Мөн хүмүүстэй хамтарч хоёр айлд иж бүрэн гэр бэлэглэж байсан гээд хийсэн олон ажил бий. Тусламж хэрэгтэй айл олон байдаг учраас би илүү их зүйлийг хийхээр хорооны дарга болсон. Хамт олонтойгоо чадлынхаа хэрээр зүтгэж, хичээж байгаа. Өшөө ч их зүйлийг хийнэ гэсэн итгэл дүүрэн байгаа” гэлээ.

 


Э.ДОРЖБАЛ: Ажилтнууд минь сэтгэлээрээ мөнгө цуглуулж, хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, мод тарьсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 23:14:08
    Иргэн: Хороон даргадаа баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 14:04:29
    Иргэн Б.Гэрэлцэцэг: Мундаг сэтгэлтэй хороон даргатай болсоон .Бид бүхний тав тухтай амьдрах орчиныг тохижуулж өгсөн бүх хүмүүсдээ баярлалаа Цаашдын ажилд амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 12:18:51
    оршин суугч: Баярлалаа та бүхэндээ хур хогноос минь салгаж өгсөнд манайх энэ орчинд нь амьдардаг болхоор энд хаясан хог салхинд хийсээл мөн нохой зууж хашааны үүдэнд авчирч тараана тэгээд ч уудаг усны минь хажууд хог навсайгаад үнэхээр ой гутам олон жил болсондоо ийм их арилдаггүй байсан хогийг цэвэрлэж цэцэг мод сүндэрлүүлсэнд маш их баяртай бна та бүхэн минь энэ сайхан эрч хүчээрээ ажлаарай дахин дахин баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 11:57:39
    Баяр хүргэе: Үнэхээр мундаг байна. Ажлын амжилт хүсье. Шантралгүй улам хичээгээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 11:36:43
    Баярлалаа: Хийсэн ажил хэзээ ч багаддаггүй... Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 11:36:38
    Баярлалаа: Хийсэн ажил хэзээ ч багаддаггүй... Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 11:36:28
    Баярлалаа: Хийсэн ажил хэзээ ч багаддаггүй... Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 08:02:48
    Баяр хүргэе: Ёстой мундаг юм аа хүмүүсээ амархан битгий шүүмжилж бай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 08:02:20
    уншигч: Хүмүүс юу гэж хэлсэн хамаагүй ажлаа сайн хийгээрйэ. Үе үеийн хороон даргаас хамгийн шилдэг нь байгаашүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 08:01:47
    ок: Үнэхээр мундаг хорооны дарга байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188